Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00296

 

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/00296

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Өнөр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Ж-ийн Э /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт А-ийн Н /РД: 00000000/-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Н-ыг хүү Э.Д, Э.Тнарын эцгээр тогтоолгох, тэдэнд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч А.Н-тай 2005 онд танилцаж, мөн оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүү Э.Д, Э.Т нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд нэхэмжлэгч Ж.Э нь 2008 оны 10 дугаар сард хүүхдүүдээ өөрийн аав, ээж болон хүүхдүүдийнхээ эцэг болох А.Н-д үлдээгээд Оросын холбооны улс руу сургуульд сурахаар явсан. Улмаар 2009 оны өвлийн амралтаар ирэхэд А.Н нь зан харилцааны хувьд өөрчлөгдсөн байсан. Үүнээс болж нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан болж А.Н нь 2009 оны 01 дүгээр сард хүүхдүүдээ орхиж явсан. Тэр цагаас хойш хүү Э.Д, Э.Тнар нь өнөөдрийг хүртэл эх Ж.Эийн асрамжид эрүүл саруул өсөж торниж байна. Иймд А.Н-ыг хүү Э.Д, Э.Т нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: Миний бие А.Н нь Ж.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч А.Н нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2005 онд танилцаж, хамтран амьдарсан, нэхэмжлэгч 2007 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүү Э.Д, Э.Тнарыг нарыг төрүүлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг мөн эсэх талаар хариуцагч А.Н маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч А.Н нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүйн улмаас хүүхдүүд эхээрээ овоглосон нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.Н-ыг хүү Э.Д, Э.Т нарын эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

 

Зохигч 2009 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч, зохигчийн дундаас төрсөн хүүхдүүд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүү Э.Д /РД: 00000000/, Э.Т /РД: 000000000/ нарын эцэг хариуцагч Б овогт А-н Н/РД: 00000000/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Э.Д /РД: 00000000/, Э.Т /РД: 00000000/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг А.Н-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР