Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00491

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02685 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар магадлалтай,

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Г, Д.А нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 80,955,894.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч С.Г, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 80,955,894.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02685 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гансүх, Д.А нараас 80,955,894 төгрөг гаргуулж, “.........” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-.......дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ П.Жасрай гудамж, 53А байр, 1008 тоот, 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 562,729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Д.Гансүх ... гэснийг С.Г” гэж, “...наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөрөв...” гэснийг “наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун ерөн дөрөв” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 317,939 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариуцагчийн зүгээс хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч С.Г болон Д.А нарыг “.........” ХХК-тай 2018.05.18-ны өдөр 2109005665 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан мэтээр дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа төдийгүй Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6 дахь заалтыг шүүх хэрэглээгүй. Учир нь хариуцагч нар нь “.........” ХХК-тай бус Ариг банкны салбар болох М20 тооцооны төвийн захирал Д.Цогтсайхантай зээл болон барьцааны гэрээ байгуулж 75.0 сая төгрөгийг зээлж авсан болохыг шүүх анхаарч үзээгүй. Хэрэв “.........” ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан гэж үзвэл тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал н.Төмөрхүү уг гэрээг баталж, хүчин төгөлдөр гэрээний эрх, үүргийг бий болгох боломжтой юм. Мөн “.........” ХХК-ийн дүрэмд зааснаар салбар, тооцооны төвийн захирал нь банкны эрх бүхий албан тушаалтанд тооцогддог бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсан байх эсхүл тусгай журмыг батлан гаргаж зээл олгох эрхийг салбар тооцооны төвийн захирлуудад олгох ёстой байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

4.2. Хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн тухайд: Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг гаргахад шүүх хүлээн аваагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбогдож байхад буюу маргаан бүхий 2018.05.18-ны өдрийн 2109005665 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага байхад шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж үзэж хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж явуулж байгаа нь сөрөг нэхэмжлэл гаргаж түүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг шууд хязгаарласан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу шүүхийн харьяалал зөрчигдсөн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Ариг банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын хаягийг тодорхойлохдоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Жасрайн гудамж 53А байр 1008 тоот гэж гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь Ховд аймгийн Булган суманд байрлах өөрийн оршин суух хаягийн талаарх мэдээллийг, баримтын хамт гарган өгч харьяаллын талаар шилжүүлэх тухай хүсэлтийг гаргахад шүүх хүлээн аваагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн тайлбар, татгалзлыг илэрхийлж оролцсон ба зээлийн гэрээний хугацаанд 26,041,998 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. “.........” ХХК-ийн М20 салбартай байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч нар үзэж байгаа тул анх авсан 75,000,000-26,041,998=48,958,002 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй атал шүүх 80,955,894 төгрөгийг барагдуулах ёстой гэж шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар тогтоож байгаад гомдолтой байна.

Иймд 80,955,894-48,958,002=31,997,892 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч С.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. “.........” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.04.10-ны өдөр шүүхэд хандаж С.Г, Д.А нарт холбогдуулан талуудын хооронд 2018.05.18-ны өдөр байгуулагдсан 75,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, гэрээний хавсралтад заасан зээлийн хүүг сар тутам, 5 дахь сараас зээлийн хүүгээс гадна үндсэн зээлийн зохих хэсгийг хэсэгчлэн төлөх, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр тохиролцсон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 66,193,360.40 төгрөг, зээлийн хүү 14,197,067.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,466.81 төгрөг, нийт 80,955,894.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөг зээлж, үндсэн зээлд 8,806,639.60 төгрөг, зээлийн хүүд 17,039,179.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 196,180.71 төгрөг, нийт 26,042,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээг “.........” ХХК-ийн М20 салбарын захирал Д.Цогтсайхан байгуулсан байна, хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байдаг тул банкийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ, иймээс гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д зааснаар эрх зүйн чадамжгүй этгээд болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болно, нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, хариуцагч нарын төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцно уу, үлдэх 48,958,002 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч С.Гийн овгийн эхний үсэг болон тоогоор бичсэн мөнгөн дүнг үсгээр бичихдээ алдаа гаргасныг тус тус залруулж өөрчлөлт оруулсан байна.

8. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны (ипотек) гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан, хариуцагчийн тайлбарт заасан үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, иймээс уг гэрээ хүчин төгөлдөр гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

9. Хариуцагч тайлбартаа “зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 болон 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус” гэсэн нь үндэслэл муутай. Учир нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар 7 хүртэл насны хүүхдийг, эсхүл мөн хуулийн 18.2-т зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэнийг тус тус иргэний эрх зүйн чадамжгүй гэж үздэг, өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн чадамж нь иргэнтэй (бодгаль бие) холбоотой тул хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд хэлцэл хийсэн эсэхэд маргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх” үндэслэлийг заах хууль зүйн боломжгүй юм.

Нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох ба нэхэмжлэлийн үндэслэл болгож буй зээлийн гэрээ энэ үндэслэлд хамаарахгүй байна.

Тухайлбал, хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж тул М20 салбар нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг “.........” ХХК-ийн өмнөөс зээл олгох, олгосон зээлд хяналт тавих чиг үүргийг банкны дүрэм болон салбарын гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хэмжээнд хэрэгжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд тусгагджээ.

Үүнээс гадна “.........” ХХК нь М20 салбар, түүний захирлын гүйцэтгэх үүрэг, зээл олгосон үйл ажиллагааны талаар маргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

10. Зээлдүүлэгч “.........” ХХК-ийг төлөөлж зээлийн гэрээг тус банкны М20 салбарын захирал Д.Цогтсайхан байгуулсан, гэрээнд заасан 75,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд нийт 26,042,000 төгрөг төлсөн, эдгээр үйл баримтад зохигч маргаагүй болно.

11. Гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, уг зөрчлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэл хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 66,193,360.40 төгрөг, зээлийн хүү 14,197,067.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,466.81 төгрөг, нийт 80,955,894.55 төгрөг гэж тодорхойлсон, шүүх энэхүү тооцооллыг зөв гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гэрээний 5.2.3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

12. Хариуцагч С.Гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ П.Жасрай гудамж, 53А байр, 1008 тоот, 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь барьцааны зүйл болсон, хариуцагч нар зээлийн төлбөрийг гүйцэтгээгүйгээс уг эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

13. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

13.1. Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 102/ҮЗ2020/13353 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ...эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, зохих этгээдийн хийсэн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хууль зөрчсөн хэлцэл гэж тодорхойлж байх боловч ямар эрх зүйн үр дагавар шаардаж буй нь тодорхой бус” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т шаардсан, хариуцагч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосноор ямар эрх зүйн үр дагавар шийдвэрлүүлэхийг хүсч сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

13.2. Мөн хариуцагч нь хариу тайлбартаа, зээлийн гэрээг “сөрөг нэхэмжлэл”-д дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлээр шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан тул “гэрээг хүчин төгөлдөр бус” гэсэн нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй тухай татгалзлын үндэслэл гэж үзэхээр байна.

13.3. Нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт (цуцлах хүртэл) шаардсан тул шүүх нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар, өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх, улмаар хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд үүргээ биелүүлсэн эсэх, улмаар гэрээг цуцлах гэрээнд заасан болон хуульд заасан үндэслэл тогтоогдсон талаар зайлшгүй дүгнэлт хийх учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

14. Нэхэмжлэгч “.........” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа тэдний оршин суугаа хаягийг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Жасрайн гудамж, 53А байр, 1008 тоот гэж тодорхойлсон, уг хаягт оршин суудаг тухай лавлагааг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, шүүх уг хаягийг үндэслэн шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, шүүхийн дуудсанаар хариуцагч нар ирж нэхэмжлэл гардан авахдаа оршин суугаа газраа дээрх хаяг гэж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн харьяалал зөрчигдсөн талаар маргаан гаргаагүй байна.

Харин 2020.07.20-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр болон хариуцагч С.Г нар “хариуцагч нар нь Ховд аймгийн Булган суманд оршин суух шинэчилсэн бүртгэлийн хаягтай байна, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн тул хэргийг Ховд аймгийн Булган сумын сум дундын шүүхэд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, С.Гийн оршин суугаа газрын тодорхойлолтыг гаргасныг шүүгчийн 102/ШЗ2020/10659 дугаар захирамжаар хангахаас татгалзсан, энэхүү захирамж хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд харин нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн бол талуудын тайлбарыг үндэслэн шүүх хуралдааны өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад хэргийг өөр шүүхэд шилжүүлж болдог байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах бөгөөд Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т “иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно, иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг ...газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэл гаргах үед хариуцагч нар Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суух бүртгэлтэйгээс гадна тус хаягтаа амьдардаг байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчөөгүй байх тул хариуцагч талаас гаргасан хэргийг шилжүүлэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь зөв гэж дүгнэв.

Дээр дурдсанаар хариуцагч С.Гийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Гийн 2021.02.10-ны өдөр 317,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД