| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 221/2024/0029/З |
| Дугаар | 221/ШШ2024/0018 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/ШШ2024/0018
П.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалсан: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч П.Б
Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож П.Бг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч П.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.
Хариуцагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
Хэргийн индекс: 221/2024/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б нь Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож П.Бг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах-аар маргасан байна.
2. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Пүрвээгийн Б нь Нийслэлийн Монгол ардын намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар Монгол ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч П.Бгээс тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... Нэхэмжлэгч П.Б нь Улс төрийн намын тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д: Намын гишүүн хэдий ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно, Намын үндсэн дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно" гэж тус тус заасны дагуу 2024 оны 03 сарын 03-ний өдөр МАНамын гишүүнээс гарах тухай өргөдөлөө харъяалагдах Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Монгол Ардын Намын Хороонд гаргасан. П.Бг нэр дэвшүүлсэн Үндэсний эвсэлээс Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасан шаардлагатай бичиг баримтыг хуулийн хугацаанд хүргүүлсэнийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нягтлан шалгаж, баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзэж хүлээн авсан.
Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 66 дугаар тогтоол гаргахдаа: 1. Нийслэлийн Монгол Ардын Намын хяналтын хорооноос ирүүлсэн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичигт дурьдсанаар Монгол ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байна гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх заалт, Улс төрийн намын тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д "Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно", 32.10-д "Энэ хуулийн 32.9-д заасан эрх бүхий этгээд нь холбогдох лавлагаа, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хугацаанд ирүүлэх үүрэгтэй" гэж хуульчилсан хуулийн заалтуудыг сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл Улс төрийн намын тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.6-д "хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны баримт бичигт тухайн хүний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно" гэх заалтыг зөрчиж ирүүлсэн 06 дугаар албан бичгийг үндэслэн П.Бг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 сарын 30-ны өдрийн 66 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан "25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрх"-ийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 сарын 30-ны өдрийн "Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 66 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П.Бг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбат нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд эдгээр тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө тогтоох эрхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авахаар хуульчилсан болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглодог. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно. гэж заасан. Гэхдээ энэхүү зохицуулалт нь Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар "Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ." гэж хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжилтийг хангах, нийцүүлэх арга хэмжээ авах хугацааг тусгайлан тогтоож хуульчилсан байна. Иймд намын гишүүнчлэлтэй холбоотой харилцаа нь намын дүрмээр зохицуулагдана.
Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр тус намын гишүүнээс гараагүй, намын гишүүнчлэлтэй П.Б өөр эвслээс нэр дэвшсэн байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байгаа талаар мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/439 дугаар "Лавлаа авах тухай албан бичгийг Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд тус албан бичгийн дагуу Нийслэлийн Монгол Ардын намын хяналтын хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Тус албан бичигт П.Б нь намын гишүүний цахим бүртгэлд бүртгэлтэй бөгөөд намын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлаар Хяналтын Ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргаагүй байна гэсэн лавлагааг ирүүлсэн.
Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн П.Б нь Нийслэлийн Монгол ардын намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар болон 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар Монгол ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч П.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх П.Бгийн гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 66 дугаар тогтоолоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.5, 32.11, 33.1.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3-д заасныг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Пүрвээгийн Б нь Нийслэлийн Монгол Ардын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудад дурдсанаар Монгол Ардын намын гишүүнчлэлээс тус намын дүрмийн дагуу гараагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2. П.Б нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Монгол Ардын намын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны намын хороонд намын гишүүнчлэлээс татгалзаж намаас гарах тухай өргөдлөө гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тухайн намын хорооны даргын П.Бгийн өргөдөл дээр Хүлээж авлаа. 2024.03.04-ний өдөр гэж тэмдэглэсэн байдал, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
3. Харин Үндэсний эвслийн 2024 оны 06 дугаар тогтоолоор нэхэмжлэгч П.Бгийн нэрийг дэвшүүлж, улмаар Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн баримтыг хавсаргаж хүргүүлэх үед П.Бгийн Нэр дэвшигчийн намтар анкетад Намын харьяалал хэсэгт МАН-аас гарсан 2024.03.04-ны өдөр гэж тэмдэглэж хүргэгдсэн нь хариуцагчаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.
4. Сонгуулийн ерөнхий хороонд Монгол Ардын намын Нийслэлийн хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр манай намын гишүүнээс гараагүй, намын гишүүнчлэлтэй зарим иргэд өөр нам, эвслээс нэр дэвшсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна гээд П.Бгийн намын гишүүний цахим бүртгэлийн хуулбарыг хавсарган хүргүүлжээ.
5. Хариуцагч нь уг албан бичгийг хүлээн авч, нэхэмжлэгч П.Бгээс энэ талаар тодруулалгүй, Монгол Ардын намын дүрмийн 6.3-д Монгол Ардын намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Нийслэлийн Монгол ардын намын хяналтын хорооноос лавласны хариуд 2024 оны 08 дугаар албан бичгээр П.Бг намаас гарсанд тооцох асуудлаар Хяналтын Ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргаагүй талаар мэдэгдсэн байна.
6. Уг албан бичгийг хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хороо нь Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасны дагуу намууд дүрмээ 07 дугаар сарын 01-нээс хойш өөрчлөх тул намын гишүүнчлэлтэй холбоотой харилцаа нь тухайн намын дүрмээр зохицуулагдана, дүрмийн дагуу гишүүнээс гараагүй гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
7. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан үндсэн эрхийг эдлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй. гэж баталгаажуулсан байх бөгөөд иргэний сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, намд элсэх, намаас гарах эрхийг намын аль нэг байгууллагын шийдвэрээр шийдвэрлэх, намын дүрмээр зохицуулах харилцаа биш юм.
8. Түүнчлэн Монгол ардын намын дүрмийн 6.1-д Монгол Ардын намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно гэж заасан нь дээрх иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан заалт гэж үзэхээр байна. Харин тус намын дүрмийн 6.3-д Монгол Ардын намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ гэж, 6.5-д Монгол Ардын намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно: 6.5.1. намын нэр дэвшигчийн эсрэг суртчилгаа хийсэн; 6.5.2. ... гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон; 6.5.3. ... санал худалдаж авах үйлдэл гаргасан; 6.5.4. ... энэ дүрмийг ... зөрчсөн гэж зохицуулснаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болгосон тухайн намын дүрмийн 6.3 дахь заалт нь өөрийн хүсэлтээр намаас гарах асуудлыг зохицуулаагүй, харин тодорхой хууль дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн гишүүнийг намаас гарсанд тооцох шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо гаргахаар зохицуулсан байна. Энэ талаарх нэхэмжлэгч П.Бгийн Би намын дүрмийн 6.1-д заасны дагуу өөрийн хүсэлтээр намаас гарах өргөдлөө өгсөн байхад Хуралдаанаар шийдвэрлүүлсэн байх ёстой гэж үндэслэлгүйгээр нэр дэвшүүлэхээс татгалзсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Сонгуулийн ерөнхий хороо нь Нийслэлийн Монгол Ардын намын хорооны үндэслэлгүй албан бичгийг үндэслэж, дээрх хууль, дүрмийн заалтыг буруу тайлбарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж заасныг хэрэгжүүлэлгүй, маргаан бүхий 66 дугаар тогтоолыг гаргажээ.
10. Тэрээр уг тогтоол гарснаас хойш намын гишүүнээс гарснаа нотлохоор П.Б нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол ардын намын анхан шатны байгууллага болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны намын хороонд гаргасан намын гишүүнээс гарах өргөдөл /хүлээж авсан тэмдэглэл бүхий/ -ийг хүргүүлсэн байхад Сонгуулийн ерөнхий хороо нь 66 дугаар тогтоолд заасан шалтгаан арилаагүй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгээгүй нь дээр дурдсан Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.7 дахь заалт болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ гэж заасныг зөрчсөн байна.
11. Хариуцагчийн П.Бг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн сонгуульд оролцож нэр дэвшүүлэх эрх нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий 66 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.
12. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэр дэвшигчид тавигдах бусад шаардлагыг хангасан нь тогтоогдож байх тул Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу П.Бг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Г-гт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.3-д засныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, Улс төрийн намын тухай хуулийн /2023 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.7-д заасныг баримтлан П.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П овогтой Бг /РД: Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА