Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1007

 

 

 

 

 

   

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг (томилолтоор),

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2308 01598 1298 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Нийслэлийн ********* дүүргийн ********** ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хороо, ******** дүгээр гудамж 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********,*********,*************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 01598 1298 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 12-18 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5392 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шинжээч эмч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал), иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 29 дэх тал), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 37 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 38, 41-48 дахь тал), шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “ шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын ***** дүгээр гудамжинд машин дотор хохирогч ******* маргалдаж, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...********* ахтай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны оройны 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 112-ын автобусны буудлын замын урд талын “Өнөр-Төгс” гэх нэртэй дэлгүүрээс Соёрхол нэртэй 0.5 граммын 1 шил архи авсан тэгээд тэр газраасаа ****** ахын машинтай хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны ******* дүгээр гудамжинд байрлах саадны хажууд доод хэсэгт нь машинтайгаа очиж зогсоод машин дотроо хувааж уусан... *****ах манай гэрийн дээд хэсэгт машинтайгаа очих хооронд би тэр хэсэгт тасарчихсан байсан тэгээд нэг сэрэхэд ***** ах намайг татаж чангаагаад байсан тэхээр нь би тухайн үед уурандаа та яагаад намайг оролдоод байгаа юм бэ? гэж асуухад ***** ах юу яриад байгаа юм бэ? гэж уурлаад “бууж гэр лүүгээ ор” гэж хэлэхэд нь бид хоёр буруу ойлголцоод маргалдахад **** ах миний толгойны баруун хэсэг рүү архины шилээр нэг удаа цохиод машиныхаа хаалгыг дотор талаас нь онгойлгоод буу гэж хэлээд намайг түлхээд буулгасан намайг буулгахад би согтуу байсан болохоор газар унахдаа баруун гараараа газар тулаад, зүүн хөлөөрөө чулуун дээр цохиж унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-18 дахь тал),

гэрч ********* “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 9 дүгээр гудамж 45 тоотод оройн 23 цаг 30 минутад унтаж амрах гээд гэртээ байж байхад ******* толгойноосоо цус гарчихсан байдалтай ганцаараа орж ирсэн тэгээд би түргэний эмч дуудаж үзүүлэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж толгойдоо оёдол тавиулаарай гэж хэлээд яваад өгсөн тэгээд би цагдаад мэдэгдээд ******* дүүгийн хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн...***** нь тухайн үед ******* хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах саадан дотор архи уусан гэж надад хэлсэн. ***** нь архины шилээр толгой руу нь цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5392 дугаартай “...****** биед баруун зулайн хуйханд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал), шинжээч эмчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 37 дахь тал), шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь матриаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Хохирогч ***** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***** толгойн тус газарт нь архины шилээр цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирогч Б********* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 29, 37 дахь тал) талаар баримтыг шүүхэд ирүүлж, шүүгдэгч ******* нэхэмжилсэн байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******* 209,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,*********,******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 209,000 (хоёр зуун есөн мянга) төгрөгийг шүүгдэгч Г******** гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ