Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0269

 

 

 

 

 

   2022           04             08                                        128/ШШ2022/0269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*****” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*****

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б***** нарыг оролцуулан ашигт малтмалын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК-ийн эзэмшиж байсан **** тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-д Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр MV-170883 дугаартай тусгай зөвшөөрлийг, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр MV-17092 дугаартай тусгай зөвшөөрлийг, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр MV-17114 дугаартай тусгай зөвшөөрлийг, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр MV-17237 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор “Э” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15141Х, 15138Х, 15349Х, 15474Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу дээрх Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан боловч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/5937 дугаар албан бичгээр гомдлын хариуг авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2013 оны 459 дүгээр шийдвэрийг гарахдаа Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д нэгдүгээр хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг гэж дурдсан. Тус шийтгэх тогтоолоор тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүнийг үндэслэн маргаан бүхий 459 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-ийн 3 хайгуулын тусгай зөвшөөрөл, 4 ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгсэн атлаа уг шийдвэрийн 2 дахь хэсэгт байгаа “И” ХХК-ийн 15192Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, 16814Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хайгуулын тусгай зөвшөөрлөө дахин шилжүүлж авсан 3 тусгай зөвшөөрөл байхад тэдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлаагүй. “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шийдвэрийн дагуу цуцалсан. “И” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлаагүй.

4.1. Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор анх олгосон шийдвэрийг бүгдийг нь хүчингүй болгосон. Манай 1000 га газар цуцлагдвал “И” ХХК-ийн 1000 га газар ч цуцлагдах ёстой гэж үзэж байна. Хавтас хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/5937 дугаартай албан бичгээр манай компанид өгсөн хариу байгаа. Уг албан бичгээр манай компанийн цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай мэдэгдсэн. Тэгсэн атлаа нөгөө хоёр компанид сонгон шалгаруулалтын дагуу олгоогүй.

4.2. Хавтас хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 131 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 239 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 195 дугаар тогтоолууд авагдсан. Тусгай зөвшөөрлийг анх олгосон 2010 оны 821 дүгээр шийдвэрийг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 2010 онд, 2013 онд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Гэтэл “Инфинитиспэйс” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр хэвээр байна. Харин манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үлдсэн хэсгийг нь Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтаар ав гэсэн.

Гэтэл төрийн байгууллагууд тухайн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Засгийн газрын тогтоолын дагуу сонгон шалгаруулалт ч явуулаагүй. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлөөс үүссэн ашиглалтын зөвшөөрлийг мөн адил цуцалсан.

4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дүгээр зүйлийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэж заасан байдаг. Төрийн захиргааны байгууллага Улсын дээд шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлаж, бусад компаниудад давуу байдал олгосон.

4.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлаж, хуулийн этгээдүүдэд ялгавартай хандаж байна. “И” ХХК ч мөн адил 2013 онд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч, 2014 онд дахин сэргээн одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг шилжүүлж, үйл ажиллагаа явуулж, ашиг олж байна.

Иймд бид ч бас тусгай зөвшөөрлөө сэргээж, шилжүүлж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. Баянхонгор сумын Бөмбөгөр сумын нутагт “Цогт хайрхан уул” нэртэй газарт орших 572,89 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-17083 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр анх 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Э” ХХК-д олгосон. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт “Хашаатын хөндий” нэртэй газарт орших 793,93 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-17092 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д олгосон. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Илээт булаг” нэртэй газарт орших 2353,35 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-17114 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр анх 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Э” ХХК-д олгосон. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хар ат уул” нэртэй газарт орших 487,53 гектар талбай бүхий ашиглалтын MV-17237 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр анх 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-д олгосон.

5.1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолуудад ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзсэн тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол батлагдан гарч, шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам хэрэгжсэн. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай” 459 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Цогт хайрхан уул” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-017083, мөн сумын нутаг “Хашаатын хөндий” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-017092, мөн сумын нутаг “Илээт булаг” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-017114, мөн сумын нутаг “Хар ат уул” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-017237 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК  нь тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  (тухайн үеийн нэрээр)  2013 оны10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын ашиглалтын 17083А, 17092А, 17114А, 17237А тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

2.1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үндэслэж, 459 дүгээр шийдвэрийг гаргасан. Кадастрын хэлтсийн дарга 459 дүгээр шийдвэрийг гаргахдаа манай компанийн эрх зүйн байдлыг дордуулан, бусдад давуу эрх олгосон байна. Тус компанийн эзэмшиж байсан хайгуулын 15141Х, 15138Х, 15349Х тусгай зөвшөөрлүүд болон эдгээр тусгай зөвшөөрлүүдээс үүссэн ашиглалтын 17083А, 170092А, 17114А, 17237А тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн байхад Кадастрын хэлтсийн даргын 459 дугаар бүхий нэг шийдвэрээр хүчингүй болсон 15192Х болон 16814Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс үүссэн “Инфинитиспэйс” ХХК-ийн 16948Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын,  16947А, 17607А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хүчинтэй байгаа, дээрх компаниуд энэхүү хүчин төгөлдөр бус хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсаар байхад  манай компанийн ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан байхад төрийн захиргааны байгууллага Улсын дээд шүүхийн шийдвэрийг дураараа тайлбарлаж, бусад компаниудад давуу байдал олгож, хуулийн этгээдэд ялгавартай хандсан. Бид ч тусгай зөвшөөрлөө сэргээж, шилжүүлж үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны  байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол захиргааны акт илт хууль бус болно. Энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж тодорхойлон маргажээ.

3. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.  Маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17,  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1,  Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 17083А, 17114А, 17237А, 17092А тоот тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 470, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож бүртгэхээр шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолыг гол үндэслэлээ болгожээ.

6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  анх “Э“ ХХК-д Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Цогт хайрхан уул” /Цогтын зүүн хөндий/ нэртэй газар орших 572,89 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17083 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон, мөн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Нарийн хөндийн эх” /Хашаатын хөндий/ нэртэй газарт орших 793,93  гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17092 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр олгосон, мөн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Илээт булаг” нэртэй газарт орших 2353,35  гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17114 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Хар алт уул” /Жалга 1,2/ нэртэй газарт орших 487,53 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-17237 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус олгож, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн,  Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон /сонгон шалгаруулалт явуулахгүйгээр олгогдсон/ хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба дээрх хавсралтад заасан 106 тусгай зөвшөөрлийн дотор нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын 15138Х, 15139Х, 15141Х тусгай зөвшөөрөл багтсан байх бөгөөд нэхэмжлэгч нь  дээрх үйл баримттай маргаагүй байна.

7. Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлоор хянаад  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

8.  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх” гэж тус тус зааснаар төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх чиг үүрэгтэй  байна.

9. Хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгогдсон ашигт малтмалын хайгуулын  15138Х, 15139Х, 15141Х тусгай зөвшөөрлийн эрхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу тухайн хуулийн этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон дээрх шийдвэрийг хүчингүй болгож  бүртгэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд дээрх шинжийг агуулсан тохиолдолд захиргааны акт хууль бус болно. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг “тухайн захиргааны байгууллага  өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор тайлбарлан маргаж байна.

11. “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, өөрт тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргахыг хэлэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх чиг үүргийнхээ хүрээнд  шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болсныг бүртгэхээр шийдвэрлэсэн байх тул  маргаан бүхий  захиргааны акт нь илт хууль бус актын дээрх шинжийг агуулаагүй байна.

12. Нэхэмжлэгч нь “Кадастрын хэлтсийн даргын 459 дугаар бүхий нэг шийдвэрээр хүчингүй болсон 15192Х болон 16814Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс үүссэн “И” ХХК-ийн 16948Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын, 16947А, 17607А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хүчинтэй байгаа нь дээрх компаниудад давуу байдал олгож, хуулийн этгээдэд ялгавартай хандсан” гэж тайлбарлан маргаж  байна.

13. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хандгайт” нэртэй 1948,57 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгосон, мөн 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Хандгайт” нэртэй газрын 1946,76 гектар талбай бүхий XV-015192 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Хандгайт нэртэй 1507,89 гектар талбайг “И” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр XV-016814 тоот тусгай зөвшөөрлийг олгосон, Кадастрын хэлтсийн даргын  2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1046 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Хандгайт нэртэй 935,65 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д олгосон, үлдсэн хайгуулын талбай нь 2011 онд XV-16948 дугаартай тусгай зөвшөөрөл болж үүссэн,  мөн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрээр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор ашигт малтмалын хайгуулын 15192Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу “М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 25283 тоот өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан,  мөн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 15192Х тоот тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлж авч, 16814Х тоот тусгай зөвшөөрөл үүсгэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож бүртгэхээр, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр “И” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт нэртэй 935,65 гектар буюу MV-016947 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Баянгол” нэртэй 275,01 гектар талбайг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, MV-17607 тоот тусгай зөвшөөрөл шинээр олгосон үйл баримт тогтоогдож байна.

14. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор ашигт малтмалын хайгуулын 15192Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу тухайн тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлж авч, 16814Х тоот тусгай зөвшөөрөл үүсгэсэн Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож бүртгэхээр,  мөн  2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 25283 тоот өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.

15. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийтгэх тогтоолоор хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын 15192Х тоот тусгай зөвшөөрлөөс үүсгэсэн ашигт малтмалын хайгуулын  XV-016814 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ “И” ХХК нь малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/  2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1046 дугаар шийдвэрээр  Сэлэнгэ аймгийн Ерөө  сумын нутаг дахь Хандгайт нэртэй  935,65 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д олгосон, мөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр “И” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт нэртэй 935,65 гектар буюу MV-016947 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Баянгол нэртэй 275,01 гектар талбайг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, MV-17607 тоот тусгай зөвшөөрөл шинээр олгосон үйл баримттай маргаж байх ба энэ асуудлаар гаргасан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус байна. Тодруулбал шүүхийн шийтгэх тогтоолоор  ашигт малтмалын хайгуулын 15192Х тоот тусгай зөвшөөрлийг нэгэнт хүчингүй болгосон байх тул хүчингүй болгосон хайгуулын тусгай зөвшөөрлөөс үүсгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгосон, үлдсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоогүй байгаа нь хууль бус болжээ.  Иймд нэхэмжлэгчийн  “ ... Кадастрын хэлтсийн даргын 459 дугаар бүхий нэг шийдвэрээр хүчингүй болсон 15192Х болон 16814Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс үүссэн “И” ХХК-ийн 16948Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын, 16947А, 17607А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хүчинтэй байгаа нь дээрх компаниудад давуу байдал олгож, хуулийн этгээдэд ялгавартай хандсан ... ” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 16. Гэвч  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын / хуучин нэрээр/ 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 1046, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 395 дугаар шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул энэхүү үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

17. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Эй” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын ГУУКХ-ийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 821 дүгээр шийдвэрийн “М” ХХК-нд 15192Х дугаар тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгож, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 780 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өөрийн эзэмшиж байсан 10885А тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,  Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба энэхүү үйл баримт нь энэхүү хэрэгт хамааралгүй байна.

18. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хавсралтаар баталсан байх ба дээрх журмын дагуу маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/5937 дугаар албан бичгээр тогтоогджээ.

19. Дээрх үйл баримтаас үзэхэд маргаан бүхий акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцсэн байх тул  маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

 20. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн

шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  /тухайн үеийн нэрээр/ 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын ашиглалтын 17083А, 17092А, 17114А, 17237А тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э“ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН