| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2019/00701/И |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 40
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, Шунхлай 00 тоотод оршин суух, Хар ямаатынхан овогт Дүүдээгийн Гансүх /ТЛ84012376/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 232 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхжаргалын Одонтунгалаг /МЖ85080705/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гансүх, хариуцагч М.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 2007 онд М.Одонтунгалагтай танилцан улмаар гэр бүл болсон. 2008 оны 06 дугаар сарын 10-нд гэрлэлтийн 00/001282 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Г.Үүрийнцолмон, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Гантулга төрсөн. Бид зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү охин хоёроо нэг нэгээр нь авсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй!... гэжээ.
Хариуцагч М.Оюунтунгалаг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Бид 2008 онд гэр бүл болоод бидний дундаас 2008 онд охин Г.Үүрийнцолмон, 2010 онд аүү Г.Гантулга нар төрсөн. Бид 2011 оноос тус тусдаа амьдрах болсон. Д.Гансүх хүү Г.Гантулгыг, миний бие охин Г.Үүрийнцолмонгоо авсан. Үүнээс хойш 2 хүүхэд маань тус тусдаа амьдрах болсон. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй хэн хэн нь бусадтай хамтран амьдраад дундаасаа хүүхэдтэй болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдийг маань тус тусынх нь ээж аавд нь үлдээж, гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйл байхгүй!... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гансүх нь хариуцагч М.Одонтунгалагт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2007 онд танилцаж, улмаар 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Үүрийнцолмон, 2010 оны 05 сарын 18-ны өдөр хүү Г.Гантулга нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2011 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд тэдгээрийн хэн аль нь бусадтай хамтран амьдарч байгаа, мөн гэрлэлтээ цуцлуулахыг аль аль нь зөвшөөрсөн, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэдийгээр эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр хадгалагдах бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Г.Гантулга, охин Г.Үүрийнцолмон нар хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Д.Гансүх болон эх М.Одонтунгалаг нар чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн гэрлэгчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар маргаангүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хар ямаатынхан овогт Дүүдээгийн Гансүх, Боржигон овогт Мөнхжаргалын Одонтунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ