| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2019/1247/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 162
У.Г-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Н.Батболдын өмгөөлөгч Д.Халзан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1282 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч У.Г-, хохирогч Н.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Г-эд холбогдох эрүүгийн 1903009790444 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
У.Г-, 1993 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
У.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудлын замд, “Эрдэм Транс” ХХК-ийн эзэмшлийн 06-18 УБД улсын дугаартай, “Хьюндай Аеро Сити-540” загварын автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг зөрчсөний улмаас уг автобусанд суухаар явж байсан явган зорчигч Н.Батболдыг баруун хойд дугуйгаараа дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: У.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК-иас 114.810 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Батболдод олгож, хохирогч Н.Батболд нь цаашид эмчилгээтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Эрдэм Транс” ХХК болон шүүгдэгч У.Г- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч У.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний гэр бүл түрээсийн байранд амьдардаг. Нярай хүүхдүүдтэй учир эхнэр маань ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Миний болон манай ХХК-ийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулах болно. Иймд ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Н.Батболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...одоо миний эрүүл мэндийн байдал сайжирсан. Эмчилгээний төлбөрийн асуудлаар харилцан тохиролцсон. Шүүгдэгч У.Г-эд гомдолгүй болсон тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Н.Батболдын өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч У.Г- нь хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болсон тул шүүгдэгч У.Г-эд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсье.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч У.Г-ийн хувийн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой мэдээлэл буюу “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” хавтаст хэрэгт тусгагдаагүй байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд түүнийг “ял шийтгэлгүй” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам”-ыг багтаасан цогц ойлголтыг тогтоон хуульчилсан ба энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, оновчтой байх учиртай.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад, шүүгдэгч У.Г-ийг урьд ял шийтгүүлсэн эсхүл шийтгүүлж байгаагүй эсэх асуудлыг тодруулаагүй, энэ талаарх баримтыг талуудаас гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь үндэслэлтэй болсон эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Анхан шатны шүүх дээрх баримтыг талуудаас хүлээн авч, хэрэгт нөхөн хавсаргах боломжтой бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тодорхойлсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Г-эд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялын талаар гаргасан шүүгдэгч У.Г-, хохирогч Н.Батболд нарын давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1282 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Г-эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл У.Г-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН