| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02547/И |
| Дугаар | 102/ШШ2020/00394 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/00394
| 2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2020/00394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Нарлаг хотхонд байрлах, С.Т СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байранд байрлах Т.К ХХК /РД: 000000/-д холбогдох
Ус, хог, дулааны төлбөрт 6,707,460 төгрөг илүү авсан, зогсоолын төлбөрт 5,320,800 төгрөг төлөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нийт 12,028,260 төгрөгөөр гаргуулах, хариуцагчийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 646,417 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, гэрч Т.Б, Б.Г, Б.Га, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай С.Т СӨХ нь Т.К ХХК-тай хог тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх, халаалт, цэвэр, бохир, халуун ус дамжуулан түгээх, төлбөр авах үндсэн харилцаатай ажиллаж байна. Бидний хувьд тус компанийн нэхэмжлэлийн дагуу л дээрх хураамжийг төлж ирсэн. Тус компани нь үндэслэлгүйгээр хэт өндөр төлбөр нэхэмжилж эхэлснээс бидний хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2017 онд харилцан тооцоо нийлэх шаардлагатай байна гээд очсон, тухайн үед тооцоо нийлэхэд нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолуудын хавсралт Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.3.11, 5.3.13-т зааснаар халаалтын төлбөрийг нийт талбайн 50 хувиар тооцож авах, манай сууц өмчлөгчдийн холбооны подваль, дулаан зогсоол гэх талбайгаас төлбөр авах ёсгүй байхад үндэслэлгүйгээр их хэмжээний халаалт, түгээлтийн мөнгийг авсан.
Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.3.11-т Барилгын подвальд халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч хэвийн ажиллаж байгаа/суурилагдсан авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны эрчим хүчний төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцох ба халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг халаах хэрэгсэл бүхий зоорийн давхрын нийт талбайн 50 хувиар тооцно, мөн 5.3.12-т Подвальд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм, дүрэм, стандарт /тоног төхөөрөмж ба дамжуулан хоолойн дулаан тусгаарлал/-д нийцээгүй дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд төлбөрийг 5.3.11-т заасны дагуу тооцно, мөн 5.3.13-т Подвальд халаах хэрэгсэл суурьлуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй гэснийг тус тус зөрчиж манай сууц өмчлөгчдийн холбооноос үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөрийг нэхэмжилж авсан байдаг. Тухайлбал подвалийн дулааныг 353 м/к-аар илүү тооцож авсанаас 1,250,326 төгрөг, шат, коридорын талбайг мөн 100 м/к-аар илүү тооцож 354,200 төгрөг, хогний мөнгийг 77 сарын турш 120 өрхийн 1 өрхөөс 500 төгрөг илүү авснаас 4,620,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авчээ.
Мөн тус компани нь 2018 оны 4 дүгээр сард төлбөр нэмэгдүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй цэвэр, бохир, усны тарифийг нэмэгдүүлсэн ба 120 өрхөөс нэмэгдүүлсэн үнээр төлбөрийг авч, нэг өрхөөс 4000 төгрөг илүү төлүүлэн 480,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор нэг өрхөөс авах хогний хураамжийг 2000 төгрөг байхаар тогтоосон байхад тус компани нь манай холбооны 1 өрхөөс хогний хураамжийг 500 төгрөгөөр илүү буюу 2500 төгрөгөөр тооцон авч, сүүлийн 77 сарын турш 120 өрхөөс хогны хураамжид 500 төгрөг илүү хурааж нийт 4,620,000 төгрөгийг илүү авсан.
Хариуцагч Т.К ХХК нь сүүлийн 77 сарын турш хогны мөнгийг 4,620,000 төгрөгөөр, 2018 оны 4 дүгээр сараас хойш тус холбооны 120 өрхөөс цэвэр, бохир усны хураамжийг 480,000 төгрөгөөр, подвалын халаалтын хураамжийг 1,250,326 төгрөгөөр, шат, коридорын талбайн зөрүү 354,200 төгрөгөөр, нийт 6,707,460 төгрөгийг 120 өрхөөр илүү төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд хариуцагчаас 6,707,460 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч нь тус СӨХ-ны эзэмшлийн авто зогсоолд өөрийн узелийн ажиллуулж байгаа бөгөөд узел 4 машины зогсоолыг эзэлж байгаагаас СӨХ олбол зохих 4 машины зогсоолын төлбөрийг олон жилийн турш авч чадахгүй байна. 2015 оны 1-6 дугаар сар, 10-аас 12 дугаар сарын төлбөрийн 1 сарыг 15,800 төгрөгөөр тооцож 4 машинаар үржиж 568,800 төгрөг, зуны 3 сар 72,000 төгрөг, нийт 640,800 төгрөг, мөн 2016 оны 9 сарын төлбөр сар тутам 25,000 төгрөгөөр тооцож 900,000 төгрөг, зуны 3 сарынх сар тутамд 10,000 төгрөгөөр тооцож 120,000 төгрөг, цахилгааны төлбөрт 1 сарын 12,000 төгрөг ба 12 сарын нийт 1,140,000 төгрөг, мөн 2017 оны өвлийн 9 сарын төлбөр сар тутам 25,000 төгрөгөөр тооцож 900,000 төгрөг, зуны 3 сарынх сар тутам 10,000 тооцож 120,000 төгрөг, цахилгааны төлбөр нэг сарынх 12,000 төгрөг, 12 сарын төлбөр нийт 1,140,000 төгрөг, 2018 оны өвлийн 9 сарын төлбөр сар тутам 25,000 төгрөгөөр тооцож 900,000 төгрөг, зуны 3 сарынх сар тутам 10,000 тооцож 120,000 төгрөг, цахилгааны төлбөр нэг сарынх 12,000 төгрөг, 12 сарын төлбөр 120,000 төгрөг, нийт 1,140,000 төгрөг, 2019 оны өвлийн 9 сарын төлбөр сар тутам 25,000 төгрөгөөр тооцож 900,000 төгрөг, зуны 3 сарынх сар тутам 10,000 тооцож 120,000 төгрөг, цахилгааны төлбөр нэг сарынх 12,000 төгрөг, 12 сарын төлбөр 120,000 төгрөг, нийт 1,140,000 төгрөг, бүгд 5,320,800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо нийлсэн акт байгаа. Уг актад 550,572 төгрөгөөр тооцоо нийлсэн. Манайд дараа сард 900,000 гаруй төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Тэгээд Т.К ХХК-ийн ерөнхий нягтлан н.Гангамөрөнд нэхэмжлэлийг буруу бодсон байна засаад аваад ирээрэй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг нэмэгдүүлээд байсан учраас төлөх боломжгүй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт, сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Подвалийн дулааныг 353 м/кв-аар илүү тооцож, 1,250,326 төгрөг төлсөн, шат, коридорын талбайг 100 м/кв-аар илүү тооцож, 7 сарын турш 354,200 төгрөг илүү авсан гэх шаардлагын талаар дараахь тайлбарыг гаргаж байна. Т.К ХХК нь С.Т СӨХ-той ОСНАА байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээгээр шат, коридорын талбайн хэмжээг 403.2 м/кв, подвалийн талбайг 351 м/кв гэж харилцан тогтоосон хэмжээгээр дулааны төлбөрийг нэхэмжилсээр ирсэн. Зүй нь дээрх талбайн хэмжээг тооцохдоо барилгын зураг төсөлд тусгагдсан бодит хэмжээг бууруулан тооцож, бага талбайгаар төлбөр бодсоор ирсэн нь баримтаар нотлогдоно. Гэтэл СӨХ нь ямар ч нотлох баримтгүйгээр Т.К ХХК-г буруутгаж, шат, коридорын талбайг 100 м/кв-аар, подвалийн дулааныг 353 м/кв-аар илүү тооцож мөнгө төлсөн гэж хийсвэр нэхэмжлэл гаргажээ. Т.К ХХК-ийн хувьд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дүрэм, журам, тарифын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.
2.Хогны мөнгийг 77 сарын турш 120 өрхөөс 500 төгрөг бодож, нийт 4,620,000 төгрөгийг илүү төлсөн гэх шаардлагын талаар дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ОСНАА байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-ээр Нарлаг хотхоны 105 дугаар байрыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар ханган холбогдох засвар үйлчилгээг үзүүлж ажилладгаас бус С.Т СӨХ, тус СӨХ-ны айл өрхүүдэд хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэггүй. Харин Т.К ХХК нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын үндсэн дээр Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д заасантай нийцүүлэн Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГазартай Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу хогны төлбөрийг хэрэглэгч тус бүрээс хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хуримтлуулж, хуримтлагдсан төлбөрийг тус ОНӨААТҮГ-т шилжүүлэн, төлбөр хуримтлуулахтай холбогдох үйлчилгээг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-т үзүүлж ажилладаг байсан.
3.Усны төлбөрт дур мэдэн 120 өрх тус бүрээр 2000 төгрөг илүү төлүүлж 480,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардлагын талаар дараахь тайлбарыг гаргаж байна. Т.К ХХК нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулахтай холбоотой үйлчилгээг хэрэглэгч нартай байгуулсан гэрээний дагуу үзүүлдэг. Ийнхүү Ус, сувгийн удирдах газраас баталсан тарифын дагуу төлбөрийг төлүүлж байсан ба энэ талаар хэрэглэгчдээс тус компанид хандан гаргасан гомдол байхгүй. Хогны үйлчилгээний хураамж, усны төлбөрийг хэрэглэгч тус бүр өөрсдөө ашиглалтынхаа төлбөртэй хамт төлдөг, С.Т СӨХ нь тэдгээр иргэдийн өмнөөс шаардах эрхгүй, эдгээр иргэд нь СӨХ-гоор дамжуулан, эсхүл СӨХ нь иргэдийн өмнөөс Т.К ХХК-д хогны төлбөр, усны төлбөр төлдөггүй.
Сөрөг нэхэмжлэл: Манай Т.К ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус, сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай холбогдох гэрээ хэлцлийг байгуулан ажиллаж байна. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Т СӨХ-той 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-г байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарлаг хотхоны 105 дугаар байрыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар ханган, холбогдох завсар үйлчилгээг үзүүлэн ажилладаг билээ. Дээрх гэрээгээр тус СӨХ-ны хариуцдаг орон сууцны байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хэвийн үйл ажиллагааг хангахад хяналт тавьж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Ийнхүү С.Т СӨХ нь 2012 оноос хойш ашиглалт, үйлчилгээний төлбөрийг хэвийн төлж байсан боловч дундын өмчлөлийн талбайнууд болох шат, коридорын халаалт, подвалийн талбайн халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг 2018 оны 5 дугаар сараас зохих ёсоор төлөхгүй байсан тул талууд 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо нийлэхэд 646,417 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг дүгнэсэн. С.Т СӨХ нь оршин суугч, иргэдээс ашиглалт, үйлчилгээний төлбөрийг авч байгаа атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д зааснаар үйлчилгээ үзүүлж буй байгууллагад нь төлбөр төлөх үзүүлэх үүргээ биелүүлэхгүй, манай компанийг хохироосоор байгаа боловч бид иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж үйлчилгээгээ хэвийн үзүүлсээр ирлээ. Иймд гэрээ болон тооцоо нийлсэн актын дагуу 646,417 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т СӨХ нь хариуцагч Т.К ХХК-д холбогдуулан ус, хог, дулааны төлбөрт 6,707,460 төгрөг илүү авсан, зогсоолын төлбөрт 5,320,800 төгрөг төлөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нийт 12,028,260 төгрөгөөр гаргуулах, хариуцагч гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 646,417 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Т СӨХ нь хариуцагч Т.К ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр илүү тооцож авсан подвалийн дулааны төлбөрт 1,250,326 төгрөг, шат, коридорын талбайн дулааны төлбөрт 354,200 төгрөг, хогны төлбөрт 4,620,000 төгрөг, усны төлбөрт 420,000 төгрөг, нийт 6,707,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч ... манай компани нь тус СӨХ-ны подваль, шат, коридорын дулааны төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дүрэм, журам, тарифын дагуу нэхэмжилж ирсэн. Дээрх талбайн хэмжээг тооцохдоо барилгын зураг төсөлд тусгагдсан бодит хэмжээг бууруулж төлбөрийг тооцож ирсэн. Харин С.Т СӨХ-той хог хаягдлын гэрээ огт байгуулаагүй, СӨХ-ноос хогны мөнгө хураасан зүйл байхгүй, манай компани нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолын үндсэн дээр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-тай хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу орон суугчдаас хогны төлбөрийг авч байгаа. Мөн усны төлбөрийг хэрэглэгчидтэй гэрээ байгуулан Ус, сувгийн удирдах газраас баталсан тарифын дагуу төлбөрийг хэрэглэгчид өөрсдөө шууд төлдөг, СӨХ-ноос энэ төлбөрийг авдаггүй. гэж,
Хариуцагч Т.К ХХК нь нэхэмжлэгч С.Т СӨХ-нд холбогдуулан дундын өмчлөлийн талбайнууд болох шат, коридорын халаалт, подвалийн талбайн халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг 2018 оны 5 дугаар сараас зохих ёсоор төлөхгүй байсан тул талууд 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо нийлэхэд 646,417 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг дүгнэсэн. С.Т СӨХ нь оршин суугч, иргэдээс ашиглалт, үйлчилгээний төлбөрийг авч байгаа атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д зааснаар үйлчилгээ үзүүлж буй байгууллагад нь төлбөр төлөх үзүүлэх үүргээ биелүүлэхгүй, манай компанийг хохироосоор байгаа боловч бид иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж үйлчилгээгээ хэвийн үзүүлсээр ирлээ. Иймд гэрээ болон тооцоо нийлсэн актын дагуу 646,417 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч С.Т СӨХ нь ... 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо нийлсэн акт байгаа. Уг актад 550,572 төгрөгөөр тооцоо нийлсэн. Манайд дараа сард 900,000 гаруй төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Тэгээд Т.К ХХК-ийн ерөнхий нягтлан н.Гангамөрөнд нэхэмжлэлийг буруу бодсон байна засаад аваад ирээрэй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийг нэмэгдүүлээд байсан учраас төлөх боломжгүй байгаа гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч С.Т СӨХ нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах 105 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.К ХХК-тай ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ус, дулаан түгээх төвүүдээс орон сууцны барилгад халуун, хүйтэн ус, дулааныг түгээх, бохир усыг татан зайлуулахаар тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тохирсон үйлчилгээ үзүүлэх ёстой дундын өмчлөлийн талбайн хэмжээг буруу тооцож илүү төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн хуулийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэжээ.
Нэхэмжлэгч С.Т СӨХ нь хариуцагчид холбогдуулан .. подвалийн талбайг 353 м/кв-аар илүү тооцож дулааны төлбөрт 1,250,326 төгрөг илүү авсан, шат, коридорын талбайг 7 сарын турш 100 м/кв-аар илүү тооцож 354,200 төгрөг илүү авсан гэх шаардлагыг гаргажээ. Хэдийгээр зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.К ХХК-тай ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээний 4.3-т Подвалийн талбай 351 м/кв, шат, коридорын талбай 403.2 м/кв болно. Уг талбайд цахилгаан шатны хонгилын талбай ороогүй болно. гэж заасан, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.3.11-д Барилгын подвалд халаах хэрэгсэл /регистр, усан агаар халаагч хэвийн ажиллаж байгаа/ суурилагдсан авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол дулааны эрчим хүчний төлбөрийг талбайн хэмжигдэхүүнээр тооцох ба халаалтын төлбөр тооцох талбайн хэмжээг халаах хэрэгсэл бүхий зоорийн давхрын нийт талбайн 50%-иар тооцно., мөн 5.3.12-д Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцээгүй, дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг 5.3.11-д заасны дагуу тооцно., 5.3.13-д Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцсэн тохиолдолд актаар баримтжуулан гэрээнд тусгаснаар халаалтын төлбөр тооцохгүй. гэж тус тус заасан боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж зааснаас үзвэл дээрх илүү тооцож авсан гэх дулааны төлбөр нь С.Т СӨХ-ны гишүүн оршин суугчдаас төлсөн төлбөр гэж үзэхээр байх бөгөөд СӨХ нь төлбөрийг төвлөрүүлэн, дамжуулан төлөх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Хогны мөнгийг 77 сарын турш сар бүр 500 төгрөгөөр илүү тооцож, 120 өрхөөс 4,620,000 төгрөгийг илүү авсан, мөн усны төлбөрийг өрх бүрээс 2000 төгрөгөөр илүү тооцож 120 өрхөөс 480,000 төгрөг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагыг гаргажээ. Хэдийгээр Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Хог хаягдлын талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 9.1.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, мөн 9.2.2-д энэ хуулийн 8.7.1-д заасан аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох. гэж зааснаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 7/04 дүгээр тогтоолын хавсралтаар орон сууцны 1 өрхөөс 2500 төгрөгийн хураамж авахаар тогтоосон үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-гээр хог хаягдлыг тээвэрлэх талаар тохиролцоогүй байна. Гэвч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хогны төлбөрт илүү тооцож авсан гэх 4,62,000 төгрөг, усны төлбөрт илүү тооцож авсан гэх 480,000 төгрөгийг оршин суугчдаас төлсөн төлбөр гэж үзэхээр байх бөгөөд СӨХ нь төлбөрийг төвлөрүүлэн, дамжуулан төлөх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, нэхэмжлэгч С.Т СӨХ-ны дүрмээс үзвэл гишүүдийнхээ ус, дулааны төлбөрт илүү төлсөн төлбөрийг бусдаас шаардан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хууль болон дүрмээр нэхэмжлэгчид олгогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Б ... СӨХ нь удирдах зөвлөлийн тогтоолоор олгосон эрхийн дагуу оршин суугчдыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч хэрэгт дээрх тогтоолыг гаргаж өгөөгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэмэгдүүлсэн шаардлага буюу хариуцагч Т.К ХХК нь манай СӨХ-ны эзэмшлийн 4 машины зогсоолд өөрийн узелийг ажиллуулж байгаа бөгөөд тус СӨХ-д 2015 оноос 2019 онуудын зогсоолын төлбөрт 5,320,8000 төгрөгийг төлөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь тухайн 4 автомашины зогсоолын өмчлөгч гэдгээ нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч С.Т СӨХ, хариуцагч Т.К ХХК-иуд нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ОСНАА-н байгууллага, СӨХ-ны хамтран ажиллах аж ахуйн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ус, дулаан түгээх төвүүдээс орон сууцны барилгад халуун, хүйтэн ус, дулааныг түгээх, бохир усыг татан зайлуулахаар тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. Хариуцагч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу дундын өмчлөлийн талбайнууд болох шат, коридорын халаалт, подвалийн талбайн халаалт, цэвэр, бохир, халуун усны төлбөрийг 2018 оны 5 дугаар сараас эхлэн 646,417 төгрөг төлөөгүй болох нь талуудын хооронд үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Т.К ХХК-ийн нябо Т.Б, С.Т СӨХ-ны захирал А.Ичинхорол нарын гарын үсэг бүхий тооцооны баримт, хариуцагчаас өгч байсан нэхэмжлэхүүдээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчээс 646,417 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т СӨХ-ны хариуцагч Т.К ХХК-иас ус, хог, дулааны төлбөрт үндэслэлгүйгээр илүү авсан 6,707,460 төгрөг, зогсоолын төлөөгүй төлбөрт 5,320,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т СӨХ-ноос 646,417 төгрөг гаргуулж хариуцагч Т.К ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,351 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,043 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 20,043 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР