Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 128/2021/0865/З |
Дугаар | 128/ШШ2022/0140 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “И” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З
Гомдлын шаардлага: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О , гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Ө.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьд ногдох 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан ба, гомдол гаргагч хуулийн этгээдээс уг 2021 оны 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”ыг хүчингүй болгуулахаар маргажээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар:
2. Өмнө нь хариуцагч гаалийн улсын байцаагчаас гомдол гаргагч “И” ХХК-ийн 2016-2019 он хүртэлх санхүү, нягтлан бодох бүртгэл, гадаад худалдааны бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийж, тус хуулийн этгээдээс 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 31,508,552 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, 9,452,566 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 40,961,117 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
3. Үүний дараа Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн, хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин хийлгэхийг даалгуулахаар гаргасан дүгнэлттэй, гуравдагч этгээд “И” ХХК-ийн мөн хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах бие даасан гомдлын шаардлагатай хэргийг тус шүүхээс хянан шийдвэрлэж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ........... дугаартай шийдвэрээр хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дахин явуулж зөрчлийг шийдвэрлэн, шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсэн ба, харин гуравдагч этгээдээр оролцсон “И” ХХК-ийн бие даасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ........ дугаар тогтоолоор тус тус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ........... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ....... дугаар тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 2102000278 дугаартай зөрчлийн хэргийг нээж, гомдол гаргагч “И” ХХК-ийн 2016 онд 38,672,185 төгрөг, 2017 онд 110,363,973 төгрөг, 2018 онд 54,244,821 төгрөг, нийт 203,280,980 төгрөгийн барааны үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэж ажиллагааг дахин явуулсан байх ба, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 31,508,552 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьд ногдох 9,452,566 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
6. Гомдол гаргагч “И” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан ба, гомдлын шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас өмнө нь шийтгэл оногдуулсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин акт гаргах гаргаагүй бол шийтгэлийн хуудас хүчингүй болохоор шийдвэрлэсэн, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрсөн байхад дахин зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, дахин шинэ акт гаргахдаа өмнөх шүүхийн шийдвэрт заасан оролцогчийн эрхийг хангах, зөрчлийг нотлох ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргадаг.
7. Харин хариуцагчийн тухайд “гомдол гаргагчийн “зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд” гаргасан гомдлыг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, зөрчилд Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба хөөн хэлэлцэх хугацааг шалгалтын удирдамж гарсан өдрөөс тоолсон, гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож удаа дараа дуудсан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, зөрчил нь санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар тогтоогдсон” гэх агуулгаар гомдлын шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.
8. Гомдол гаргагч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх 3 шатны шүүх хуралдаанаар бүх баримтыг шинжлэн судлаад намайг буруугүй гэдгийг нотолж тийм шийдвэр гарсан болов уу гэж би бодож байна. 3 сарын дотор хариуцагч хэрэг нээгээд над руу холбоо бариад намайг ир гэхэд би очсон. Энэ хүн хэрэг нээхдээ шинэ баримт олсон бол надаас асуух байсан. Юу ч асуугаагүй. Би зүгээр л ирээд буцдаг байсан. 8 дугаар сараас бол би хувийн асуудлаа хийж, явахдаа хэлчхээд явдаг байсан.
Хэлээд явсан байхад зориудаар над руу утастаад ирэхгүй байна гэж тэмдэглэсэн байна. Жишээлбэл 9 дүгээр сард би Америк руу үзэсгэлэнд явсан. Үзэсгэлэнд явна гэдгээ энэ хүнд хэлсэн. Яг буух өдөр 3 удаа дуудлага ирсэн байсан. Би онгоцонд явж байхад би яаж хариу өгөх юм бэ. Би ирээгүй биш байнга ирдэг байсан. 2020 оны 6 дугаар сард энэ хүн дээр манай үйлдвэрийн байранд очсон, нэг ч баримт аваагүй. 22 жил гаальтай харьцаж байна. Тухай бүрд байцаагч нар хяналтаа тавьж л байсан. Энэ хүний буруутгаад байгаа шиг асуудал байгаагүй. Бараа авах гээд урагшаагаа шилжүүлсэн мөнгийг Хятад хүн өрөндөө авсан. Урагшаа шилжүүлсэн бүх мөнгөндөө бараа оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Би үйлдвэрээ банканд алдсан байсан учраас хятад хүнээс мөнгө зээлж үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэгэхэд хятад хүн дундаас нь мөнгөө авсан процесс дээр би яах юм бэ. Би 2 жил болоод л ордог татвараар ороод шалгуулаад акт нь тавигдсан. Гааль энийг шалгах ёсгүй” гэв.
9. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэлийн хуудсын агуулга нь 2016 онд 38 672 185 төгрөг, 2017 онд 110 363 973 төгрөг, 2018 онд 54 244 821 төгрөгтэй холбогдуулан нийт 31 508 552 төгрөгийн нөхөн татвар оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд 3.1-д заасан санкцын дагуу уу нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу 9 452 566 төгрөгийг оногдуулаад нийлээд 40 сая төгрөгийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас гарсан байдаг.
Гомдлын гол агуулга бол зүгээс “И” ХХК-д шийтгэлийн хуудас оногдуулсан. Нийслэлийн прокурорын газар, “И” ХХК-иас гомдолтой хэргийг нэгтгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 625 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Дахин хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж хэргийг нээгээд зөрчлийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ”, 2 дахь заалтад “3 сарын хугацаанд зөрчлийг шийдвэрлэж, дахин акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж байна” гэсэн агуулга бүхий шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлал гарсан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн. Магадлалд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ...... дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хугацаанаас ........ дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байгаа юм.
Хавтаст хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг нээх ажиллагаа 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эхэлж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон хугацаа 07 сарын 05-ны өдөр дуусаж байгаа. Гэтэл эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр Зөрчлийн хэрэг нээх тухай гэсэн 09 сарын 09-ны өдрийн тогтоол гаргаад, 2021 оны 10 сарын 25-ны өдөр өнөөдрийн маргаан бүхий зөрчлийн шийтгэлийн хуудас гарсан байгаа юм.
Шүүхээс захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлсэн шийдвэр байсаар байхад дуртай үедээ хэргийг яг өмнөх үндэслэлээр нээж зөрчлийн хэрэг шийдвэрлэх процесс явуулсан хариуцагчийн үйлдлийг харахад шүүхээс ямар ч шийдвэр гаргах шаардлага байхгүй болчхож байгаа юм. Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой, биелүүлэхгүй бол албадан биелүүлэх байтал уг заалтыг хэрэгжүүлэхгүйгээр хууль бус шийдвэр гаргаад байна.
625 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, тухайн асуудлаар маргах эрх нь эцэслэн дуусгавар үр дагаврыг үүсгэсэн. Захиргааны шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгосон бол ямар үр дагавар үүсдэг вэ гэхээр болоод байгаа. Гэтэл хүчингүй болсон актыг дахин сэргээгээд маргаад эсвэл дахин шинэ акт гаргаад байдаг практик аль ч газар байхгүй. Тэгэхээр хариуцагч талаас шүүхийн процесс, хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн.
2016, 2017, 2018 оны зөрчлийг шалгасан шүүхийн нэг ч өөрчлөгдөөгүй өмнөх нь яг л өмнөх хэвээрээ байгаа.
Гуравдугаарт 625 дугаар шийдвэрээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процессыг хангаагүй байна. Зөрчлийн хэрэг нээх, сонсгох ба мэдэгдэх зарчим, оролцоог ханган 2 талаас нотлох баримт цуглуулаад шийтгэлийн хуудсаа гарга гээд анхан, давах, дээд шүүх шийдвэрээ гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн биелэлт нэг ч хангагдаагүй. Яагаад гэвэл 7 дугаар сарын 05-ны өдөр энэ ажиллагааг хийгдэх хугацаа дууссан байхад 9 дүгээр сарын 09-ний өдөр бид нарыг дуудаад ажиллагаа хийж байгаа юм.
9 дүгээр сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээсний манай талаас нотлох баримт шаардсан үйл баримт ч байхгүй, нэмж мэдүүлэг авъя гэж мэдэгдэх хуудас бичсэн үйл баримт байхгүй, гэв гэнэт хугацаа болсон байхад 10 сард шийтгэлийн хуудсаа гаргасан байдаг. Мэдэгдэх, сонсгох зарчим хэрэгжээд талуудаас 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу батлах, нотлох баримт гаргуулах ажиллагаа нэг ч хийгдээгүй байна.
Мөн нэмж хэлэхэд Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа заасан байдаг. Татвартай холбоотой хөөн хэлэлцэх асуудал шийдэх хугацаа 4 жил байна гэж зааж өгсөн.
Гэтэл 2016, 2017, 2018 он гээд байгаа баримтууд нь 2016 оны яг хэдэн сарын ямар баримт ямар татварын объектыг бид дутуу мэдүүлсэн, аль татварын объект буюу аль цаг хугацааны үйлчлэлийг тодорхой тусгаагүй байж бид нар дээр асуудал үүсгээд байгаа. Гэтэл 2016 оны асуудал нь Татварын ерөнхий хуульд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр шийтгэл оногдуулаад байгаа. 2017 оны мөн ямар татварын объект дээр зөрчил гаргаад, хэдэн сарын хэдний ямар үйлдэл дээр бидэнд асуудал байгаа нь бас тодорхойгүй. 2017 оны хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2018 он ч мөн адил хэдний өдрийн ямар асуудал яригдаад байгаа нь тодорхойгүй. Дутуу төлсөн гэж биднийг буруутгаж байгаа 3 жилийн нийт дутуу төлсөн тавар болох 31,508,552 төгрөгөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2 жилийн асуудал байгаа. 31,508,552 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал мөн байгаа. Уг нь аль аль талдаа санхүүгээ байлцуулж байгаад энэ асуудлаа захиргааны шүүхийн 625 дугаар шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдсэн бол энэ асуудал аль хэдийн бүрэн гүйцэд шийдвэрлэгдэх боломжтой байсан. Дутуу төлсөн татвараас Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хувийн алданги буюу торгууль бидэнд ногдуулсан байгаа. 30 хувийн алданги бол Зөрчлийн тухай хуулиар бидэнд оногдуулж байгаа шийтгэл. Энэ нь 9 452 566 төгрөг. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар оногдуулж байгаа шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа 1 сарын хугацаа мөн дууссан.
Иймд Шүүхийн тухай хууль, шүүхийн шийдвэр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан бүх зарчим, процессыг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10. Хариуцагч гаалийн улсын байцаагч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал нэгдүгээрт өмнө шийдсэн асуудлаар дахин шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт Татварын байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал байхад Гаалийн байгууллага шалгалт хийж байна гэсэн үндэслэлээр тайлбар хэлж байна. Эхний үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ....... дугаар анхан шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрээр Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэгт хяналт тавих прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23 өдрийн 17 дугаар дүгнэлтийг хангаад Улсын байцаагчийн шийтгэх хуудсыг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг дахин хийлгэхээр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлээд, “И” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж байсан. Давж заалдах болон Дээд шүүх хэвээр үлдээсэн. Гэвч тухайн үед Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр танилцуулсан бөгөөд гуравдагч тал буюу “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эсвэл Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.7-д Энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 59.7-д заасан журмыг баримтална гэж заасан. Үүний дагуу хяналтын шатны шүүхийн тогтоолыг 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм байна гэдгийг мэдсэн. Үүний дагуу ажиллагаа явуулж, “И” ХХК болон Прокурорын байгууллагад мэдэгдэж ажиллагаа хийсэн. Прокурорын байгууллагад хэрэг нээнэ, Дээд шүүхийн тогтоол гарсан талаар мэдэгдсэн.
Прокурорын газар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол гэж заасан байгаа тул чиний шийтгэх хуудас хүчин төгөлдөр байна. Түдгэлзүүлсэн нь чамд ажиллагаа явуулах боломж олгож байгаа юм гэсэн чиглэл өгсөн.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна” гэж заасан.
249.2-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийхдээ дор дурдсан эрх эдэлнэ:
249.2.1-д мэдүүлэгчээс гааль, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон бусад шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авах, мэдээллийн санд нь нэвтрэх;
249.2.2-т шалгалттай холбоотой бичиг баримтыг нягтлан шалгах, хуулбарлан авах, баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулга, лавлагааг гаргуулан авах зэрэг нягтлан бодох санхүү бүртгэлийн үйл ажиллагааг санхүүгийн бичиг баримттай тулган хилээр нэвтрүүлсэн барааг үнэн зөв нэвтрүүлсэн эсэхийг шалгах хууль эрх зүйн зохицуулалт байгаа.
Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалын хавсралт болох гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам гэж байгаа бөгөөд Засгийн газраас баталсан Гаалийн байгууллагын чиг үүрэгт аж ахуйн нэгжийн хилээр нэвтрүүлсэн бараа техник хэрэгслийг тухайн аж ахуйн нэгжийн санхүү бүртгэлд үндэслэн үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгах эрх зүйн зохицуулалт байгаа.
Удирдах албан тушаалтан аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгах зорилгоор шалгалт хийж болно гэсэн зохицуулалтыг конвенцод оруулсан байгаа.
Иймд дээрх олон улсын конвенц, Гаалийн тухай хууль, Засгийн газраас баталсан чиг үүрэг, Гаалийн байгууллагын даргаас баталсан журмын дагуу аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд манай байгууллага шалгалт хийж ажилладаг.
Мөн Удирдамж 2019 оны 4 дүгээр сард батлагдлаа гэхэд өмнөх 4 жил буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойших хугацааг шалгах боломжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2016, 2017, 2018, 2019 оны баримтуудыг шалгах боломжтой байгаа. Зөрчил 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарч байгаа юм.
Бид хуулийн шалгалт хийсэн учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл болон хариуцагч эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж, дараах байдлаар үнэлж гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.
“Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
11. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .......... дугаартай шийдвэрээр хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж зөрчлийг шийдвэрлэж, дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тогтоосон хугацаанд зөрчлийг шийдвэрлээгүй бол гаалийн улсын байцаагчийн 2020 оны 0245962 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч гаалийн улсын байцаагчаас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .......дугаар тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны /хх-1, 93-р хуудас/ гардан авсан байх ба, мөн өдрөөс шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхэд, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор буюу 3 сарын хугацаанд багтаан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж дахин шинэ акт гаргахаар байжээ.
12. Гэвч хариуцагчаас зөрчлийг шалган дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа өнгөрснөөс хойш даруй 26 хоногийн дараа “2102000278” дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох 2012 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор /хх-н 1, 43-р хуудас/ тогтоогдож байх ба, ингэхдээ Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулиудад тус тус заасан “зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг” зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан ба, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил ...”, 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15 дугаар зүйлийн 15.3.4-д “тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж тус тус зааснаар тоолохоор байна.
Гэтэл хариуцагч гаалийн улсын байцаагчаас зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан үйлдлүүдийн зарим хэсэг болох “2016 оны 2 дугаар сарын 8, мөн оны 4 дүгээр сарын 05, 4 дүгээр сарын 19-ны өдрийн гүйлгээгээр нийт 20,600 америк долларыг химийн бодисын төлбөрт БНСУ-ын “Han bae corporation” руу шилжүүлсэн боловч, дээрх химийн бодисыг гаалийн байгууллагад 2016 оны 5 дугаар сарын 31-нд 10,300 америк доллар буюу 21,2020,628 төгрөгөөр мэдүүлж, 10,300 америк доллар буюу 21,2020,628 төгрөгийн барааны үнийг гаальд дутуу мэдүүлсэн” /хх-1, 103, 104-р хуудас/ гэх,
“2016 оны 9 дүгээр сарын 08-нд 109,250 юаны буюу 37,078,358 төгрөгийн барааны үнийг БНХАУ-ын “Sichuan dowel science and twhnology” руу шилжүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 27-нд 6 гаалийн мэдүүлгээр 54,776 юаны буюу 19,608,800 төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийж, 54,474 юань буюу 17,469,557 төгрөгийн барааны үнийг дутуу мэдүүлсэн” /хх-н 1, 106-р хуудас/ гэх үйлдлүүдийн тухайд нөхөн татвар, торгууль oногдуулах хуульд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн онд хамгийн сүүлд мэдүүлэг гаргасан өдөр болох 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дараагийн ажлын өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс /хх-н 1, 51-р хуудас/ тоологдохоор байх ба, энэ тохиолдолд дээрх зөрчлүүдэд нөхөн татвар, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь мөн өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөр;
“2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 278,577,714 төгрөгийг химийн бодисын төлбөрт шилжүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 32 удаагийн гаалийн мэдүүлгээр нийт 168,213,741 төгрөгийн гаалийн бүрдүүлэлт хийж /278,577,714-168,213,741=110,368,973/ нийт 110,368,973 төгрөгийн барааны үнийг гаальд дутуу мэдүүлсэн” гэх зөрчлийн тухайд гомдол гаргагч хуулийн этгээдийн гаальд гаргасан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацааны 20 удаагийн мэдүүлэгт хамаарах /хх-1, 50-р хуудас/ үйлдэлд нөхөн татвар, торгууль ногдуулах хуулиар тогтоосон 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон, буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно” гэж зааснаас үзвэл хариуцагч гаалийн улсын байцаагчаас 2016-2018 онуудад хамаарах “гаальд барааны үнэ дутуу мэдүүлсэн” гэх үйлдэл бүрд хөөн хэлэлцэх хугацааг тусд нь тоолж, улмаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байна.
Дээрх байдлаар хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй”, 1.2-д “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж заасныг болон Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-д “тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж заасныг тус тус зөрчин, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх ба, шүүхээс хариуцагч эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Нөгөөтэйгүүр хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .......... дугаартай шийдвэрт заасан “...бараа материалыг орлогод бүртгэсэн, гаальд мэдүүлсэн үнийн дүнгийн зөрүүг яаж үүссэнийг, өөрөөр хэлбэл зөрүү аль дүнгээс хэрхэн үүссэн, яагаад зөрчил гэж үзсэн, хэдийд импортолсон ямар барааны гаальд мэдүүлсэн үнэ, тоо хэмжээ төлбөр хийгдсэн гадаад гүйлгээний ямар дүнгээс хэрхэн зөрснийг гүйлгээ тус бүрээр тодорхой тусгах, шийтгэлийн хуудаст зөрчлийн жагсаалтаар хавсралт үйлдэх, гаальд үнийг хэрхэн худал эсхүл дутуу мэдүүлсэн нь яагаад зөрчилд тооцогдсон талаарх тооцоолол, үндэслэл тодорхой” байх буюу зөрчлийг хөдөлбөргүй шалган тогтоосон ажиллагааг явуулаагүйгээс гадна, мөн шийдвэрт дурдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “нотлох баримт гаргах буюу нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах оролцогчийн эрхийг хангаагүй, тухайлбал холбогдогчийн “нягтлан бодох бүртгэлд буруу бүртгэсэнтэй холбогдуулсан татварын байгууллага шалгаж акт тогтоосон” гэх тайлбарт холбогдуулан мэдүүлэг авах, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх зэрэг зөрчлийг шалгах тодорхой ажиллагааг нэмж явуулаагүй болох нь гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.О гийн шүүх хуралдаанд гаргасан “...Би зүгээр л ирээд буцдаг байсан....явахдаа хэлчхээд явдаг байсан, ...хэлээд явсан байхад зориудаар над руу утастаад ирэхгүй байна гэж тэмдэглэсэн байна, ...9 дүгээр сард би Америк руу үзэсгэлэнд явсан, үзэсгэлэнд явна гэдгээ энэ хүнд хэлсэн. Яг буух өдөр 3 удаа дуудлага ирсэн байсан. Би онгоцонд явж байхад би яаж хариу өгөх юм бэ. Би ирээгүй биш байнга ирдэг байсан. 2020 оны 6 дугаар сард энэ хүн дээр манай үйлдвэрийн байранд очсон, нэг ч баримт аваагүй...” гэх тайлбар,
Зөрчлийн хэргийн материалд шинээр зөрчлийг хянан шийдвэрлэх явцад гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ш.О г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, түүнийг “Эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас”-аар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зөвхөн 1 удаа /хх-ийн 2-р боть, 56-р хуудас/ дуудсан баримт авагдсан байгаагаар тогтоогдож байна.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтанд өмнө нь шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинэ акт гаргах боломжийг олгосон байхад дахин шинээр акт гаргахдаа “зөрчил тус бүрд хөөн хэлэлцэх хугацааг тоолоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өнгөрөөгүй үйлдлүүдийг ялгалгүйгээр бүхэлд нь зөрчилд тооцон зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үйлдлүүдэд нөхөн татвар, торгууль оногдуулсан” зэргээр хууль болон зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн эрх, хууль ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба, энэ тохиолдолд шүүхээс дахин “зарим зөрчлийг дахин шалгуулах буюу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэх боломжгүй, дахин шинэ акт гаргуулахаар хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь “үр нөлөөгүй” гэж;
хариуцагч гаалийн улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчин “шийтгэл оногдуулсан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй” гэж тус тус дүгнэлээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагчийн 2021 оны 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 6, 8, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0012501 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч “И” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА