Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

2023           05            22                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ч.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б*******д холбогдох эрүүгийн 2315000000112 дугаартай 163/2023/0098/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Б*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1979 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймаг ******* сумын 1 дүгээр баг *******ай гэх газарт оршин суух хаягтай, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000112 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Я.*******ийн гэрт “Ц.*******тэй машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хайчаар хөл болон хэвлий, нуруун тус газарт нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;

- шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...******* ахын бөөр болон гэдэс рүү нь үзүүр хэсгээр айлгах санаатай хатгасан. Тэгэхэд би чамайг алсан ч яадаг юм гээд дайраад байхаар нь ******* ахын гуя өвдөгний доод хэсэгт үйлний хайчаар хатгачихсан юм. Тэгээд цус гоожоод байна гэхээр нь би ******* ахаас машины түлхүүр аваад эмнэлэг рүү хүргэж өгчихөөд айлд очоод унтаад өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

- хохирогч Ц.*******гийн өгсөн ...*******, Б******* хоёр машины түлхүүрээс болоод хоорондоо муудалцсан. Тэгээд сүүлдээ зодоон болох шинжтэй болохоор нь Аяаа бид хоёр нөгөө хоёрыг салгасан. Тухайн үед хэсэг гайгүй болсон. Харин ******* шууд унтаад өгсөн. Харин Б******* хоолны шүүгээнээс хутга авахаар нь би шууд булааж аваад зуухны араар шидсэн. Тэгэхэд хаанаас ч юм мэдэхгүй улаан хүрэн бариултай үйлийн хайч бариад миний гэдсэн тус газар хатгах гээд дайраад байсан. Би тэр үед Бат-Эрдэнийн гарыг хориод хамгаалсан. Тэгсэн чинь дахин ухас хийгээд миний баруун хөлний булчин тус газар хоёр удаа нөгөө хайчаараа хатгасан. Тэгээд сүүлдээ хэн хэн нь болиод Б******* миний хөл рүү хатгах үед цус гарсан байсан тул шууд сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Одоо миний биеийн байдал гайгүй зүгээр байна. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал),

- гэрч Я.*******ийн өгсөн: ...Нөгөө архиа ууж суугаад Б******* бид хоёр машины түлхүүрээс болж муудалцсан. Тэгэхэд ******* бид хоёрыг салгасан. Тэгээд би нэлээн согтуу байсан учир шууд унтаад өгсөн. Намайг унтсаны дараа юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч У.Батчимэгийн өгсөн: ...би *******, Б******* нартай архи уугаад сууж байсан чинь Б******* маргалдаад намайг хайчаар хэвлий болон баруун хөлийн булчин, нуруу зэрэг газарт хатгасан гээд хэлсэн. Тэгээд *******гийн дүү *******г дуудаж хүлээлгэж өгсөн. Бид хоёр эмнэлгээс гараад нөгөө хайчаар хатгасан гэх Бат-Эрдэнийг хайсан. Тэгээд Б******* гэдэг залууг орой нь малчны хорооны Хутагаа гэдэг айлд байхад нь авч ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

- гэрч Ц.*******гийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ах ******* над руу утсаар яриад би эмнэлэг дээр байна, надад гадуур өмсөх өмд, оймс аваад ир гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь эмнэлэг дээр байсан. Ах өглөө Б******* гэдэг хүнд хайчаар хатгуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаартай: Ц.*******гийн биед баруун өвдөг, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тахимд цус хуралт, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ч.Б******* нь согтуугаар хохирогч Ц.*******гийн хөл болон хэвлий, нуруун тус газарт нь хатгаж биед баруун өвдөг, баруун шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тахимд цус хуралт, хэвлий, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 105 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн ир ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу хайчаар хатгах, түүнийг болиулах гэж ноцолдсон хохирогчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэлийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлж байх тул шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ