| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/04163/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2020/00318 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2020/00318
| 2020 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/00318 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв А блок, 0 дугаар давхарт байрлах Х.Х.З.Х-УТҮГ /РД: 000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө гудамж, Гурвалжин 2 төв, 0 тоот хаягт байрлах А ХХК /РД: 000000/-д холбогдох
Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х.З.Х-УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Х.З.Х-УТҮГ нь интернет, шугам сүлжээ, суурин утас ашиглах онцгой эрх олгодог. 2009 онд А ХХК-иас интернетийн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байна. Иймд манай компанид тусгай зөвшөөрөл олгоно уу гэх хүсэлтээ манайд ирүүлсэн байдаг. Энэ хүсэлтийн дагуу уг компанид шалгалтуудыг хийж, материалуудыг бүрдүүлээд боломжтой гэж үзээд 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А ХХК-д интернет эрхлэх зөвшөөрөл буюу Б зөвшөөрөл олгосон байдаг. Энэхүү Б тусгай зөвшөөрлийг олгосны дагуу тусгай зөвшөөрлийн дагалдах гэрээ байгуулдаг. Энэ гэрээг 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг байгуулсны дараа огт гэрээний төлбөр хийгдээгүй. Гэрээний 1 жилийн төлбөр 1,200,000 төгрөг байдаг. Эхний 2 жил гэрээний төлөлт хийгдээгүй ба эхний 2 жил гэрээний тариф 1,200,000 хэвээрээ байсан, 3 дахь жилээс 300,000 төгрөг болж буурсан. Тариф өөрчлөгдөх үйл явц хуулийн дагуу явагддаг. Хариуцагч дээрх хугацааны төлбөрт 150,000 төгрөг төлсөн байдаг. Иймд хариуцагчаас нийт 2,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Б.Агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь интернетийн үйлчилгээ үзүүлдэг. Цамхаг дээрээс үйл ажиллагаа эрхэлдэг бичил компани юм. 2009 онд Х.Х.З.Х-УТҮГ-т интернетийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо-оос 2009 оны 3 дугаар сарын 31-нээс 2012 оны 3 дугаар сарын 31-н хүртэл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тэр үед тусгай зөвшөөрлийн гэрээн дээр /хавтаст хэрэгт авагдсан байгаа/ жилийн төлбөр 500,000 байсан, ерөөсөө интернетийн үйлчилгээ дөнгөж эхэлж байсан тул интернетийн үйлчилгээг дэмжих зорилгоор эхний 2 жил гэрээний үнийн дүнгийн 60 хувийг төлөх заалттай түүний дагуу манайх бол төлбөрөө төлсөн байдаг. Төлбөрийг 2010, 2011 онд гэрээний үнийн дүнгийн 60 хувиар төлсөн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Өөрөөр хэлбэл 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг тус тус төлсөн, баримтыг нь хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэл ирэхээр нь миний бие их гайхсан уг нэхэмжлэлийн дагуу Х.Х.З.Х-УТҮГ-тай холбогдоод л яваад байсан. Одоо бол миний бие 500,000 төгрөг төлж болно гэж үзэж байгаа. Гэрээнд угаасаа тодорхой заагдсан байгаа анх гэрээг байгуулах явцад Интернетийг дэмжих зорилгоор төлбөр 500,000 төгрөг л байсан бүүр сүүлдээ л 1,200,000 төгрөг болсон байсан. Тэр 150,000 төгрөг бол 2012 онд тусгай зөвшөөрлийн эрх дуусчихаад сунгуулах гэж Х.Х.З.Х-УТҮГ-т төлсөн төлбөр юм, гэсэн ч гэрээний хугацаа сунгагдаагүй гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Х.З.Х-УТҮГ нь хариуцагч А ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу 2009, 2010, 2011, 2012 онуудын төлөөгүй төлбөрт 2,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч ... тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдэл 500,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
Шүүхээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч А ХХК нь 2009 онд Х.Х.З.Х-УТҮГ-т хүсэлт гаргасны дагуу тус газраас 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 3 жилийн хугацаатай буюу 2012 оны 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатай Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ эрхлэх 312/Б/IS26 дугаартай Б ангилалын тусгай зөвшөөрлийг олгожээ. Тусгай зөвшөөрлийг үндэслэн зохигчид 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан ба гэрээнд зааснаар А ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний хөлсөнд 1 жилд 500,000 төгрөг төлөх, энэ төлбөрийг эхний 2 жил 40 хувиар хөнгөлөлттэй төлөхөөр тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч ... хариуцагч нь Монгол улсын нутаг дэвсгэрт интернетийн үйлчилгээ эрхэлсний төлбөрт 2009-2012 оны буюу 3 жилийн хугацааны төлбөрт 2,700,000 төлөх ёстойгоос төлсөн 150,000 төгрөгийг хасч, үлдэх 2,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл болж буй зохигчдын хооронд байгуулагдсан 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 1.1-д зааснаар гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан буюу 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг хариуцагчаас шаардаж 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х.З.Х-УТҮГ-ын хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР