Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

2023           05           22                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б*******, Ч.М******* нарт холбогдох эрүүгийн 2315000000113 дугаартай 163/2023/0097/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Б*******, Хөвсгөл аймгийн суманд 1972 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-******* сумын баг, ын 23-10 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд Хөвсгөл аймгийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27б дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, 51 настай, эрэгтэй, РД: *******.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын М*******, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1972 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-******* сумын 15 дугаар багийн ын 38-12 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 охин, зээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 51 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000113 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Од нэртэй зочид буудалд ямар нэг шалтаг шалтгаангүйгээр өрөөндөө амарч байсан П.тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд уруул буйланд шарх, баруун зүүн нүдний зовхи хүзүү, доод урууланд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн ...манай найз М******* нэг танихгүй залуутай буудлын үүдний хэсэгт маргалдаж байхаар нь би тэр залуугийн нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохичихоод буудлаас гарч яваад Тэшиг сумын малын Мөнгөнхуяг гэх айлын очиж хоносон юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

- шүүгдэгч Ч.М*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ...Тэгээд нэг өрөөнд хүн байхаар нь тэр хүнээс 2-3 удаа буудлын хүнийг асуусан. Тэр буудалд амарч байсан хүнтэй маргаж байсан. Нэг мэдсэн тэр хүний хамар амнаас цус гарчихсан буудлын үүдний хэсэгт сууж байсан. Тэгээд Б******* бид хоёр буудлаас гарч яваад айлд очиж хоносон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- таньж олуулах ажиллагаа явуулсан: Таньж олуулах ажиллагаанд 1-5 гэж дугаарласан гэрэл зургийг ашиглан цохисон гэх хүмүүсийг таниулахад 1, 3 дугаартай зураг буюу Ч.М*******, М.Б******* нарын гэрэл зургийг зааж намайг цохисон хүмүүс энэ мөн байна гэж зааж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

- хохирогч П.гийн өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд албан ажлаар очсон юм. Тэшиг суманд очоод Од гэх нэртэй буудалд буугаад амрах гээд байж байтал миний авсан өрөөнд гаднаас хүмүүс орж шагайгаад салахгүй байхаар нь би хэвтэж байсан болохоор босож очоод та нар яах гээд хүн амраахгүй хаалга үүд онголзуулаад байгаа хүмүүс вэ?, өрөө тасалгаа авсан юм бол авсан өрөөндөө орж амарцгаа гэж хэлэхэд нэг нь чи юу гээд байгаа юм, чамд ямар хамаатай юм гээд намайг заамдаад авсан. Харин арай өндөр нь миний араас тэвэрч түлхээд бид гурав зууралдсан чигээрээ буудлын үүдэнд гарсан. Буудлын үүдэнд гарангуут намхан гэзэгтэй нь миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон, 2 дахь удаагаа цохихдоо миний хамар хэсэгт цохиод цус гарахаар нь тонгойсон. Намайг тонгойход миний араас тэвэрсэн байсан өндөр биетэй нэг хүн нь миний нүүр хэсэгт өшиглөхөд би хойшоо саваад газар суухад миний хамар, уруул хоёроос их хэмжээний цус гарсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн: П.гийн биед хамар ясны хугарал, 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд уруул, буйланд шарх, баруун, зүүн нүдний зовхи, хүзүү, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-22 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь бүлэглэж, согтуугаар хохирогч П.гийн зүүн шанаа, хамар, нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед хамар ясны хугарал, 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд уруул, буйланд шарх, баруун, зүүн нүдний зовхи, хүзүү, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 100 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарын атгасан гар, хөлөөр хохирогчийн нүүр, хамар хэсэгт цохисон, өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь өөрсөддөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч П.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нараас гэм хорын хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд 7.000.000 төгрөг, шүүхийн шатанд 7.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг буюу шүүгдэгч тус бүр 7.000.000 төгрөгийг төлсөнөөр хохирогч П. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Б*******, ******* овогт *******ын М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарт хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч П. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******, Ч.М******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ