| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 221/2025/0015/З |
| Дугаар | 221/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 221/ШШ2025/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 801 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.А
Хариуцагч: МУЕА
Нэхэмжлэлийн шаардлага: “МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт нь хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ц.А 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Иргэн Ц.А би Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 9-р тойрогт нэр дэвшсэн болно. Гэтэл уг УИХ-ын сонгуулийн хандивтай холбоотойгоор Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нь 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 004**** дугаартай Шийтгэлийн хуудсаар Ц.А намайг "хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй" гэж үндэслэлгүйгээр буруутгаж, зөрчлийн шийтгэл оногдуулсан болно.
Баянгол дүүргийн татварын хэлтэс нь надад 004**** дугаартай Шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д "Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ." гэж заасныг мөн МУЕАын 2024 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д "банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив"-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заасныг үндэслэн дээрх заалтыг зөрчсөн гэж буруутгадаг.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д хандив өгч байгаа иргэний хувьд "Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар" байна гэж заасан. Харин хуулийн этгээдийн хувьд "нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах" гэж ялгаатай заасан болно.
Бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.А над руу шилжүүлсэн нэр хаяггүй гэх хандивын орлого нь нэр хаяг нь тодорхой бөгөөд хандивлагч нь өөрийн нэр, регистрийн дугаараа бичиж, хандив шилжүүлсэн байдаг. Тухайн иргэний регистрийн дугаар нь тухайн хүний нэр хаяг, мэдээллийг бүрэн илэрхийлэх зүйл бөгөөд регистрийн дугаараар нь хайж үзэхэд тухайн хандивлагчийн нэр, хаяг маш тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл БГД- ийн татварын хэлтэс нь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасантай зөрчилдсөн, хууль зөрчсөн, хуулиас давсан маргаан бүхий "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг үндэслэж иргэний хувьд нэр, регистрийн дугаар бичигдсэн байхаас гадна хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ оруулаагүй байна гэж үндэслэлгүйгээр зөрчилтэй хандив гэж үзэж буруутгасан болно. /Миний зүгээс Баянгол дүүргийн татварын хэлтсээс надад оногдуулсан 004**** дугаартай Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тусдаа харъяаллын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргалдаж байгаа болно./
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д хандив өгч байгаа иргэний хувьд "Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар" байна гэж зааснаар тухайн хандивлагч нь өөрийн нэр, өөрийгөө илэрхийлэх регистрийн дугаараа шилжүүлгийн гүйлгээний утга дээр бичиж хандив шилжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасантай нийцэж байхад хуулиас давсан журмын заалт үндэслэж нэр хаяг нь тодорхойгүй хандив гэж гэж үзэх үндэслэлгүй байсан юм.
Аливаа журам, захиргааны хэм хэмжээний акт нь хуульд нийцсэн, хуультай зөрчилдөөгүй, хуулиас давсан хүчин чадалтай байх ёсгүй бөгөөд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д "банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив"-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заасан уг заалт нь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасантай зөрчилдөж, хуулиас давсан хүчин чадалтай хууль бус захиргааны хэм хэмжээний акт байх тул уг заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Би уг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0613 дугаар Захирамжаар "маргаж буй заалт нь Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасныг ямар үндэслэлээр, хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа, яагаад хуулиар давсан хэм хэмжээг зохицуулсан гэж үзэж байгаа талаар тодорхой үндэслэлийг гаргаагүй байна, мөн маргаж буй хэм хэмжээний акт нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар тодорхой тусгах шаардлагатай, актыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой тусгаагүй байна..." гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн. Иймд бид уг захирамжид дурдсан зөрчлийг арилгаж дараах байдлаар үндэслэлээ тодруулж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, нэхэмжлэлээ гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д хандив өгч байгаа иргэний хувьд "Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар" байна гэж заасан. Харин хуулийн этгээдийн хувьд "нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах" гэж ялгаатай заасан болно. Иргэний хувьд бол хандив өгөхдөө иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар байна гэж хуульд заасан болохоос хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тусгана гэж заагаагүй байна.
Гэтэл татварын хэлтсийн байцаагч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д зааснаас өөрөөр буюу хууль дээр байхгүй иргэн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тусгах ёстой байсан гэж үүнийг нэмж, үүнийгээ "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д "банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив"-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заасныг үндэслэж, иргэн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тусгаагүй байна гэж хууль бус хандив авсан, хандивлагчид буцааж шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй гэж намайг буруутгаж, намайг 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Миний зүгээс Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д зааснаар Иргэний хувьд бол хандив өгөхдөө иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар байна гэж хуульд заасан болохоос хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тусгана гэж заагаагүй байна, иймд хандивын эх үүсвэрээ бичээгүй хандивыг хууль бус хандив гэж үзэхгүй гэж тайлбарлаж маргадаг боловч улсын байцаагч "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д иргэний хувьд хандивлагчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив"-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заасан тул зөвшөөрөгдөөгүй хандив авсан гэж үзнэ гэж буруутгадаг.
Иймд хуулиа барих уу, хуультай зөрчилдсөн дээрх журмын заалтыг барих уу гэдэг дээр маргаан үүсч байгаа бөгөөд хуулин дээр хандивын эх үүсвэр гэж байхгүй, илэрхий тодорхой хуулийн заалтыг маргаан бүхий журам нь зөрчиж, хандивын эх үүсвэрийг бичсэн байна гэж заасан нь хуультай зөрчилдсөн, хуульд нийцээгүй журам гэж үзэж байгаа болно. Татварын байцаагч дээрх журмыг үндэслэж иргэний нэр, бүртгэлийн дугаараа бичсэн хандивыг эх үүсвэрийн мэдээллээ бичээгүй тул хуулиар зөвшөөрөөгүй хандив авсан гэж надад 10 сая төгрөгийн торгууль оногдуулж, намайг 10 сая төгрөгийн торгууль төлөх санхүү, мөнгөний төлбөрт оруулж байгаа бөгөөд уг маргаан бүхий журам буюу захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр уг захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж надад оногдуулсан 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан Шийтгэлийн хуудас хүчингүй болох, 10 сая төгрөгийн торгуулийн хэмжээ багасах буурах, би 10 сая төгрөгийн үндэслэлгүй торгууль төлж, мөнгө санхүүгээр хохирохгүй байх миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.
Иймд МУЕАын 2024 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1- д "банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив"-ыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно гэж заасан уг заалт нь хууль бус тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хоёр.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“МУЕАт холбогдуулан гаргасан Ц.Аийн нэхэмжлэлтэй "МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11.1.1 дэх заалт нь хууль бус тул хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Төрийн аудитын дээд байгууллагын сонгуулийн зардлын тайлангийн талаар эдлэх эрх, үүргийг тусгаж, мөн зүйлийн 58.2.5 дахь заалтад "зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах." гэж заасан.
Тус чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэл болгон МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг баталж, улмаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 6868 дугаарт бүртгэгдсэн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4- т "Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ" гэж заасныг журмаар нарийвчлан зохицуулахдаа хуульд зааснаас илүү шаардлага тавьсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрх бүхий этгээд журмыг батлахдаа холбогдох зохицуулалтыг нарийвчлахын зэрэгцээ, үе шат, дарааллыг ойлгомжтой болгоход чиглэдэг. Нэр дэвшигчид өгч буй хандив нь ил тод, хууль ёсны байх сонгуулийн хуулийн зорилго, зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хандивын эх үүсвэрийг гүйлгээний баримтад тусгах шаардлагыг иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил тавьсан болно.
Ийнхүү зохицуулснаар хандивын эх үүсвэр нь хууль ёсоор олсон орлого байх, нэр дэвшигчдээс иргэдэд хуулиар хориглосон бэлэн мөнгө тарааж түүнийгээ буцаан хандив болгон авах үйлдлээс урьдчилан сэргийлэх зэрэг томоохон үр дагавар бүхий зохицуулалт юм.
Нэхэмжлэлд "... тухайн регистрийн дугаар нь тухайн хүний нэр, хаяг, мэдээллийг бүрэн илэрхийлэх зүйл бөгөөд регистрийн дугаараар нь хайж үзэхэд тухайн хандивлагчийн нэр, хаяг маш тодорхой харагдаж байгаа болно..." гэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчид өгсөн хандив нь МУИХСТХ-ийн дээрх заалтад заасан хандив өгч байгаа "иргэний нэр" гэсэн шаардлагыг хангаагүйг илтгэж байна. Тодотговол, хандив өгч буй иргэн банкны гүйлгээний мэдээлэлд нэрээ оруулаагүй нь хуулиар хүлээн зөвшөөрөөгүй хандивт тооцогдоно. Өөрөөр хэлбэл, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгаагүй үндэслэлээр түүний эрх ашгийг хөндсөн зүйлгүй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх", 65 дугаар зүйлийн 65.1-д "Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ" гэж тус тус заасан бөгөөд маргаж буй журмыг Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн гэж үзэж эрх бүхий байгууллагаас улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн болно.
Иймд МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 11.1-д "Дараах хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно", 11.1.1-д "банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив" гэж заасан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Аээс МУЕАт холбогдуулан “МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт нь хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ц.А нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 9-р тойрогт нэр дэвшсэн байх бөгөөд сонгуулийн хандивтай холбоотойгоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 004**** дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Ат “...хуульд заасан шаардлага хангаагүй орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах үндэслэл болсон МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт нь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасантай зөрчилдөж, хуулиас давсан хүчин чадалтай хууль бус захиргааны хэм хэмжээний акт байх тул уг заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
4.Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд иргэний хувьд хандивын эх үүсвэр гэж байхгүй, илэрхий тодорхой хуулийн заалтыг маргаан бүхий журам нь зөрчиж, хандивын эх үүсвэрийг бичсэн байна гэж заасан нь хуультай зөрчилдсөн, хуульд нийцээгүй журам гэж үзэж байна. Татварын байцаагч дээрх журмыг үндэслэн иргэний нэр, бүртгэлийн дугаараа бичсэн хандивыг эх үүсвэрийн мэдээллээ бичээгүй тул хуулиар зөвшөөрөөгүй хандив авсан гэж надад 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Уг хэм хэмжээний актыг хүчингүй болгосноор надад ногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй болох, үндэслэлгүйгээр торгууль төлж, мөнгө санхүүгээр хохирохгүй байх миний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм” гэж тайлбарласан.
5.Харин хариуцагчаас нэхэмжлэлийн үндэслэлийг “эрх бүхий этгээд журмыг батлахдаа холбогдох зохицуулалтыг нарийвчлахын зэрэгцээ, үе шат, дарааллыг ойлгомжтой болгоход чиглэдэг. Нэр дэвшигчид өгч буй хандив нь ил тод, хууль ёсны байх сонгуулийн хуулийн зорилго, зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хандивын эх үүсвэрийг гүйлгээний баримтад тусгах шаардлагыг иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил тавьсан болно” гэж тайлбарлажээ.
6.Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.” гэж зохицуулсан.
7.МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1-т “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно”. 11.1.1-т “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэж тус тус заажээ.
8.Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 58.2.5-т “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж тус тус заасны дагуу МУЕАын 2024 оны А/44 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг баталж, улмаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангийн бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6868 дугаар бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн[1] байна.
9.МУЕАоос 2024 оны 1464 дүгээр албан бичгээр[2] 2024 оны А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх явцдаа хуульд заасны дагуу танилцуулга, нөлөөллийн шинжилгээг тус тус хийжээ.
10.Тухайлбал, “МУЕАын 2020 оны А/45 дугаар тушаалаар баталсан журам, маягт, загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” танилцуулгаар[3] “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн наймдугаар “Сонгуулийн зардал” бүлэгт Төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргах, аудит хийх үйл ажиллагаанд харгалзвал зохих дараах нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд: хуулийн 54 дүгээр зүйл. Мөнгөн хандив. 54.4. “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэх өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт хийх эрх зүйн үндэслэл бүрдсэн ба журмын төсөлд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулагдсан харгалзах заалтуудыг бүрэн тусгаж, найруулгын засварыг оруулснаар сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойлогдож байна” гэжээ.
11.Үүний дагуу маргаан бүхий журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэснийг “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэж ...тус тус өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна.
12.Мөн “...журмын нэмэлт өөрчлөлтийн төслийг баталснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэгт Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй иргэн, хуулийн этгээд, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч хамаарна.
...журмын өөрчлөлтийн төслийг боловсруулж Үндэсний аудитын газрын албан ёсны цахим хуудас www.audit.mn-д нам, эвсэл, нэр дэвшигчээс санал авахаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд байршуулсан. Мөн МУЕАын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/1291 тоот албан бичгээр журмын төсөлд санал авах тухай нам, эвсэлд мэдэгдсэн. Мөн Үндэсний аудитын газрын дотоод газар, нэгжээс нийт 12 санал ирүүлснээс 11 саналыг хүлээн авч журмын төсөлд тусгасан бөгөөд 1 саналыг аваагүй болно.
...Мөн холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Аудитын олон улсын стандарт, “Тусгай зорилгын үзэл баримтлалын дагуу бэлтгэсэн санхүүгийн тайлангийн аудит”-ын хүрээнд боловсруулагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4-т заасан нөхцөл байхгүй гэж үзэж байна.
...Журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталснаар Төрийн аудитын байгууллага болон нам, эвсэлд бүтцийн өөрчлөлт хийгдэх, захиргааны шинэ чиг үүрэг бий болох зэрэг шаардлага тавигдахгүй бөгөөд тус журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон нам, эвсэл, нэр дэвшигч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүй юм.” гэж журмын нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний танилцуулгад[4] дурджээ.
13.Дээрхээс үзэхэд маргаан бүхий “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1.1 дэх заалтыг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар боловсруулж, баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу буюу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, актын төсөлд санал авах, актыг баталж, хүргүүлэх журмыг үндэслэн баталсан гэдэг нь тогтоогдож байна.
14.Түүнчлэн маргаан бүхий журмын 11.1.1 дэх заалтад “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив” гэх өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.” гэх хуулийн заалттай зөрчилдсөн, уг хуулийн заалтаас давсан зохицуулалт агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
15.Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх заалт нь “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах” гэсэн агуулгатай байхаас гадна иргэн нь нэр, иргэний бүртгэлийн дугаараа, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаараа бичихээс гадна иргэн, хуулийн этгээдийн аль аль нь хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад мөн тусгах шаардлагыг хуулиар тогтоосон бөгөөд энэ шаардлагыг хангаагүй аливаа хандивыг хандив хүлээн авагч иргэн, хуулийн этгээд буцаан шилжүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
16.Иймээс МУЕАын 2020 оны А/45 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1.1 дэх хэсэгт заасан журмын зохицуулалт нь нэхэмжлэгчийн маргаж буйг үндэслэлд зааснаар хуультай зөрчилдсөн, хуульд нийцээгүй, хуулиас давсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг журмын заалтын улмаас нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үндэслэлээр үндэслэлгүй торгууль төлж, санхүүгийн хувьд хохирсон гэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
17.Харин хариуцагч талаас гаргасан “...хандивын эх үүсвэрийг гүйлгээний баримтад тусгах шаардлагыг иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил тавьсан. Ийнхүү зохицуулснаар хандивын эх үүсвэр нь хууль ёсоор олсон орлого байх, нэр дэвшигчдээс иргэдэд хуулиар хориглосон бэлэн мөнгө тарааж түүнийгээ буцаан хандив болгон авах үйлдлээс урьдчилан сэргийлэх зэрэг томоохон үр дагавар бүхий зохицуулалт юм” гэсэн тайлбар үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
18.Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ж.Оюунцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны өмнө шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй талаар мэдэгдсэн, мөн нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон урьдчилсан хэлэлцүүлэг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.7-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд маргаан бүхий журмын холбогдох зохицуулалтыг шүүхээс хууль бус үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аээс МУЕАт холбогдуулан гаргасан “МУЕАын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт нь хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА