Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 25

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч С.Ариунаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 201611000459 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд 1988 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, “Талын чоно” ХХК-д засварчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай Боржигон овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” бааранд согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдан зодолдож  улмаар ******* биед эрүүний зүүн талын их бие хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хажуу ханын далд хугарал, тархи доргилт, зүүн доод 6, 7 дугаар шүдний завсрын шарх, зүүн доод 7 дугаар шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 27-ны өдөр орой 22 цагийн  орчим “Ханан булаг”  бааранд эхнэр, дүү, 3 найзынхаа  хамтаар орж бүжиглэсэн. Ууганбаатар өмнө нь манайд машинаа янзлуулж байсан. Ууганбаатар бид хэдийг таниад өдөх ажиллагаагаа эхэлсэн. Тэгээд Ууганбаатар манай дүүг өшиглөхөөр нь би цохисон юм. Би хохирогчийг Улаанбаатар авч явж эмчилгээ хийлгүүлсэн. Хохирогчийн эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд нийт 2470000 төгрөг өгсөн. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 сарын 27-ны өдрийн орой 22 цагийн орчим найз Отгонбаатар, Мөнхбаяр, түүний эхнэр Алтанчимэг нартай уулзаж 4-үүлээ “Ханан булаг” бааранд орсон. Тэнд 10 орчим пиво авч уусан. 23-24 цагийн орчим баар хаахын өмнө Ганболд гэдэг залуу намайг дуудахаар нь очсон. Тэд 4 залуу, 2 эмэгтэй өөр ширээн дээр сууж байсан. Очоод “Яасан бэ” гэхэд хажуунаас Одонтүмэн цээж рүү мөргөсөн. Ганболд гартаа пивоны шил бариад далайхаар нь гарыг нь бариад барьцалдаад авсан. Түүний хажууд байсан залуучууд тал талаас дайрч маргалдаж байснаа Одонтүмэнгийн гуя салтаа орчим 1 удаа өшиглөсөн. Түүний ах Олонтүмэн над руу дайрч 2-лаа зууралдан ноцолдож байхад хажуунаас хэнийг нь мэдэхгүй татаж чангаан түлхээд байсан. Олонтүмэнтэй зууралдаж байхад бие, биеэ гараараа хэд, хэдэн удаа цохисон. Хаана нь яаж цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгээд зууралдаж байхдаа намайг шалан дээр унахад Олонтүмэн зүүн эрүү орчим 1-2 удаа өшиглөсөн. Тэнд байсан найзууд болон Олонтүмэнтэй хамт явсан хүмүүс биднийг салгаж тал талаас зуурч татаж чангаан түлхэж байсан. Гадаа гарч би Олонтүмэнтэй дахин зууралдан маргаж байхад хэнийг нь мэдэхгүй хамт явсан хүмүүс биднийг салгасан. Удаагүй цагдаа ирж Олонтүмэнг авч явсан. Би тухайн үед нэлээн халамцуу байсан гэхдээ ухаантай байсан. Намайг бүлэглэж нийлж зодсон асуудал байхгүй. Олонтүмэн намайг цохиж, өшиглөж гэмтэл учруулсан. Өөр хүн намайг цохиж гэмтээгээгүй. Би ахынхаа машиныг Олонтүмэн, Одонтүмэн нарын засварын газарт янзлуулж байсан. “Үнээ татчих” гэхэд тэд багасгахгүй гэж ам муруйж байсан. Тэр байдлаас болж тэр хоёрт юм санаж явсан. Мөн бааранд бүжиглэж байхад Одонтүмэн Олонтүмэн нар найзуудтайгаа бүжиглэж байхдаа намайг тойрогт орох гэхээр шахаад гадуурхаад байхаар нь дургүй хүрч урд ширээн дээр байсан аяганы тавиурыг авч Одонтүмэнг бүжиглэж байхад нь шидсэн. Одонтүмэн ширээн дээр ирж “Яагаад юм шидээд байгаа юм” гэхээр нь “Зүгээр байгаарай” гэж хэлээд маргасан. Энэ байдлуудаас намайг дуудаж маргаан зодоон үүссэн гэж бодож байна гэжээ. /хх-ийн 19-20/

Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016.10.27-ны өдөр найз Мөнхбаяр, түүний эхнэр Алтанчимэг нарын хамт явж байхад 21 цагийн орчим Ууганбаатар утсаар ярьж уулзаад дөрвүүлээ “Ханан булаг” бааранд орсон. Тэнд 14 орчим шилтэй пиво, хоол авч баар хаатал суусан. Тэр үед Ганболд гэдэг зүс таних залуу баруун хойд талын ширээн дээр 1 эмэгтэй, 4 залуутай сууж байсан. 24 цагийн орчим баар хаах болж тооцоогоо хийгээд заалны гэрэл асчихсан байх үед Ганболд ширээн дээрээсээ Ууганбаатарыг дуудсан. Очиход нь Ганболд ширээн дээр байсан архи пивоны 2 шилийг заагаад “Аль нэгийг нь сонго” гэж хэлэхийг нь дуулсан. Тэгээд хоорондоо маргаад байх шиг байсан. Ганболд ширээн дээрээс шил авч далайхаар нь би наанаас нь очсон. Тэр үед сайн анзаарч хараагүй нэг нь Ууганбаатар руу дайрч хүмүүс бужигнаад эхэлсэн. Би таарсан нэгийг нь хорьж салгах санаатай татаж чангааж байсан ба баарны хүн “юм хагалж эвдчихнэ, гарцгаа” гэж хэлсэн. Би Мөнхбаяр Алтанчимэг нартай хамт Ууганбаатарыг салгаж авах гээд Ганболдтой хамт явсан залуучуудыг болон Ууганбаатарыг хорьж татаж зууралдаж байснаа баарнаас гарсан. Гадаа гараад байхад Ууганбаатар “шүд хугарсан байна” гэж хэлсэн. … Ууганбаатарыг хэн нь яаж цохиж зодсоныг сайн анзаарч хараагүй. Нийлээд цохиж зодсоныг мэдэхгүй байна. Олон хүмүүс бужигнаад Ууганбаатар руу дайраад байхаар нь би чадлаараа хориод дийлэхгүй байсан. Улаан куртиктэй залуу нөгөө хэдийгээ бодвол илүү хурдан хөдлөөд Ууганбаатар руу дайраад байсан. Сүүлд нь ах дүү хоёр залуугийн ах нь зодож гэмтээсэн болохыг Ууганбаатараас сонсож мэдсэн гэжээ. /хх-ийн 27/ 

Гэрч Н.Энхсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016.10.27-ны өдрийн орой 21 цагийн орчимд найз Мөнхцацрал, Олонтүмэн, Одонтүмэн, Ганболд, Батзаяа нарын хамт ХААН караокед орж 1 цаг сууж нэг нэг пиво уусан. Тэндээс Масс, Сити баараар орж хүнгүй болохоор нь 22 цаг өнгөрч байхад Ханан булаг бааранд орсон.  Баар хаах үед цагийг нь сайн мэдэхгүй байна Одонтүмэнтэй хамт бүжиглэж байхад зэрэгцээ ширээнээс юм шидээд Одонтүмэнг оносон. Одонтүмэн юм шидсэн Ууганбаатар гэдэг залуутай очиж уулзаж байсан. Ширээн дээр очоод Одонтүмэн нөгөө ширээний залуу юм шидсэн талаар хэлэхэд Ганболд Ууганбаатарыг дуудсан. Удаагүй нэг хартал Олонтүмэн, Одонтүмэн нар Ууганбаатартай маргаж Ууганбаатарын найзууд манай найзууд бүгдээрээ тал талаас бие бие рүүгээ дайрч маргалдан зууралдаж зарим нь хорьж салгах гээд байгаа бололтой бие биеэ татаж чангаагаад бужигнаад би Одонтүмэн, Олонтүмэн нарыг татаж хорьсон. Бааранд дуу чимээ ихтэй, олон согтуу хүн байсан учраас хэн нь хэнийгээ цохиж зодоод байгааг нь сайн анзаарч хараагүй хүмүүс бужигнаж бие бие рүүгээ дайрч давшлаад баарны зөөгч “юм эвдэж хэмхэллээ, гарцгаа” гэж хөөсөн. Бүгдээрээ маргаж зууралдан гадаа гарсан. Баарны гадаа Олонтүмэн дээр 2-3 залуу овоорсон байдалтай байхаар нь би Олонтүмэнг салгаад байхад цагдаа ирж Олонтүмэн бид хоёрыг саатуулах байр луу авч явсан. Сүүлд нь Одонтүмэн Ууганбаатарт ”эмзэг газраа өшиглүүлсэн” гэж байсан. Олонтүмэн, Одонтүмэнг өмөөрч Ууганбаатарыг цохиж эрүүг нь хугалсан байсан. Зодоон Олонтүмэн Ууганбаатар нарын хооронд болсон юм. Одонтүмэнг би хориод байсан. Надтай хамт явсан хүмүүс нийлж Ууганбаатарыг бүлэглэж зодоогүй. Ууганбаатартай хамт явсан хүмүүс надтай явсан хүмүүс бүгд согтуу олуулаа байсан учраас 2 тал болон бие бие рүүгээ хэл амаар дайрч хорьж, татаж зууралдаад байсан. Энийг бүгдээрээ нийлж зодолдсон, зодсон гэж ойлгосон байна гэжээ. /хх-ийн 29-30/        

  Гэрч Э.Мөнхбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Ууганбаатарыг Олонтүмэн гэдэг залуу цохиж зодсон. Өөр хүн цохиж зодсоныг сайн мэдэхгүй. Олон хүмүүс бужигнаад Ууганбаатар руу дайраад байхаар нь би хорьж салгаж байсан. Ууганбаатарыг цохисон залууг Олонтүмэн гэдгийг сүүлд мэдсэн гэжээ. /хх-ийн 31/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 832 тоот актын дүгнэлтэд: 1. ******* биед эрүүний зүүн талын их бие хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хажуу ханын далд хугарал, тархи доргилт, зүүн доод 6, 7 дугаар шүдний завсрын шарх, зүүн доод 7-р шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх эрүүний зүүн талын их бие хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын зүүн хажуу ханын хугарал, тархи доргилт, зүүн доод 6, 7 дугаар шүдний завсрын шарх, зүүн доод 7-р шүдний булгарал бүхий гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид зүүн доод 7-р шүдний булгарал бүхий гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 %-аар алдагдуулна гэжээ. /хх-ийн 37/

-Гэрч Ө.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 33/

-Сэжигтэн Б.Мөнхцацралын мэдүүлэг /хх-ийн 64/

-Сэжигтэн *******гийн мэдүүлэг /хх-ийн 66-69 /

-Сэжигтэн С.Одонтүмэнгийн мэдүүлэг /хх-ийн 73-74/

-*******г байцаасан тэмдэглэл /хх-ийн -11-12/

-С.Одонтүмэнг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-ийн 22-24/

-Гэрч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 32/

-Гэрч О.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 34/

-Гэрч Ж.Чалхаасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 35/

-Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 828 тоот акт /хх-ийн 41/

-Улсын бүртгэлийн хэлтсийн 1393 тоот албан бичиг /хх-ийн 96/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/ болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 10 сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханан булаг” бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдан зодолдож  улмаар түүний биед эрүүний зүүн талын их бие хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хажуу ханын далд хугарал тархи доргилт, зүүн доод 6, 7 дугаар шүдний завсрын шарх, зүүн доод 7 дугаар шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ууганбаатар, гэрч Б.Отгонбаатар, Н.Энхсайхан, Э.Мөнхбаяр Ө.Алтанчимэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 832 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 1870000 төгрөг, шүүхийн шатанд 600000 төгрөг нийт 2470000 төгрөг өгсөн ба хохирогч нь шүүхэд хандаж “******* нь надад төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан  миний талаас Олонтүмэнтэй холбогдуулан гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ хэрэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон битүүмжлэгдэн ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуупбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй, ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 2470000 /хоёр сая дөрвөн зуун далан мянга/ төгрөг өгсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуупбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ДОЛГОРМАА