| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0155/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
улсын яллагч А.Д,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
хохирогч Ж.Ж,
хохирогчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш овогт Дн Ат холбогдох 2313002030204 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын .. дугаар /Даян/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овгийн Дн А, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутагт байрлах өөрийнхөө байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч Ж.Жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нараас гаргасан мэдүүлэг,
1.1. Хохирогч Ж.Ж мэдүүлэхдээ “2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нөхөр маань архи ууж ирээд гэртээ агсам тавьсан. Одоо бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй. Урьд өмнө нь надад гар хүрч байгаагүй” гэв.
1.2. Шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би Сагсай сумын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Тиймээс надад торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Дахиж ийм гэмт хэрэг гаргахгүй гэдгээ та бүхний өмнө амлаж байна. Тухайн хэрэг гарсны дараа би архи уухаа больсон. Урьд нь ч нэг их архи уудаггүй байсан. Одоо эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт аз жаргалтай амьдарч байна. Эхнэр, хүүхдүүдтэй маш их хайртай. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.
2. 231300002030204 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Ж.Жээс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-3 дахь тал),
2.2. Хохирогч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний нөхөр болох А нь шинэ жил тэмдэглэж, архи уугаад 2022 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн үед гэртээ согтуу ирж агсан тавьж, бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар намайг заамдаж байгаад байшингийн багана мөргүүлсэн. Тэр үед миний баруун хөмсөгний дээд талд шалбарч цус гарсан. Тэгээд цусыг хараад нөхөр маань сандраад дахиж над руу ойртоогүй. Тэгээд би гэрээс гараад хөрш айлын гэр рүү явж байгаад үүрээр бас унтаж амарч байгаа байх, сандарчих байх гээд буцаад гэртээ орж ирсэн. Тэр үед нөхөр маань унтчихсан байсан. Тэгээд өдөр нь бид хоёр сумын төв рүү хамт очиж сумын эмч Нурланд үзүүлэхэд тэрээр оёдол тавих хэрэгтэй гээд Хазбек эмчид очиж үзүүлээд 15 ширхэг оёдол тавиулж, аймгийн төв ирээд нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний тасагт хэвтэн 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй..., ...Нөхөр маань урд өмнө намайг зодож байгаагүй. Хохиролтой холбоотой баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 20-21 дэх тал/,
2.3. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,
2.4. Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 12 дахь тал/,
2.5. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 418 дугаартай “...1.Ж.Жийн биед өвчний түүхийг үндэслэн дух хэсгийн зүсэгдсэн шарх, духны баруун хөмсөгний дээд хэсэгт 6x0.5 см хэмжээтэй хуучин сорвитой гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
2.6. Хохирогч Ж.Жийн өвчний түүх /хавтаст хэргийн-ийн 28-41 дэх тал/,
2.7. Шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сургуулийн шинэ жилийн арга хэмжээ болсон. Тухайн арга хэмжээгээр би шилдэг багш болсон тул арга хэмжээний дараа багш нартай хамт 2 шил архи уугаад өглөө үүрээр гэртээ орсон. Өглөө согтуу орж ирсэн учраас эхнэр маань уурлаж үглээд байхаар нь түүний энгэрээс нь барьж байгаад түлхэх үед тэрээр байшингийн багана мөргөж баруун хөмсөгний дээд хэсгээр нь шалбарч цус гарсан. Тэгээд сандраад би дахиж түүн рүү ойртоогүй ба тэр гарч явсны дараа би унтчихсан. Өдөр нь сэрээд харахад эхнэрийн хөмсөгний дээд талд зүсэгдсэн байсан болохоор сумын эмнэлэгт очиход сумын эмч Нурлан оёдол тавиулах хэрэгтэй гэхээр нь аймаг руу явуулсан. Аймагт ирээд Хазбек эмчид үзүүлж эхнэр маань 15 ширхэг оёдол тавиулж 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Тэрнээс хойш би дахиж архи дарс уугаагүй. Би урьд нь эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Сагсай сумын 6 дугаар багт байнга оршин суудаг иргэн Дөтей овогтой А 1987 онд төрсөн. БИ87031212 тоот регистрийн дугаартай. Ам бүл-6, эхнэр болох Ж.Жийн хамт амьдардаг...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал),
- Иргэн Д.А, Ж.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал),
- Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал),
- Иргэн Д.Аийн иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг баримтууд болно.
2.9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.2. Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Д.А нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Жийг заамдах, гараараа цохих, түлхэх, байшингийн бага мөргүүлэх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь дух хэсэгт зүсэгдсэн шарх, духны баруун хөмсөгний дээд хэсэгт 6x0.5 см хэмжээтэй сорвитой гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
-Иргэн Ж.Жээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-3 дахь тал),
-Хохирогч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний нөхөр болох А нь шинэ жил тэмдэглэж, архи уугаад 2022 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн үед гэртээ согтуу ирж агсан тавьж, бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар намайг заамдаж байгаад байшингийн багана мөргүүлсэн. Тэр үед миний баруун хөмсөгний дээд талд шалбарч цус гарсан, тэгээд цусыг хараад нөхөр маань сандраад дахиж над руу ойртоогүй....” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 06-07, 20-21 дэх тал/,
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 418 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Хохирогч Ж.Жийн өвчний түүх /хавтаст хэргийн-ийн 28-41 дэх тал/,
-Шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өглөө согтуу орж ирсэн учраас эхнэр маань уурлаж үглээд байхаар нь түүний энгэрээс нь барьж байгаад түлхэх үед тэрээр байшингийн багана мөргөж баруун хөмсөгний дээд хэсгээр нь шалбарч цус гарсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Аийн согтуурсан үед хохирогч Ж.Жийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ж.Жийн биед нь учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд тооцохоор заасан байна.
4.5. Хохирогч Ж.Ж шүүгдэгч Д.А нар нь 2013 онд гэрлэсэн, 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн Засаг дарга болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
4.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.А нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ж.Жийг бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдсон шүүгдэгч Д.Аийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хангаж байна.
4.8. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.9. Иймд шүүгдэгч Д.Аийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч Ж.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэж мэдүүлж, гэмт хэргийн хор уршгийг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Д.Аийг шүүхээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сагсай сумын 2 дугаар сургуульд бага анийн багш эрхэлдэг, тус аймгийн Сагсай сумын 6 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 63 дахь тал),
2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.4. Шүүх шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шовогт Дн Аийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Аэд сануулсугай.
4. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2313002030204 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б