Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/ма2025/0678

 

 

 

 

 

 

 

 

ТЭЖ ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Нэхэмжлэгч: ТЭЖ ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрлын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ТЭЖ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0579 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2025/0108/3

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа:

        1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ТЭЖ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэжээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0579 дүгээр шийдвэрээр: ТЭЖ ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ТЭЖ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0579 дугаар шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан зарим чухал шаардлагатай баримтуудыг үнэлж дүгнээгүй зэргээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн байхад энэ талаар анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн тухайд:

3.2.1. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн XV-02**** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах өргөдлөө 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасан. Гэтэл Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай хүсэлтийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-д заасныг зөрчиж, хугацаанаас хэтрүүлсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуульд заасан хугацааг хэтрүүлж 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 34 сар 18 хоногийн дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.

3.2.2. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 6-д "Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглаж олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй" гэж заасан. Мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-т "Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно" гэж тус тус заасныг зөрчсөн байх ба анхан шатны шүүхээс эдгээр хуулийн зохицуулалтыг харгалзан үзээгүй, хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч компанийн өргөдлийг шийдвэрлэхдээ манай компаниас үл хамаарах шалтгаанаар татгалзсан, төрийн захиргааны байгууллага өөрөө бүрдүүлэх материалаа нэхэмжлэгчээс шаардсан нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн.

3.2.3. Тодруулбал, Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайлан, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулах хүсэлтээ цахимаар хүргүүлсэн боловч хариуцагч хүлээж авч баталгаажуулаагүй. Үүнээс болж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болсон юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” 22.1.4. "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" гэж заасан ба нэхэмжлэгчийн зүгээс өөрөөс хамаарах бүхий л баримт материалаа бүрдүүлэн өгсөн байхад хариуцагчаас “...баталгаажуулаагүй..." гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа бөглөдөг К-02 маягт дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-т заасан баримтыг төрийн захиргааны байгууллага өөрөө бүрдүүлэн гэж заасан байдаг.

3.2.4. Манай компанийн зүгээс хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг хянуулж, баталгаажуулахаар хүсэлтээ цахимаар илгээгээд, түүнийг хянуулахаар удаа дараа АМГТГ-ын Хайгуулын хэлтэст хандсан. Тус нөхцөл байдал нь захиргааны хэргийн хавтаст хэргийн 50 дугаар тал дахь "Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл"-ээр нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс “...хүргүүлсэн баримтуудыг болон хүргүүлсэн тайлан төлөвлөгөөг хянаж баталгаажуулаагүйтэй холбоотойгоор гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.3. Хоёрт. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд:

3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т "Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно" гэж заасны дагуу МӨХ-ийн гишүүн, өмгөөлөгч Т.Ц /ҮД:****/ нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохоор болсон. Энэхүү захиргааны хэргийн шүүх хуралдаан болсон 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгийн өмгөөлөгч маань өмнө нь товлогдсон байсан Нийслэлийн иргэний хэргийн давж шаалдах шатны шүүхэд явагдсан шүүх хуралдаанд оролцсон. Ийнхүү өмгөөлөгч маань 2 хэргийн шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгаан болон ЗХШХШТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.3.1- т заасны дагуу хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх тус хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

3.3.2. Ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөлөгчийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан шалгаж шалгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т "нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах" гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

        1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ТЭЖ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Анх нэхэмжлэгч ТЭЖ ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Дорноговь аймгийн Айраг сумын Айраг нэртэй 1946.56 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-02**** дугаартай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар олгож, тус даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.

2.2. Нэхэмжлэгч ТЭЖ ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хайгуулын XV-02**** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтдээ тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хавсарган байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах явц удааширч хугацаа алдаж байгаа тул бүрдүүлсэн материалд үндэслэн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хүсээд, дутуу материалыг ажлын 10 хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөх талаар дурдсан байна.

2.3. Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн EX-009202 дугаарт бүртгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримтыг ажлын 10 хоногийн дотор ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 8/863 тоот албан бичгээр, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 8/828 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр төлсөн тухай баримт ирүүлэхийг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/5135 тоот албан бичгээр дээрх өргөдлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэхтэй холбогдуулан сонсох ажиллагаа явуулах талаар нэхэмжлэгч ТЭЖ ХХК-д тус тус мэдэгдсэн байна.

2.4. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ТЭЖ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ыг оролцуулан сонсох ажиллагаа явуулж, тайлангаа батлуулах, асуудлаа шийдвэрлүүлэх ажлын 10 хоногийн хугацаа өгчээ.

Мөн хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10/3922 тоот албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийн баримт бичгийн дутууг ажлын 10 өдөр багтаан ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Тус мэдэгдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ТЭЖ ХХК-ийн XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэн, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан байна.

2.5. Ингээд нэхэмжлэгч ТЭЖ ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ТЭЖ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

3. Анхан шатны шүүхээс “... маргаан бүхий шийдвэрээр “...ТЭЖ ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-02**** дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд 2022 оны хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тайланг хянуулаагүй, хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй тул XV-02**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

3.1. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар “хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрхээ эдлэхийн тулд тус хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах шаардлага тавигджээ.

3.2.Нэхэмжлэгчээс мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч түүнд хавсарган ирүүлэх баримт бичгийг дутуу ирүүлсэн.

Тодруулбал, дээрх хуулийн 22.1.1-д “... 22.1.2-т “... хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-ын хугацаа сунгуулах хүсэлтэд хавсарган ирүүлэх шаардлагыг биелүүлээгүй.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “ Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ТЭЖ ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасны дагуу 1 сарын өмнө гаргасан боловч тус хүсэлтэд хавсарган ирүүлэх бүрдлийн баримт бичгүүд дутуу байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс удаа дараа мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулж, дутуу баримтыг бүрдүүлэх боломжоор ханган ажилласан болох нь тогтоогдож байна.

5. Хэдийгээр нэхэмжлэгч талаас хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн болон хайгуулын тухайн жилийн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн баримтыг ирүүлээгүй талаараа “тус баримтуудыг хянуулж, баталгаажуулахаар хүсэлтээ цахимаар хүргүүлсэн боловч хариуцагч хүлээн авч баталгаажуулаагүй” гэж давж заалдах гомдолдоо дурддаг боловч уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хаана, хэзээ, хэрхэн хандаж байсан талаар болон үүнтэй холбоотой гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх талаар баримтыг ирүүлээгүй.

6.Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч ТЭЖ ХХК нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгуулахад хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд хариуцагчаас энэхүү шаардлагыг биелүүлэх боломжийг хангалттай олгосон байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэлгүй.

7. Мөн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч талаас өмгөөлөгч Л.О-ыг хэргийн материалтай танилцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан тухай тэмдэглэлд “Нэхэмжлэгч талын өмгөөлөгч авах, авсан өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулах эрхийг хангаж шүүх хуралдаан 3 дахь удаагаа хойшилж байна. Дараагийн удаа дахин энэ асуудлаар хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч талыг өмгөөлөгч авах, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах эрхээр удаа дараа хангасан” гэсэн нь тусгагдажээ. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар  сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

    

 

 

               ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

    ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН