| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Энхбаяр, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Г.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Түвшинтөгсөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2315000880076 дугаартай, 163/2023/0087/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Эрин Цалам овогт Болдын Энхбаяр, Булган аймгийн Булган суманд 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Булаг хорооллын 9-914 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, охины хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эрэгтэй, РД: ЧМ87010274.
Монгол Улсын иргэн, Цөнгөрөг овогт Ганболдын Түвшинтөгс, Булган аймгийн Булган суманд 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 6-600а тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД: ГЮ91070431.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилдөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Г.Түвшинтөгсөд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах түүний албан өрөөнд бэлнээр 390,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Түвшинтөгс нь Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Энхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Булган аймгийн Булган сумын нутагт байрлах өөрийн албан өрөөнд Б.Энхбаяраас бэлнээр 390,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000880076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилдөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Г.Түвшинтөгсөд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах түүний албан өрөөнд бэлнээр 390,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Энхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Булган аймгийн Булган сумын нутагт байрлах өөрийн албан өрөөндөө Б.Энхбаяраас бэлнээр 390,000 төгрөгийн хахууль авсан үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Түвшинтөгсийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Булган аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Түвшинтөгсөд холбогдох 20220390000040 дугаартай албаны шалгалтын материал /хавтаст хэргийн 5-14 дэх тал/,
2. Гэрч Ц.Оюуны өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 25-ны үед манай нөхөр Энхбаяр согтуу ажил дээр ирээд мөнгө нэхээд, намайг цохиод, хувцаснаас зуураад, хэл амаар доромжлоод, согтуу машинаа бариад явсан. Тэр үед манай түгээгч Оюунгэрэл үйлчлүүлэгч нарыг Энхбаяр хэл амаар доромжлоод байна гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээгүй байж байхад Түвшинтөгс манай түгээгч рүү залгаад ямар машин унаад явсан бэ? хаана байгаа бол гэхээр нь би яриад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд маргааш нь Түвшинтөгсийг манай нөхөр гэрээс нь очиж аваад бид гурав Түвшинтөгсийн ажлын газар ирээд би мэдүүлэг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа миний гаргасан асуудал юу болсон бэ? гэж асуусан чинь Түвшинтөгс чамаас өөр зөндөө олон хэрэг байна. Ганцхан чиний хэрэг дээр ажилладаггүй гээд утсаа таслаад буцаж манай нөхөр рүү залгаад танай эхнэр над руу залгаад асуудал үүсгээд байна гэсэн чинь нөхөр наад асуудал чинь болоод дууссан, чи битгий Түвшинтөгстэй зууралдаад бай гэж байсан. Би ажил дээр байж байсан чинь манай шатахуун түгээх газраар үйлчлүүлж байгаа хүмүүс танай хадам эх Саранчимэг чинь зах дээр Оюука гэж нэг юм Энхбаярыг цагдаад дуудаж өгөөд 400,000 төгрөгөөр торгуулсан, би тэрийг нь өгсөн гэж ярьж байсан. Тэгээд би цагдаад нь хэлээд нэмэргүй юм чинь гэж бодоод Булган зар дээр пост оруулсан чинь гэнэтхэн цагдаагаас дуудсан. Манай нөхөр надад Түвшинтөгс аймар шаналгаатай, яриад юм нэхэх гээд байдаг гэж ярьж байсан. Нөхөр надад Түвшинтөгсөд мөнгө өгсөн талаараа бол хэлээгүй. Түвшинтөгсөд мөнгө өгөөд л миний хэргийг таглуулсан юм байна даа гэж би бодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
3. Гэрч Б.Өнөрбатын өгсөн: Цагдаагийн газрын групп дээр газрын дарга энэ юу болж байна гээд постны зураг тавиад намайг албаны шалгалт хийх талаар үүрэг өгсөн. Тэгээд албаны шалгалт явуулах үед Түвшинтөгс нь эхлээд Энхбаяраас мөнгө авсан талаараа хүлээхгүй байсан. Тэгэхэд газрын дэд дарга Баттулга өрөөнд орж ирээд Түвшинтөгсийн өрөөнд орж үзье гээд Түвшинтөгсийн өрөөнд очоод байж байсан чинь эдийн засгийн мөрдөгч Гантөгс авлига өгсөн гээд байгаа Энхбаярыг дагуулж орж ирсэн чинь Энхбаяр нь за хөгшөөн баларсан, үнэнээ хэлсэн шүү гээд хэлээ гаргаж байсан. Тэгэхээр нь би Түвшинтөгсөө асуудал ойлгомжтой тайлбараа өг гэсэн чинь заа даргаа ойлгомжтой гээд өрөөнд ирээд Энхбаяраас 400,000 төгрөгийг бэлнээр авсан талаараа хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
4. Гэрч Б.Гантөгсийн өгсөн: ...Цагдаагийн газрын дотоод групп чат дээр цагдаагийн хүмүүс авлига авдаг гэх утгатай юм Булган зар дээр явж байна гэх мессежийг газрын дарга бичсэн. Тэр мэдээллээр нь дэд дарга надад чиглэл өгч би уг асуудалд өөрөө ажилласан. Авлига өгсөн гээд байгаа Энхбаярын эхнэр Оюунтай уулзан ямар шалтгаанаар ийм пост оруулсан талаар асуухад манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээр нь цагдаад өгөхөд асуудлыг шийдэхгүй байгаа учраас авлига авсан гэж үзэж байгаа гэж байсан. Тэгээд тэндээс нь нягталсаар байгаад Энхбаяртай уулзсан чинь Энхбаяр нь зөрчлийнхөө талаар мэдүүлэг өгч гараад, ээжээсээ дансаар 400,000 төгрөг аваад Од дэлгүүрийн АТМ-аас бэлнээр гаргуулан авч хэсгийн байцаагч Түвшинтөгсийн өрөөнд аваачиж өгсөн гэж ярьж байсан. Мөн яагаад Түвшинтөгсөд мөнгө өгсөн талаар асуухад миний гаргасан зөрчил баривчилгаа авах хэмжээний шийтгэлтэй учир аргалж өгнө, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир эрхийг чинь хасахгүй гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Энхбаярыг гаргасан зөрчлийг Түвшинтөгс шалгахгүйгээр Энхбаяраас авлига авсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай “ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, түүний хавсралт, албан тушаалын тодорхойлолт, албан хаагчийн дэлгэрэнгүй анкет /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
6. Болд овогтой Энхбаярын Хаан банкны 5270485807 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 115 дахь тал/,
7. Зөрчлийн 2215000643 дугаартай зөрчлийн хэрэг нээх тогтоол, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, шийтгэвэр /хавтаст хэргийн 124-131 дэх тал/,
8. Яллагдагч Б.Энхбаярын өгсөн: Тухайн хэрэг гардаг өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь Түвшинтөгс өрөөндөө дуудаж байцаалт аваад баривчилгаанд орох юм байна гэхээр нь би торгууль шийтгэлийн арга хэмжээ байхгүй юу гэж асуусан. Тэгээд 400.000 төгрөг бэлнээр аваад ир гэсэн. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан санагдаж байна. Тэгээд би 390.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157-158 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Ц.Оюун, Б.Өнөрбат, Б.Гантөгс нарын өгсөн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай “ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, түүний хавсралт, албан тушаалын тодорхойлолт, Болд овогтой Энхбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зөрчлийн 2215000643 дугаартай зөрчлийн хэрэг нээх тогтоол, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, шийтгэвэр, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Энхбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Б.Энхбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилдөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, хуулийн хариуцлага хүлээлгэхгүйгээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Г.Түвшинтөгсөд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах түүний албан өрөөнд бэлнээр 390,000 төгрөгийн хахууль өгсөн,
шүүгдэгч Г.Түвшинтөгс нь Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Энхбаярын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Булган аймгийн Булган сумын нутагт байрлах өөрийн албан өрөөндөө Б.Энхбаяраас бэлнээр 390,000 төгрөгийн хахууль авсан болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Энхбаярын хахууль өгсөн, шүүгдэгч Г.Түвшинтөгсийн хахууль авсан үйлдэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Түвшинтөгсийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд нэг удаагийн үйлдлээр хахууль буюу мөнгө авсан гэж, шүүгдэгч Б.Энхбаярыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө буюу хахууль өгсөн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар тус тус маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Энхбаярын хахууль өгсөн, шүүгдэгч Г.Түвшинтөгсийн хахууль авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авлигын гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна. Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдэл нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн бөгөөд тэдэнд прокуророос 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ял сонсгосон бөгөөд уг тогтоолд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрчлөлт оруулж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Г.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд тэдний гэм буруутай үйлдлийн улмаас материаллаг хохирол учраагүй хэдий ч хахууль өгөх, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаагаар энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг илэрдэг онцлогтойг дурдах нь зүйтэй гэж үзэв
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.
шүүгдэгч Б.Энхбаярыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Түвшинтөгсийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Энхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 43-45, 169, 172 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2023/00178 дугаартай шийдвэр, Цэцэгжин ХХК-ийн захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хас банкны дансны хуулга зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Энхбаяр нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Булаг хорооллын 9-914 тоотод охины хамт амьдардаг, гэр бүлийн хэрэгцээний газар, хашаа байшин, орон сууц, дэлгүүр, үл хөдлөх эд хөрөнгөтэй, Цэцэгжин ХХК-д менежер ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 6-600а тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардагч, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Булган аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэр бүлийн хэрэгцээний газар, хашаа байшинтай зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Г.Түвшинтөгсөд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нар нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Улсын яллагч яллах дүгнэлтийн тэмдэглэх нь хэсэгт шүүгдэгч Г.Түвшинтөгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж буруу бичсэн байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цөнгөрөг овогт Ганболдын Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”,
Шүүгдэгч Эрин цалам овогт Болдын Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинтөгсийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түвшинтөгсөд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр, шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Энхбаяр, Г.Түвшинтөгс нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ