Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00409

 

                              “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2020/00022  дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,382,810 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 14,409,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,382,810 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 14,409,311 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас 8,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүүг цаг тухайд нь төлж байсан учир алданги төлөхгүй гэж маргажээ.  

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 13,728,763 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 680,547.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 226,594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,997 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2020/00022  дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Хандмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 637 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 22 дугаар магадлалыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Зээлдүүлэгч тал буюу нэхэмжлэгч нь 2018.07.24-ний өдрийн 17/725 дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т зааснаар “барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж, гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй” байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс зээлдэгч тал буюу хариуцагч намайг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш 14 сар өнгөрсөн боловч уг хугацааг зээлдэгч намайг хэтрүүлсэн гэж тайлбарлан хэтрүүлсэн хугацааны хүүг үндсэн хүү болох 4,5 хувиар тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Зээлдүүлэгч 2019.04.04-ний өдрийн 19/1340 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бүтэн 5 сар өнгөрсөн байхад мөн гэрээний 3.2.4-т зааснаар барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн. Гэтэл хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн хэтрүүлсэн хугацаа болох 5 сарын хүүг үндсэн хүү 4,5 хувиар тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.3. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү авах эрхээ алдах хуулийн заалттай атал дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “13,728,763 төгрөг” гэснийг гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон 3,272,263 төгрөгийг хасч “10,456,500 төгрөг” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,382,810 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 14,409,311 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 13,728,763 төгрөгийг гаргуулж, үлдэх 680,547.94 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.07.24-ний өдөр №17/725 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, 2019.04.04-ний өдөр 19/1340 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, Тoyota harrier 16-40 ӨВО улсын дугаартай суудлын авто машин барьцаалж зээл авсан. Гэвч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан хэдий ч авсан 8,000,000 төгрөгийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, хүү 5,702,263.15 төгрөг, алданги буюу торгуулийн хүү 680,547.94 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 14,409,311 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... 8,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Өвөрхангай аймгийн Хархорин суманд баригдаж байгаа 18 айлын орон сууцыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж дуусаад борлуулалтын орлогоос төлж дуусгана. Хүүг цаг тухайд нь төлж байсан учир алданги төлөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

10. Шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс алданги буюу торгуулийн хүүд шаардсан 680,547.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 5,702,263.15 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 13,728,763 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Хариуцагчийн “...нэхэмжлэгч нь хоёр зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасан “барьцаа хөрөнгийг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусмагц худалдан борлуулж, гэрээний биелэлтийг хангах ажиллагаа хийх үүрэгтэй” байсан боловч энэхүү арга хэмжээг авахгүй хугацаа хэтрүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс зээлдэгч тал буюу хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгаж, эхний гэрээний хувьд 14 сар, хоёр дахь гэрээний хувьд 5 сарын хүүг үндсэн хүү 4,5 хувиар тооцож хариуцагчаас гаргуулсанд гомдолтой... Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү авах эрхээ алдах байтал дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Учир нь, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  3 дугаар зүйлийн 3.2 нь зээлдүүлэгчийн эрхийг зохицуулсан ба 3.2.4-т заасан “...барьцаалсан хөрөнгийг ... захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах” гэсэн нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид “эрх олгосон” заалт байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан “үүргээ” биелүүлээгүйгээс “хугацаа хэтрүүлсэн” гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалт хэрэглэгдэхгүй юм.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 145/ШШ2020/00637 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 204/МА2020/00022  дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 67,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД