Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0061/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***т холбогдох эрүүгийн 201609000383 дугаартай хэргийг 20***оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** захирал, ам бүл 3 хоёр охины хамт *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *** овогт *** *** РД:***/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн ***цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, ***дугаар брак байрны “***” халуун усны газрын гадна “***” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч ***г ажил үүргээ гүйцэтгэн авсан зээлээ төлөхийг шаардахад нь маргалдаж улмаар түүний унаж явсан “***” ХХК-ийн өмчлөлийн ***улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн шил арчигчийг хугалж 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *** 2 эдийн засагчтайгаа зээлээ төлөх үү гээд ирсэн. Тухайн үед би ***тай байсан.  ***ыг би гараад ярилцаад зохицуулах байх гэж бодоод камер хараад сууж байхад гадаа маргаан болоод байхаар нь үлдэгдэл мөнгөө мобайл банкаар шилжүүлнэ гээд эдийн засагчид нь хэлэхэд  тэг гэсэн. Гэтэл *** нь яахаараа мобайлаар шилжүүлдэг юм араас дагаж очоод ажил дээр очоод төл гэж байсан. Үүнээс болж маргаан үүсээд *** нь ***тай маргалдаад *** гараараа ширвээд унагахад *** уурлаж тэр хоёр  барьцалдаад авсан. Дараа нь миний гарнаас нэг зүйлээр татах шиг болсон. Энэ үед миний гарнаас цус гарчихсан байхаар нь  уурласан. Би мөнгөө төлнө гэж байхад яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэхэд намайг зулгаачхаад машиндаа ороод суучхаар нь хаалгыг онгойлгох гэхэд миний гарыг машины хаалганд хавчсан. Тэгэхээр нь би гуя руу нэг удаа өшиглөсөн юм. Ингээд машины шил арчигчийн хар резинийг аваад ороолгоно гэж бодоод авах гэтэл болохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө талынх нь шил арчигчийг аваад шилбүүрдчихсэн юм. Яг ямар байдлаар авснаа мэдэхгүй байна. Шил арчигч нь олон хэсэг байдаг болохоор тухайн үедээ сууриар нь хугалчихсан уу яаж авснаа анзаараагүй. Түүнээс би яг хугалаагүй гэж хэлэхгүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, хохирол төлбөрийг төлсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр манай санхүүгийн байгууллагын харилцагч ***нь 800.000 мянган төгрөгийн зээл 6 сарын хугацаатай зээлж аваад зээлээ төлөхгүй удааширч зээл төлөлтын хугацаа хэтэрч зээлийн үлдэгдэл 200.000 гаран мянга төгрөг төлөх ёстой болсон. Ингээд би зээлдэгч М.***тэй уулзахаар менежер ***, *** нарын хамт Хуучин дарханд байдаг Халуун усны газар ***цагийн үед очсон ... М. *** зээлийн мэргэжилтэн ***тэй хэрүүл маргаан хийж “одоо зээлээ хийчихье” гэж хэлээд хэрэлдээд маргалдаад байсан. Би тэгэхээр нь ***д “*** явъя. Наадуул чинь араас ирээд зээлийн төлөлтөө хийнэ биз. Зээлээ төлөх байсан бол аль түрүүн хийчихгүй яасан юм. Хэрүүл маргаан болгож байхаар гэж хэлээд байж байтал ***“Наад номероо аваад явахгүй юу. Дахиад хувилаад хийлгэчих юм чинь” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Та манай компанийн нэр дээр байгаа улсын дугаарыг тэгж хувилж болохгүй байх шүү” гэж хэлсэн. Тэгсэн ***надтай хэрүүл хийж байгаад миний машины хойгуур тойрч ирээд миний машины урд салхины шилны шил арчигчийг татаж тахилгаад, мөн баруун талын шил арчигчийг татаж биеэрээ дарж хугалсан. Би тэгэхээр нь машинаасаа бууж очоод “Та нар 200.000 мянган төгрөгнөөс болж хүний машин эвдэж сүйтгэлээ” гэж хэлсэн чинь ***миний өөдөөс хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийгээд байсан. ***нөгөө талаар тойрч ирээд миний машины шил арчигчийг хугалсан төмрөөр миний зүүн тал руу 2 удаа цохиод авсан. Тэгээд тэр залуугийнхаа арааар тойрч ирээд миний баруун хөлний гуя руу цохиод авсан. *** цагдаа руу дуудлага өгсөн. ***тэр залуугийнхаа хамт болон бас нэг тэнд байсан нэг согтуу залуугийн хамт яваад өгсөн юм. М.***т би “Цагдаа дуудчихлаа. Цагдаа ирэхээр учраа олчихоод явъя” гэж хэлсэн чинь “зээл төлүүлэх гэж байгаа бол сөгдөж суугаад төлүүлдэг юм, чам шиг ингэдэггүй юм” гэж хэлчихээд номергүй машинаа унаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-54, 143 дугаар хуудас/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би "***” ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч ***, менежер Э.*** нарын хамт хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзах гээд хаягаар нь явж байгаад Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг *** гэдэг нэртэй халуун усны газар очсон. ...урьд нь утсаар ярих гээд залгахаар ерөөсөө утсаа авдаггүй байсан тул манай байгуулгын нэр дээр шилжүүлсэн ***улсын дугаартай соната-5 маркийн автомашины урд болон хойд 2 ноймерыг нь тайлж аваад ***эгчтэй уулзах гээд халуун усны газар орсон юм. ...Тэгээд бид нар машиндаа хөдлөөд явах гэтэл *** эгч болон тэр халуун уснаас гарч ирсэн ах "Тэгвэл та нарын машины номерыг авна” гэж хэлээд *** эгч бид нарын сууж явсан *** ХХК-ийн өмчлөлийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийн урд талын номерыг авах гэж татаж үзсэнээ зүүн талын шил арчигчийг татсан. Тэгсэн шил арчигч салахгүй байхаар нь *** эгч нөгөө талын шил арчигчийг татаад хугалсан юм. Тэгээд машинаасаа *** буугаад “яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь *** эгч өөдөөс нь очоод хугалсан шиг арчигчийн хэсгээр нь *** эрхлэгчийг цохиод авсан. Тэгээд *** эгч манай эдийн засагч *** болон *** эгчтэй хамт байсан нөгөө ах хоёрын араар нь тойрч очоод бас нэг цохиж авч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

Гэрч Э.***ын мэдүүлэг: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгууллагынхаа салбарын эрхлэгч ***, менежер *** бид нар эрсдэлтэй зээлийн асуудлыг газар дээр нь шалгаж шийдвэрлэхээр байгууллагынхаа *** УНВ улсын дугаартай тоёото приус-20 маркын машинаар эрхлэгч *** жолоодоод явж байсан. Тэгээд бид нар манай байгууллагын зээлдэгч ***гэдэг хүний зээлийн хугацаа хэтрээд гэр болон ажпаар нь очих шаардлагатай болсон. ... Тэгээд байж байтал ***гэдэг зээлдэгч тэр халуун усны газраас гарч ирсэн. *** “ Та зээлээ хэзээ төлөх юм бэ? Машины чинь номерийг хураагаад авчихлаа. Зээлээ төлчихөөд номероо аваарай” гэж хэлсэн. Бид нар машиндаа суугаад явах гэтэл *** эгч бид нарын машиныг явуулахгүй урдуур ороод хаагаад зогсоод байсан. Тэгсэн *** гэдэг тэр эгч салбарын эрхэлэгч ***гийн жолоодож явсан *** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилний, эхлээд зүүн талын шил арчигчийг татаж тахийлгаж дараа нь нөгөө талд нь гарангуутаа нөгөө талын шил арчигчийг хугалж гэмтээсэн. *** машинаасаа буугаад яваад очтол *** гэдэг тэр эмэгтэй шил арчигчийн хугархайгаар *** эрхлэгчийн ар нурууруу 2-3 удаа ороолгоод авах шиг болсон. Тэгээд нөхрийнхөө араар тойрч очоод *** эрхлэгчийн зүүн хөлний гуя орчим нь ороолгоод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дугаар хуудас/,

Гэрч Ц.***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Та нар ямар номер тайлж авах ямар эрхтэй юм. Би адилхан тайлж авна гэж хэлээд номерыг нь авах гэтэл нөгөө 2 залуу яах юм бэ гэж хэлэхээр нь би больсон юм . ... Би тэр 2 залуугаас машиныхаа номерыг гуйгаад машиных нь арын суудлаар хайгаад олоогүй. Тэгээд байж байтал тэр эмэгтэй машины шил арчигч хугалчихлаа гээд орилоод чарлаад байсан. Тэгээд хартал *** машины шил арчигчийн хугархай барьчихсан байсан. Тэгээд тэр хүмүүс цагдаа дуудах юм болоод явчихсан. *** бид нар хүмүүстэй уулзах яаралтай ажилтай байсан болохоор яараад дугааргүй машиндаа суугаад хойшоо хүнсний уулзварын тийшээ очиж Сэлэнгэ явж байсан хүнийг тосч уулзсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

“Бан Хас” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 664 дугаартай дүгнэлтэнд : ...1. ***гийн биед зүүн гуя болон далан дахь цус хуралт тогтоогдлоо, ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл/ 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хохирогч ***гаас хар өнгийн 52 см урттай хоёр хэсэг хуваагдаж салсан 1 ширхэг шил арчигчийг хураан авсан тухай /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас,/

Гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 149-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ***нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн ***цагийн орчимд Дархан-Уул айма,г Дархан сум, 5 дугаар баг, ***дугаар брак байрны “***” халуун усны газрын гадна “***” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч ***гийн унаж явсан “***” ХХК-ийн өмчлөлийн ***улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн шил арчигчийг хугалж 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын хэмжээг тодорхойлон заагаагүй тул бусдын эд хөрөнгийг санаатай устгаснаар уг гэмт хэргийн бүрдэл хангагдахаар байна.

Иймд шүүгдэгч М.***ийг  нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргах төлбөргүй байна.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т тус тус зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, М.***ийн ХААН банк дахь *** *** *** тоот данснуудын зарлагын гүйлгээ хаасныг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.***ийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шил арчигчийн хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч *** овогт *** ***ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч *** овогт *** ***т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч М.***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцон оруулсугай

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуваагдаж ирсэн 52 см урттай шил арчигчийг устгаж, Дархан-Уул аймгийн прокурорын газраас М.***т хилийн хориг  тавих тухай 2016 оны 12-р сарын 1-ний өдрийн хүсэлт, ХААН банк дахь ***, Ариг банк дахь ***, ***, Төрийн банк дахь*** тоот данснуудын зарлагын гүйлгээ хаасныг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар М.***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар М.***ийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД