| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-07-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт П*******ын Б*******д холбогдох эрүүгийн 2331001770162 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын *5-ны өдөр Сэлэнгэ аймгийн З******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, у******* э******* бариа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, С***аймаг, З******* сум, Ж******* *** дүгээр баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б******* овогт П*******ын Б******* /РД:*******/,
Шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ны 17 цагийн үед Сэлэнэг аймгийн З******* сумын Ж******* 1 дүгээр багийн Б гэх айлын хашааны гадна хэсгээс Б.Э*******ын гээгдүүлсэн “Самсунг А-13” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 340.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ны 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн З******* сумын Ж******* 1 дүгээр багийн Б гэх айлын хашааны гадна хэсгээс Б.Э*******ын гээгдүүлсэн “Самсунг А-13” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 340.000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Б.Э*******ын мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-923/7018 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, тээврийн хэрэглийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, дансны хуулга /хх-ийн 49-61 дүгээр хуудас/ хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан
дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э******* “би гар утсаа авсан байгаа. Тиймээс надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/ тул шүүгдэгч П.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөг төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих саналыг баталж, шүүгдэгч П.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт П*******ын Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Б*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ