Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/00373

 

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/00373

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу 15160, Сүхбаатарын талбай-9, МҮЭХ-ны байр, 0 тоот хаягт байрлах С.Э.С.Г ХХК/РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Газар бизнес төв-ийн 3 дугаар давхар, 0 тоот хаягт байрлах Б.М ХХК /РД: 000000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 1,254,545,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн 723,969,762 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Т.М, гэрч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.М нарын гаргасан тайлбарт: Манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн контор, үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, санхүүжүүлэх, борлуулах, санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлөөр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЧИ/СИ/БА-1 дугаартай Төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг хариуцагч Б.М ХХК, Ч.Х.Б ХХК-иудтай байгуулан хамтран ажилласан. Тус гэрээнд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3/1 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг Б.М ХХК-тай байгуулсан, гүйцэтгэгч Б.М ХХК нь гэрээний 1.1-д заасан С.Э.С.Г ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар контор, үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтын ажил болон гадна, дотно засал, лифт угсралт, гадна, дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг талууд хамтран хэрэгжүүлэн бараа материал, барилгын ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, машин механизмыг өөрсдөө гарган, захиалагчийн захиалга, зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг барилгын норм дүрэм, чанар стандартын шаардлага хангаж мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн болно. Гэрээний хавсралт №1-ээр Ажил гүйцэтгэх график болон санхүүжилтийн график, хавсралт №2-оор Бараа материалын сонголтын задаргаа-г тус тус баталсан.

 

Улмаар нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу Ч.Х.Б ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр №ББГ-2018/ЗГ/64 дугаартай зээлийн гэрээг байгуулан 4,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авахаар тохирсон. Гэрээний дагуу эхний санхүүжилт 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 1,500,000,000 төгрөгийг гүйцэтгэгч Б.М ХХК-ийн данс руу шилжүүлж, ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт буюу барилгын ажил гүйцэтгэх графикийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15 давхар барилгын карказыг бүрэн барьж дуусган, нийт 3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан боловч тухайн өдөр 2 давхарын карказ цутгагдсан, 3 дугаар давхарын арматурчлалын ажил хийгдсэн байсан бөгөөд үүнээс цааш ажил хийгдээгүй болно. Гүйцэтгэгч Б.М ХХК нь эхний санхүүжилтээр олгосон 1,500,000,000 төгрөгөөс 663,447,274.59 төгрөгийг зориулалтын бусаар буюу өөрийн компанийн хэрэгжүүлж буй өөр төсөл рүү дээрх мөнгийг оруулж, үлдсэн 836,552,725.41 төгрөгийг манай төсөлд оруулж ажил хийж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. Энэ зөрчлийг манай компани мэдээд Б.М ХХК-д мэдэгдэл хүргүүлэхэд олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласнаа хүлээн зөвшөөрч, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 663,447,274.59 төгрөгийг, хүү 40,178,553.33 төгрөг, нийт 704,595,328.42 төгрөгийг банкнаас зээл авах замаар буцаан төлж, уг мөнгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх болсон тул манай компанийн зүгээс итгэл үзүүлэн хугацаа олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй.

 

Төсөл хэрэгжүүлэх гэрээний 9.2.3-д ... Талуудын аль нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, үр дүн гарахгүй нь тодорхой болсны улмаас нөгөө тал нь гэрээнээс татгалзсан бол..., мөн Ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т Захиалагч тал нь өөрийн санаачилгаар энэхүү гэрээг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдсэнээр гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлахад захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн бүхий л ажлын хөлсийг мөн гэрээ цуцлахаас өмнө гарсан бодитой зардлыг гүйцэтгэгчид төлнө. Гэрээ цуцалсны дараах нэхэмжлэхийг гүйцэтгэгч талын сүүлийн нэхэмжлэх гэж тооцно., мөн 10.4-т ... энэ гэрээний 10.3 дахь хэсэгт зааснаар захиалагчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэл нь гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж барилгын ажил саатсан, зогссон, хугацаа хэтэрсэн тохиолдолд хамаарна..., мөн 10.7.1-д ... гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг шаардагдах түвшинд хийж гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон., 10.7.2-т ... гүйцэтгэгч 3-аас дээш хоног ажлаа хаяж явсан, захиалагчийн шаардлага, зааварчилгааг биелүүлээгүй, мөн 10.7.3-т доголдолтой ажлыг заасан хугацаанд засч доголдлоо арилгаагүй, зассан ч ямар нэгэн үр дүн гараагүй..., 10.7.4-т ... гэрээт ажлын хугацааг сунгасан боловч уг хугацаанд ажлаа дуусгаагүй... гэж тус тус заасны дагуу Б.М ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан.

 

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээг дүгнэсэн актыг үйлдсэн бөгөөд 2018 оны барилга угсралтын ажлын өртөг нь 4,000,000,000 төгрөг байхаас гүйцэтгэл нь 26.3 хувьтай буюу 1,053,340,953.1 төгрөгийн ажлыг хийсэн, 2,946,659,046.90 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцох зохицуулалтын дагуу алдангийг дараахь байдлаар тооцов. Графикийн дагуу 134 хоног ажиллавал зохих ёстойгоос 3 давхар хүртэл хийгдэх ажлын хугацаа 30 хоног гэж тооцвол алданги тооцох хугацаа 100 хоног байна. Гүйцэтгэгч нь нийт 2,946,659,046.9 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгээгүй тул үүнийг 0.3 хувийг 100 хоногоор тооцоход 883,996,814 төгрөгийн алданги болж байна. Мөн барилгын 1, 2 дугаар давхарын карказны ажил чанаргүй, дутуу хийгдсэн тул нэмэлт зардалд 106,551,800 төгрөгийн зардал гарахаар байгааг гэрээ дүгнэхэд гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурсан байгаа. Мөн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэлээр Б.М ХХК-д илүү 84,650,869 төгрөгийн илүү төлөлт хийгдсэнийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэл №2-оор баталгаажуулсан болно. Хариуцагч Б.М ХХК-иас гэрээний үүрэгт зардалд 106,551,800 төгрөг, алданги 883,996,814 төгрөг, илүү төлөлтийн 84,650,869 төгрөг, нийт 1,075,199,483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Мөн үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн. Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад тухайн барилгын хийц, чанар нь стандарт шаардлагыг бүрэн хангахгүй байсны улмаас манайх цааш нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс бетон хийцийн хүчитгэлийн ажлыг Цээл харш ХХК-иар хийж гүйцэтгүүлж байгаа. Барилгын хүчитгэл засварын ажилд зарцуулсан хохиролд 179,346,422 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

-Оношилгоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвөөр барилгын экспиртизийн тайлан дүгнэлт, Бат бөх шалгуулсан 15,440,000 төгрөг,

-Зургийн автороор баганын хүчитгэлийн ажлын зураг зуруулах 5,000,000 төгрөг,

-Дүгнэлтийн дагуу Сика брендийн материалын зардал 14,481,678 төгрөг,

-Ш.С ХХК-ийн даацын тулаас, тээвэртэй 6,421,562 төгрөг,

-Тулаасын эвүүр балка модны захаас тээвэртэй 2м-тэй 1,300,000 төгрөг,

-Металл багануудад зэврэлтээс хамгаалах будаг хийх /материалтай/ 908,720 төгрөг,

-Баганын хүчитгэлийн металл хийцийн материалын зардал /Н двутавр болон боолт тээвэр/ 13,120,482 төгрөг,

-Цээл харш ХХК-иар гүйцэтгүүлсэн металл хийцээр баганын хүчитгэлийн ажлын хөлс 90,000,000 төгрөг,

-Цутгамал төмөр бетонон шат буулгаж дахин цутгах ажил /хятад бригад/ зоориос 3 дугаар давхар хүртэл 25,500,000 төгрөг,

-Шатны хонгилын хэв тэлсэн задарсан цутгамал ханын шавардлага, зоориос 3 дугаар давхар хүртэл/ 1,174,000 төгрөг, нийт 179,346,422 төгрөг болно. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 179,346,422 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,254,545,905 төгрөгийг хариуцагч Б.М ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд манай зүгээс тусгайлан гаргах тайлбар байхгүй. Шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага дээр бусдын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй гэж бодож байна, өөр хэлэх зүйлгүй. Хариуцагчийн төлөөлөгч Б.Бын хэлсэн тайлбартай холбоотой дараахь тайлбарыг гаргая. 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 1,500,000,000 төгрөг С.Э.С.Г ХХК-ийн дансанд орсон. Уг 1,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэгч буюу захиалагч С.Э.С.Г ХХКнь хариуцагч Б.М ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний хавтаст №1-ээр ажлын график болон санхүүжилтийн графикийг талууд баталсан. 2018 оны 7 дугаар сард 1,500,000,000 төгрөгийн төсөвт ажлыг хийнэ гэдгийг гэрээний хавсралтаар тохирсон. Төлбөрийг хийсэн тул Б.М ХХК-ийг ажлаа хийж байгаа гэж ойлгосон. Явцын дунд хяналт тавьж байсан, ажил удаашралтай байсан. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр эхний гүйцэтгэлийг тодорхойлоход 1 дүгээр давхар болон 2 дугаар давхарын барилгын карказын ажил буюу 836,552,725 төгрөгийн ажил хийсэн байсан. Б.М ХХК нь 663,447,274,59 төгрөгийн санхүүжилтийг уг барилгад оруулаагүй бөгөөд зориулалтын бусаар ашиглаж өөрсдийнхөө хэрэгжүүлж байсан өөр төслийн ажилд уг мөнгийг зарцуулж гэрээг зөрчсөн асуудал гарсан. Б.М ХХК нь уг зөрчлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаанд С.Э.С.Г ХХК-ийн авсан зээлийн хүү тооцогдоод явж байсан ба С.Э.С.Г ХХК-ийн Ч.Х.Б ХХК-тай байгуулсан 4,000,000,000 төгрөгийн зээлээс 663,447,274,59 төгрөгийг хүү 40,178,553.33 төгрөг, нийт 704,595,328.42 төгрөгийг Чингис хаан банкинд төлье гэдгийг Б.М ХХК нь хүлээн зөвшөөрч төлсөн байдаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүргийг салгасан гэж байна. Салгасан зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Гэрээг цуцалж байгаатай холбогдуулан гэрээг цуцалсан акт үйлдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 836,552,725 төгрөгийн ажлыг хийсэн. Үүнээс 84,650,000 төгрөгийн зардал хасагдах ёстой гэж бодохоор нийт 751,900,869 төгрөг болж байгаа. Гүйцэтгэл № 1-ээр 51,090,000 төгрөгийг Б.М ХХК нь С.Э.С.Г ХХК-д төлөхөөр талууд тохиролцсон. Гүйцэтгэл № 2-оор 55,461,800 төгрөгийг Б.М ХХК нь С.Э.С.Г ХХК-д төлөх талаар гэрээ дүгнэсэн акт үйлдэгдсэн. Ингээд нийт 106,551,800 төгрөг болсон.

 

Хариуцагчийн зүгээс алдангийг ойлгомжгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заагдсаны дагуу барилгын 15 давхар хүртэл барилгын карказ баригдах ёстой. С.Э.С.Г ХХКнь 4, 5 давхарын карказ угсралтын ажил хийгдвэл захиалга авч эхэлье гэж тооцож байсан. Хэрвээ захилга аваад эхэлвэл 3,000,000,000 тэрбум төгрөгийн ашиг олно, ашиг олвол Чингис хаан банкнаас авсан зээлийг төлөх боломжтой гэсэн тооцоо гаргасан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 26,3 хувьтай буюу 1,053,940,953 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Алдангийг 2,946,659,046,90 төгрөгөөс тооцож байгаа. Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 4,000,000,000 төгрөгийн ажлыг хийсэн байх ёстой. Гэтэл гэрээ цуцлагдах хугацаанд 1,053,940,953 төгрөгийн ажлыг хийгээд 2,946,659,046.1 төгрөгийн ажлыг хийгээгүй гэсэн тооцоо гарсан. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад хугацааг тодорхой заасан байдаг. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 134 хоног байна. Энэ хугацаанд 15 давхар барилгын ажлыг бэлэн болгосон байх ёстой. Гүйцэтгэгч компани нь 1 давхарын карказыг 7-оос 14 хоногт гүйцэтгэх боломжтой гэж хэлсэн тул дунджаар 10 хоногоор тооцож, 1, 2, 3 давхарын карказыг 30 хоногт хийнэ гэж тооцсон. 1-3 давхарын арматурчлалыг хийсэн гэж үзвэл 30 хоногийг хасаад 100 хоног үлдэж байгаа. Иймд үлдэглэл 100 хоногоор бодож 2,946,659,046,90 төгрөгийн алданги 883,996,814 төгрөг болж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсэгт заасны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцож алдангийг шаардаж байгаа гэв.

 

Хариуцагч Б.М ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын гаргасан тайлбарт: С.Э.С.Г ХХК-ийн зүгээс гүйцэтгэгч Б.М ХХК-нд өмнө нь энэ талаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан боловч барилгын ажлыг графикт заасан хугацаандаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байсан тул гэрээнээс татгалзсан бол байгуулсан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн бөгөөд 2018 оны гүйцэтгэлийн өртөг нь 4 тэрбум төгрөг байхаас байхаас барилга угсралтын ажлын гүйцэтгэл 26.3 хувьтай буюу 1,053,340,953.1 төгрөгийн ажлыг хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан. Ажиллавал зохих 134 хоног байсан, үүнээс барилгын 3 дугаар давхар хүртэл хийгдэх ажлын хугацаа 30 хоног гэж үзвэл алданги тооцох хугацаа нийт 100 хоногоор /2,946,659,046.3 х 0,3/ тооцвол гэрээ цуцлах хүртэл хугацаанд 883,996,814 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ. Ажил чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд нийт 106,551,800 төгрөгийн зардал гарахаар байгаа бөгөөд уг зардлыг гэрээ дүгнэхэд гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн, 84,650,869 төгрөгийн илүү төлөлт хийгдсэнийг баталгаажуулсан гэж тус тус нэхэмжлэлд дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлохыг хуулиар заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний ямар үнийн дүнгээс хэдий хугацааны алданги, гэрээнээс татгалзсан, цуцлахтай холбоотой хохирол, үр дагавараас үүсэх хохирлын аль нь болохыг ялгаж, зааглаагүй, ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх бичгийн тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь алдангийг 883,996,814 төгрөгөөр тооцож байна. Ямар үнийн дүнг, хэзээнээс хэд хоногоор тооцож байгаа нь тодорхойгүй байна. 8,000,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан бол 4,000,000,000 төгрөгийг С.Э.С.Г ХХК, 4,000,000,000 төгрөгийг Чингис хаан банк гаргах ёстой. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2018/ЗГ/64 дугаартай зээлийн гэрээгээр 4,000,000,000 төгрөгийг авсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын байдлаар санжүүлжилтын 1,5 тэрбум төгрөгийг авсан. Манайхтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,5 тэрбум төгрөгийг олгохдоо 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр талууд 1,5 тэрбум төгрөгийн зээл буюу гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээг салгасан. 663,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү алданги гэсэн тооцоо хийж, нийт 704,000,000 төгрөгийн гэрээг Б.М ХХК нь Ч.Х.Б ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл 4,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс олгосон 1,5 тэрбум төгрөгөөс 704,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн гэрээгээр үүрэг шилжүүлж авч, зээлийг салгасан. Тиймээс алданги тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Нэмэлт хугацаа сунгасан эсэх талаар гэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бид хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэсэн агуулга тайлбар бичсэн байсан. Нэхэмжлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 0030 тоот албан бичигт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр талууд барилгын ажлыг дүгнэхэд 13,1 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж ярьдаг. Гэтэл одоо нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 26,3 хувийн гүйцэтгэлтэй гэж ярьж байна. Бодитоор нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэж байгаа бол барилга угсралтын ажлыг талууд тохиролцсон гэж үзэхээр байна. Үр дүн гараагүй гэж байна. Барилга угсралтын ажил 13,1 хувьтай байснаа 26,3 хувьтай болж үр дүн гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна гэв.

Гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Т.М нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингис хаан банкны зүгээс бидний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бие даасан шаардлага гаргасан. Учир нь Ч.Х.Б ХХК нь төсөл хэрэгжүүлэх гэрээний үүргийн дагуу төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч нартай зөвшилцөж 2018 оны 7 дугаар сарын 4-ны өдөр С.Э.С.Г ХХК-тай 4,000,0000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Б.М ХХК-тай 1,7 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 1,027,435,180,00 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үйл ажиллагаа явж байхад Б.М ХХК нь олгогдсон санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс үлдэгдэл санхүүжилт болох 672,564,820,00 төгрөгийн зээлийг олгоогүй. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй нөхцөл байдал үүссэн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө хуулийн дагуу цуцалж, гэрээний үүрэгт 624,761,120,00 төгрөг, зээлийн хүү 99,208,642,00 төгрөг, нийт 723,969,762,00 төгрөгийг хариуцагч Б.М ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан. Тиймээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг зориулалтгүй гэж тайлбарлаж байна. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээ байгаа. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт Банк энэхүү гэрээний нэгдүгээр хавсралтанд заасан төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 4,000,000,000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчид зээлдүүлнэ. Банк болон төсөл хэрэгжүүлэгчийн хоорондын зээлийн харилцааг тусгайлан гэрээгээр зохицуулна, 2.1.2 дэх хэсэгт Гүйцэтгэгч тал нь үйлчилгээний талбай, орон сууцны барилгын цогцолбороос өөрт ногдох хэсгийг борлуулах, арилжих болон бусад арга замаар энэхүү гэрээний хоёрдугаар хавсралтад заасан төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай 4,000,000,000 төгрөгийг гаргана, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Банк нь төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгчийн харилцан зөвшилцөж ирүүлсэн санхүүжилт олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасан. Төсөл хэрэгжүүлэгч гэдэг нь С.Э.С.Г ХХК, гүйцэтгэгч нь Б.М ХХК ба уг хоёр компанид төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэг болвол олгоно гэсэн үүрэг юм. Уг үүргийн дагуу Б.М ХХК-д 1,7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХКнь хариуцагч Б.М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,254,545,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М ХХК нь ... Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, алданги тооцсон үнийн дүн, хугацаа тодорхой биш, гэрээ хэрэгжих хугацаанд манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг 13.1 хувь, 26.3 хувь гэж зөрүүтэй тодорхойлсон гэж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 624,761,120,00 төгрөг, хүүнд 99,208,642,00 төгрөг, нийт 723,969,762,00 төгрөгийг хариуцагч Б.М ХХК-иас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэх бие даасан шаардлагыг гаргасан ба хариуцагч Б.М ХХК нь ... 704 сая төгрөгийн зээлийг салгасан, энэ зээл нь шугамын зээл ба зориулалт байхгүй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК, хариуцагч Б.М ХХК-иуд нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 03/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдах С.Э.С.Г ХХК-ийн 8,000,000,000 төгрөгийн өртөг бүхий зоорьтой, 15 давхар, контор, үйлчилгээний төв бүхий орон сууцны барилгын угсралт, гадна, дотор засал, лифт угсралт, гадна, дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж, улсын комисст гүйцэтгэгч Б.М ХХК нь хүлээлгэж өгөх, захиалагч С.Э.С.Г ХХКнь 4,000,000,000 төгрөгийг Ч.Х.Б ХХК-иас зээл авч, ажлын гүйцэтгэлийг үндэслэн санхүүжилт олгох, үлдэгдэл 4,000,000,000 төгрөгийг гүйцэтгэгч Б.М ХХК гаргаж барилгыг бүрэн ашиглалтанд оруулах, гүйцэтгэгч Б.М ХХК нь барилгын ажлыг бүрэн хийж дуусган, улсын комисст хүлээлгэн өгч улмаар захиалагчийн өмчлөлд эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгснөөр оруулсан хөрөнгө оруулалт болох 4,000,000,000 төгрөгийн санхүүжилтэд нийт ашигтай табайн 31.64 хувь буюу 1789.7 м/кв талбайгаас 6, 7 дугаар давхарыг бүтнээр нь буюу 808.2 м/кв офиссын талбайг 1 м/кв-ыг 3,500,000 төгрөгөөр, 8, 9 дүгээр давхар бүтнээр нь буюу 708.6 м/кв талбай, 10 дугаар давхарын 283.5 /А, В, С, Е/ м/кв талбай, нийт 992.1 м/кв орон сууцны талбайг 1 м/кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож, 2 авто машины зогсоолын талбайг тус тус гүйцэтгэгчид олгох, үлдсэн 3887.1 м/кв талбайг захиалагчийн өмчлөлд үлдэхээр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар барилгын ажлын нийт өртөг болох 8,000,000,000 төгрөгөөс 4,000,000,000 төгрөгийг захиалагч С.Э.С.Г ХХКнь банкнаас зээл авах замаар санхүүжилтыг олгохоор тохиролцсон ба нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК, хариуцагч Б.М ХХК, гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК-иуд нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЧИ/СИ/БА-1 тоот Төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Соёлын төв-ийн зүүн хойд талбайд барих С.Э.С.Г ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажилд шаарддагдах 8,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгч С.Э.С.Г ХХКнь Ч.Х.Б ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр №ББГ-2018/ЗГ/64 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар авахаар тохиролцсон. Уг зээлийн гэрээгээр Ч.Х.Б ХХК нь зээлдэгч С.Э.С.Г ХХК-ийн авбал зохих зээлийн эхний санхүүжилт болох 1,500,000,000 төгрөгийг захиалагч С.Э.С.Г ХХК-ийн өмнөөс 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гүйцэтгэгч Б.М ХХК-ийн Чингис хаан банк-н дахь 5101001520 тоот дансанд шилжүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал/

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХКнь хариуцагч Б.М ХХК графикийн дагуу ажил хийгээгүй, ажлын чанар муу, олгосон санхүүжилтыг зориулалтын бусаар ашигласан тул ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т Захиалагч тал нь өөрийн санаачилгаар энэхүү гэрээг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдсэнээр гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлахад захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн бүхий л ажлын хөлсийг мөн гэрээ цуцлахаас өмнө гарсан бодитой зардлыг гүйцэтгэгчид төлнө. Гэрээ цуцалсны дараах нэхэмжлэхийг гүйцэтгэгч талын сүүлийн нэхэмжлэх гэж тооцно., мөн 10.4-т ... энэ гэрээний 10.3 дахь хэсэгт зааснаар захиалагчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэл нь гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж барилгын ажил саатсан, зогссон, хугацаа хэтэрсэн тохиолдолд хамаарна..., мөн 10.7.1-д ... гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг шаардагдах түвшинд хийж гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон., 10.7.2-т ... гүйцэтгэгч 3-аас дээш хоног ажлаа хаяж явсан, захиалагчийн шаардлага, зааварчилгааг биелүүлээгүй, мөн 10.7.3-т доголдолтой ажлыг заасан хугацаанд засч доголдлоо арилгаагүй, зассан ч ямар нэгэн үр дүн гараагүй..., 10.7.4-т ... гэрээт ажлын хугацааг сунгасан боловч уг хугацаанд ажлаа дуусгаагүй... гэж тус тус заасны дагуу Б.М ХХК-тай байгуулсан гэрээг цуцалжээ.

-Нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 883,996,814 төгрөг нэхэмжилсэн шаардлагын талаар:

Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын комиссын актаар хүлээлгэн өгөх, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажил зогсох-оор заажээ. Гүйцэтгэгч Б.М ХХК нь барилга угсралтын ажлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба Барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн акт /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал/-д дурдсанаар ажлын гүйцэтгэл 26.3 хувь буюу 1,056,340,953.1 төгрөгийн ажил /газар шорооны ажил 100 хувь, суурийн ажил 100 хувь, төмөр бетон карказын ажил 17.6 хувь, цахилгаан холбоо, далд монтажийн холболт угсралтын ажил 17.6 хувь, гадна цахилгаан угсралтын ажил 100 хувь/-ыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,946,659,046.9 төгрөг, алданги тооцох хоног 100 хоног гэж талууд дүгнэжээ. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ... гүйцэтгэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 15 давхарын карказын ажлыг бүрэн хийх дуусгах буюу нийт 3,000,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байх ёстой гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ... 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд гүйцэтгэгч нь 4,000,000,000 төгрөгийн ажил буюу 15 давхарын карказын ажлыг бүрэн хийж дуусгасан байх үүрэг хүлээсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт № 1-ээр батлагдсан Ажил гүйцэтгэх график болон санхүүжилтийн график /1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар тал/-аар дээрх тайлбар, актын зарим хэсэг үгүйсгэгдэж байна. Уг графикаас үзвэл захиалагч С.Э.С.Г ХХКнь 2018 оны 6 дугаар сарын 4 дэх 7 хоногт 1,500,000,000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын эхний 7 хоногт 300,000,000 төгрөгийн, 2018 оны 9 дүгээр сарын 2 дугаар 7 хоногт 200,000,000 төгрөгийн буюу нийт 2,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг хийж, үүнд тохирсон ажлыг буюу 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд 15 давхарын карказын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч Б.М ХХК хүлээсэн гэж үзэхээр байна.

Иймд алдангийг дараахь байдлаар тооцох нь зүйтэй гэж үзлээ. Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн ба гүйцэтгэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлыг 1,053,340,953.1 төгрөгөөр, алданги тооцох хоногийг 100 хоногоор тогтоосон нь үндэслэл бүхий болсон. Харин гүйцэтгэвэл зохих ажлыг 4,000,000,000 төгрөг гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй ба гэрээний хавсралтад зааснаар гүйцэтгэвэл зохих ажил 2,000,000,000 төгрөг байх тул үүнээс гүйцэтгэсэн ажлыг буюу 1,053,340,953.1 төгрөгийг хасахад 946,659,046.9 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцох гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 946,659,046.9 төгрөг : 0.3 хувь = 2,839,977.1 төгрөг, х 100 хоног = 283,997,714.07 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, алдангиас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

-Нэхэмжлэлийн шаардлагын карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106,551,800 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 гэх актыг үйлдсэн байх ба актад дурдсанаар барилгын 1 дүгээр давхарын карказын нэмэлт ажлын зардлыг нөхөн гаргуулах, Үүнд: 1 дүгээр давхарын цутгалтын ажилд гарсан дүгнэлтийн төлбөр 280,000 төгрөг, Топ кад ХХК-ийн гэрээний төлбөр 810,000 төгрөг, 1 дүгээр давхарын бетон хийцийн хүчитгэлийн ажил 40,000,000 төгрөг, 1 дүгээр давхарын бетон цүлхийсэн хэсгийн засварын ажил 5,000,000 төгрөг, барилгын баруун хойд хэсэгт шороо булалт хийх 5,000,000 төгрөг, нийт 51,090,000 төгрөг, Барилгын 2 дугаар давхарын карказ, 3 дугаар давхарын арматурчлалын нэмэлт ажлын зардлыг нөхөн гаргуулах, Үүнд: Барилгын 2 дугаар давхарын цутгалтын ажлын цулжилт дүгнэлтийг гаргуулах 2,000,000 төгрөг, 2 дугаар давхарын бетон хийцийн хүчитгэлийн ажил 40,000,000 төгрөг, арматурын үнийн зөрүү 1,531,400 төгрөг, 3 дугаар давхарын барилга угсралтын ажлын барьцаа 5 хувь 2,116,800 төгрөг, 3 дугаар давхарын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн бартерийн 10 хувь 4,233,600 төгрөг, 2 дугаар давхарын бетон зуурмагийн өвлийн нэмэлтийн үнэ 5,580,000 төгрөг, нийт 55,461,800 төгрөг, бүгд 106,551,800 төгрөгийг Б.М ХХК-иас гаргуулах гэжээ. Хариуцагч дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар баримтаар үгүйсгэх чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг бүхэлд нь хангах нь зүйтэй.

-Нэхэмжлэлийн шаардлагын илүү төлсөн 84,650,869 төгрөгийн шаардлагын талаар:

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 гэх актыг үйлджээ. Уг актад дурдсанаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №03/01 тоот гэрээний дагуу хийгдсэн С.Э.С.Г ХХК-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1-ийн дүнг 836,552,725.41 төгрөгөөр тооцсон бөгөөд уг гүйцэтгэлийг ажлын зурагтай тулган үзсэнээр гүйцэтгэлээс дараахь зардлыг хасч тооцно. Үүнд суурь, зоорь, 1 дүгээр давхарын карказ угсралтын ажлын арматурт хаягдал тооцсон зөрүү 19.7 тонн, нэгжийн үнэ 1,738,622.3 төгрөг, нийт 34,250,869.31 төгрөг, хэв хашмалын 93.9 төгрөг тооцоонд кран худалдаж авах урьдчилгаа төлбөрийг оруулсныг суутган тооцох 50,400,000 төгрөг, бүгд 84,650,869.31 төгрөгийг Б.М ХХК-иас гаргуулах гэжээ. Хариуцагч дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар баримтаар үгүйсгэх чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг бүхэлд нь хангах нь зүйтэй.

-Нэхэмжлэлийн нэмэгдүүсэн шаардлага 179,346,442 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХКнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 179,346,442 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүнд дараахь зардлуудыг нэхэмжилсэн байна. Үүнд: Оношилгоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төв-өөр барилгын экспиртизийн тайлан дүгнэлт, Бат бөх шалгуулсан 15,440,000 төгрөг, зургийн автороор баганын хүчитгэлийн ажлын зураг зуруулах 5,000,000 төгрөг, дүгнэлтийн дагуу Сика брендийн материалын зардал 14,481,678 төгрөг, Ш.С ХХК-ийн даацын тулаас, тээвэртэй 6,421,562 төгрөг, тулаасын эвүүр балка модны захаас тээвэртэй 2м-тэй 1,300,000 төгрөг, металл багануудад зэврэлтээс хамгаалах будаг хийх /материалтай/ 908,720 төгрөг, баганын хүчитгэлийн металл хийцийн материалын зардал /Н двутавр болон боолт тээвэр/ 13,120,482 төгрөг, Цээл харш ХХК-иар гүйцэтгүүлсэн металл хийцээр баганын хүчитгэлийн ажлын хөлс 90,000,000 төгрөг, цутгамал төмөр бетонон шат буулгаж дахин цутгах ажил /хятад бригад/ зоориос 3 дугаар давхар хүртэл 25,500,000 төгрөг, шатны хонгилын хэв тэлсэн задарсан цутгамал ханын шавардлага, зоориос 3 дугаар давхар хүртэл/ 1,174,000 төгрөг, нийт 179,346,422 төгрөг гэжээ. Гэвч дээрх зардлууд нь Б.М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанар муу, баганын тэнхлэг алдах, бетоны нягтрал муу, сийрэгжилт үүссэн гэх буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Б.М ХХК-иас алдангид 283,997,714.07 төгрөг, карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106,551,800 төгрөг, илүү төлсөн 84,650,869 төгрөг, нийт 475,200,383.07 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599,999,099.93 төгрөгт холбогдох хэсгийг, нэмэгдүүлсэн шаардлага 179,346,422 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гурвдагч этгээд Ч.Х.Б ХХК-ийн бие даасан шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК, хариуцагч Б.М ХХК, гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК-иуд нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЧИ/СИ/БА-1 тоот Төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Соёлын төв-ийн зүүн хойд талбайд барих С.Э.С.Г ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажилд шаарддагдах 8,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцсоныг үндэслэн Гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК нь хариуцагч Б.М ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр №1ББГ-2018/ЗГ/97 тоот Зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр №ББГ/БГ/97/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 1,700,000,000 төгрөгийг 21 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 26/9 тоотод байрлах ажялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 25 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, Гуна, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний орлого, харилцах болон бусад дансны орлого, ирээдүйн авлагуудаа барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, гуравдагч этгээд шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2-д жилийн хүү 18 хувь гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 6-д нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Х.Б ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК нь хариуцагч Б.М ХХК-д бодитоор 1,027,435,180 төгрөгийг олгосон, өмнөх зээлээ зориулалтын бусаар ашигласан тул үлдэгдэл 672,564,820 төгрөгийн зээлийг олгоогүй, зээлийн гэрээг цуцалсан, хариуцагч үндсэн зээл, хүүнд нийт 464,333,330 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 624,761,120 төгрөг, хүүнд 99,208,642 төгрөг, нийт 723,969,762 төгрөгийг хариуцагч Б.М ХХК-иас гаргуулж гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК-д олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу гуравдагч этгээдийн дурдсан нэр бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 26/9 тоотод байрлах ажялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 25 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, Гуна, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ... 704 сая төгрөгийн зээлийг салгасан, зээлийг зориулалтгүйгээр олгосон, бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэх тайлбарыг гаргасан. Захиалагч С.Э.С.Г ХХКнь барилга угсралтын ажлын санхүүжилтэд 1,500,000,000 төгрөгийг гүйцэтгэгч Б.М ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн ба энэ санхүүжилтын 663,447,274.59 төгрөгийг гүйцэтгэгч Б.М ХХК зориулалтын бусаар ашигласан буюу тухайн барилгын ажилд зарцуулаагүй, өөр төсөлдөө зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн, энэ зээлийн хүүнд тохирох хүү 40,178,553.33 төгрөг, нийт 704,595,328.42 төгрөгийг Чингис банк ХХК-аас зээл авах замаар захиалагч С.Э.С.Г ХХК-д буцаан төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Б.М ХХК-д олгосон зээл нь уг зээлийн гэрээнд зааснаар хөрөнгө оруулалтын зориулалттай болох нь гэрээгээр тогтоогдож байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох шаардлагагүй, шүүхээс гарах шийдвэр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөр байгаа тохиолдолд зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М ХХК-иас гэрээний алдангид 283,997,714.07 төгрөг, карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106,551,800 төгрөг, илүү төлсөн 84,650,869 төгрөг, нийт 475,200,383.07 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э.С.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599,999,099.93 төгрөгт холбогдох хэсгийг, нэмэгдүүлсэн шаардлага 179,346,422 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1-д зааснаар хариуцагч Б.М ХХК-иас 723,969,762 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Х.Б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр №ББГ/БГ/97/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний 3.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 26/9 тоотод байрлах ажялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 25 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 39/1 тоот байрны зоорийн давхарын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг, Гуна, фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 6,588,632 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,777,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,533,952 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 3,777,799 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР