Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч А.Д,

оруулагч, хэлмэрч Б.Ак,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч К.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А ургийн овгийн Кйн Мт холбогдох 2213002870187 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  амьдардаг, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А ургийн овгийн Кйн Мк, регистрийн дугаар,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.М нь 2021 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багт байрлах “Кайнар” ХХК-ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайн чулуу шигших зориулалттай гагнаж бэхэлсэн 4 метрийн урттай 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлж, 1,536,000  төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.М мэдүүлэхдээ: “12 ширхэг төмөр хулгайлсан маань үнэн. Энэхүү гэмт хэргийг ганцаараа үйлдэж төмрүүдийг ганцаараа ачсан. Хариуцлага өөрөө үүрнэ.” гэв.

2.  2213002870187 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн З.Каас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах манай гянт болдын уурхайн үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан духтавар төмрийг хулгайлсан байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх “Хэрэг учрал болсон гэх газар нь тус аймгийн Улаанхус сумын Их Ойгор багийн нутаг дэвсгэрт байрлах Нуурын голын гянт болдын уурхай байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-18 дахь тал),

2.3. Иргэн К.Нухын өвөлжөөн дэх рельс /духтавар/ төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-23 дахь тал), 

2.4. Иргэн К.Мийн өвөлжөөн дэх рельс /духтавар/ төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-29 дэх тал), 

2.5. Иргэн К.Мээс 9 ширхэг рельс /духтавар/ төмрийг хураан авч, битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38, 45 дахь тал), 

2.6. “Кайнар” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), 

2.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай компани Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нуурын голын гянт болдын уурхайн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаагүй 7-8 жил болж байгаа юм. Нэгэнт үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас уурхай руу байнга очих шаардлагагүй юм. Сүүлийн 2 жил тийшээ очоогүй байгаа. Уурхайн гадна талд байсан хулгайд алдаж болзошгүй эд зүйлийг бүгдийг нь аймгийн төвд татаж авсан байсан. Зөвхөн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах буюу баяжуулахын чулуу шигших зориулалтай 4 метр урт, өндөр нь 9 см, доод хэсэг нь 8 см, дээд хэсэг нь 4 см хэмжээтэй рельс төмрийг 50-60 см зайтай төмрөөр бэхэлж гагнасан шигшүүр тоосгоор өрсөн 3 ханатай барилгын дээгүүр байдаг байсан. Уг шигшүүр болгож ашиглаж байсан рельс төмрийг хулгайлсан талаар сонсож цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан юм. Иймд уг рельс төмрийг хулгайлсан эзнийг олж манай компанид учруулсан хохирлыг барагдуулж, хулгай хийсэн иргэдийг илрүүлж хариуцлага тооцож өгнө үү. Манай компанийн албан хаагч нар 2020 оны 12 дугаар сарын дундуур Нуурын голын гянт болдын уурхайд очиж ирсэн байсан. Тухайн үед рельс төмөр байх ёстой газарт  нь байсан. Рельс төмрийг 2021 он гарснаас хойш л хулгайлсан байгаа юм.  Нэг шигшүүр  болгон бэхэлж гагнасан учир зүгээр авч явах боломжгүй, багаж хэрэглэж задалж авч явсан гэж бодож байна...

...М өөрийн хулгайлсан тус бүр 4 метрийн урттай 12 ширхэг рельс төмрийг М буцааж өгснөөр учруулсан хохирлыг барагдуулах боломжгүй. Учир нь тухайн рельс төмрийг үйлдвэрлэлийн зориулалтаар суурилуулж бэхжүүлсэн байсан тул  одоо буцаан авлаа гэхэд түүнийг дахин гагнаж суурилуулах ажил байгаа. ...Тиймээс би тухайн рельс төмрийг Мээс буцааж авахгүй. 

...Энэ хэргийн улмаас манай компанид учирсан хохирол болох 1,536,000 төгрөгийг яллагдагч К.М надад бэлнээр төлж барагдуулсан. Тиймээс миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 58, 60, 62 дахь тал),

2.8. Гэрч А.Ены мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 8 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна хөрш болох К.Нух манайд ирж намаржаа руу нүүх гэсэн юм машинаараа нүүлгэж буулгаж өг гэснээр миний бие “за” гэж тохиролцсон. Тэгээд бензиний үнийг өгсөн байсан. К.Нухын гэр Нуурын голын гянт болдын уурхайгаас 2 км, манай зуслангаас 500 метр зайтай зусдаг байсан юм. К.Нухыг нүүлгэхээр өөрийн “Газ-66” маркийн 0765 БӨА улсын дугаартай авто машинаар өдрийн цагаар очсон юм. К.Нух болохоор “гэр ачихаас өмнө Нуурын голын гянт болдын уурхайн хажууд дүү болох К.Мийн шивлээр төмөр байгаа түүнийг ачиж ирэх үү” гэхээр нь “за” гэж Нуурын голын гянт болдын уурхайд ойрхон эзгүй газраас төмрийг ачсан юм. Миний бие ганц хоёр төмөр ачилцаж дараа нь машины эд ангийн үзэхээр явсан байхад К.Нух болон Казахстан Улс руу нүүсэн М.Барыс хоёулаа ачсан байсан... ...Дараа нь К.Нухын гэрт ирж дээр нь гэрийг нь гурвуулаа ачиж дуусган. К.Нухынх манай зуслангийн доод талд байгаа намаржаанд буусан ба шивлээр гэж хэлсэн төмрийг К.Нухын дүү болох К.Мийн өвөлжөөнд очиж буулгасан юм. Уг төмрийг ачиж буулгах үед К.М байгаагүй юм. Хаанаас авсан юун төмөр гэдгийг асуугаагүй юм. Өдрийн цагаар ачсан болохоор хэн нэгнээс авсан гэж бодсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

2.9. Гэрч К.Нухын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 онд зусланд зусаж байгаад 8 дугаар сарын эхээр намаржинд нүүхэд хөрш болох Ардахын Есимжаны “Газ-66” маркийн машинаар нүүсэн юм. Тухайн үед би нүүхээс өмнө дүү болох К.М надад хэлэхдээ “та гэрээ нүүлгэх үед миний Нуурын голын гянт болдын уурхайн үйлдвэрийн доод хэсгийн овоолсон шорооны хажууд байгаа шивлээр /духтавар/ төмрийг гэр ачихаас өмнө ачиж өвөлжөөнд буулгачхаарай” гэж хэлсний дагуу зуслангаас нүүх өдөр машинд эхэлж Нуурын голын үйлдвэрийн хажууд байсан 12 ширхэг 4 метр урттай шивлээр төмрийг Казахстан Улс руу нүүж явсан М.Барысын хамт ачсан юм. Жолооч болох А.Есимжан бас ачилцаж тусалсан юм. Уг төмрийг бид гурав ачсан байсан. Дүү болох К.М хонь хариулж явсан байсан..., ...Уг шивлээр төмрийг К.Мийн өвөлжөөнд буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

2.10. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22-0273 дугаартай “...2021 оны 7, 8 дугаар сарын байдлаар рельс /духтавар/ маркийн, 4 метрийн урттай төмөр 128,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтой...” гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 105-109 дэх тал),

2.11. Яллагдагч К.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кайнар” ХХК-ийн үйлдвэрт байдаг 4 метрийн урттай 12 ширхэг шивлээр төмрийг байгаа газраас нь буюу үйлдвэрийн чулуу шигших зориулалт бүхий тоосгоор барьсан барилгын дээрээс буулгаж аваад тухайн газраас холдуулаад 100 метр орчим газарт зөөвөрлөж, 12 ширхэг төмрийг цуглуулж 1 газарт бөөгнүүлж тавьсан. Дараа нь 2021 оны эхээр ах Нухын гэр нь намаржаанд нүүх үед тэдний гэрийг нүүлгэхээр ирсэн Ены “Газ-66” загварын тээврийн хэрэгсэлд ачиж аваад Нухын өвөлжөөнд 3 ширхгийг буулгаад үлдсэн 9 ширхэг төмрийг Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг өөрийн өвөлжөөний хажууд буулгасан. Тухайн төмрүүдийг хооронд нь төмрөөр гагнаж бэхэлсэн байдалтай байхад нь хасуур төмөр болон лантуу ашиглаж цохиж гагнааснуудыг нь салгаж аваад өөрөө өргөж буулгаад тухайн газраас 100 гаруй метрийн зайтай газарт байршуулсан юм. Тухайн үед надад хэн нэгэн туслаагүй, би өөрөө ганцаараа бэлдсэн. Тухайн төмрийг Еы “Газ-66” загварын тээврийн хэрэгсэлд ачиж буулгах үед би өөрөө байгаагүй. Тэр өдөр би хонины ээлжтэй байсан тул ах Нухад хандаад “та нүүхдээ Еы машинд миний бэлдсэн байсан 12 ширхэг духтавар төмрийг ачаад яваарай” гэж хэлсэн байсан тул ах Нух болон Ен нар миний төмрийг ачаад хүргэж өгсөн...

...Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахиж ийм хэрэгт холбогдохгүй, миний холбогдсон хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна ... Би тухайн үед нэг муу төмөр алх шиг лантуу хасуур ашиглаж төмрийг тасалж авсан. Тухайн лантуу, хасуур одоо хаана байгаа болохыг нь би мэдэхгүй байна. Тухайн үед дамнуурга төмрийг тасалж авсны дараа хаячихсан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 137-140 дэх тал),

2.12. Кайнар ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт  (хавтаст хэргийн 143 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Улаанхус сумын 1-р багийн иргэн Кеншлиг овогтой М 2022 онд нийт 132 толгой мал тоолуулсан.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 145-146 дахь тал)

-Шүүгдэгч К.Мийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний гэрчилгээний лавлагаанууд (хавтаст хэргийн 144 дэх тал),

-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 150-151 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.16. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч К.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч К.М нь 2021 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багт байрлах, “Кайнар” ХХК-ийн эзэмшлийн нуурын голын гянт болдын уурхайн чулуу шигших шигшүүрт бэхэлсэн 4 метрийн урттай 12 ширхэг 1.536.000 төгрөгийн үнэтэй рельс /духтавар/ төмрийг бэхэлгээнээс нь лантуу, хасуур ашиглаж салгаж авч, уурхайн талбайгаас зөөж холдуулан тавьсан, улмаар шүүгдэгчийн захиснаар ах нь болох К.Нух зуслангаас нүүхдээ рельс /духтавар/ төмрийг иргэн А.Еы машинд нь ачиж өвөлжөөнд нь  буулгасан  зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

- Иргэн З.Кадирханаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-18 дахь тал),

- Иргэн К.Нух, шүүгдэгч К.М нарын эзэмшлийн өвөлжөөн дэх рельс /духтавар/ төмөрт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-23, 24-29 дэх тал), 

-Шүүгдэгч К.Мээс 9 ширхэг рельс /духтавар/ төмрийг хураан авч, үзлэг хийж, битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 38, 45 дахь тал), 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Зөвхөн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах буюу баяжуулахын чулуу шигших зориулалтай 4 метр урт, өндөр нь 9 см, доод хэсэг нь 8 см, дээд хэсэг нь 4 см хэмжээтэй рельс төмрийг 50-60 см зайтай төмрөөр бэхэлж гагнасан шигшүүр тоосгоор өрсөн 3 ханатай барилгын дээгүүр байдаг байсан. Уг шигшүүр болгож ашиглаж байсан рельс төмрийг хулгайлсан талаар сонсож цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан юм. ...Энэ хэргийн улмаас манай компанид учирсан хохирол болох 1,536,000 төгрөгийг яллагдагч К.М надад бэлнээр төлж барагдуулсан. Тиймээс миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 58, 60, 62 дахь тал),

-Гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг төмрийг ачиж буулгах үед К.М байгаагүй юм. Хаанаас авсан юун төмөр гэдгийг асуугаагүй юм. Өдрийн цагаар ачсан болохоор хэн нэгнээс авсан гэж бодсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

- Гэрч К.Нухын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед би нүүхээс өмнө дүү болох К.М надад хэлэхдээ “та гэрээ нүүлгэх үед миний Нуурын голын гянт болдын уурхайн үйлдвэрийн доод хэсгийн овоолсон шорооны хажууд байгаа шивлээр /духтавар/ төмрийг гэр ачихаас өмнө ачиж өвөлжөөнд буулгачхаарай” гэж хэлсний дагуу зуслангаас нүүх өдөр машинд эхэлж Нуурын голын үйлдвэрийн хажууд байсан 12 ширхэг 4 метр урттай шивлээр төмрийг Казахстан Улс руу нүүж явсан М.Барысын хамт ачсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22-0273 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 105-109 дэх тал),

- Яллагдагч К.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хайнар” ХХК-ийн үйлдвэрт байдаг 4 метрийн урттай 12 ширхэг шивлээр төмрийг байгаа газраас нь буюу үйлдвэрийн чулуу шигших зориулалт бүхий тоосгоор барьсан барилгын дээрээс буулгаж аваад тухайн газраас холдуулаад 100 метр орчим газарт зөөвөрлөж, 12 ширхэг төмрийг цуглуулж 1 газарт бөөгнүүлж тавьсан. Дараа нь 2021 оны эхээр ах Нухын гэр нь намаржаанд нүүх үед тэдний гэрийг нүүлгэхээр ирсэн Есимжаны “Газ-66” загварын тээврийн хэрэгсэлд ачиж аваад Нухын өвөлжөөнд 3 ширхгийг буулгаад үлдсэн 9 ширхэг төмрийг Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг өөрийн өвөлжөөний хажууд буулгасан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 137-140 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч К.М нь Кайнар ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан гянт болдын уурхайн талбайгаас чулуу шигших зориулалтай шигшүүрт бэхэлсэн рельс /духтавар/ төмрийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж гагнасан хэсгээр нь салгаж авч, өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, хохирогчид хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

4.2. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд  хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж үзнэ.

4.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нуурын голын гянт болдын уурхайн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаагүй 7-8 жил болж байгаа юм. Нэгэнт үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас уурхай руу байнга очих шаардлагагүй юм. Сүүлийн 2 жил тийшээ очоогүй байгаа. Уурхайн гадна талд байсан хулгайд алдаж болзошгүй эд зүйлийг бүгдийг нь аймгийн төвд татаж авсан байсан. Зөвхөн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах буюу баяжуулахын чулуу шигших зориулалтай 4 метр урт, өндөр нь 9 см, доод хэсэг нь 8 см, дээд хэсэг нь 4 см хэмжээтэй рельс төмрийг 50-60 см зайтай төмрөөр бэхэлж гагнасан шигшүүр тоосгоор өрсөн 3 ханатай барилгын дээгүүр байдаг байсан. ...Манай компанийн албан хаагч нар 2020 оны 12 дугаар сарын дундуур Нуурын голын гянт болдын уурхайд очиж ирсэн байсан...” гэх мэдүүлгээс (хавтаст хэргийн 54-55 дахь тал) үзэхэд тухайн уурхайн нь үйл ажиллагаа явуулаагүй удаж байгаа төдийгүй, харуул хамгаалалтгүй,  уурхайн гадна талд байсан эд зүйлсийг татаж авсан, харин уурхайд ашиглаж байсан төхөөрөмж, барилгын эд зүйлсийн үлдэгдэл зэрэг нь уурхайн талбайд үлдсэн гэж үзэхээр байна.

4.4. Мөн яллагдагч К.М нь чулуу шигших зориулалттай шигшүүрт бэхэлсэн рельс /духтавар/ төмрийн гагнасан хэсгийг лантуу, хасуур зэргийг ашиглаж цохих, таслах  зэргээр салгасан талаар мэдүүлсэн байх ба түүнийг   ашигласан гэх лантуу, хасуур зэрэг багажийг эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. (хавтаст хэргийн 137-140 дэх тал),

4.5. Шүүгдэгч нь лантуу, хасуур зэрэг багажийг эвдэх, таслах, цохих зориулалтаар нь ашигласан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд тухайн багажийг зориулалтыг өөрчилж, тусгайлан засаж тохируулаагүй, зохион бүтээгээгүй, уурхайн хамгаалалтын бүс, уурхайн аман дахь барилгад нэвтрэхэд  буюу   гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй байжээ.

4.6. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эдгээр багажуудыг зориулалтаар нь буюу рельс /духтавар/ төмрийн гагнасан хэсгийг салгахад ашигласан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4.7. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг  үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш буюу 1.536.000 төгрөгийн хохирол учирсан гэж  үзлээ. (хавтаст хэргийн 105-109 дэх тал),

4.8. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.9. Иймд шүүгдэгч К.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Кайнар ХХК-нд учирсан хохирол 1.536.000 төгрөгийг шүүгдэгч К.М нь төлж барагдуулсан болох нь тус компанийн бэлэн мөнгөний орлогын баримтаар  (хавтаст хэргийн 143 дахь тал) нотлогдож байна.

5.2. Иймээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч К.Мийг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч К.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн эзэмшилд байгаа битүүмжилсэн 12 рельс төмрийг улсын орлого болгох саналтай” гэсэн агуулгатай, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч К.М нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.М нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.   (хавтаст хэргийн 145-151 дэх тал),

2.5. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.8. Шүүгдэгч К.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.9. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Мийг  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг өдөрт 6 цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид сануулж шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч К.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

3.3. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, битүүмжилсэн 4 метрийн урттай, 12 ширхэг рельс төмрийг улсын төсөвт шилжүүлж, эдгээр рельс төмрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

 3.4. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.536.000  төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус  дурдаж,  шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан буюу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Кийн Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

          2. Шүүгдэгч Ал ургийн овгийн Кийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Кийн Мийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч К.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.Мт сануулсугай. 

6. Шүүгдэгч К.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хурааж, прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч К.Мийн эзэмшил дэх 4 метрийн урттай, 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч К.М нь хохирогчид 1.536.000 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 12 ширхэг рельс /духтавар/ төмрийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

          9. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б