Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Т.*******,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* аймгийн ******* суманд байрлах “” ТӨҮГ-ын т ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт ******* аймаг, ******* сум, , од хаягт оршин суух бүртгэлтэй боловч , , тоотод түр оршин суух,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******гийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь “баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, бүсэлхий нуруу, хоёр талын гуя, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 02-оос 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газрын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.*******гийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь “баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, бүсэлхий нуруу, хоёр талын гуя, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Т.*******гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 02 дахь тал),
  • Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-07 дахь тал),

 

  • Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн. Найз Н.тай уулзаад бөөндөө Тэрэлжид очиж амарцгаая гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд Н., Э.******* бид гурав хэдэн охидууд дагуулаад Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид шугуйн амралт гэх газар барагцаагаар шөнө 21 цагийн үед л очсон. Очоод хоол ундаа хийж идэцгээгээд бөөндөө 6 шил архи, 1 хроп лаазтай пиво хувааж ууцгаасан. Шөнө 02 билүү 03 цагийн үед бид хэд юм яриад сууцгааж байтал Н. согтож тасраад унтаад өгсөн. Удаагүй би ч бас согтож муудаад цаашаа юу болсон талаар нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан хамт явсан найз болох Э.*******т гэр дотор нүүр лүүгээ хэд хэдэн удаа цохиулаад толгой руугаа өшиглүүлж байснаа санаж байна. Э.*******т зодуулснаасаа болоод ухаан алдчихсан, өглөө нь 11 цагийн үед сэрэхэд миний хамаг толгой, нүүр хавдаж хавагнасан, үүдэн 1 шүд маань уначихсан байсан. Намайг сэрэхэд Н. бол байж байсан, харин Э.******* хэзээ явсан нь мэдэгдэхгүй яваад алга болчихсон байсан. Үүнийхээ дараа Э.*******тэй фейсбүүкээр холбогдоод “чи яаж байгаа юм бэ, найзыгаа аймар болгочихсон байна ш дээ” гэж хэлэхэд надад “харин тиймээ ёстой уучлаарай, би ч бас яагаад чамайг зодож цохисноо сайн санахгүй байна” гэж хэлсэн. Тэр өдөр Э.******* л намайг цохиж зодсоноос өөр бид хэдийн дунд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохионы асуудал гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.*******, Э.******* хоёр зүв зүгээр сууж байснаа гэнэт л хоорондоо муудалцаад Э.******* шууд Т.******* рүү дайраад түүний нүүрлүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгэхэд би Э.*******ийг болиулж салгатал Э.******* надруу “чи цаашаа байж бай” гээд хойшоо түлхэж холдуулаад Т.******* рүү дахиж дайраад түүнийг цохиж зодоод эхэлсэн. Т.******* Э.*******ийн эсрэг хариу үйлдэл хийгээгүй түүнд зодуулаад таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7545 дугаартай “Т.*******гийн биед баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 2-р шүдний хугарал, бүсэлхий нуруу, хоёр талын гуя, хоёр өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч бана. ...нэг мэдсэн чинь Т.*******гийн нүүр ам нь цус болчихсон сууж байсан. Тэгээд миний rap хавдчихсан байсан. Т.*******г нэлээн зодчихсон байсан. Яг яаж зодсоноо бол санахгүй байна. Тэгээд би үүрээр хотод ажилтай байсан болохоор шөнө гараад яваад өгсөн. Тэгээд хотод байж байх үед Т.******* над руу “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “би тухайн үед тасарчихсан санахгүй байна, эмчилгээний бүх зардлыг чинь өгөх болно, цагдаа сэргийлэх гэхгүй шийдэж өгөөч” гэж гуйсан. Тэгсэн Т.******* зөвшөөрсөн. Тэгээд би мөнгийг нь өгч чадахгүй удаачихсан юм. Бид нар цөөхүүлээ их архитай явсан тул бүгдээрээ согтоод тасарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Т.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2.500.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөгийг хохиролд авсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Хохирогч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээ оношилгоо, эм тариа, бензиний зардалд баримтаар 601.527 төгрөг, “Оргил дент” шүдний эмнэлгийн имплант шүд хийлгэх зардал 2.895.000 төгрөг болно гэх тодорхойлолт зэргээр нийт 3.496.527 төгрөг нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.*******ээс хохиролд авсан 3.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ, мөн толгой их өвддөг болсон” гэж мэдүүлсэн болно.

 

Шүүх имплант шүд хийлгэх зардлыг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, тухайн зардлыг гаргасан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн зөрүү мөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******ээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн “толгой их өвддөг болсон эмчилгээ хийлгэнэ” гэх тайлбарыг үндэслэн цаашид гарах эмчилгээний зардлыг  тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Иргэний нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Ганжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Т.*******гийн тусламж үйлчилгээний зардалд 683.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.******* нь 683.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дугаартай дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ