| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Г.Ц******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ц*******д холбогдох эрүүгийн 2115000940017 дугаартай, 163/2023/0102/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Ц*******, Улаанбаатар хотод 1977 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 15 дугаар хорооны ******* байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 46 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Ц******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115000940017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц******* нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Өгөөмөр гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Хос хас” ХХК-ийн эзэмшлийн Өгөөмөр-2 гэх ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0.25 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 24.102.980 төгрөгийн хохирол, мөн түүний хил залгаа ямар нэгэн зөвшөөрөлгүй 0.89 га талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдаж байгаль экологид 85.587.227 төгрөгийн хохирол, нийт 11400 м2 буюу 1.14 га талбай газрыг хамруулан тусгай зөвшөөрөлгүйгээр байгаль экологид 109.690.207 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг Д.*******тай бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй. Мөн байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ өндөр байна. Миний хувьд 2020 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Туул баян тал” ХХК-тай гэрээ хийж тухайн жилдээ ашиглалт, олборлолт явуулсан. Миний хувьд анх гэрээ хийхдээ би үйл ажиллагаа явуулах техник хэрэгслүүдийг гаргасан. Харин “Туул баян тал” ХХК бол бичиг баримт болон бусад асуудлыг хариуцаж ажилласан. Ингээд үйл ажиллагаа явуулж байхад 2020 оны 12 дугаар сард ковидын улмаас үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Тухайн үед би өөрийн техник хэрэгслүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж явах боломжгүй байсан учраас тухайн газартаа байрлуулаад манаач үлдээгээд явсан. Мөн үйл ажиллагаа гэнэт цар тахлын улмаас зогссон учраас нөхөн сэргээлт хийж чадаагүй. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс дулаарахаар нь тухайн газартаа очиж нөхөн сэргээлт хийж талбайгаа хүлээлгэж өгөхөөр ажиллаж байхад орон нутгийн цагдаагийн газраас шалгалт хийгээд тухайн газарт хэмжилт хийгээд явсан. Мөн тэнд байсан бүх техник хэрэгслийн зургийг аваад битүүмжлээд явсан гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өгөөмөр гэдэг газар байна. Уг газар нь Туул голоос ертөнцийн зүгээр баруун зүгт хавтгай дэнж газарт уул уурхайн чиглэлээр газрын хэвлий гадаргуу хэсгээс гүн рүү карьер үүсгэж ухсан байх ба уг газарт улсын дугаартай шар өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл, улсын дугаартай шар өнгийн газар ухахад зориулагдсан хүнд механизм болох Эксковатор 1 ширхэг байна. Карьер үүсгэж ухсан нүхний солбилцлыг тогтоож үзэхэд N48.416496, Е104.521183 гэж зааж байв. Энэ газар нь 2020 онд “Туул баян тал” нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлттэй газар гэж оролцогч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г. тайлбарлаж байв. Ухагдсан газрын хэвлий нь байгалийн өөрийн тогтоцтой хөрс, ургамлаар хучигдсан, газрын давхарга нь хөрс, шар шороо, хайрга чулуулаг хэсгээс бүрдсэн байна тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-20 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “Туул баян тал” ХХК нь 2021 онд “Сөөгийн дэнж” гэх газарт гэрээ байгуулан ажиллаж байгаа учир уг газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. ...Уг газар дээр урьд өмнө ашигт малтмал олборлож байгаагүй эрүүл тэгш газар байсан. Орон нутгийн талбай бөгөөд ашигт малтмал олборлох дүгнэлтгүй газар байгаа юм. Ойролцоогоор 1 га орчим газар эвдэгдсэн. Байгаль экологид учирсан хохирлоо барагдуулж, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлтийг хийлгэнэ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Д.ийн өгсөн: 2021 оны 05 дугаар сарын сүүлээр манай “Хос хас” ХХК-ийн зүгээс Өгөөмөр-2 нэртэй тусгай зөвшөөрөлтэй газар дээр буусан хүмүүст амаар болон бичгээр талбай чөлөөлөх, талбай руу хэтрүүлэхгүй байх талаар санамж өгсөн боловч Өгөөмөр-2 нэртэй газарт манай эзэмшлийн талбай руу хөрс хуулалтын ажлыг хийж, эрүүл газрыг эвдэлсэн болно. Манай эзэмшлийн Өгөөмөр-2 нэртэй газарт 0.25 га буюу 2505 м.куб талбай эвдэгдсэн. Ийм учир байгаль экологид учирсан хохирол болон нөхөн сэргээхэд гарах зардлыг нэхэмжилнэ. Дорлигийн ******* болон Ц******* гэдэг хүмүүс үйл ажиллагаа явуулсны улмаас манай байгууллагад хохирол учирсан гэж бодож байна. Эрүүл тэгш газар байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дах тал),
- Гэрч Ё.ын өгсөн: ...би хамтарч ажиллахгүй гэж хэлж байсан. Д.*******ыг бичиг баримтыг би бүрдүүлнэ гэж ярьж байсан болохоор Д.******* мэднэ гэж хэлж байсан. Д.*******, Г.Ц******* нарын 2021 онд шинээр ухсан газар нь 2020 онд “Туул баян тал” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан талбайд хамааралгүй, сум орон нутагт ашигласан талбайгаа хүлээлгэж өгсөн... Г.Ц*******, Д.******* нар нь 2021 онд шинээр өөр эрүүл тэгш газарт ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтгүйгээр хөрс хуулалтын ажил явуулсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь тал),
- Гэрч Д.*******ын өгсөн: Энэ онд Ё. гэдэг хүнтэй уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах талаар хөрөнгө оруулалт хийхээр аман гэрээ хийсэн байгаа. Одоогоор шийдэлд хүрсэн зүйлгүй. 2020 онд “Туул баян тал” бичил уурхайтай хамтарч ажиллаж байсан. Урьд оны ухаж байсан карьер нүхний эвдэгдсэн хэсгийг зассан байх гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),
- Гэрч Д.ын өгсөн: 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт захирал *******аас өгсөн үүргийн дагуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангахаар техник, тоног төхөөрөмжүүдээ ажиллуулж үзсэн. ******* нь уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бичиг баримт нь байгаа гаргаад өгнө гэж байсан. ..2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр усан бууны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тохируулга хийх гэж урьд оны хаягдал овоолгоостой шороог буудаж үзсэн. Баяжмал угаасан зүйл байгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-104-р тал),
- Гэрч Г.ийн өгсөн: ..одоо ямар ч байсан 10 гаран хүн ажиллаж байна. Техник хэрэгслийн хувьд 2 ширхэг эксковатор, 3 ширхэг дамп, 1 ширхэг усан буутай, 1 ширхэг дизель генератор ажиллаж байгаа. Уулын ажил 2021 оны 04 дүгээр сарын 20-оос хойш 1 үед ямар ч байсан ухсан. 1 үе гэж 3-5 метр газар ухахыг хэлнэ. Манай компанийн захирлыг Ц******* гэдэг гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),
- Гэрч Г.ийн өгсөн: Ц******* гэдэг хүн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газар нь дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, гэрээ хийгдээгүй, орон нутгийн тусгай хэрэгцээний газар байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал),
- Байгаль орчны зөвлөх “Нуман алтай” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №1/41 дугаартай: Эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 109.690.207 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 106.895.488 төгрөг болж байна. Уг эвдэгдсэн талбайн 21.9% буюу 2505 м.куб талбай нь “Хос хас” ХХК-н эзэмшлийн Өгөөмөр-2 гэх ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байна. Уг эвдэгдсэн газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэгдээгүй эрүүл газар байсан байна гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 162-200 дахь тал),
- Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 2 дахин өсгөн тооцоход 219.380.414 төгрөг болж байна. Үүнээс: “Хос хас” ХХК-ийн МҮ008866 дугаартай тусгай зөвшөөрлийн Өгөөмөр-2 талбайд 24.102.980 х 2=48.205.960 төгрөг, Зөвшөөрөлгүй талбайд 85.587.227 х2= 171.174,454 төгрөг гэх акт (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал),
- Булган аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай: Өгөөмөр нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр 0.78 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),
- Гэрч Г.Оийн өгсөн: ...Би анх хэргийн газарт очиход экскеватороор хөрс хуулалт буюу газрыг ухаж хүнд даацын ачааны машинаар шороог ачиж зөөж байсан буюу хөрс хуулалтын ажлыг хийж байсан тул би үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед миний санаж байгаагаар бол ухсан нүхэн дотор 1 экскеватор 1 ачааны машин байсан. Бусад техник хэрэгсэлүүд болохоор ойролцоох газарт өнгөрсөн жилийнхээ ашигласан талбайд нөхөн сэргээлт хийж байсан... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал),
- Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, хавсралт баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 83-104 дэх тал),
- Шинжээч Б.ын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай: ...тус талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн байна. Тус талбайд уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт техникийн ерөнхий шаардлага MNS 5917:2008 стандартын шаардлагын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн байна гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),
-мөн шинжээч Б.ын дахин өгсөн: Нуман-Алтай ХХК-ийн хувьд тухайн газарт эвдэгдсэн байх үед талбайн хэмжээг үзэж талбайн хэмжээг байгаа байдлаар нь гаргасан. Миний хувьд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн 4 координат цэг дээр нөхөн сэргээлт хийсний дараа талбайн хэмжээг тогтоож дүгнэлт гаргасан. Талбайн хэмжээг тогтоосон аргачлал нь өөр учраас миний дүгнэлтэнд талбайн хэмжээ 0.78 га талбай гэж зөрүүтэй гарсан. Гэхдээ нийт эвдэгдсэн талбайд буюу 1.14 га талбайд нөхөн сэргээлт хийгдсэн гэж үзнэ... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал),
- Гэрч А.ийн өгсөн: ...Цагдаагийн албан хаагч Оээс шинжээч томилсоны дагуу хэрэг болсон гэх газрыг цагдаа Г.Оээр заалгуулж өөрийн техник хэрэгсэл болох дрон нисгэж, мөн ОР8 төхөөрөмж ашиглан ухсан нүхний зах ирмэг дээр цэг сонгон авч эвдэгдсэн талбайн хэмжээг сонгон авсан. Мөрдөгчийн тогтоолд бичсэн кординат цэг ухсан нүхний талбайн хэмжээг тогтооход нөлөөлөөгүй бөгөөд тухайн газарт очоод би өөрийн ОР8 багаж, дрон зэргийг нисгэж захын хэсэгт цэг авч байж эвдэгдсэн талбайн хэмжээг нарийвчлан тогтоосон. Тухайн газрыг 1 экскеватороор ухсан байх боломжтой... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 131-132 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ нэртэй 1.5 литрийн ундааны саванд хийсэн элсэрхэг чулуутай нойтон шороо мэт зүйлээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.Ц*******ийн ашигт малтмалын эрэл, хайгуул явуулсан талбай нь “Хос Хас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн болон сум орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамаарч байх бөгөөд шүүгдэгч Г.Ц******* нь уг талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, орборлолт, ашиглалт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ц******* нь “Хос Хас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болон сум орон нутгийн тусгай хэрэгцээний газарт зөвшөөрөлгүйгээр орж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж амьжиргааны эх үүсвэр болох орлого олох зорилгоор санаатайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Ц******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас “Хос хас” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 48.205.960 төгрөгийн хохирол, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт буюу байгаль экологид 171.174.454 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Г.Ц******* нь дээрх хохирол төлбөрийг төлөөгүй байх тул түүнээс нийт 219.380.414 төгрөгийг гаргуулж, хохирогч Хос хас хязгаарлагдмал хариуцлагатай компанид 48.205.960 төгрөгийг, 171.174.454 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд тус тус олгох нь зүйтэй байна.
Булган аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/772 дугаартай албан бичгээр шүүгдэгч нь экологи эдийн засгийн үнэлгээний зардал 4.450.000 төгрөгийг төлж барагдуулсаныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний 6.500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хэргийн нэгдүгээр хавтасны 239-240, 2-р хавтаст хэргийн 7-8, 18 дахь тал, 3-р хавтаст хэргийн 17-23 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Сонгодо эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц******* нь эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэгт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бамбаян том зангилаат бахлуур, бодисын солилцооны өөрчлөлт эмгэгийн улмаас дотоод шүүрлийн эмчийн хяналтад байдаг, нэр дээр Илтхэт хязгаарлагдмал хариуцлагын компанитай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ц*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 56.762.000 төгрөгийн үнэлгээ бүхий 46-05 УБ улсын дугаартай шар өнгийн SEM650B загварын ковш 1 ширхэг, 109.635.000 төгрөгийн үнэлгээ бүхий 72-14 УБ улсын дугаартай Hyundai загварын Robex 2900LC-7 экскеватор, 56.583.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн усан бууны тоног төхөөрөмж /скрубер/ зэрэг нь шүүгдэгч Г.Ц*******ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх тээврийн хэрэгслүүдгийг шүүгдэгч Г.Ц*******ээс албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор мөрдөгчийн иргэний нэхэмжлэгч Г.Отгонтуяагийн эзэмшлийн , 26-76 ТТА дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнийн буюу Хос финанс ББСБ-ын эзэмшлий 34-91 улсын дугаартай Hyundai LC7A500 маркийн экскеватор, 08-69 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан нь тогтоогдоогүй үндэслэлээр цуцалж, иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэсэн байгааг тэмдэглэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлин 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ц*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц*******ээс нийт 219.380.414 /хоёр зуун арван есөн сая гурван зуун наян мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж 171.174.454 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг Хос хас ХХК (улсын бүртгэлийн дугаар 9011064046, регистрийн дугаар-2100231)-д, байгаль экологид учруулсан хохиролд 48.205.960 /дөчин найман сая хоёр зуун таван мянга есөн зуун жаран/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот төрийн сан /РД: 9085084/-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн
56.762.000 төгрөгийн үнэлгээ бүхий 46-05 УБ улсын дугаартай шар өнгийн SEM650B загварын ковш 1 ширхэг,
109.635.000 төгрөгийн үнэлгээ бүхий 72-14 УБ улсын дугаартай Hyundai загварын Robex 2900LC-7 экскеватор,
56.583.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн усан бууны тоног төхөөрөмж /скрубер/ зэргийг шүүгдэгч Г.Ц*******ээс албадан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СЭЛЭНГЭ нэртэй 1.5 литрийн ундааны саванд хийсэн элсэрхэг чулуутай нойтон шороо мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
8. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ