Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 52

 

“Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00871/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох

“6.900.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Сэргэлэнбаатар, өмгөөлөгч Ц.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатараас:

...Манай компани “Дулаан шарын гол” ТӨХК-тай 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хөлсөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнэ 9.900.000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөгийг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн дансаар хүлээн авсан. Ингээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үнэлгээний хурлаар батлуулж, “Дулаан шарын гол” ТӨХК-ний гүйцэтгэх захирал /тухайн үед байсан/ С.Чинбатад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингээд би 2014 оны 01 дүгээр сарын 06-аас 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл гэмт хэргийн улмаас хорих 421 дүгээр ангид ял эдлээд гарч ирэхэд гэрээний үлдэгдэл төлбөр 6.900.000 төгрөг огт төлөгдөөгүй болохыг мэдсэн. 2016 оны 09 дүгээр сараас хойш үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн боловч удахгүй өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ. Гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 6.900.000 төгрөгийг “Дулаан шарын гол” ТӨХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгээс:

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан тогтоосон хугацааны турш биелүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед “Дулаан шарын гол” ТӨХК-ний захирал Чинбат нь 2013 онд хоёр талын гэрээг цуцалж байгаа болно гэрээний үүргийн дагуу 6.000.000 төгрөг шилжүүлсэн тухай албан ёсоор мэдэгдэхэд тус компани нь эргэн хариу мэдэгдээгүй байх тул хоёр компани хооронд үүргийн гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, ямар нэгэн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн этгээд буюу хувь хүн эсэх нь тодорхойгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар би авах ёстой хүн гэж урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ удаа дараа хэлж бичиж байсан 6.000.000 төгрөг шилжүүлгээр болон бэлнээр өгсөн гэж хариуцагч байгууллага мэдэгдсээр байхад 9.900.000 төгрөг байнга нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, М.Сэргэлэнбаатар нь би ял эдэлж байсан тул нэхэмжлэл гаргаж чадаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаантай гэж хэтрүүлсэн гэж байгаа боловч ял эдэлсэн асуудал хүндэтгэх шалтгаанд орохгүй бөгөөд компанид нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл гараагүй, компаниас хөлс нэхэмжлээгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 6.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 125.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагчаас 6.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэргэлэнбаатар нь шүүх хуралдаанд манай компани 6.000.000 төгрөг хүлээж аваагүй, Баярмагнай гэдэг хүнийг танихгүй гэх мэтээр тайлбар гаргасан. Гэтэл шийдвэр гарснаас хойш байгууллагын архиваас М.Сэргэлэнбаатарын өөрийнх нь 6.000.000 төгрөг хүлээн авч байсан тухай нотлох баримтууд гарч ирэн, шүүхийн байгууллагад худал тайлбар өгч мөнгөний үнийн дүнг өсгөж, байгууллагад хохирол учруулахад хүрч байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах талаар хянуулах хүсэлт гаргаж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэрт заасан мөнгөний үнийн дүнг багасгаж өгөх талаар хэргийг хянуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК  хариуцагч  “Дулаан Шарын гол” ТӨХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  6.900.000 төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хөөн хэлэлцэх хугацаа  дууссан байхад нэхэмжлэл гаргасан ...,  ... нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхад  тухайн үед  гаргаагүй ...,  гэж  тайлбар гарган маргажээ.

            Шүүх  “...”Эм Эс энд Эм Ди” ХХК-ийг  М.Сэргэлэнбаатар  байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна..., төлөөлөх эрх бүхий  албан тушаалтан нь ял эдэлсэн,...Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн  78.1.3-т заасан үндэслэлд хамаарна..., ...хөөн хэлэлцэх хугацаа  дуусаагүй  ...” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  байна.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр  хязгаарлалгүй хэргийг  бүхэлд нь хянах эрхийн дагуу хянахад  анхан шатны шүүх дараах  алдаа, зөрчил гаргажээ.

            2011 оны  08 дугаар сарын 30-ны өдөр  “Эм Эс энд Эм Ди”  ХХК, “Дулаан  Шарын гол “  ТӨХК –ийн хооронд “ хөлсөөр ажиллах  тухай”  гэх 2011\15 тоот  гэрээ байгуулж \хх-44 дүгээр тал\ “Байгаль орчинд орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гаргуулахаар  харилцан  тохирсон, ажлын хөлс  9.900.000 төгрөг,  төлбөрийг  3 хувааж хэсэгчилж төлөх, сүүлийн төлбөрийг,  батлуулсны дараа  төлнө гэж, ингээд  тохирсон хуваарийн дагуу  3.000.000 төгрөгийг  2011 оны 09 дүгээр сарын 30-нд “Дулаан Шарын гол” ТӨХК “Эм Эс энд Эм Ди”  ХХК-ийн  Голомт банк дахь 1161008041 тоот данс руу  шилжүүлсэн  \хх-47 дугаар тал\,   зохигчид  энэ  талаар маргаагүй.

            Зохигчид  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан  байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  гурван жил гэж  76 дугаар зүйлийн 2-т  Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын  шаардлага гаргах буюу  баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын  хариуг  авсан буюу  эдгээр хугацаа  дууссан үеэс үүснэ гэжээ.

            2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  МD компанийн хийсэн Дулаан шарын гол ТӨХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг  тус компанийн гүйцэтгэх захирал С.Чинбат би хүлээн авлаа \хх-39 дүгээр тал\  гэж тодорхойлолт  гаргасан  өдрөөс  “Эм Эс энд Эм Ди” ХХК-д  гэрээний хөлс төлөх үүргийг  шаардах эрх  үүссэн  гэж үзнэ. Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний  5.1-д  батлуулсны дараа үлдсэн 34,7% буюу 3.435.000 төгрөг  авна гэж мөн тусгасан тул  дээрх өдрөөс   эрх зөрчигдсөн хугацаа  тоологдоно.

            М.Сэргэлэнбаатар 2014 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн  39 дүгээр шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар  05 жил 1 сар хорих ял  шийтгүүлж, хорих ангид ял эдэлж байгаад  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан байна.\хх-7 дугаар тал\

            Шүүх  М.Сэргэлэнбаатарын  хорих ял биеэр эдэлж  байсан энэ хугацааг  Иргэний  хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан  гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас  эрх бүхий этгээд  шүүхэд хандах  боломжгүй байснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь  М.Сэргэлэнбаатар, гэрээг  М.Сэргэлэнбаатар байгуулсан  гэсэн дүгнэлт нь  нотлох баримтад  үндэслээгүй  байна.

            Хөлсөөр ажиллах гэрээнд  “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн захирал М.Сэргэлэн, ажил гүйцэтгэгч М.Сэргэлэн  \хх-44 дүгээр тал\, Монгол Улсын Аялал Жуулчлалын Яамнаас   хуулбарлан ирүүлсэн  тайлангийн нүүр хуудсанд  “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн захирал  Ж.Гүрбазар  \хх-36 дугаар тал\  Улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг оруулсан нэмэлт өөрчлөлтийн  бүртгэл хэсэгт  Магсаржав овогтой  Баярбаатарыг  захирлаар томилсныг  2016 оны 09 дүгээр сарын 28-нд бүртгэсэн  \хх-6 дугаар тал\ , М.Баярбаатараас  М.Сэргэлэнбаатарт  2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр  итгэмжлэл  олгожээ.\хх-5 дугаар тал\

            Дээрх  байдлаас үзэхэд  2013 оны 12 дугаар сарын 12-ноос  2016 оны  12 дугаар сарын 13-ныг хүртэлх  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд  “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийг  төлөөлөх эрх бүхий этгээд нь Ж.Гүрбазар, М.Баярбаатар нар  байсан  байх тул   шүүх  хөөн хэлэлцэх  хугацааг түр зогссон гэж үзсэн нь  буруу болжээ.

             Нэхэмжлэгч  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсанаар үүрэг гүйцэтгэгч  Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу  үүрэг гүйцэтгэхээс татгалзах  эрхтэй  байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн  хариуцагч  “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдуулан  6.900.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор  шийдвэрлэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “Эм Эс энд Эм Ди” ХХК-ийн  “Дулаан шарын гол” ТӨХК-иас  6.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  “Дулаан шарын гол”  ТӨХК  улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж,  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ       

                                                                 ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА                     

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ