Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0287

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г.Б***********

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э*********** нарын  хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө***********  нар биечлэн,  гэрч Д.Б*********** цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Гомдол гаргагч шүүхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н***********, Э.Э*********** нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000567* тоот шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу илт хууль болохыг тогтоолгох, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө эцсийн байдлаар уг  нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/23 дугаар “хяналт шалгалтын удирдамж”-ийн[1]  дагуу “...хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээвэр гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, иргэн болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллажээ.

2.2.Уг шалгалтын явцад гомдол гаргагч Г.Б***********-ийг өөрийн эзэмшлийн *********** УНИ улсын дугаартай, Волво /VOLVO/ маркийн ачааны автомашинаар[2] импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоог /нарийн ногоо/ БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгөөр тээвэр гүйцэтгэсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 210200010*  дугаартай зөрчлийн хэрэг нээн[3] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.3.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5 дахь заалтад заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн тогтоосон” гэж үзэн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 000567* тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Г.Б-ийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгож, хууль бус орлого болох 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулжээ[4].

2.4. Энэ захиргааны актыг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/1378 дугаар албан бичгээр зөрчлийн хэргийн холбогдогч иргэн Г.Б***********-т хүргүүлэн  гардуулжээ[5].

2.4.Нэхэмжлэгчээс  маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно[6].

2.5.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н*********** нь тус газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар[7] төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу түүний эрх залгамжлагчаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг тогтоож, сольсон.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Г.Б***********-т торгууль ногдуулж, орлого хурааж байгаа нь түүний хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлаж байна..., Замын-Үүдээс автомашинаа хүлээн авч Улаанбаатар хотод ирэх үйлдэл нь хууль зөрчөөгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсье...” гэжээ[8].

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Талууд хоорондоо харилцан тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу ачаа бараа тээвэрлэж авчрах нь ямар нэгэн хууль зөрчөөгүй үйлдэл. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т” Монгол улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх” эрхтэй. Гэрээний нөхцөлийг талууд чөлөөтэй сонгох эрхтэй байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гэрээний чөлөөт байдалд халдаж үнэ тогтоох гэж оролдож байгаа, түүнийгээ хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Г.Б***********-ийн  үйлдэл нь хэний, ямар өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байх тул Г.Б***********-ийн  хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан ямар нэгэн үндэслэл байсан ч одоогийн шийтгэлийн хуудсанд дурдагдсан үндэслэл хамаарахгүй юм...” гэжээ.

3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...БНХАУ-ын талаас 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас өдөрт Монгол Улсаас өдөрт 20, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуйн эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн...”

...”Б***********” ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 21/021 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр “импортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үнийн өсөлт хэрээс хэтэрч... 898* УНИ тээврийн хэрэгслээр тээвэр хийлгүүлж 26-28 сая төгрөгийг тээврийн зардалд өгч байгаа нь маш өндөр зардалтай байна” гэсэн агуулгатай гомдол гаргасан[9].

Уг хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас лавлагаа авахад 898* УНИ дугаартай автомашин нь Г.Б***********-ийн  нэр дээр бүртгэлтэй гэдэг нь тодорхой болсон. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авахад “Г.Б*********** нь тухайн машин нь өөрийнх нь машин мөн, 26 сая төгрөгөөр тээвэр хийсэн” гэж мэдүүлсэн...” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Б*********** мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч Г.Б*********** нь БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн 2,200,000-3,300,000 орчим төгрөгийн үнэ өртгийг Дэлхий нийтэд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан тээвэрлүүлэгчийн өрсөлдөх чадвар байхгүй болсон нөхцөл байдлыг далимдуулан БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд[10] хүнсний нарийн ногооны тээврийн үнэ өртгийг 26,000,000 төгрөг болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн уг мөнгийг “teeveeriin zardal” гэсэн гүйлгээний утгатайгаар “Ф***********” ХХК-ийн Хаан банкны 511458823* тоот дансаас[11] өөрийн 5026678174 тоот дансанд хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

4.3. Түүний энэ үйлдлийг хариуцагчаас “...импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо,  жимс жимсгэнийг БНХАУ-н Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэхдээ тээврийн хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил үйлдсэн гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

4.4. Учир нь  Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно” гэж зааснаар гомдол гаргагч нь ашгийг төлөө бусдын ачааг тохирох хөлсөөр нэг цэгээс нөгөө цэгт хүргэдэг аж ахуй эрхлэгч бөгөөд зах зээлд явуулж буй аливаа үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль тогтоомжоор зохицуулагдах ёстой юм.

4.5.Товчхондоо гомдол гаргагч Г.Б***********-ийг өрсөлдөөний хязгаарлагдмал нөхцөл байдалд буюу энэ тохиолдолд цар тахлын үеийг ашиглан үнийн хөөрөгдөл үүсгэж хэрэглэгчийг хохироосон гэж үзэхээр байна.

4.6.Түүнчлэн хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлогыг хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байх тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээний чөлөөт байдалд халдаж үнэ тогтоох гэж оролдож байна”,”үнэ тохирсон субъект нь Д.Б биш, хаанаас үнэ гарч ирсэн гэдгийг тодруулах шаардлагатай” гэх тайлбарыг хүлээн авч, маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.

4.7.Эцэст нь хэрвээ захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулж байвал тэрхүү акт нь илт хууль бус болох бөгөөд тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

4.8. Харин хуулийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг тус тус ойлгохоор байна.

4.9.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н, Э.Э нар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000567* тоот шийтгэлийн хуудсыг “илт хууль бус байх” дээрх шаардлага, нөхцөлд хамаарах эсэхийг судлан үзвэл, актын агуулга ойлгомжтой, тодорхой, хэлбэрийн хувьд бичгээр гарсан,  илэрхий алдаагүй, өөрийн албаны тэмдэг бүхий бланк дээрээ, огноо, нэр, гарын үсэг, баталгаажуулах тамга дарсан” буюу эрх бүхий албан тушаалтан өөрт хуулиар олгосон чиг үүрэг хамааралтай асуудлаар гаргасан байна.

4.10. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, уг актаар гомдол гаргагч Г.Б***********-ийн  Үндсэн хуульд заасан” иргэн хувийн аж ахуй эрхлэх” эрхийг зөрчсөн зүйлгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Г.Б***********-ээс гаргасан  “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н***********, улсын байцаагч Э.Э*********** нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 000567* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

[2] Хавтас хэргийн 41-42 хуудас

[3] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 1 хуудас

[4] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 99 хуудас

[5] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 100 хуудас

[6] Хавтас хэргийн 8-9 хуудас

[7] Хавтас хэргийн 30 хуудас

[8] Хавтас хэргийн 1-2 хуудас

[9] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 19 хуудас

[10] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 75 хуудас

[11] Зөрчлийн 2102000108 дугаар хэргийн 78, 82 хуудас