Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч, хохирогч Д.Х*******, Н.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х*******, Н.Н******* нарт холбогдох эрүүгийн 2315000000126 дугаартай 163/2023/0099/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Х*******, Булган аймгийн ******* суманд 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, *******ын шатахуун түгээх станцын ээлжийн ахлагч ажилтай, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот, ******* дүүрэг, 20 дугаар хороо, Одонтын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эмэгтэй, РД: *******.

Монгол Улсын иргэн, овогт ын Н*******, Булган аймгийн Могод суманд 1985 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 38 настай, эмэгтэй, РД: .

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000126 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Сант хорооны нутагт тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт байсан хохирогч Д.Х*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар Д.Х*******ын гарыг хазах, дух руу нь машины түлхүүрээр цохисон үйлдлийн улмаас биед нь хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны алганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Х******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Сант хорооны нутагт тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт байсан хохирогч Н.Н*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар Н.Н*******ийн нуруу руу нь өшиглөх, үсдэх зэргээр түүний биед баруун 5 дугаар хавирганы хугарал, дух зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хүзүүнд зулгаралт, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Х*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд Н*******тэй харилцан зодолдсон бөгөөд нэг нэгэндээ гомдол, саналгүй болж нэг нэгийгээ уучилсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

- шүүгдэгч Н.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би эхлээд зодуулчихаад салсан. Тэгээд дахин намайг барьж дээрээс дарж унахад нь сандрахдаа гарт таарсан зүйлээрээ цохисон байна. Би Х*******тай харилцан зодолдсон бөгөөд одоо хоорондоо гомдол, саналгүй болчихсон байх тул нэг нэгнээсээ мөнгө нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

- хохирогч Н.Н*******ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын төвд 4 дүгээр багт 21-99 ОРО улсын дугаартай Prius-30 маркийн машинтай явж байсан. ...Дахин пиво задлаад надад өгөхөөр нь би чамтай уухгүй, би эгчтэй чинь хэдэн үг сольчхоод буулаа гэсэн чинь чи яасан том юм, чи яахаараа надтай уудаггүй юм, чи Төмөрөөтэй суугаад ийм болсон, чамайг мэднэ гэх зэрэг үг хэлээд агсрахаар нь би өөрийнхөө машин руу буугаад алхтал араас бууж ирээд миний нуруу руу өшиглөсөн. Тэгснээ намайг барьж аваад доороо хийгээд үсдэж унагаагаад толгой, бие рүү цохиж зодож эхэлсэн. Тэгтэл болиоч гээд салгасан. Тэгээд би босож ирээд би чамтай архи уухгүй, чи уухгүй гэсэн хүнийг яах юм гэж хэлээд маргалдсан. Тэгж байтал дахиж намайг үсдэж газарт унагаагаад зодсон. Тэгээд дахиад эгч болиоч гээд Х*******ыг барьж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

- хохирогч Д.Х*******ын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эгч , хүргэн ах Өлзийсайхан нарын хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байдаг Элбэг дэлгүүрийн гадна иртэл танил Н*******тэй таарсан юм. Тэгээд Өлзийсайхан ах, эгч Н******* бид гуравт нэг том пиво дэлгүүрээс авч өгсөн. Тэгээд хаана уух уу? гэж ярилцаад Н*******ийн гэрийн ойролцоо гудамжинд машин дотор уусан юм. ...Н******* намайг чи яаж ******* суманд ирж чадаж байгаа юм, нүдний булай гэхээр нь би яасан юм, яагаад нутагтаа ирж болдоггүй юм гэж асуусан чинь чи ичээч би чам шиг янхан банзалтай архи уудаггүй, би зиндааныхаа хүнтэй архи уудаг гэж намайг хэл амаар доромжилсон. Үүнээс болоод бид хоёр хэрэлдэж маргалдаад би үснээс нь зулгаагаад барьцалдаж аваад зодолдсон юм. Н******* надтай барьцалдаж байхдаа миний гарнаас хазахаар нь би үсдээд доош нь дараад газарт унагаатал миний гарыг хазахаа болихоор нь би дарахаа болиод боссон. Тэгсэн Н******* босож ирээд машиныхаа түлхүүрийг барьчихсан байсан гараараа миний дух руу цохихоор нь би Н*******ийг тэвэрч аваад шууд газарт унагаатал миний духнаас цус гарч эхэлсэн. Тэгтэл эгч бид хоёрыг салгаад бид гурав хоёр тийшээ салцгаасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- гэрч Д.ын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* сумын төвийн Элбэг хүнсний дэлгүүрийн гадна очоод Н*******тэй таарсан. Мэнд ус мэдээд манай нөхөр бид нарт нэг том пиво авч өгсөн. ...Н******* танай нөхөр Сайханаа хаашаа явсан юм хүүхнүүд гээд хаяад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би яах вэ дээ хө урагшаа найзтайгаа уулзаад ирье гээд явсан гэж хэлтэл Н******* яахаараа тэгдэг юм гэсэн. Тэгсэн Х******* хажуугаас яах вэ дээ найзтайгаа уулзах гээд явсан. Машинаа буцаагаад өгөөд явуулчихсан байгаа биз дээ гэж хэлсэн чинь Н******* би чам шиг муу гуйлгачинтай уух хэрэггүй байсан юм байна, би чинь баян хүн шүү дээ чамайг ******* сумынхан мэдэхгүй биш чи угаасаа янхан биз дээ гээд Х*******ыг хэл амаар доромжилсон. ...Х******* уурлаад Н*******ийн үснээс зулгаасан. Н******* бас Х*******ын үснээс зулгааж аваад хоорондоо газар унаад дээр доороо ороод ноцолдохоор нь би арай гэж салгасан. Салгатал Н*******, Х*******ыг чи хүнтэй явалддаг биз дээ гэсэн чинь дахиад хоорондоо зууралдаж ноцолдсон. Тухайн үед Х******* Н*******ийн нүүр рүү нь алгадсан, маажсан. Тэр хоёр газар ноцолдож байгаад Х******* Н*******ийн дээр нь гарчихсан үснээс нь зулгааж байсан. Н******* бас үснээс зулгаачихсан байсан. Тэгээд байж байтал гэнэт Х*******ын духнаас нь цус гарч эхэлсэн. Тэгээд би Х*******ын араас нь татсаар байгаад боль гээд салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5067 дугаартай: Н.Н*******ийн биед баруун 5 дугаар хавирганы хугарал, дух зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хүзүүнд зулгаралт, баруун бугалга, хоёр гуя, зүүн өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5229 дугаартай: Д.Х*******ын биед хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь согтуугаар харилцан бие биенийхээ нүүр рүү цохих, нуруу хэсэгт цохих, өшиглөх болон гарыг нь хазах, дух руу нь машины түлхүүрээр цохисон үйлдлийн улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч нарын биед шинжээчийн 5067, 5229 дугаартай дүгнэлтүүдэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Д.Х*******ын мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, шүүгдэгч Н.Н*******ийн мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн гэмтлүүд буюу атгасан гараар цохих, өшиглөх, машины түлхүүрээр цохисон үйлдлүүдтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Х*******, Н.Н******* нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулсан байх ба учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг тус тус (хавтаст хэргийн 74-75 дахь талд) гаргасан байх тул шүүгдэгч нарыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Х*******, овогт ын Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нар нь төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, харилцан бие биедээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******, Н.Н******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ