Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/ШШ2024/0009

 

 

 

 

 

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

          шүүгч З.Ганзориг       

Нэхэмжлэгч: М*******

Хариуцагч: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Хариуцагч: Үндэсний аудитын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, М*******ыг 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалтад бүртгэх, батламж олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Үндэсний аудитын газар, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1182 дугаартай албан бичиг болон дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, М*******ын хандивын тайланд дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхийг даалгах”, 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******, хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, Ө.О*******, хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, Т.Т*******, Т.Ш******* нар оролцов.

 

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон М.Х******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

     Хэргийн индекс: 221/2024/0020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

          1.1. “...М******* нь Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолоор бүртгэгдсэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд. Тус нам нь 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор намын Их болон Бага хурлаараа шийдвэрлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сонгуульд оролцохоо бүртгүүлэхээр хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ гаргасан.

          Гэвч Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолоороо "... М******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй байх тул бүртгэхээс татгалзсугай..." гэж шийдвэрлэсэн байх ба 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр бидэнд уг тогтоолыг Сонгуулын ерөнхий хорооны Тамгын газрын дарга өгсөн. Энэхүү тогтоолыг гаргахдаа тус хороонд Үндэсний аудитын газраас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 08/1182 дугаартай албан бичгийг үндэслэн гаргасан гэж тайлбарласан.

          М******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар 38.6-д заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөр, мөн хуулийн 38.7-д заасны дагуу сонгуулийн жилийн 4 сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 37.13-т заасан хандивын тайландаа аудитын дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт холбогдох баримтуудаа цахимаар болон шуудангаар хүргүүлсэн байсан.

           Гэтэл Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газар нь манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан атлаа хандивын тайланд дүгнэлт гаргаж шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Хандивын тайланд дүгнэлт гаргаагүй тухайгаа тус намд огт мэдэгдэлгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1182 дугаар албан бичгээр “... баримтаа ирүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдсэн... хуулийн хугацаанд багтаан аудитын дүгнэлтэд шаардлагатай баримт материалыг албан ёсоор ирүүлээгүй тул хандивын тайлангийн дүгнэлт гаргаагүй болно" гэсэн бодит үнэнд огт нийцээгүй, худал үндэслэлгүй тайлбарыг хүргүүлсэн нь Сонгуулийн ерөнхий хороо тус намыг бүртгээгүй үндэслэл нь болжээ.

          Өөрөөр хэлбэл төрийн аудитын байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тодруулбал, өөрсдийн албан ёсоор зарласан е-mail хаягаар хүргүүлсэн болон бидний биечлэн тус газарт хүргүүлэхээр шууданд хийсэн аудитын дүгнэлт гаргахад шаардлагатай баримт материалуудыг хүлээн авсан атлаа бодит байдалд үл нийцсэн, үндэслэлгүй худал албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн хууль бус үйлдэл, дүгнэлт гаргаж шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүйн улмаас манай намын олон мянган гишүүд, тус намыг дэмжигч олон зуун мянган сонгогчийн эрх ашгийг хохироосон шийдвэрийг гаргуулсан байна

          1.2. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь дараах үйл баримтуудаар тогтоогдоно:

          1.Үндэсний аудитын газар сонгуульд оролцох нам, эвслүүд, бие даан нэр дэвшигч нарт 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр "Хандивын тайлангийн маягт хүргүүлэх тухай" 08/796 тоот албан бичгийг өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан мэдээлсэн. Тус нам энэхүү мэдээлэлд дурдсан аудитын дүгнэлтэд шаардлагатай баримт материалыг 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр /6, 7-ны бямба, ням гаригт тус газар ажиллаж байсан/ хуулийн хугацаанд багтаан Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын sh****@audit.gov.mn цахим хаягаар, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр битүүмжлэн тус газрын шуудангийн хайрцагт биечлэн хүргэсэн.

          Баримт материалыг хүлээн авсан ямар нэг хариу ирүүлээгүй тул Үндэсний аудитын газарт биеэр очиж лавлахад тус газрын ажилтан Т.Ш*******т болон ахлах мэргэжилтэн нар зарим материал дутуу байсан гэсэн бөгөөд түүнд илгээсэн майлыг шалган файлыг нээж доош гүйлгэн үзэхэд шаардлагатай материалуудыг илгээсэн нь баталгаажсан ба шуудангаар хүргүүлсэн цаасан баримтыг Тамгын газрын даргад байгаа гэж хэлж байсан.

          2.Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн 2024 ны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1182 дугаартай албан бичигтээ "Хувийг М*******д" гэсэн атлаа манай намд огт ирүүлээгүй, мэдэгдээгүй тул бид 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр тус газрын бичиг хэргээс хуулбарыг шаардаж авсан.

          3.Мөн намаас хүргүүлсэн 2023 оны намын аудитлагдсан санхүүгийн тайланг ямар нэг тайлбар, албан бичиггүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар буцаасан байсан.

          4.Тус газраас манай намын эрх бүхий албан тушаалтан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цахим болон утсаар огт харилцаагүй атлаа удаа дараа мэдэгдсэн гэх үйл баримт нь манай намын төлөөлөл 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нтэй холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан уулзахад тогтоогдсон болно.

          5. Ийнхүү Сонгуулийн ерөнхий хороо нь дээрх хууль бус баримтад үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “…М******* нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй байх тул бүртгэхээс татгалзсугай..." гэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

          Учир нь тус нам хуулийн 38.7-д заасан хандивын тайланд дүгнэлт гаргуулахад шаардлагатай баримтуудыг төрийн аудитын дээд байгууллагад дээр дурдсанчлан хүргүүлсэн. Харин үүнд дүгнэлт гаргах асуудлыг хуулийн 38.13-т зааснаар төрийн аудитын дээд байгууллага хариуцахаар зохицуулсан тул төрийн аудитын дээд байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцлагыг тус намд хүлээлгэх, буруутгах үндэслэл болохгүй.

           Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт "Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ", 28.3.1-т “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй”, 28.3.2-т “сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн”, 28.3.3-т “сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд”, 28.3.4-т “сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан” 28.3.7-т сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй байх шаардлагуудыг тавьсан ба 28.4 дэх хэсэгт "хуулийн 28.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана" гэж зохицуулсан.

          Тус нам 28.3.7-д заасан сонгуулийн зардлын тайлангаас бусад бүх шаардлагыг хангасан. Учир нь хуулийн 57.3 дахь хэсэгт "нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт... багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж зохицуулсан тул 28.3.7-д заасан сонгуулийн зардлын тайланг өмнөх 2020 оны сонгуульд оролцоогүй тул энэ талаархи хуулийн шаардлагыг хангах боломжгүй юм.

          Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтаар Сонгуулийн ерөнхий хороо нь тус намыг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.

          Дээр дурдсан үндэслэл, үйл баримт, нотлох баримтаар манай намыг үндэслэлгүй, худал баримт мэдээлэлд тулгуурлан бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул гомдлын шаардлагыг хангаж М*******, түүний гишүүд, дэмжигч, сонгогч олны хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.  

          2.Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар доор дурдсан шаардлагыг хангасан нам эвслийг бүртгэхээр хуульчилсан. Үүнд:

          Сонгуульд оролцох хүсэлтийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

          Сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд:

          Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан,

          Эвсэл байгуулах тухай энэ хуульд заасан журам, шаардлагыг хангасан;

          Эвсэлд нэгдэн орсон намуудын олонх нь бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлээгүй.

          Сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх энэ хуульд заасан журмыг зөрчөөгүй.

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн хүсэлтийг хуульд заасан баримт бичгийн хамт хүлээн авч, нягтлан шалгасны үндсэн дээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.9-т заасан хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагааг М******* ирүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.3-т заасан сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд байх шаардлагыг хангаагүй нь тус намыг бүртгэхээс татгалзсан нэг үндэслэл болсон.

          Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3/277 дугаар албан бичгийн хариунд Үндэсний аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1182 дугаар албан бичигт "М******* Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасны дагуу хуулийн хугацаанд аудитын дүгнэлтэд шаардлагатай баримт материалыг албан ёсоор ирүүлээгүй тул хандивын тайлангийн дүгнэлт гаргаагүй болно" гэж дурдсан.

          Тодруулбал М******* Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.7-д заасан сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх шаардлагыг хангаагүй байна.

          Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.3, 28.3.7-д заасан шаардлагыг тус тус хангаагүй М*******ыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ.

          3.Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, Т.Ш*******, Т.Төмөраатар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д "Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасны дагуу улс төрийн 30 нам, 11 бие даан нэр дэвшигчээс хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17.30 минут хүртэл ирүүлсэн.

          Үндэсний аудитын газраас улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчээс ирүүлсэн сонгуулийн хандивын тайлангийн баримтад үндэслэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу сонгуулийн хандивын орлого бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт гаргасан.

          Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т "Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ" гэж заасны дагуу улс төрийн нам, эвслийн хандивын тайлангийн дүгнэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1117 дугаартай албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

          Улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-т заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын дээд шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 22 дугаартай албан бичгээр хандаж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын холбогдох мэдээллийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05/181 дугаартай хариу бичгээр авсан. (намын нэр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг)

          Энэхүү мэдээллийн дагуу улс төрийн намуудтай холбогдон Үндэсний аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/796 дугаар албан бичгээр "УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам болон бие даан нэр дэвшигч нар"-т хандивын тайлангийн материал ирүүлэх тухай албан бичгийг улс төрийн нам тус бүрт гардуулан өгсөн. Мөн байгууллагын www.audit.mn сайтад байршуулсан. Тус албан бичигт хандивын тайланг үнэн зөв, холбогдох мэдээллийг бүрэн тусгасан байдлаар 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17:30 цагийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхээр тусгасан.

          М*******ын сонгуулийн хандивын тайланд дүгнэлт гаргаагүй үндэслэл:

          3.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д "Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг.

          Үндэсний аудитын газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам болон бие даан нэр дэвшигч нарт хандивын тайлангийн маягтыг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/796 дугаартай албан бичгээр хүргүүлж, хувийг байгууллагын www.audit.mn цахим хуудаст байршуулсан.

          Тус албан бичигт хандивын тайланг үнэн зөв, холбогдох мэдээллийг бүрэн тусгасан байдлаар хуульд заасан хугацаа буюу 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17:30 цагийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхээр заасан. Харин 2024 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүд нь бямба, ням гараг таарч байсан тул 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон хандивын тайланг хүлээж авахаар албан бичигт тусгасан. /Хөдөлмөрийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт нийтээр амарна./

          Дээрх заасан хугацаанд тус намаас хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар баримт материал ирүүлээгүй.

          3.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд и-мэйл болон цаасаар нотлох баримтын шаардлага хангасан баримт материал ирүүлсэн гэх боловч хандивын тайлан хүлээн авах хугацаа дууссаны маргааш буюу 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр g***@gmail.com цахим шуудангийн хаягнаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хандивын тайлан баталгаажуулах маягтад тэмдэглэгээ хийгээгүйгээр ирүүлсэн.

          Өөрөөр хэлбэл Үндэсний аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/796 дугаартай албан бичигт дурдсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхээс хандивын тайланд дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг, хувийн аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Хаан банк дахь 50**** дугаартай дансны хуулга, банкны тодорхойлолт зэргийг ирүүлээгүй.

          3.3.М******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цаасан дугтуйтай баримт материалыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул Үндэсний аудитын газрын бичиг хэрэг хүлээн аваагүй буцаасан. Мөн тухайн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр g****@gmail.com и-мэйл хаягаас намын 2023 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлсэн байна. Энэ нь хуульд заасан хугацаанаас 21 хоногийн дараа ирсэн тул төрийн аудитын байгууллага хандивын тайланд дүгнэлт гаргах боломжгүй байсан.

          Улсын дээд шүүхээс ирүүлсэн албан бичигт дурдсан холбогдох утас 99***, 88*** дугаар луу залгасан боловч 99*** дугаар холбогдох боломжгүй, 88*** дугаарын хэрэглэгч энэ дугаар тийм намын дугаар биш гэж хэлээд утсаа тасалсан. Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагаас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх улс төрийн намуудтай хийх уулзалтад М*******ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичиг дарга М.Б*** оролцсон.

          Энэхүү хуралд оролцсон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Б*** /Утасны дугаар 88***/-тэй 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр холбогдож намыг үүсгэн байгуулагч Н.Ж****гийн талаар тодруулахад, манай намын дарга нь гадаад улсад амьдардаг тул бид холбогдож чадахгүй гэсэн тайлбарыг өгч, миний бие намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан бичгийг хүлээж авъя гэсний дагуу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам болон бие даан нэр дэвшигчдэд Үндэсний аудитын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08/796 дугаартай албан бичгийг хүлээлгэн өгсөн. Албан бичиг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргав.

          М******* нь хандивын тайлангийн материал хүлээн авах сүүлийн өдөр хүртэл ямарваа нэгэн баримт материал ирүүлээгүй, намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Б***тэй удаа дараа холбогдож материал ирүүлэх талаар тодруулахад сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байна, оролцохгүй байх, манай нам материалаа явуулж чадахгүй гэсэн хариуг өгсөн.

          Иймд М*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Үндэсний аудитын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “…М*******ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй…” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсаны улмаас тус намын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 1.Дээрх хуулийн 38.7-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын эхний долоо хоногт багтан энэ хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, 38.13-т “Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эсвэл болон бие даан нэр дэвшигчийн энэ хуулийн …38.7-д заасан хандивын тайланд …дүгнэлт гаргуулна…”, 38.10-т “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

М*******аас хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр буюу бямба гарагт sh***@audit.gov.mn цахимаар хаягаар болон шуудангаар хүргүүлсэн баримтад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Маягт 1, 2-т заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын дэлгэрэнгүй жагсаалт, Голомт банкны харилцах дансны хуулга байсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан болон хариуцагч Үндэсний аудитын газраас ирүүлсэн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Нам, эвслээс ирүүлсэн хандивын тайланг хянан баталгаажуулж дүгнэлт гаргах заавар”-ын 2.1.3-т “намуудын сонгуулийн жилийн өмнөх оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, энэхүү зааварт заасан маягтын дагуу бэлтгэсэн хандивын тайлан, холбогдох баримт материалыг нам, эвслээс цаасан болон цахим хэлбэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хугацааны дотор гаргуулан авах” гэж зааснаас гадна Үндэсний аудитын газрын мөн өдрийн 08/796 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам болон бие даан нэр дэвшигч нарт хандивын тайлангийн маягтыг бичгийн хэлбэрээр хүргүүлж, мөн энэ тухай өөрийн цахим хуудаст байршуулжээ.

Тухайлбал уг албан бичигт нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан хандивын тайланг дээрх зааврын хавсралт МАЯГТ 1, МАЯГТ 2-ын дагуу 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 17:30 цагийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэхдээ намын улсын бүртгэлийн гэрчилгээ, намын 2023 оны санхүүгийн жилийн эцсийн аудитлагдсан тайлан, харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулга /2023.01.01-2023.12.31, 2024.01.01-03.01-ний өдрийг хүртэлх/, банкны тодорхойлолт /данс бүрээр/-ыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр битүүмжлэн ирүүлэхийг мэдэгдсэн байна.

2.Үндэсний аудитын газраас энэхүү албан бичгийн хуулбарыг М*******ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Б***д 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр биечлэн өгсөн болохыг нотлох тэмдэглэлийн хуулбар хэрэгт авагдсан, гэвч нэхэмжлэгч талаас М.Б***г уг албан бичгийг авах эрхгүй буюу намын ЕНБД-ын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж маргадаг боловч энэ талаарх үйл баримт нь хэрэгт хамааралгүй байх тул тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь М.Б***д дээрх албан бичгийн хуулбарыг өгсөн нь хуульд заасны дагуу хандивын тайланд дүгнэлт гаргах эсэхэд огт нөлөөлөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* 2024 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн цахим хаягаар дээр дурдсанчилан холбогдох баримтыг илгээсэн, мөн энэ талаараа нэхэмжлэлд тодорхой дурдсан байх боловч шаардсан баримтуудаас намын 2023 оны санхүүгийн жилийн эцсийн аудитлагдсан тайлан, Голомт банкны тодорхойлолтыг тухайн өдөр хүргүүлээгүйг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болно.

Улмаар М*******аас 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаар албан албан бичгээр “Н***” ХХК-иар мөн оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аудитлагдсан намын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хандсан үйл баримтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.7-д заасан хугацаа хэдий нь өнгөрсөн, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ийнхүү хэтрүүлсэн шалтгаанаа М.Б***тэй бус харин намын дарга гадаадаас ирж амжаагүйтэй холбон тайлбарласан бөгөөд үүнийг ч намын дарга Н.Ж*** үгүйсгэсэнгүй.

3.Сонгуулийн ерөнхий хороо М*******ын Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтдээ хавсаргасан баримт бичгийг дээрх хуулийн 28.1-т заасны дагуу нягтлан шалгах явцдаа хандивын тайландаа дүгнэлт гаргуулсан эсэх талаар лавлагаа гаргуулахаар 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3/277 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хандаж, тус газрын мөн өдрийн 08/1182 дугаар албан бичигт “…хуулийн хугацаанд багтаан аудитын дүгнэлтэд шаардлагатай баримт материалыг албан ёсоор ирүүлээгүй тул хандивын тайлангийн дүгнэлт гаргаагүй” гэснийг үндэслэн маргаан бүхий тогтоолоор М*******ыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

4.Харин хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хандах хоногийг тодорхойлсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.7-д “…ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан” гэснийг Үндэсний аудитын газраас “2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 17:30 цагийн дотор” гэж хязгаарлах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “Цаг хугацааг тоолохдоо …хоногийн хорин дөрвөн цагаар тоолно”, 33.11-т “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж тус тус зааснаас үзэхэд хуульд заасан хоногийг 2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор гэж ойлгох ёстой.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн 33-т Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хугацааг мөн л 2024 оны 4 дүгээр сарын 7-ны дотор байхаар тусгасан байхад ийнхүү хуулиар тогтоосон хугацааг 2 хоногоор багасгасан нь үндэслэлгүй боловч нэгэнт М*******аас хандивын тайландаа аудитын дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд баримтаа бүрэн гаргаж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь хангалттай тогтоогдож байх тул энэ нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.

Нэхэмжлэлд “…Үндэсний аудитын газрын цахим хаягт байршуулсан албан бичигт дурдсан аудитын дүгнэлт гаргахад шаардлагатай баримт материалыг 2024.04.06-ны өдөр буюу хуулийн хугацаанд багтаан цахим хаягаар, мөн нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шуудангаар тус тус хүргүүлсэн…” гэх боловч бодит байдалд намын 2023 оны санхүүгийн тайлан, банкны тодорхойлолт байгаагүй, түүнчлэн санхүүгийн тайланг 4 дүгээр сарын 26-ны өдөр хугацаа хэтрүүлж хүргүүлснийг хуульд заасан шаардлага хангагдсан гэж үзэхгүй, банкны тодорхойлолтыг хуулийн хугацаанд болон дараа нь ч гаргаж өгөөгүй байх тул хариуцагч Үндэсний аудитын газарт зөвхөн хуульд заасан хугацааг хязгааргасан гэх үндэслэлээр аудитын дүгнэлт гаргахыг даалгах, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.3.3-т заасны дагуу “сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг бүрэн гүйцэд байх” шаардлагыг хангаагүй байхад М*******ыг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эсвлийн жагсаалтад бүртгэж, батламж олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах хууль зүйн үндэслэлгүй.

5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10-т “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэсэн нь 2024 оны 4 дүгээр сарын 7-ны дотор нам, эвслээс ирүүлсэн хандивын тайланд Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргахад хамаарахаас бус энэ хугацаанд шаардагдах баримтыг гүйцээж гаргаж өгөх боломжийг нам, эсвэлд олгосон зохицуулалт биш болно.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвшөөрлөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан, тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гараагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3.3, 28.4, 38 дугаар зүйлийн 38.7, 38.10, 38.13 дахь хэсэгт заасныг баримтлан М*******аас Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газарт холбогдуулж гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, М*******ыг 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалтад бүртгэх, батламж олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Үндэсний аудитын газар, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/1182 дугаар албан бичиг болон дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, М*******ын хандивын тайланд дүгнэлт гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

       

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                              Т.ЭНХМАА

 

                                   ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ