Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Р.Батсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч С.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д

Шүүгдэгч Б.Н

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч О.Баатаржав, Л.Баттулга,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох 1816000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б-н Н.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 8-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б-н зүүн гарын дээд булчин хэсэгт 2 удаа, зүүн дал орчим 1, хүзүүний зүүн талд 1, зүүн чихний хойд хэсэгт 1 удаа нийт 5 удаа хутгалж, С.Б-н биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Н архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 7 дугаар сарын 8-ны шөнө зэвсэг буюу хутга хэрэглэж С.Б-н зүүн гарын дээд булчин хэсэгт 2 удаа, зүүн дал орчим 1, хүзүүний зүүн талд 1, зүүн чихний хойд хэсэгт 1 удаа нийт 5 удаа хутгалж, С.Б-н биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл буюу хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Баяр наадмын үдэш тэнд хэнд ч томрохгүй олон нийтийн арга хэмжээ гэж оролцож явсан. Хохирогч гэдэг хүн намайг бүжгийн талбайгаас 2 залуутай цуг дуудаж гаргаж ирж зогсоож байгаад заамдаад бид нар чамайг ална. Чи бол цагаач. Одоо энэ бүжгийн талбай дээрээс яв. Буцаж ирэх юм бол газар дээр чинь ална гэж болзол тавьсан. Тэр үед би их хөөрсөн. Би сэтгэцийн тогтворгүй байдалд ороод удчихсан. Төвлөрч чадахгүй байсан. Байр луугаа буцаж яваад тэнд түлхүүрээ олоогүй. С байсан эсэхийг ч санадаггүй. Буцаж бүжгийн талбай орж даргыг хайж яваад хохирогчтой таарсан. Тавьсан болзлыг нь зөрчсөн. Энэ хүн намайг түрүүлээд цохисон, довтолсон. Тухайн үед би хутга хэрэглэсэн ... Хутга хэрэглэснээ ч мэдээгүй. Тэр хутга арын түгжээ нь эвдэрчихсэн. Сул санжиганаж байдаг хутга байдаг. Аранзад явдаг, гэрийн ойр зуурын багажид хэрэглэдэг. Хэрэг болох өдөр хаалгаа засаж байсан. Тэр цэргийн байр Алтай сумынхны архичдын агсам тавьдаг газар болсон байсан. Тэнд хүн амьдрах ямар ч боломжгүй. Бүх хаалгууд цөмөрсөн. Өдөрт миний хаалгыг таних танихгүй 20, 30 залуучууд ирж татдаг, өшиглөдөг тийм газар байсан. Миний хувьд ёс журмаа сахиад өрөөнөөс гардаггүй байсан. Гарах юм бол би эд нартай муудалцана. Өөрийгөө хамгаалах гэж тийм зүйл болсон. Өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой л гэж бодсон. Гэртээ харихын хооронд алуулмааргүй байсан. Халагдах тушаалаа хүлээгээд байж байсан. Бүлэг хүмүүсийн, ах дүүсийн хэлхээнд алуулахыг хүсээгүй. Тухайн үед энэ хэрэг гэнэтийн болж өнгөрсөн. Өөр хэлэх зүйл байхгүй ... Сүүлд тайвшраад бодож байхад 4 удаа хутгалсан гэж шархны тоогоор хэлж байна. Энэ хүн над руу довтолсон. Довтолгоог хааж эгэм, бугалга, мөрөнд нь орсон байдаг. Тэр довтолгоо дуусаад унасан. Би хойшоо болоод байр руугаа явсан. Тэр хутгаараа өөрийгөө исгэсэн байсан ... Хэрэг гарах өдөр байрны хаалгыг засаж байсан. Яагаад гэхээр орой шоу болно. Согтуу хүмүүс орж ирнэ. Намайг хэн ч хаалга тайлж өгдөггүйг эд нар өөрсдөө гэрчилэх байх. Хутга надад байсан 8,5 см урттай жижиг тонгорог байдаг ... Тухайн үед толгойд хутгалсныг санахгүй ч гэдэг юм уу? миний ой санамжид байдаггүй. 4 удаа хутгалсныг сэргээж санаж чадсан. 4 хутгалсан үнэн. Үүнийг өөрийнхөө амь нас эрүүл мэндийн төлөө хийсэн гэж бодож явдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Миний нөхөр Б нь 2018 оны 7 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө энэ Б.Н гэдэг залууд хутгалуулж хүндээр гэмтсэн. Түүний улмаас юм ярьж чадахгүй. Баруун гар нь мэдээгүй, хөл нь муухан мэдээ ороод ойр зуур алхдаг болсон. Сэтгэл санааны хувьд маш их цочролд орж сэтгэл санааны дарамттай. Ярьж чадахгүй, өөрийнхөө дураар хөдөлж чадахгүй болохоор сэтгэл нь хямарч урам зориггүй болсон. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг ийм байдалтай болгосонд гомдолтой байна. Надтай анх эхлээд уулзахдаа эмнэлэг дээр сахиад байж байхад ирж уулзсан. Тэгэхдээ намайг зайл гэхээр нь гэртээ буцаж очоод хутга авч ирээд танай хүнийг ийм болгосон гэж хэлж байсан. Тэгэхээр энэ хүнийг санаатайгаар алъя гэж бодсон гэж үзэж байна. Энэ асуудлаас болоод манай гэр бүл маш их сэтгэлийн дарамт, санхүүгийн хохиролд орж байна. Энэ намайг ингэсэн тэгсэн гээд худлаа гүтгэж байна. Манай сумын хэсгийн төлөөлөгч эмнэлэг дээр ирээд манай нөхөртэй уулзаад чи чих рүү нь алгадсан уу? гэхэд толгой сэгсрээд үгүй гэж хариулж байсан. Энэ хүн гүтгээд худлаа яриад байна ... Одоогоор биеийн байдал юм ярьж чадахгүй, баруун гар нь мэдээгүй, явахдаа хөл нь даялаад явдаг. Нэг ярихад ойлгохгүй 2, 3 давтан ярьж байж ойлгоно ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэргүүлэх зэргийн шинжээч Өлзийбаатар овогтой Сарангэрэл, мэргэжлээрээ 18 дахь жилдээ ажиллаж байна. 1319 тоот дүгнэлтийг Энхбаяр, Эрдэмболор эмч нарын хамт гаргасан “...Бгийн биед байсан хуучин гэмтлийг ялгаж өгсөн. Хуучин гэмтэл нь юугаар батлагдсан бэ гэхээр 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн компьютер байгаа. Үүн дээр тархины зүүн  талд бөмбөлгийн архаг цусан хураа, тархины зүүн талын зулай чамархайн зөөлрөл, чамархайн дэлбэнгийн уйланхай буюу гиста гэсэн байгаа. 2 талын ухархайн дотор хамрын ясны хуучин гэмтлүүд байсан. Энэ компьютер зургаараа гарсан. Шинэ гэмтэлдээ хамаагүй. Хуучин гэмтлийг тогтоож өгсөн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Хугацаа тогтоох боломжгүй гэж гаргасан. ... Шинэ гэмтэл нь хуучин гэмтэлдээ хамаарах уу? гэсэн. Шинэ, хуучин гэмтэл хоорондоо ямар ч хамааралгүй. Нэг нь шинэ гэмтэл, нөгөө нь хуучин гэмтэл байгаа. Шинэ гэмтлээ хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэж гаргасан. Хуучин гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Хугацаа тогтоох боломжгүй гэж гаргасан. Тэгэхээр ялгаатай 2 гэмтэл байгаа. Эхлээд Алтайбаатар эмчийн дүгнэлтэд зүүн чамархайн шарх гэж байгаа. Дүгнэлтийнхээ хэсэг дээр зүүн чамархайн цөмөрсөн хугарал гэдгээ урд хойно нь оруулсан болохоос дүгнэлтийн хэсгүүд яг ижил утгатай. Бгийн биед зүүн чамархайн хуйханд хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн шарх нь зүүн чамархайн ясыг цөмлөж хугалаад зүүн чамархайн хатуу хальс зүсэгдсэн шарх үүсгээд тэр орчмын аалзан хальсан доорх цус харвалт үүсгэсэн. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Тэгэхээр өмгөөлөгчийн асуусан асуулт аалзан хальсны цус хуралт, хатуу хальсны шарх, зүүн чамархайд нэвтэрсэн шарх, цөмөрсөн хугарал, доорх хатуу хальсны зүсэгдсэн шарх, доорх аалзан хальсны цус харвалтууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, хуучин гэмтэлтэй холбоогүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н ах манай гэрт орж ирээд би хүн хутгалчихлаа хаашдаа шоронд орно гэхээр нь худлаа хэлээд бай гэхэд нээрээ нээрээ гээд байхаар итгээд гэрээс гараад талбай дээр очиход хүмүүс бөөгнөрчихсөн нэг хүн голд нь цус нөжиндөө хутгалдан хэвтэж байсан. Би буцаад байрандаа иртэл Н ах байрны үүдэнд архи бариад сууж байсан... Н ах гартаа хутга бариагүй байсан. Нилээн ууртай, согтуу байсан. Биед нь ил харагдах гэмтэл байгаагүй, би хүн хутгалсан гээд нүүр нь цус болсон, подволк нь урагдсан байсан. Надтай анх таараад байр луу орохдоо хутга авах гэж байсан байх...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ25-26/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... гадаа талбай дээр бүжиглэж байтал бүжиглээд зогсож байсан нэг залууг нэг өндөр залуу ирээд хэд хэдэн удаа цохиод авах шиг болсон тэгэхээр нь би хүмүүс хоорондоо зодолдож байгаа юм байна гэж бодож байтал цохиулсан залуу газарт унасан байсан. Хүмүүс тойрч зогсоод эмч дуудаарай гээд байсан... Би зүүн мөр орчмоос гарч байсан цусыг тогтоох гээд гараараа дарсан чинь гарын салаагаар цус нь гараад байхаар нь шархыг нь чимхээд дараад байж байтал эмч  ирээд эмнэлэг рүү авч явсан... Зүүн гарын дээд булчин хэсэгт 2 удаа, зүүн дал орчим хэсэгт 1, хүзүүний зүүн талд 1, зүүн чихний хойт хэсэгт 1 удаа нийт 5 удаа зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ27-28/,

Гэрч А.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би талбайн баруун хойт буланд зогсож байтал С дуудаад Б ахыг хүн цохичихлоо гээд яваад өгсөн. Би араас нь очсон чинь Б яг унаж байсан. Тэгсэн чинь С тэр залуу цохичихоод явчихлаа гэхээр нь харсан чинь нэг өндөр цээж нүцгэн гартаа цэнхэр өнгийн биеийн тамирын цамц бариад явж байсан. Тэгээд Б-н хажууд яваад очтол зүүн гар, зүүн эгэм орчимоос цус их гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ31-32/,

Гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... талбайн зүүн талын сандал дээр сууж байтал хүмүүс талбайн баруун урд хэсэгт бөөгнөрөөд шуугилдаад байхаар нь очсон чинь нэг залуу газарт унаад хувцас нь цус болсон байсан. Тэгсэн хүмүүс локаторын ангийн залуу хутгалчихлаа гээд байсан. Тэгэхээр сумын цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд эмнэлэг рүү Б гэх залууг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р ХХ33-34/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...төв талбай дээр хүн хутгалуулаад цус алдаад байна гэж утсаар дуудлага ирээд очиход С.Б түрүүлгээ хараад хэвтсэн зүүн мөрнөөс дээш цус болсон байдалтай байсан. Зүүн бугалганы дээд хэсэгт цус тогтоох чангалуур тавьж цус тогтоох тариа хийгээд эрүүл мэндийн төвийн хүлээн авахад оруулаад алдсан цусыг тогтоох, өвдөлт намдаах, шокоос гарах эмчилгээ болон шарханд анхдагч цэгцлэлт хийсэн. Эмчилгээний дараа асуулт асуухад дохиогоор хариулж, үг хэлж чадахгүй байсан. Зүүн хөлний мэдрэхүй эрс буурсан хөлөө хөдөлгөж чадахгүй байсан... зүүн эгэмний дээд хэсэг, зүүн бугалганы ард 2, зүүн чихний дээд хэсэгт тус тус зүсэгдсэн шарх байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ35/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Х ахын машиныг Д гэх ах жолоодоод талбайн зүүн талд гарч зогсоод бид 3 юм яриад сууж байтал нэг хүүхэд гүйж ирээд Б ахыг нэг хүн хутгалсан байна шүү дээ гэж хэлсэн. Бид хэд талбай дээр яваад очтол Б-н зүүн гар тал нь их цус болсон байдалтай хүмүүс дээш нь харуулаад 2 гарыг нь бариад байж байсан... С.Б толгойдоо ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. С.Б Б.Н-д хутгалуулахаасаа өмнөхөн Х ахын Истана маркын машинд орж ирж суусан. Машин дотор хүмүүсийн ууж байсан архи дууссан байсан тул Б ахад архи өгөөгүй тэгээд машинаас буугаад ганцаараа явсан ...  Толгойдоо хутгалуулсан бас зүүн гарандаа хутгалуулсан байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ36-37/,

Гэрч С.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... талбай дээр хүмүүс тойроод бүжиглэж байтал  гэнэт Бгийн дуу гарахаар нь хартал Б Б.Н-г цохисон, дараа нь Б.Н С.Б-г хэд хэдэн удаа дээрээс нь цохиод авсан чинь С.Б газарт зүүн талаараа унаад Н шууд буцаад явсан. Намайг яваад очиход С.Б газарт унасан  байдалтай  толгой  болон  гарнаас  нь  цус  гараад байж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс эмч дуудаад Бг эмнэлэг рүү аваад явсан … Би гартаа хутга барьсан гэж мэдээгүй, зүгээр гараараа цохиод байх шиг байсан.  С.Б-н бие рүү нь хэд хэдэн удаа цохиод сүүлд нь толгой руу нь нэг цохисон, тэгээд С.Б унасан... “ гэсэн мэдүүлэг /1-р ХХ38-39/,

Гэрч Г.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... нэг охин ирээд Б ахыг хутгалсан байна гэхээр нь талбай дээр гүйгээд очсон чинь доошоо хараад унасан байдалтай толгой болон гар орчмоос цус их гарсан байсан. Би машинаа талбай руу оруулж ирээд миний машинд өргөж тавиад эмнэлэг рүү авч явсан ... Б толгойдоо ямар нэгэн гэмтэлгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ40-41/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Н гэх залуу манай гэрт орж ирээд С.Б-г хүн хутгалсан байна гэж хэлэхээр нь машинтай хашаанаас гарч байтал хашааны урдуур нэг истана маркын машин сигнал дуугаргаад өнгөрөхөөр нь араас нь эмнэлэг дээр ирэхэд С.Б-г эмнэлэг рүү хэвтээгээр нь 3 хүн өргөөд оруулж байсан. Ороод харахад зүүн шанаа, зүүн мөрөнд 2 удаа, эгэм орчимд 2 удаа нийт 5 удаа хутгалуулсан шархтай бүх бие нь цус болсон байсан. Хүргэж ирсэн машины шал болон суудал мөн эмнэлгийн коридор, хүлээн авах өрөө нилэнхийдээ цусаар будагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ54-55/,

Гэрч А.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...  Би гэрэлтэй газар бүжиглэж байсан. Урд хэсэгтэй харанхуй байсан. Удалгүй гэрэлгүй газраас эрэгтэй хүний орилох чимээ гарахаар нь тойроод очтол манай нагац ах доошоо хараад газар унасан байсан. Тэгээд нэг хүн дээш харуултал цус гарсан байдалтай, өөрийнх нь толгой сул ухаан алдсан юм шиг харагдсан.  Тэгээд  хүмүүс орилоод  эмч  гэхээр  нь  би  Алтай  сумын  эмнэлгийн дугаар луу залгатал сувилагч нь аваад бид нарт унаа байхгүй хүрээд ир гэхээр нь би их эмч А руу залгатал за ойлголоо одоо очлоо гэж хэлсэн. Дараа нь би сумын
хэсгийн төлөөлөгч Б руу залган дуудсан ... гэрэлгүй газарт нэг өндөр залуу
2-3 удаа гараараа далайгаад цохиод байх шиг байсан ...  " гэсэн мэдүүлэг/1-р ХХ58-59/

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би нөхөртэйгөө хамт бүжиг болж байгаа талбай дээр очсон, бүжиг болоод бүжиглэж байтал 304-р ангийн өндөр цэрэг залуу бүжгийн талбай дээр ирсэн, төрийн банкны эмэгтэйн хажууд ирээд түлхээд нудраад авах шиг болсон чинь Б ах ирээд нөгөө цэрэг залуутай үг сөрөөд, заамдалцаад, түлхэлцээд би Б ахын хажууд байсан болохоор салгаад Б ахыг холдуулсан, нэг их сүртэй зүйл болоогүй, нэг мэдсэн Б ах нөгөө цэрэг залуу нар алга болсон байсан. Тэгээд удалгүй дахин бүжгийн талбай дээр Б нөгөө цэрэг залуу 2 ирсэн дахиад маргалдаад зогсож байх шиг байсан, нээх удаагүй байж байтал хүмүүс орилолдоод эхлэхээр нь харсан чинь Б ах газарт унасан байсан, хүмүүс Б ахыг тойроод овоорсон, очоод харсан чинь Б ахын биенээс цус гарч газарт гоожсон байсан, тэгээд хүмүүс эмнэлгийн сувилагч дуудаж авч ирээд Б ахыг эмнэлэг рүү авч явсан … Тэр 2 юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй миний хажууд Б тэр 2 заамдалцаад түлхэлцээд байхаар нь би Б ахыг салгаад холдуулсан юм ... Б цэрэг залууг цохиж аваагүй, зодоон болоогүй, заамдалцаад байсан, юу гэж ярьсаныг сонсоогүй, хөгжмийн ая чанга байсан тул яриа нь сонсогдоогүй, нэг их удаан заамдалцаж хэрүүл маргаан хийгээгүй ... " гэсэн мэдүүлэг/1-р ХХ62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1319 дугаартай “...1.7.  С.Б-н биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 9-нд үүсэх боломжтой.

2.3.7. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хацар, баруун мөрний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдээс гадна С.Б-н биед болон тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл, чамархайн дэлбэнгийн уйланхай, хоёр талын ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдож байх ба гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. С.Б-н биед учирсан гэмтлүүдээс зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн эгэмний дээд хэсэг хүзүү, зүүн дал, бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин зүүн хацар, баруун мөрний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүснэ.

8. Урьд гаргасан 190 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /1-р ХХ117-119/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна.

Шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Н-н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 81-82 дугаар хуудсанд авагдсан 38 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтад тооцохгүйгээр шийдвэрлэснээс өөр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн болон хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “...Хэргийн материалаас харахад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал харагдахаар байгаа. 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн болон ойр дотны хүний эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж байгаа. Б.Н руу довтолсон үйлдэл байгаа. Эрүүл мэнд рүү нь халдсан үйлдэл байгаа. Чих рүү нь цохиж хэнгэргийг нь цоолсон. Энэ үйлдлийг харсан гэрч А байгаа. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ довтолгоог зогсоох гэж хутгалсан үйлдэл байдаг ...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь гэрч С.А нь хохирогч С.Б Б.Н-г нэг удаа цохисоныг гэрчилж байгаа боловч түүний эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоон үргэлжилснийг хараагүй буюу довтолгоон зогссоны дараа Б.Н нь хохирогч С.Б-г хутгалсан талаар мэдүүлсэн, бөгөөд хэрэг учрал болох үед С.Б-н зүгээс Б.Н-н амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгоон хийсэн болох нь хавтаст хэрэгт бэхжигдсэн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Б.Н-н үйлдэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх зүйл ангиар зүйлчлэгдэх бүрэн боломжтой … Хэргийн нөхцөл байдлаас харахаар хохирогчийн хууль бус үйлдэл харагдаж байна. Б.Н-д хүч хэрэглэсэн үйлдэл харагддаг. Б.Н хохирогчоор мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг үнэлэгдэх ёстой мэдүүлэг. Заналхийлсэн энэ үйлдэл байсан гэдгийг Б.Н хэлдэг. Эдгээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах бүрэн боломжтой...” гэж дүгнэж байгаа боловч хэрэг учрал гарах үед Б.Н сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдлаа алдсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд Б.Н, С.Б нар маргалдаж байгаад салж явсаны дараа хэрэг болсон болох нь шүүгдэгч Б.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Одоо энэ бүжгийн талбай дээрээс яв. Буцаж ирэх юм бол газар дээр чинь ална гэж болзол тавьсан. Тэр үед би их хөөрсөн. Би сэтгэцийн тогтворгүй байдалд ороод удчихсан.Төвлөрч чадахгүй байсан. Байр руугаа буцаж яваад тэнд түлхүүрээ олоогүй. С байсан эсэхийг ч санадаггүй. Буцаж бүжгийн талбай орж даргыг хайж яваад хохирогчтой таарсан. Тавьсан болзлыг нь зөрчсөн. Энэ хүн намайг түрүүлээд цохисон, довтолсон. Тухайн үед би хутга хэрэглэсэн … ” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Г-н “... Тэр 2 юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй миний хажууд Б тэр 2 заамдалцаад түлхэлцээд байхаар нь би Б ахыг салгаад холдуулсан юм ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ62-63/ зэргээр, хэрэг учрал болох үед Б.Н нь сэтгэцийн хэвийн байдлаа алдаагүй буюу өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан нь Шүүх сэтгэц гэм судлалын “...Б.Н нь тухайн үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж өөрийгөө удирдах чадвартай байсан байна ...” гэсэн дүгнэлт /1-р ХХ107-111/-ээр тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх бүрэлдэхүүн  шүүгдэгч Б.Н F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй  хэдий ч Ахлах зэрэгтэй эмч О.Баатаржав, Л.Баттулга, сэтгэцийн их эмч Б.Энх-Ундрах нарын шүүх сэтгэц гэм судлалын 177 дугаартай “... 2. Б.Н нь одоогийн байдлаар F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Б.Н-н дээрх эмгэг нь хүүхэд буюу өсвөр наснаас эхэлж цаашдын амьдралын туршид үргэлжилдэг. Бие хүний ба төрх үйлийн өөрчлөлтөөр илэрдэг сэтгэцийн архаг эмгэг юм.  

4. Б.Н нь бусдын биед гэмтэл учруулсан үедээ буюу 2018 оны 7 дугаар сарын 9-ний үед сэтгэцийн хувьд F60.1 буюу бие хүний шизойд эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Н нь тухайн үед өөрийн хийж буй үйлдлийг ойлгож мэдэж өөрийгөө удирдах чадвартай байсан байна.

5. Б.Н нь өмнө нь болсон зүйлийг санаж үнэн зөв бодитой мэдүүлэг өгөх чадвартай байсан байна.

6. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Б.Н нь одоогоор өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүйг урьдчилан тогтоох боломжгүй байна. Б.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна..." гэсэн дүгнэлт /1-р ХХ107-111/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч Л.Баттулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн “  ... Намайг Ланжаа овогтой Баттулга гэдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Ахлах зэрэгтэй … 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзэж шүүх сэтгэц эмгэг судлалын 177 тоот дүгнэлтээр О.Баатаржав, Л.Баттулга миний бие Б.Энх-Ундрах эмч нарын хамтаар үзлэг шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс F60-1 гэсэн оношийг асууж байх шиг байна. F-60-1 буюу бие хүний шезойд эмгэг гэж байгаа. Энэ бол өвчний код өвчний олон улсын 10 дугаар ангиллаар буюу манайд мөрдөж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зааварчилсан оношийн зааврын дагуу тавьсан онош байгаа. Бие хүний шезойд эмгэг гэдэг нь юу юм бэ гэхээр өмгөөлөгчийн ярианд гарч байгаа яг шезо өвчин биш. Үүнийг юун түрүүнд хэлмээр байна. Энэ нь бие хүний өөрчлөлт нийгмийн хэр хэмжээ нийгэмтэйгээ, хамт олонтойгоо дасан зохицох чадварт суралцдаг. Уур уцаартай, хардамтгай, стресс даах чадваргүй болдог зэрэг бүлэг шинжээр илэрдэг. Сэтгэцийн завсрын байдал байгаа. Энэ байдлууд нь үзүүлэгч Б.Н-н өгүүлэмж яриа, мөн ар гэртэй нь уулзаж ярилцсан байгаа. Дээрээс нь манай эмгэг сэтгэц судлалын шинжилгээний дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 24-ийн өдөр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж комисс үзээд нэмэлтээр хийлгэсэн байгаа. Энэ шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслээд энэ оношийг тавьсан ... Сэтгэц цоо эрүүл хүн нийгэмтэй дасан зохицдог. Хүмүүстэйгээ дасан зохицдог чадвартай байдаг. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр нийгэмтэйгээ дасан зохицно гэдэг бол янз бүрийн орчинд, янз бүрийн ааштай, янз бүрийн хүмүүс байгаа. Тэр болгонтой хэрэлдээд, муудалцаад, зодолдоод байгааг дасан зохицох чадвар алдагдал гэж үзнэ. Тэр байдлаар илэрдэг зүйл. Шезот өвчтэй хүний хувь F20-0 буюу саяны оношийн хүрээгээр F20-ийн хүрээгээр оношлогддог. Ийм зүйл байгаа ... F20 гэдэг нь таны хэлээд байгаа. Шезофрин гэдэг өвчний онош. Энэ нь биеэ даасан сэтгэцийн архаг, ужиг, хүнд явцтай өвчин. Ийм хүмүүс гадуур биеэ авч явах ямар ч чадвар байхгүй. Группд байдаг. Байнгын эмчийн хараа хяналтад байдаг. Жилд 2-3 удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлага гардаг. Гаднаас нь харахад сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь харагддаг. Байнга эм уудаг. Байнга эм уухгүй бол энэ байдлууд бүр хурцаддаг. Нийгэмд аюултай үйл хийдэг. F60-1 гэдэг нь бие хүний эмгэг, би сая ч гэсэн хэллээ. Эрүүл мэндийн хувьд хүнийг сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн тулгамдан асуудалтай, сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа. Сэтгэцийн өвчтэй гэхээр F20 ч юм уу шезофрин орно. Эрүүл хүмүүст тайван, бусдын үгийг хүлээж авдаг, нийгэмтэйгээ дасан зохицдог ийм хүнийг хэлнэ. Гэтэл ийм ч биш нөгөө талдаа сэтгэцийн архаг өвчин ч биш ийм ажил мэргэжил, хүмүүжил, гэр бүлийн өсөж төрсөн орчин зэрэг онцлог зүйлүүдээс шалтгаалсан дасан зохицох чадваргүй бүлэг хүмүүс нийгэмд байдаг. Ийм хүмүүсийг F60 гэдэг оношинд оруулж тооцдог. Ийм хэрэгт холбогдоод явж байгаа F60 гэдэг эмгэгтэй хүмүүс их хэмжээгээр нийгэмд байдаг. Хамт олон нь ч гэсэн хараад бусдаасаа зожигроод хүний үг авдаггүй ч гэдэг юм уу? ийм өвөрмөц ааштай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг F60-ын хүрээнд оруулж оношилдог ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч О.Баатаржавын шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Төлөвшлийн хувь бие хүн болохоос биш. Тухайн үедээ хий үзэгдэл, сэтгэцийн солиорол гэдэг ч юм уу? сэтгэцийн зүйл байхгүй. Тийм учраас өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр  өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н-н зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 19.834.912 төгрөг нэхэмжилснээс хохиролтой холбоотой хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа 5.133.330 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Нас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-д олгож, бичвэр нь уншигдах боломжгүй, нэр бичигдээгүй, давхардсан, өөр хүний нэр дээр гарсан зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул 721.582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мал хариулгасан хөлс болон хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаны 2 жилийн хугацааны гэм хорын хохиролд нэхэмжилсэн нийт 13.680.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон 13.680.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэгийг устгаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Н цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нь хэлэлцэхгүй орхисон 13.980.000 төгрөг болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч А овогт Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Н-д 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч  Б.Н-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Нас 5.133.330 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Б-н хууль ёсны төлөөлөгч Н.Д-д олгож, 13.980.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 721.582 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор цоохор өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэгийг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нь хэлэлцэхгүй орхисон 13.980.000 төгрөг болон хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

                                     ШҮҮГЧИД                          Ч.МӨНХТУЯА                     

                                                                                 Г.МӨНХТУЛГА