Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 49

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00135/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.П-ид холбогдох

          “Орон сууцыг албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-оос:

Би 2016 оны 09 дүгээр сарын 23-нд өөрийн өмч болох 3 өрөө байрыг Б.П-ид 63.000.000 төгрөгөөр худалдахаар болж эхлээд 20.000.000 төгрөгийг урьдчилгаа болгон авч үлдэгдлийг цувуулж өгөхөөр тохиролцсон. Ингээд надад мөнгөө цувуулсаар 2017 он хүртэл 42.000.000 төгрөг өгсөн бөгөөд 2017 оны 04 дүгээр сард байр авч чадахгүй, байраа буцааж ав гэж хэлсэн. Хариуцагч Б.П-ийн өгсөн мөнгийг хэрэглэсэн байсан тул өөр хүнд зарахаар байр авах хүн олоод байраа суллаж өг гэсэн чинь чадахгүй гэсэн. Би байраа худалдахаас татгалзаж байна, одоо байраа хүнд зарахаар тохирч байр авах хүн амьдарч байсан 1 өрөөгөө зарсан. Иймд би авсан мөнгөө буцааж өгч, байраа чөлөөлж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.П-оос:

Байрыг 63.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч эхлээд 20.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг цувуулж өгөхөөр тохирч нийт 52.000.000 төгрөг өгсөн байна. Би түүнд 2017 оны 06 дугаар сард үлдэгдэл 11.000.000 төгрөгийг өгнө гээд байрны гэрчилгээ шилжүүлж авахыг хүсэхэд 20.000.000 гэж хэлээд гэрчилгээг шилжүүлээгүй. Би анх тохирсон ёсоор мөнгөө өгөөд байрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Одоо үлдэгдэл мөнгийг өгч, байрны гэрчилгээг шилжүүлж авна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Б.П-ийн эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг шинэ хорооллын 10 дугаар байрны 45 тоот 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар амаар хэлцэл хийж, эхний ээлжид Д.Э-од 20.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг цувуулж өгөх, тухайн орон сууцыг эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон. Хариуцагч Б.П- 2017 оны 06 дугаар сард үлдэгдэл 11.000.000 өгөх гэхэд 20.000.000 төгрөг нэмж өг гэсэн. Одоо 52.000.000 төгрөг аваагүй 42.000.000 төгрөг авсан гэж байгаа нь шударга бус байна. Өмчлөх эрх нэхэмжлэгч талд байгаа учир хэлэлцсэн үнээс илүү мөнгө нэхэж үлдэгдэл мөнгө авахгүй байрнаас хөөж гаргаад, дутуу мөнгө буцааж өгөх гэж байгаа нь хариуцагч талд хохиролтой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд ямар харилцаа үр дагавар үүссэн гэдгийг анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч Б.П-ид холбогдуулж бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Б.П- байрны үнэд 52.000.000 төгрөг өгсөн үлдэгдэл 11.000.000 төгрөг өгч байрны гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулж авна гэж маргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ нь 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, хэргийн үйл баримтаас дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Б.Э- өөрийн өмчлөлийн Дархан сумын 11 дүгээр баг, Шинэ хорооллын 10 дугаар байрны 45 тоот, 3 өрөө орон сууцыг  2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 63.000.000 төгрөгөөр Б.П-ид худалдсан, хариуцагч Б.П- нь орон сууцны үнийн урьдчилгаанд 20.000.000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчилж өгөхөөр талууд амаар тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч байрны үнэд нийт 52.000.000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч 42.000.000 төгрөг авсан гэж маргаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай аль аль нь нийцээгүй.

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй бөгөөд шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхийн тулд  нэхэмжлэлийн шаардлагыг зөв тогтоож, эрх зүйн харилцааг зөв тодорхойлох учиртай.

Нэхэмжлэгч Б.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Б.П-ид байраа худалдахаас татгалзаж, өгсөн мөнгийг нь буцааж өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдоно.

Гэтэл шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхэд тодорхой нотлох баримт бүрдсэн эсэх нь тодорхойгүй, гэрээний үүрэг хэрхэн зөрчигдсөн эсэх, хариуцагч үлдэгдэл төлбөрийг хэсэгчилж төлөх хугацаа тодорхойгүй зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч эд хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардсан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлоогүй, нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж буй эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээгээр төлөөгүйг анхаараагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа шийдвэр хүчингүй болж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болох бөгөөд шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар дээрх алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.П-оос давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                         С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      Л.АМАРСАНАА