Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Рэгзэдмаа (томилолтоор),

гэрч ****************,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2208 02388 1569 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “********” тээшийн газар ажиллуулдаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Өнөр хороолол ****** дугаар байр ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн *******дугаар хороо ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***********,************,***************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...****** над руу салаавч гаргасан. ******** надад архи хийж өгөхөөр нь би уухгүй гээд ******* өөдөөс нь цацаад гарсан. Намайг гараад явж байхад ******* миний үснээс зулгаагаад доош дарсан. Би ******** санаатайгаар цохиогүй, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн болно.

 

Эрүүгийн 2208 02388 1569 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал), гэрч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9885 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9890 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), шинжээчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал), шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 132 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 133-135 дахь тал), зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5-6 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал), шүүгдэгч нь нэмэлтээр гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугүйд тооцуулахаар мэтгэлцэж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “*****” төв дотор үйл ажиллагаа явуулдаг “*******” тээшний газарт *********,******** нартай маргалдан улмаар ******* нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд гаднаас 2 согтуу хүүхэн орж ирээд манай дүүг элдвээр доромжлоод байхаар нь би “мөрөөрөө ажлаа хийгээд байгаа хүнийг яагаад доромжлоод байгаа юм, адилхан эмэгтэй хүн байж” гэхэд, “чамд ямар хамаатай юм, чи юу юм” гээд барьж байсан цаасан аягатай архиа нүүр лүү цацахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь ундаа цацсан юм. ... ******** гэх хүүхэн над руу дайрч миний дээд уруул руу гараараа цохисон. Тэгэхээр нь би үснээс нь зулгаагаад, мөр хэсэгт гараараа цохисон. Тэгээд би тээшний газар луу буцаад ороход нөгөө 2 хүүхэн араас орж ирээд ширээн дээр байсан аяга шидэхээр нь манай дүү ************ цагдаа дуудсан. Миний дээд уруул язарч үүдэн 1 шүд хөдөлж суларсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

гэрч ******* “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд ********,******* нарын хамт ********** төвийн “Морин өртөө” тээшний газар ажлаа хийгээд байж байхад манай тээшний газар *****, Бааска гээд “Дөл” тээшний 2 хүүхэн согтуу орж ирсэн. Тэгэхээр нь “би ямар сонин хүмүүс вэ” гэхэд дуугарахгүй байсан. Тэгээд нөхөр бид 2 гараад ирэх хооронд ***** муудалцаж ****** уруул руу цохисон байсан. Нөхөр бид хоёрыг орж ирэхэд ******** эгч “энэ хүүхэн чинь намайг зодчихлоо” гээд амнаас нь цус гарсан байдалтай байхаар нь би ******* ******** хоёрыг хөөж гаргахад, тэр 2 намайг хэл амаар доромжилж агсам согтуу тавиад салахгүй болохоор нь би өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

гэрч ********* “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ****** төвийн тээшний газарт хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагаар очиход Морин өртөө тээшний газарт 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Юу болсон талаар асууж тодруулахад хажуу талын тээшний газрын эмэгтэй архи цацсан, зодолдсон талаар ярьж байсан. ...Намайг очиход зодуулсан гэх эмэгтэй нь дээд уруул нь язарсан байдалтай байсан тэр эмэгтэй надад уруулаа харуулаад намайг цохиж ийм болгосон гэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад үзүүлнэ гээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал),

гэрч ******** “...би ахмад ******* хамт дуудлагад очиход Морин өртөө тээшний газарт 3 хүн байсан, 1 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Нэг эмэгтэйнх нь дээд уруул нь хавдсан байдалтай, хажуу талын тээшний газрын хоёр эмэгтэй согтуу орж ирээд нүүр лүү нь архи цацаад уруул руу цохисон талаар ярьсан. Мөн их дээрэлхүү хүмүүс байдаг гэж ярьж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

гэрч ******* “...би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд тасарсан байсан. 2-3 хоногийн дараа ******** намайг Завхан аймагт явж байхад утсаар яриад ********,********** гэх эмэгтэйг зодсон гэж ярьж байсан. ...Ер нь тэд нар тээшнээс болж байнга л хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал),

гэрч ******** “...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Драгон төвийн “Морин өртөө” тээшний газарт ...гаднаас ******,********* нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. “Та нар удаагүй байж тээш булаадаг хэн юм, даам гарах болоогүй шүү” гэх зэргээр ******** нь манай эхнэр ******* руу агсарсан. Гэтэл манай эхнэр ******** өөдөөс нь хэрэлдэхэд ******** нь манай эхнэр ******* “янхан” гэж хэлсэн. Гэтэл ********* өмөөрч ********* хэрүүл хийсэн. Гэтэл ********г нь барьж байсан аягатай архи ******* нүүр лүү цацсан, ****** зөрүүлээд *******нүүр лүү ундаа цацсан. Тэгээд манай эхнэр ******** бид хоёр ачаа авахаар гадагшаа гарсан. ******** аваад ороод ирэхэд ********* нь ******* дээд уруулыг цохисон байсан. ...******* нь *****дээд уруул руу цохичихсон үснээс нь зулгаагаад зогсож байсныг би салгасан. ******* дээд уруул язарсан цусаа гоожуулаад байж байсан. ******* уруул нь намайг тээш авахаар гадагшаа гарахад зүгээр байсан, ороод ирэхэд уруул нь язарч хавдсан цус гарсан байдалтай байсан. Би тэр хоёрыг салгах үед  ********** нь миний нүүр лүү бас цохичихоод гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9885 дугаартай “... ******* биед дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдпээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5-6 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ********** нүүр хэсэгт нь гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субьект болох хохирогч *******,***********,************ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан гэрч ********* “...тухайн цаг хугацаанд ******* болон ******* нараас өөр хоорондоо маргалдаж, муудалцсан хүмүүс байгаагүй...” гэсэн мэдүүлэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5-6 дахь тал) баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би ******* нүүр рүү цохиогүй, өөрөөсөө холдуулах гэж түлхсэн...” гэсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9885 дугаартай “...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар няцаагдана.

Тодруулбал мохоо зүйлийн хүч үйлчлээгүй зөвхөн түлхэх үйлдэл хийсэн тохиолдолд дээд уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь үүсэх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлсэн үйл баримт нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний мэдүүлгүүд нь дангаараа цагаатгах үндэслэл болох боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь аюул занал бодитой оршиж, довтолгоон, халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах үед хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

 

Харин шүүгдэгч нь “намайг үснээс зулгаагаад дарсан байхад би яах ч аргагүй тавиулах гээд түлхсэн” гэж мэдүүлдэг бөгөөд түүний хувьд өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай бодит аюул занал учирсан, амь, биед аюултай довтолгоон үргэлжилсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хүмүүс хоорондын маргаан, зөрчил үүссэн байдлыг аргагүй хамгаалалт хэрэглэх зайлшгүй нөхцөл гэж үзэхгүй юм.

 

Шүүгдэгч, хохирогч нарыг маргалдаж, зууралдах явцад ******** гар утас газарт унаж дэлгэц нь хагарсан талаар шүүгдэгч, хохирогч, гэрчүүд тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй талаар дүгнэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн нөхцөл байдал, хувийн байдал (одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, 3 хүүхэдтэй эх) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргасныг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгч байсныг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********,***********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ******** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********* мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ