Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/328

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч БГ.Год холбогдох эрүүгийн ..... дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Буурлын задгай гэх газарт байрлах гэртээ хамтран амьдрагч М.Цэрмаатай үл ялих зүйлээс болж маргалдан, зодож, гуя хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хохирогч М.Цэрмаагийн өгсөн ...2023 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед манай Г.Г нь найз Баатарсүрэнгийнд очиж малын баас арилган гээд явсан өдөр 14 цагийн үед архи уучихсан гэртээ ирээд унтаж байгаад 17 цагийн үед сэрээд Баатарсүрэнтэй утсаар яриад Баатарсүрэнг архи байвал аваад манай гэрт хүрээд ир гэж ярьсан. Удалгүй Баатарсүрэн манай гэрт ундааны савны ёроолд спирт хийчихсэн орж ирсэн тэгээд тэр спиртийг нь манай нөхөр Г.Г найруулаад Баатарсүрэн, Г.Г бид гурав хувааж уугаад байж байх үед Г.Г бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдсан тэгээд Баатарсүрэн гараад явчихсан. Би хэсэг зуур унтаж байгаад сэрхэд Г.Г газар хэвтэж байсан би чи хүүхэнтэй явалддаг биз дээ гээд хэлсэн тэгээд бид хоёр дахиад маргалдсан. Г.Г миний нүүр лүү 4 удаа алгадсан тэгээд гараад явчихаар нь би гэрийнхээ хаалгыг түгжээд Г.Гын эгч Болормаа руу утсаар залгаад Г.Г намайг зодоод байна гэж хэлээд утсаар яриад сууж байтал Г.Г гэрийн хаалгыг хүчтэй татаад гэрт ороод ирсэн. Намайг хэнтэй яриад байгаа юм гээд миний утсыг аваад шидчихээр нь би утсаа авах гээд бостол Г.Г миний зүүн гуяны дотор хэсэг руу цохих шиг болсон тэгээд миний гуя руу халуу оргих шиг болохоор нь хартал цус ойжиж байсан. Би Г.Гын гар луу хартал хар өнгийн даавуун хуйтай, шаргал өнгийн модон иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Г.Г найз Шүрэнцэцэг рүү утсаар залгаад намайг Жаргалант сумын эрүүл мэндийн төв хүргэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч С.Баатарсүрэнгийн өгсөн ...Би 17 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум Буурал 1 дүгээр баг Овоотын 2-02 тоотод гэртээ байж байтал манай найз Г.Г утсаар залгаад намайг ирж хоол ид гэж хэлсэн. Би Г.Гынд хоол идэхээр очихдоо гэртээ байсан 250 грамм орчим ундааны савтай хуурай спиртийг авч очсон. Г.Г тэр спиртэн дээр ус хийж найруулаад Г.Г, Цэрмаа бид гурав найруулсан архиа хувааж уугаад дуусаж байтал манай ангийн хүүхэн миний утас руу залгаад би утсаар ярьж байтал Цэрмаа тоглоом шоглоомоор Г.Г та хоёр хүүхнүүдтэй караокед орох нь уу гээд Г.Гыг үгээр идээд байсан. Тэгээд би яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Буянхишигийн өгсөн ...Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Тухай өдөр 22 цаг 50 минутын үед эрүүл мэндийн төвийн хүлээн авах дээр зүүн гуяны дотор хэсэгт хутгалуулсан цус алдалттай 46 настай М.Цэрмаа гэх эмэгтэй хүргэгдэн ирсэн. Уг эмэгтэй нь ирэхдээ биеийн байдал нь дунд зэргийн, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд хэвийн, чөгмөн өвдөлттэй, цус их хэмжээний алдалттай байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад нөхөр найз хоёртойгоо нэг шил архи уусан тэгээд манай нөхөр найзыгаа явсны дараа гэр бүлийн хэрүүлээс болоод намайг зодсон. Тэгээд гуя руу хутгалчихлаа гэж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын сэжигтнээр өгсөн ...Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Бууралын задгайд гэртээ эхнэр М.Цэрмаагийн хамт байж байтал манай найз Баатарсүрэн манай гэрт ундааны саванд хийчихсэн 300 орчим грамм хуурай спирт барьчихсан орж ирсэн. Тэр хуурай спиртийг нь би усаар найруулаад манай эхнэр Цэрмаа, найз Баатарсүрэн бид гурав хувааж уугаад дуусаж байтал Цэрмаа согтчихоод над руу агсраад чи хүнтэй явалддаг биз дээ гээд орилоод байсан. Тэгтэл Баатарсүрэн би явлаа гээд гараад явчихсан. Би Цэрмаатай гэртээ үлдээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан би Цэрмаагийн нүүр лүү гараараа 4 удаа алгадсан, хөл руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг зайл гээд байхаар нь би гэрээс гараад удалгүй эргээд иртэл гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихсэн утсаар хүнтэй яриад байхаар нь би хаалганыхаа түгжээг татаж ороод хэнтэйгээ яриад байгаа юм гээд уурлаад гал тогооны түмбүүшиг дээр байсан хар өнгийн даавуун хуйтай, бор хүрэн өнгийн модон иштэй хутгыг аваад хуйг нь авалгүй Цэрмаагийн зүүн гуяны дотор хэсэг рүү хатгасан чинь хутганы даавуун хуй нь цоороод Цэрмаагийн гуя руу нь хутгалчихсан тэгээд цус алдаад байхаар нь би утсаар бэр Шүрэнцэцэг рүү залгаад би Цэрмааг хутгалчихлаа эмнэлэг рүү хүргээд өгөөч гэсэн. Шүрэнцэцэг удалгүй машинтай ирээд Цэрмааг эмнэлэгт хүргэсэн би гэртээ үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай ...М.Цэрмаагийн биед зүүн гуянд шарх, баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн ...Би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48, 142 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Цэрмаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн тул шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                  

 Эрүүгийн ..... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч БГ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нийт 22 см урттай, ажлын хэсэг нь 12 см урт, ажлын хэсгийн өргөн 2.3 см, бариул хэсэг 10 см  урттай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч БГ.Гыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч БГ.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч БГ.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

    4. Шүүгдэгч БГ.Год шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

    5. Эрүүгийн ..... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч БГ.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 22 см урттай, ажлын хэсэг нь 12 см урт, ажлын хэсгийн өргөн 2.3 см, бариул хэсэг 10 см  урттай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

   7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч БГ.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч БГ.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН