Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1129

 

 

 

 

 

 

 

2023         08          28                                   2023/ШЦТ/1129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

   улсын яллагч А.Ариунаа /тээврийн прокурор/,

   хохирогч Ш.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

   иргэний нэхэмжлэгч Н.А,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б.Т-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний техникийн их сургуулийн 2 курсийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

.... овогт Б.Т /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Чулуун овооны зам, “X- Апартмент” төвийн зүүн замд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1 -т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Э, Н.А нарыг мөргөж, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Налайхаас Чулуун овоо хүртэл явсан. Чулуун овоонд манай ээжийн ажил байдаг тул ээжийгээ баярлуулах гэж очсон. Тэгээд Цайз руу эмээгийнх рүүгээ явах үедээ хоёр хүн мөргөсөн. Би түргэн тусламж үзүүлсэн” гэв.

Хохирогч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 03 дугаар сарын 08-ний өдөр гарцаар гарах гэж байгаад осолд орсон. Осолд орсноос хойш тархи доргисон гишгэж болохгүй байсан. Одоо хүртэл толгой өвддөг. Би одоо хөл дээрээ гишгэж чадахгүй, суга таягтай явдаг болсон. Би хувиараа мужаан хийдэг байсан. Осолд орсноос хойш ажлаа хийж чадахгүй болсон. Эхнэр, бид хоёр хүүхдийндээ амьдарч байгаа. 2023 оны 03 дугаар сараас хойш хүргэнийхээ гэрт амьдарч байгаа. Би гомдолтой байна. Шүүгдэгч осол болсноос хойш надтай холбогдоогүй, нэг ч удаа уулзаагүй. Т-ийн ээжээс нь эмийн мөнгө авсан. Миний сонсгол муудсан, чих дүнгэнэдэг болсон. Намайг мэдрэлийн эмчийн хяналтад байхыг зөвлөсөн. Мөн унаж магадгүй гээд уналтын эсрэг эм байнга уугаарай гэж хэлсэн. Би уналтын эсрэг эм 3  сараар ууж байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 08-ний өдөр нөхөр, бид хоёр хүүхдийндээ очоод гарц дээр зогсож байтал нэгдүгээр эгнээний автобус зогсохоор нь цаана нь машин байхгүй юм байна гэж бодоод зам хөндлөн гарсан. Гэтэл хурдтай машин гарч ирээд мөргөсөн. Нөхөр, бид хоёр газарт унасан.  Тухайн үед нөхрийн минь биеийн байдал нь хүнд харагдсан. Би мөлхөж очиход, жолооч нь машинаасаа гүйж гарч ирсэн. Тэгээд түргэн дуудсан. Цагдаагийн машин ирсэн. Түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн. Намайг хөнгөн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Манай нөхрийг тархи, хөл, гартаа хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Осолд орсноос хойш эмчилгээ хийлгэж байна. Миний даралт ихэсдэг. 2013 онд харвалт өгч байсан. Манай нөхөр намайг асардаг байсан. Осолд орсноос хойш амьжиргаа хүнд байна. Би гомдолтой байна. Гэр бүлээ тэжээдэг ганц хүн минь гэмтэл авсан.  Амьдрахад хүнд байна” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

  • 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 4 дэх

тал/,

- 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дэх тал/,

- Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэг “Х-Апартмэнт” төвийн зүүн талын замаар нөхөр Э-ын хамт явган хүний гарцаар ертөнцийн зүгээр замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй гарсан тэр үед 1 дүгээр эгнээгээр явж байсан автобус зогсоод нөхөр бид хоёрт зам тавьж өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр цааш гарцаараа алхаад явахад автобусны зүүн талаар явж байсан автомашин зогсолгүй нөхөр бид хоёрыг мөргөөд газар унагаасан. Ослын дараа хэсэг шоконд ороод юу болоод байгааг мэдээгүй харахад нөхөр Э хэвтчихсэн байхаар нь мөлхөж очоод биеийн байдлыг нь асуусан. Тэгэхэд машины жолооч залуу эхнэрийн хамт бид хоёр дээр ирсэн. Эмнэлэг болон цагдаа нар ирээд эмнэлгийн машинтай нөхөр бид хоёр явсан. Миний толгой өвдөж байгаа би эмнэлэгт 4 хоног хэвтсэн миний хоёр хөл өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дэх тал/,

- Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин Н-д эхнэр А-ийн хамт байж байгаад 17 цаг 30 минутын орчим гэртээ харих гээд гарч яваад “Х-Апартмент” төвийн автобусны буудлын урд талд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн ертөнцийн зүгээр баруун тийш гарах гээд эхнэр А  миний баруун гар талаас сугадаад гарцан дээр зогсоход нэг автобус ирж гарцан дээр зогсоод гараараа эхнэр бид хоёрыг гар гар гэж заахаар нь тухайн автобусны урдуур гараад алхсан чинь гэнэт орж ирсэн жижиг суудлын машинд миний зүүн хөлийн шилбэний хэсэг цохигдоод унасан тэгээд л юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр ирчихсэн байсан. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Зүүн хөлийн шилбэний савхан яс хугарсан өөр гэмтэл аваагүй. Эрүүл мэндээрээ хохирч хүнд гэмтэл авсанд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дэх тал/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хонхорт байдаг аавындаа оччихоод гэртээ ирэх гээд Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Чулуун овооны тойргоос офицер луу өгсөж явахад “X-Apartment’’-ийн автобусны буудал руу дөхөөд явж байхад миний машины ертөнцийн зүгээр зүүн талд “Соната 6” маркийн саарал өнгийн автомашин явж байсан энэ үед гарц нэлээн дөхсөн байхад хоёр автобусны голоор яг гарцаар нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хамт гарч ирж байгаа харагдсан үүнийг би харчхаад хурдаа хасчхаад дотроо нөгөө талын “Сонота-6” яагаад хурдаа хасахгүй байна гэж бодож байсан чинь гарцаар гарч явсан хоёр хүн надтай зэрэгцээ явж байсан “Соната-“6 маркийн саарал өнгийн автомашинд мөргүүлээд унасан Эрэгтэй нь мөргөсөн машины талд явж байсан. Эмэгтэй нь нөгөө талд нь зэрэгцээ дагаж явж байсан. Тэгээд “Соната 6” маркийн авто машин зугтаачхаж магадгүй гэж бодол төрөөд урд нь гарч зогсоод энэ талаар цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөөд би машинаас буухад “Соната 6” маркийн автомашины жолооч нь болох миний үеийн бололтой залуу бууж ирээд тусламж үзүүлж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Ш.Э-ын биед гавлын дух ясны шугаман хугарал, тархины баруун духны эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шинжээчийн: “1.Н.А-ийн биед тархи доргилт, хоёр шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/,

- Хохирогч Ш.Э-ын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 57-64 дэх тал/,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ...... шинжээчийн “...Зүүн хойд талын тоормос зогсоогүй буюу стандартын шаардлага хангахгүй байгаа нь тоормосны систем хэвийн бус ажиллаж байна. Зогсоолын тоормос мөн хэвийн бус ажиллагаатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-48 дахь тал/,

- Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Б-ийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ------ дугаартай “Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 104-105 дахь тал/,

- Хохирогч Э.Н-ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 66-74, 176-179 дэх тал/,

- ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 19 дэх тал/,

- Гэрч Д.У-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин зарах үед маргааш нь нэрээ өөрийн биеэр шилжүүлэхээр аман тохиролцоогоор явагдсан. Тухайн үед 3.300.000 төгрөгийг бэлнээр авсан. 200.000 төгрөгийг энэ оны хавар авсан. Ингээд төлбөрийн асуудал бүрэн шийдэгдсэн одоо хэн нэгнээс авах авлага байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дахь тал/,

- Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 27, 185 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Чулуун овооны зам, “X- Апартмент” төвийн зүүн замд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1 -т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Э, Н.А нарыг мөргөж, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч А.Ариунаа гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа би шүүгдэгч Б.Т-д холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Чулуун овооны зам, “X- Апартмент” төвийн зүүн замд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1 -т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Э, Н.А нарыг мөргөж, Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлын тухайд хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Ш.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1.912.601 төгрөг, охин Э.Наранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин 829.330 төгрөг, Солонгос улсад эмчилгээ хийлгэх 101.840.000 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээ үзүүлсэн хөлс 5.000.000 төгрөг, нийт 104.581.931 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр 38 ширхэг баримтаар 1.272.445 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний нэхэмжлэгч Н.А нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэж үзэж байна. Эдгээр баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.912.601 төрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 1.272.445 төгрөгийн баримтаас бензиний зардалд нэхэмжилсэн 201.000 төгрөг, Е-баримт байхгүй гараар бичиж нэхэмжилсэн 279.400 төгрөг нотлох баримтын шаардлага хангахгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул бодит хохиролд тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Б.Тийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд 2.000.000 төгрөгийг хохирогч Ш.Эт шилжүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Н.А-т эмнэлэгт хэвтсэн 1.249.780 төгрөгийг тус тус төлснийг хохирол төлбөрт төлсөнд тооцож байна. Иймд  шүүгдэгч Б.Т-өөс 792.045 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Э-т олгуулах, хохирогч Ш.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон охин Э.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шинж харагдахгүй байна. Өндөр настай хүмүүст учруулсан хохирлыг арилгах, хор уршгийг өмнөх байдалд нь сэргээх талаарх идэвхтэй үйлдэл хийгээгүй. Хохирол төлбөр төлөх талаарх санаачилга гаргаагүй. Шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлж байгаа боловч чин сэтгэлээсээ гэмшсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас Ш.Э тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархины хагас саажилттай, хэл ярианы бэрхшээлтэй, сонсгол муудсан. Тахилзуур яс гэдэг нь тулгуур эрхтний гол ясны гол бүтцэд ордог. Өнөөдрийн байдлаар хэвийн байдал нь сэргээгүй, суга таягтай, хөдөлмөрийн чадвар алдалт нь тогтонги байдалд ороогүй. Мөнгө өгөх асуудлыг өнөөдөр яримааргүй байсан. Магадгүй шүүгдэгч хэдэн сарын дараа мөнгийг төлж барагдуулах талаар санаачилга гаргасан бол нөхцөл байдал хүндрэхгүй байсан. Би шүүх хуралдааны эхэнд тодорхой ойлгогдохоор хэлсэн. Гэтэл шүүгдэгч төлнө, төлөхгүй, мэдэхгүй зэрэг хохиролд ач холбогдол өгөхгүй байна.  Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийг хохироосон үйлдэлдээ ач холбогдол өгөхгүй байна. Хоёрдугаарт улсын яллагч дүгнэлтдээ бензиний мөнгийг тооцохгүй гэж хэлж байна. Гэтэл энэ хүн осол гарснаас хойш эрүүл мэнд нь хэвийн байдалд ороогүй байнга тээврийн хэрэгслээр зорчих шаардлага гарсан. Мөн Н.А-ийн хувьд харвалт өгдөг байнга асрамжид байх шаардлагатай байдаг. Эмчилгээнд явсан бензин болон эмчилгээнд яваагүй бензин гэж баримт бүрдүүлэх боломжгүй. Прокурор нотолбол зохих нөхцөл байдлыг тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Бодит хохирол мөн гэж үзэж байна. Гараар бичсэн баримтынх тухайд хохиролд цуглуулаагүй баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Прокурор нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгасан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс хохирогч Ш.Э-ын мөнгийг хэрэглэсэн байдаг. Нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүхийн шийтгэх тогтоолд нэхэмжилсэн хохирлын мөнгө хэдэн сая төгрөг гарсан байлаа гэхэд хэдэн сарын дараа иргэний нэхэмжлэлээр нэхэмжилнэ. Хохирогчийн охин Н  зайлшгүй асрах шаардлагатай 829.000 төгрөгийн цалингаа аваагүй нөхцөл байдалд шүүгдэгч маргахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. 13.044.000 төгрөгийг барагдуулж өгнө үү. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байгаад харамсаж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг нь барагдуулж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн үйлчилгээ 1.000.000 төгрөг төлсөн нь 5.000.000 төгрөгт орж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Магадгүй тухайн гэмт хэрэг гараагүй байсан бол өмгөөлөгчид мөнгө төлөхгүй байсан байх. Хохирогч нар гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас үүссэн хохирол арилаагүй. Гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээсээ болж энэ хоёр хүний биед гэмтэл учирсан. Маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдон тогтоогдсон. Хийгдэх ёстой ажиллагаанууд бүгд хийгдсэн гэж үзэж байна. Тухайн хэрэг гарснаас хойш буюу 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хохирол төлбөр барагдуулах, эмнэлэгт эмчилгээ хийлгэх өөрөөсөө шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан. Хохирогч Ш.Э болон иргэний нэхэмжлэгч Н.А нартай уулзуулах боломж өгдөггүй байсан. Хохирогчийн гэр бүлээс ирсэн дарамт шахалтаас үүдээд амиа хорлох нөхцөл байдал гаргасан. Тухайн үед хэлсэн хүмүүс мэдэж байгаа байх. Гэмт хэрэг үйлдсэн хүн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн үйлдлээрээ харагддаг. Эмчилгээ хийгдсэн. Хохирол төлбөр төлөх талаар ямар эмчилгээ хийлгэх вэ гэхэд хариу баримт гаргаж өгдөггүй. Хохирогчтой уулзах гэхээр уулзуулдаггүй. Хохирогчийн дансны дугаарыг авч чадсан. Хохирол хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд  хохирол төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Цаашид гарах хохирол төлбөрийг төлөх боломжтой” гэв.

             Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Т нь зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүнд хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.Э эрүүл мэндэд нь хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Н.А эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч Б.Т-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч А.Ариунаа эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, 7 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, ослын дуудлагын ярианы бичлэг 1 ширхэг хураагдсаныг хэрэгт хадгалуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Т-ийн “Б” ангиллын тээврийн хэрэгслийн ..... дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг хураагдсаныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгчийн болгоомжгүй байдлаар учруулсан хор уршиг арилаагүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч гэмшиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хохирогч Ш.Э-ын сонсгол муу тул өөрийн байр сууриа надаар дамжуулан хэлүүлж байна. Хохирол бүрэн төлөөгүй. Хохирогч нарын баримтаар нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн боловч эрүүл мэнд нь хэвийн байдалд ороогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилаагүй байна. Хохирол, хор уршгийн асуудалд шүүгдэгч ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.  Хохирогч Ш.Э гомдолтой байгаа. Улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж санал хэлэх нь зохимжгүй. Гэхдээ гэм хор, хор уршгийг арилгах талаар байр сууриа илэрхийлсэн бол нөхцөл байдал өөр байсан. Хохирогч Ш.Э эрүүгийн хариуцлагатай холбоотой саналаа бичгээр өгч байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан хохирогч Ш.Э, иргэний нэхэмжлэгч Н.А нарт хавтас хэрэгт авагдсан буюу түүний болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбоотой гэм хорыг нөхөн төлсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэм хор арилаагүй гэж ярьж байна. Гэмтэл авснаас хойш хугацаанд хохирогч Ш.Э эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн байдал дордсон гэх баримт ирээгүй.  Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд шүүгдэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулж өгнө үүгэв.

Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос сайн дураараа төлсөн, цаашид гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Т нь хохирол төлөх асуудлаар завсарлага авсан хугацаанд хэрэгт болон шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд хохирогч Ш.Э, иргэний нэхэмжлэгч Н.А нарт хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж дууссан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Т-ийн хэрэгт хавсаргагдан ирсэн “........” дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт Б.Т-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Тийн хэрэгт хавсаргагдан ирсэн “......” дугаарын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ