Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00601

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00601

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух, Х.Б овогт Ц-н Э /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 хороо, Горькийн 0 гудамж, 0 тоотод оршин суух, У овогт Б-ийн Б /РД: 00000000/-д холбогдох,

Орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн танил Д.Ц-тэй Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3197 м/к талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг түүний нэр дээр шилжүүлж, хариу төлбөрт нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,450,000 төгрөг, нийт 168,055,000 төгрөгөөр тооцож шилжүүлж авахаар тохирч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр намайг хөдөө явж байхад миний бизнесийн түнш найз Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В.Р утсаар тухайн орон сууцыг бэлэн мөнгөөр авах хүн байна гэж надад хэлэхээр нь би Д.Ц руу утсаар ярьж В.Р гэх хүн ярина, тэр хүний хэлсэн хүнд нь орон сууцаа шилжүүлээрэй гэж хэлсний дагуу Б.Б-той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн. Гэтэл Б.Б нь орон сууцны үнийг одоо болтол надад төлөлгүй хохироож байна. Иймд Д.Ц-гээс газрын төлбөртөө авсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, ХД-88 дугаар байрны 9 тоот 115.9 м/к талбай бүхий орон сууцыг Б.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба тухайн орон сууцны үнэ болох 168,055,000 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн өмгөөлөгч мөн өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Б нь Ц.Э-тэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зориг илэрхийлэгдсэн байх, хууль зүйн дагуу байх, иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн байхыг ойлгоно. Анх Д.Ц, Ц.Э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ц.Э нь өөрийн эзэмшлийн Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3197 м/к талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг Д.Цгийн нэр дээр шилжүүлж, хариу төлбөрт нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,450,000 төгрөг, нийт 168,055,000 төгрөгөөр тооцож шилжүүлж авахаар тохирсон. Нэхэмжлэгч нь байрны анхны эзэн байсан н.А болон түүний гэр бүлийн гишүүнтэй тохиролцоо хийсэн байсан. н.А, Д.Ц нар нь иргэний эрх зүйн харилцаанд орж, уг байр нь Д.Ц-гийн мэдэлд шилжсэн байсан ба зөвхөн байрны гэрчилгээ шилжээгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Мөн Ц.Э болон Д.Ц нарын хооронд хийгдсэн гэрээгээр тухайн үед орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байсан. Хариуцагч Б.Б нь н.А гэдэг хүнтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж ярьж байна. н.А гуайн хувьд тухайн орон сууцыг Д.Ц-д өгөх ёстой байсан. Цааш нь хэрхэн борлуулах эсэх нь Д.Ц-гийн асуудал бөгөөд надад мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэж тодорхойлолт гаргаж, нотариатаар батлуулж шүүхэд өгсөн. Хариуцагч Б.Ба нь н.А гэдэг хүнээс байр авсан бол тэр хүнд байрны төлбөрийг төлөх ёстой байсан байх. Ц.Э-ийн хэлснээр Б.Б нь 13,000,000 төгрөгийг В.Рн данс руу шилжүүлж байсан. н.А гэдэг хүн рүү биш В.Р руу байрны мөнгийг шилжүүлээрэй гэснийг мэдэж байсан. Гараар бичсэн худалдах худалдах авах гэрээнд В.Р болон Б.Б нар нь гарын үсэг зурсан бөгөөд 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Д.Ц нь хөрөнгө оруулалт хийж, харилцан тусалцаа үзүүлэх гэрээ хийсэн талаараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Мөн В.Р ч бас гэрчийн мэдүүлэг өгсөн. н.Жавзмаа бэлэн мөнгөөр байр авах хүн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Б-од байрыг зарсан гэж хэлсэн. Хавтаст хэрэгт н.А гуайн тодорхойлолт бий. Орон сууц шилжүүлэх тохиролцоогоор н.А, н.С, н.Т Д.Ц нарын хооронд хийгдэж, орон сууцыг Д.Ц-гийн зөвшөөрөл авсны үндсэн дээр бусад шилжүүлэх тохиролцоог хийсэн. Худалдах худалдан авах гэрээ хийгдэж Ц.Э, Б.Б, В.Р нар нь гарын үсэг зурсан байдаг гэв.

Хариуцагч Б.Ба-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Ба миний бие нь нэхэмжлэгч Ц.Э-д ямар нэгэн өглөг, авлага байхгүй, түүнтэй иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Б.Б нь Ц.Э гэдэг хүнтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Тухайн байрыг н.А болон түүний гэр бүлийн хүнээс шилжүүлж авсан. Тиймээс Ц.Э шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлын хүрээнд талуудын хооронд байгуулсан хэлцэл байх ёстой бөгөөд хэлцлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээний шаардлагаа шаардах эрхтэй байдаг. Байр шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэл гаргахын тулд хэлцэл юм уу, үүрэгтэй холбоотой гэрээ байх ёстой юм. Хаа хамаагүй хүмүүсийн хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгчид хамааралтай гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ хийгээгүй. Мөн мөнгө авна гэсэн тохиролцоо байгаагүй. Ц.Э-ийн нэр дээр шилжсэн тохиолдолд өгсөн өгөөгүй талаар ярилцаж болно. Гэтэл тийм зүйл байхгүй. н.Жавзмаа, В.Р нар нь хамран амьдардаг. н.Жавзмаа Б.Б-оос мөнгө зээлсэн. Энэ талаарх баримт байгаа. Д.Ц-тэй газар өгч авсан талаарх асуудлыг яриад байдаг. Тэр нь 7 дугаар сарын 4-ний өдөр буюу н.Аас Б.Б руу үл хөдлөх хөрөнгийн шилжсэнээс хойш хэлцэл хийгдсэн байгаа юм. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Б-од холбогдуулан орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Э нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн танил Д.Ц-тэй Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3197 м/к талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг түүний нэр дээр шилжүүлж, хариу төлбөрт нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,450,000 төгрөг, нийт 168,055,000 төгрөгөөр тооцож шилжүүлж авахаар тохирч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тул шаардах эрхтэй гэжээ.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3200 м/к талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Ц.Э нь А.Ж-с шилжүүлэн авч, эзэмших эрхтэй болжээ. Мөн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууц нь анх иргэн М.А, Б.С, А.Т нарын өмчлөлд бүртгэгдэж, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Б-ын өмчлөлд, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр М.Э-ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7/108 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3197 м/к талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Ц-д шилжүүлж, хариу төлбөрт нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,450,000 төгрөг, нийт 168,055,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцож хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцах гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Э нь маргаан бүхий дээрх орон сууцыг Д.Ц-гээс худалдан авч, хариу төлбөрт нь өөрийн эзэмшлийн газрыг өгсөн. Тухайн орон сууцаа Хятад улсын иргэн В.Р-ээр дамжуулан Б.Б-од худалдсан гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх бодитоор нэхэмжлэгч Ц.Э-д үүсээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх нотлох баримтаар тогтоогджээ.

Хавтас хэргийн 59-60 дугаар талд авагдсан худалдах-худалдан авах гэрээ гэх баримтаар дээрх орон сууцыг Б.Б нь Ц.Э-өөс худалдаж авсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Б.Б нарын хооронд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдах-худалдах авахаар гэрээ байгуулагдаагүй, мөн хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.Б-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м/к талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдсан үнэ 168,055,000 төгрөгийг Б.Боос шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ийн хариуцагч Б.Б-оос орон сууцны үнэ 168,055,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР