Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 161

 

А.Г-, А.Т- нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

яллагдагч А.Г-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

яллагдагч А.Т-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр А.Г-, А.Т- нарт холбогдох эрүүгийн 1906000001865 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. А.Г-, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            2. А.Т-, 1987 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            А.Г-, А.Т- нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байрлах “Аз” нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим Д.Баатарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж бүлэглэн зодож “тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх болон тархины хажуугийн ховдол, III, IV ховдол дахь цусан хураа” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Г-, А.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Болсон үйл явдлыг харсан хүмүүс, ялангуяа саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүнийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авах боломжтой байхад энэ талаарх ажиллагааг хийгээгүй байна. Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Жаргалсайхан тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан камерын бичлэгт хэрэг болсон газрын орчимд байрлах дэлгүүрийн үүдэнд саарал өнгийн “Prius 20” загварын тээврийн хэрэгсэл болон насанд хүрээгүй хүүхэд байгаа талаар дүрс бичигдсэн байх боловч гэрч Д.Даваа, Э.Хонгорзул, Н.Ганболд, Ө.Г- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1875 дугаартай дүгнэлт, хяналтын камерын дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийх боломжтой байна. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон. А.Г-н хувьд болсон үйл явдлыг тодорхой мэдүүлдэг бөгөөд энэ хэрэгт А.Т- ямар нэгэн байдлаар оролцоогүй гэдэг.” гэв.

            Яллагдагч А.Т-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгээс үзэхэд, болсон үйл явдлыг хөндлөнгөөс харж байсан 2-3 гэрч байдаг. Гэрч Хонгорзул нь “Тухайн маргаан болж байсан бодит нөхцөл байдлыг өөрийн нүдээр хараагүй” гэж, Г- нь “Тухайн үед болсон үйл явдлыг Хонгорзулаас сонссон” гэж тус тус мэдүүлдэг. Харин гэрч Даваа нь “Тухайн бодит нөхцөл байдлыг хараагүй, зөвхөн хүү Г-н өгсөн мэдүүлгээр Т- цохисон юм байна” гэж тайлбарладаг. Мөн яллагдагч нар нь “би цохисон”, “би цохиогүй, өөр хүнтэй маргалдаж байсан” гэх зэргээр мэдүүлдэг тул эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.” гэв.

            Яллагдагч А.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч А.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтэй байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос А.Г-, А.Т- нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байрлах “Аз” нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим Д.Баатарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж бүлэглэн зодож “тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх болон тархины хажуугийн ховдол, III, IV ховдол дахь цусан хураа” бүхий гэмтэл учруулан алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлт, гомдлоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...болсон үйл явдлыг харсан хүмүүс, ялангуяа саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүнийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул болсон үйл явдлыг харсан гэх зарим хөндлөнгийн хүмүүсийг олж тогтоон гэрчийн мэдүүлэг авах зорилгоор дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, А.Г-, А.Т- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч Н.Ганболд, Д.Даваа, Э.Хонгорзул, Ө.Г-, яллагдагч А.Г-, А.Т- нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч нарыг оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, А.Г-, А.Т- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Г-, А.Т- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэх хүртэл А.Г-, А.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

                                ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН