| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0180/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/310 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Г.Б холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Юүдэнгийн бургас” гэх газарт байрлах иргэн О.У гэрээс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Б:
...Би өмнө нь авсан байсан. Тэр үед нь мөнгийг нь аваагүй. Хонь янзалж байх үед аваагүй. Үүрийн цолмон ах хажууд мах эвдэж байсан. Би шуудайлах гээд зогсож байсан... гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн __ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Юүдэнгийн бургас” гэх газарт байрлах иргэн О.У гэрээс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
хэргийн газарт хийсэн үзлэг гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
хохирогч О.У ...Би Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2 дугаар багийн нутаг “Юүдэгийн Дэнжийн бургас" гэх газар аав Б.Бямбадоржийн хамтаар мал маллаж амьдардаг. Тэгээд би Улаанбаатар хот Багануур дүүргээс 7 хоног бүрийн хагас, бүтэн сайны өдрүүдэд аав Бямбадорж дээрээ очиж малынх нь баасыг цэвэрлэх, хоол ундыг хийх ойр зуурын хэрэглээний хүнсний зүйлсийг аваачиж өгдөг ба 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Багануур дүүргээс би хадам дүү Мэндбаяр, түүний эхнэр Намуун, бэр дүү Заяа, Болдбаатар нарын хамтаар Мөнгөнморьт сум руу өглөө 10 цаг өнгөрч байхад гарсан бид нар Мөнгөнморьт суманд аав Бямбадоржийн гэрт 12 цаг болж байхад гэрт нь очсон, бид нар аавынх очоод хоол цай уучхаад үдээс хойш нь аав Бямбадорж нь хониндоо явган яваад өгсөн, би Мэндбаяр, Намуун, Заяа, Болдбаатар нар гадаа гарч малын хороо буюу хотонд байх үхрийн цаасыг цэвэрлэцгээж байхад Болдбаатар нь байс хийгээд гэр лүү нэг ороод, буцаж гарч ирээд яваад байсан ба тухайн үед гэрт хүн байгаагүй байсан, би нээх юм бодоогүй тэгээд бид нар үхрийн баас цэвэрлэчхээд оройдоо Багануур дүүрэг рүү явцгаасан. тэгээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би хүүгийн хамтаар Мөнгөнморьт суманд ирээд гэрийнхээ арын өрөөний баруун урд байрлах хувцасны шкафны дотор байсан эрээн цамцны халаасанд байсан 1.200.000 төгрөгийг алга болсон байсан би мөнгө алга болсныг мэдээд Болдбаатарын байсан айл Цэцэгмаагийн 88953392 дугаар луу залгаж: Г.Бай яриад чи халаасанд байсан миний мөнгийг авсан байна авчирч өгөө гэхэд Болдбаатар нь би аваагүй ш дээ, би эргээд өөр утаснаас эргээд залги гэж хэлээд ахин над руу залгаагүй, Болдбаатарын ах Батбаатартай утсаар ярихад: Наадах хүүхэд чинь тэгдэг юм аа, би сураг тавъя гэсэн тэгээд би Цагдаагийн байгууллагад хандах болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Ц.Үүрийнцолмонгийн ... аав Бямбадорж нь над руу маргааш өглөө утасдаж хэлсэн: байшингийн хойд өрөөний шүүгээнд байсан бэлэн мөнгө болох 1.200.000 төгрөг алга болчихлоо гэсэн тэгэхээр би Болдбаатарыг эрж хайгаад олохгүй болохоор нь цагдаад хэлсэн энэ Болдбаатар нь аавын мөнгийг анх хөдөө идэш хийх өдөр очихдоо авсан юм уу эсвэл сүүлд мал хайх өдөр очиход мөнгийг хулгайлж авсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
шүүгдэгч Г.Бын гэрчээр өгсөн ... Ука гэх эгчийн аавынх нь хөдөө гэрт очоод малын хашааных нь үхрийн баасыг Мэндбаяр, Цоомоо ах бид гурав цэвэрлэчхээд, гэр лүү орсон үхрээ гаргахаа болчихлоо хонь гарган гээд 3 тооны хонийг гаргаж бэлдэж байхад байшингийн хойд өрөөнд уг гаргасан махыг зөөж оруулж байсан энэ үед 16 цагийн болж байсан би махыг эвдэж дуусчхаад шуудайлж байсан би гадуур хувцсаа авах гээд өрөөний орон дээр очиход бэлэн мөнгө байсан тэгэхээр нь би куртикийгээ халаасандаа хийгээд авчихсан хичнээн төгрөг байсан талаар тухайн үедээ мэдээгүй хэний мөнгө байсан талаар мөн мэдээгүй тэгээд бид нар оройдоо Багануур дүүрэг рүү явцгаасан. Тэгээд маргааш нь Багануур дүүргээс Улаанбаатар хотод орж ирээд халаасанд айлаас авсан мөнгөө үзэхэд 1.200.000 төгрөг байхаар нь би өөртөө хэрэглээний хоол хүнс авсан юмаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
яллагдагч Г.Бын ...Би прокурорын эрүүгийн эрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, сонгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/,
зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 31-34 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Юүдэнгийн бургас” гэх газарт байрлах иргэн О.У гэрээс 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөг Ц.Хүрэлбаатар:
...Гэм буруу дээр маргахгүй байна. Залуу хүн байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид нийгэмшиж ажиллах боломжтой харагдаж байна. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч Г.Б хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Шүүгдэгч Г.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь дээрх үндсэн шинжийг хангасан байхаас гадна давхар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Б нь иргэн О.У гэрээс бэлэн мөнгө 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч О.У учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг:
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Г.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.У 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.У нь шүүгдэгч Г.Баас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.Баас нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч О.У олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор буюу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялаар оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөг Ц.Хүрэлбаатар:
...Ял шийтгэлийг оногдуулахдаа шүүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Нэмж нэгтгэж 139 хоногийг нэмж нэгтгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б:
...Хэлэх зүйлгүй...гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч Г.Бт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 2 жил 1 сарын хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.
Оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Г.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч НП95122211 дугаарын регистртэй, Г.Б нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч НП89020266 дугаарын регистртэй, олгосугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Г.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Ганзоригийн Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН