Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч С.Бат-Орших нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Бат-Оршиход холбогдох эрүүгийн 2315000000120 дугаартай 163/2023/0096/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон Цахир овогт Сосорын Бат-Орших, Булган аймгийн Дашинчилэн суманд 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 23 настай, эрэгтэй, РД: ГД00302719.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Бат-Орших нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Бат-Орших нь 2023 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Гандан хороонд байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Анужинтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар С.Бат-Орших нь хүний хажууд чи намайг доромжиллоо гэж уурлан Х.Анужингийн нүүр рүү цохих, хоолойг боох, хоолойд нь заазуур тулгах зэргээр зодож бие эрх чөлөөнд нь халдаж бие нь баруун нүдний гадна булан доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дотор салстын язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч С.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн

...Тэгээд хүмүүс явсны дараа Анужинд хандан хүний дэргэд яагаад хэрүүл хийх гээд байдаг юм гэж хэлэхэд өөдөөс хэрэлдэж эхэлсэн. Би уурандаа гараараа 1 удаа алгадаад хоолойг нь дарж боогоод, гэрт байсан ногоон иштэй заазуураар хоолойнд нь тулгаж чимээгүй бай гэж хэлсэн юм. Би хохиролд 900,000 төгрөгийг эхнэртээ өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

хохирогч Х.Анужингийн өгсөн ...Манай дөрвөн найзыг гэрээс явсны дараа удалгүй Бат-Орших чи хүний хажууд намайг доромжиллоо, Равдан, Хулан хоёрыг хүртэл муудалцууллаа, чи дандаа юм болгон дээр би би гэдгээ боль өөрөөсөө ичээч гэж хэлэхээр нь чи өөрөө хогийн зан гаргаад намайг найзуудтай минь жаахан гаргахгүй, чи өөрөө гараад би болдоггүй юм уу? гэж хэлээд маргалдаж байтал шууд ирээд миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хоолойг боосон. Би тухайн үед ухаан алдсан. Тэгээд би ухаан алдаж сэрэхдээ хаана байгаа бил ээ, юу болсон бил ээ гээд сэрээд гэнэт Бат- Оршиход боолгосноо санаад чи намайг яах гэж ингэж байгаа юм гээд би гэрийнхэн рүүгээ залгана гээд утсаа аваад аав, ээж, ах, эгч рүүгээ утсаар залгатал утаснууд нь холбогдохгүй байсан. Тэгтэл миний гар утсыг өөрийнхөө гар утастайгаа зуух руу аваад шидээд эвдэлчихсэн. Тэгснээ чамайг дуусгаад хаячихъя гээд гал тогооны шургуулганаас заазуур аваад миний хоолойг зүсээд бас заазуурны ирээр баруун гуя руу зүсээд шувтарсан, бас миний баруун талын нүд орчимд гараараа алгадсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Гэрч Ө.Эрдэнэтуяагийн өгсөн: ...С.Бат-Орших, Х.Анужин хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Харин маргааш нь Хонгорзул Анужинг фэйсбүүкт байхгүй байна, хоёулаа гэрт нь очих уу? гээд гэрт нь очтол гэр нь цоожтой байхаар нь Бат-Оршихын ах Алтангэрэл гэх айлд очсон чинь Анужинг Бат-Орших зодсон талаар сонссон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Гэрч Э.Хулангийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед Булган аймгийн Дашинчилэн сумын төвийн хойд байдаг Элбэг зоогийн газарт ажил дээрээ байж байтал Дэлгэрцэцэг, Хонгорзул, Анужин бас нэг охин дөрвүүлээ ирсэн. Тэгээд манай караокед сууж байгаад 00 цаг гээд манай ажил хаагаад хамт манай гэр рүү явцгаасан. Тэгээд бид нар манай гэрт очоод 1 том пиво уугаад байж байтал Анужингийн нөхөр утсаар залгаад хүүхэд уйлаад байна гэртээ ир гэсэн. Ингээд бид нар бүгдээрээ Анужингийн гэр рүү явсан. Анужингийн гэрт очиход Бат-Орших охинтойгоо байсан. Тэгээд Анужингийн гэрт 1 том архи задалж хувааж ууцгаагаад 2023 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 01 цаг өнгөрөөгөөд Дэлгэрцэцэгийн нөхөр ирэхээр нь Дэлгэрцэцэг бид хоёр түрүүлээд тэдний гэрээс гараад гэр гэртээ харьсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Гэрч Б.Дэлгэрцэцэгийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны орой Х.Анужин уулзах уу? гээд чат мессеж бичихээр нь тэгье гээд би орой нөхрөөрөө Анужингийн гэрт хүргүүлээд очиход Анужингийн гэрт Эрдэнэтуяа, Хонгорзул хоёр ирчихсэн Анужин гэр бүлийнхээ хамт байсан. Ингээд Анужин, Эрдэнэтуяа, Хонгорзул бид дөрөв Элбэг караоке орсон.Тэгээд караокед сууж байхдаа 2 том пиво уусан.Тэгээд караоке нь 00 цаг гэж хаагаад караокед ажилладаг Хулангийн гэр рүү явцгаасан. Хулангийн гэрт очоод бид нар 2 пиво ууж байтал Анужингийн нөхөр нь охин уйлаад байна гээд тэгээд Анужингийн гэр рүү явцгаасан. Анужингийн гэрт очоод үлдсэн нэг пиво уугаад юм ярьж сууцгааж байгаад 02 цагийн үед манай нөхөр ирээд Хулан бид хоёр эхлээд явсан Хонгорзул, Эрдэнэтуяа нар үлдсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

Гэрч А.Хонгорзулын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай охин Анужин утсаар залгаад ээж сумын төв рүү ороод ир, Бат-Орших намайг зодчихлоо гэхээр нь сумын төв рүү орж ирээд Анужинтай уулзахад гэртээ хүүхдээ өвөртлөөд орондоо хэвтэж байсан. Ингээд сумын эмнэлэг рүү явж үзүүлсэн. Тухайн үед Анужингийн уруул сэтэрсэн, хүзүү нь улайж зүсэгдсэн, зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Анужин надад хэлэхдээ Бат-Орших намайг зодож хоолой боогоод заазуур авч хоолой зүссэн гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4883 дугаартай: Х.Анужингийн биед баруун нүдний гадна булан доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дотор салстын язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал) хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй, заазуур нэг ширхэг зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Бат-Орших нь согтуугаар хохирогч Х.Анужингийн нүүр рүү цохих, хоолойг боох, хоолойд нь заазуур тулгах зэргээр түүний биед баруун нүдний гадна булан доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дотор салстын язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 4883 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч С.Бат-Оршихын мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу атгасан гараар нүүрэн тус газарт цохисон, заазуураар зүссэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Бат-Орших нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Бат-Оршихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Анужингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ хийлгэсэн бүх зардлаа нэхэмжилснийг шүүгдэгч С.Бат-Орших нь мөрдөн шалгах ажиллагаанд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 87 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгч С.Бат-Оршихыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бат-Оршихын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Бат-Оршиход эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1,2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Бат-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бат-Оршиход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Бат-Орших нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон Цахир овогт Сосорын Бат-Оршихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Оршихыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Бат-Орших нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.Бат-Орших нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Х.Анужин нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бат-Оршиход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ