Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 50

 

Р.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00871/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох

“8.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Р.С-, өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нараас:

             ...Ц.Б- нь Р.С-ээс 6.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай бичгийн гэрээ хийж зээлээр авсан байдаг. Ц.Б- нь 2013 онд зээлийн хүүг Р.С-т бэлнээр болон дансаар өгч байсан. Ц.Б-гийн Р.С-т дансаар шилжүүлэн өгсөн хүү 3.670.000 төгрөгийг Р.С- авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин Ц.Б- нь 6.000.000 төгрөгийн үндсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд түүний хүү 2.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг Ц.Б-гаас гаргуулахаар нэхэмжилж байна. 2014 оноос хойш 4 жилийн хугацаанд Р.С- нь зээлээ өөрөө төлж байсан. Р.С- нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг шаардаагүй, харин өмнө хийсэн бичгийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нараас:

2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Р.С-, Ц.Б- нарын хооронд хийсэн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг Ц.Б-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байсан. Ц.Б- нь Р.С-ээс мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 2013 оны сүүлээр 1.500.000 төгрөгийг Ц.Б- нь Р.С-ээс бэлнээр авсан. 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөгийг Р.С-ээс авсан гэсэн тайлбар хэлдэг. 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б- өөрийн ах Баярсайханаар дамжуулан 600.000 төгрөгийг Р.С-т өгсөн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 360.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 400.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 180.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 220.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 400.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 210.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 260.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 660.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 450.000 төгрөг, 160.000 төгрөгийн цагаан хэрэглэл Ц.Б-гаас Р.С- авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нийт 4.280.000 төгрөгийг Ц.Б- нь Р.С-т өгсөн байдаг. Р.С-, Ц.Б- нар нь аман хэлцлээр сарын 10 хувийн хүүтэй зээл авсан гэдэг боловч бичгээр зээлийн гэрээ хийгээгүй байдаг. Ц.Б- нь Шарын гол сумын Төмөр замд ажилладаг бөгөөд Р.С- нь зээлээ төл гэж байнгын ажил дээр нь очиж, түүнийг элдвээр хэлж, дарамталдаг байсан гэдгээ хэлдэг. Тийм учраас Ц.Б- нь 6.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж бичгээр баримт үйлдсэн байдаг. Ц.Б-гийн хүүхэд нь тархины хорт хавдартай учраас мөнгө хэрэгтэй болж, Р.С-ээс мөнгө зээлсэн. Ц.Б- нь Р.С-ээс нийт 4.100.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч, буцааж 4.280.000 төгрөг болгон зээлийг өсгөж төлсөн. Тиймээс үндсэн төлбөр 6.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргадаг. Зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд талууд бичгээр гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Р.С-, Ц.Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Ц.Б- нь Р.С-тэй гэрээ хийснээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ 8.000.000 төгрөгийг Ц.Б- Р.С-ээс аваагүй, харин Р.С-, Ц.Б- нар гэрээг дараа нь нөхөж хийсэн. Ц.Б- нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулаагүй бөгөөд түүнийг дарамтад оруулж гэрээ хийсэн учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар Р.С-, Ц.Б- нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсний дараа буцааж төлөх ёстой гэж заасан. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдах үед мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй учраас тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар Р.С-ийн нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох 6.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Б-гийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.С-, өмгөөлөгч Д.Оюунчимэг  давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэрэгт үндэслэлтэй дүгнэлт гаргаж чадаагүй. Талуудын хооронд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ хийгдэж, хүү төлөхөөр бичгээр тохиролцсон тул хариуцагч бэлнээр болон дансаар нийт 6.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх зөвхөн банкны шилжүүлсэн мөнгөний баримтаар тооцоо хийж бусад зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүү төлж байсан зэрэг банкны баримт байгааг огт харж үзэхгүй нотлох баримтууд ирүүлээгүй гэж  нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Хариуцагч Ц.Б- бэлэн болон банкаар дамжуулж 6.000.000 төгрөг авсан.  10 хувийн хүү 7.200.000 төгрөг нийт 13.200.000 төгрөгөөс төлсөн хүүг нь хасаж тооцоод 8.000.000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй банйа. Өөрөө авсан мөнгө хүүгийн хамт төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Бидний тооцоо зөвхөн банкны шилжүүлгээр тооцогдохгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн   гаргасан давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Р.С- нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан  зээлийн  гэрээний үүрэгт  8.000.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаснаас гадна  нэхэмжлэгчид холбогдуулан  тэдний хооронд  2015 оны  О3 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд  тооцуулах сөрөг  нэхэмжлэлийг гаргажээ.

            Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба  нэхэмжлэгч Р.С-  шийдвэрийг эс зөвшөөрчээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхны  нэхэмжлэлд  2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын үндэслэлээр хавтаст хэргийн  22 дугаар талд  авагдсан  бичгийн  дагуу  8.000.000 төгрөг гаргуулах гэж,

            Харин хариуцагч  Ц.Б-  нь  дээрх хоёр  үндэслэлийг  “...2013 онд  1,5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй  аман хэлцлээр  зээлж аваад  хүүг нь  тогтмол хугацаанд өгч байсан...,   дараа нь  1 сая, 2 сая төгрөг тус тус зээлж  аваад хүүг нь тогтмол өгч байсан  гэж  тус тус тайлбарласан байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа  үүссэн ба энэ талаар маргаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт  хуульд  нийцсэн  байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага , түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх  үүрэгтэй.

            Нэхэмжлэгч дээрх  хуулийн дагуу 8.000.000 төгрөгийг Ц.Б-гийн эзэмшилд шилжүүлснээ  нотлох,  Ц.Б-  гэрээний үүргээ хэрхэн биелүүлснээ  мөн нотлох  үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д  заасны дагуу   шаардах  эрхээ  тодорхойлох  ёстой юм.

            Нэхэмжлэгч  Р.С- нь ХААН банкны  5047250756, хариуцагч  Ц.Б- нь ХААН банкны 5047104512  дугаар бүхий дансны эзэмшигч  байна.  Тэд  тус тусын  дансны  хуулгыг  ирүүлсэн  ба  2014 оны 03 дугаар сарын 06-аас  2015 оны  02 дугаар сарын 11-ны өдөр хүртэл хугацааны байдлаар Ц.Б-гаас нийт 4.120.000 төгрөгийн зарлага гарч Р.С-ийн  дансанд  мөн  хэмжээний орлого  орсон , мөн  160.000 төгрөгт тооцож цагаан хэрэглэл өгч нийт 4.280.000  төгрөг  буцааж  өгсөн , шүүх  энэ тооцоог  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд   үндэслэлтэй зөв тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1 дэх  хэсгийн заалтад   нийцэж байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч Р.С-ийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй  гэж  дүгнэснийг  мөн буруутгах  боломжгүй .

            Ц.Б-гийн    2014 оны 10 дугаар сарын 22-нд бичсэн  ...6.000.000 төгрөгийг  10 сарын 5-аас 10% хүүтэй, 1 жилийн хугацаатай авлаа ...” гэх  бичгийг үндэслэн  шаардаж байгаа боловч уг  6.000.000 төгрөгийг Ц.Б-гийн эзэмшилд бүрэн  шилжүүлсэн эсэх  нь тодорхойгүй, дансаар болон бэлнээр 3.100.000 төгрөгийг  нотлогдож байгаа  хэмжээ  гэж дүгнэснийг  үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй мөн    бичигт бичсэн  өдрөөс өмнө  мөнгө шилжүүлсэн байдал нь урьд өгч авсан мөнгөний тооцоотой   холбоотойг  илэрхийлж байгаа  тул  нэхэмжлэлийн шаардлагыг  хангах эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэхээргүй байна.

            Ц.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй  болохыг  дурдаж байна.

Дээрх  байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргийн оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх  тул  нэхэмжлэгч Р.С- түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нараас    давж заалдах журмаар гаргасан   “...нэхэмжлэлийг хангаж өгнө үү “  гэсэн гомдлыг  хангах  боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.С-, өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан  Р.С-ээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  142.950 төгрөг  төлснийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ        

                                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ