| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч Б.Ариунтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч П.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Шт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,П.Ш
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Ш нь ... тоотод оршин суух гэртээ Самсунг Галакси А-10 маркийн гар утсаар мэдээллийн технологи ашиглан фейсбүүкийн Flower Flower гэх хаягаар дамжуулан 10 сантиметрийн өндөртэй 10 сантиметрийн өргөнтэй цагаан өнгийн таглаатай хуванцар савыг ашиглан ашиг олох зорилгоор бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 762 удаагийн гүйлгээгээр 17,629,750 (арван долоон сая зургаан зуун хорин есөн мянга долоон зуун тавь) төгрөгийн орлогыг өөрийн төрсөн охин Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар дамжуулан авч 1,207,000 (нэг сая хоёр зуун долоон мянга) төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч П.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...: Анх утас үзэж байхад хүмүүс их лайв хийдэг байсан. Би жижиг барааны дэлгүүртэй учраас орлого тогтмол биш, хэрэг болгож бараа авъя гэсэн хүн зорьж ирдэг. Манай нөхөр ажил хийдэггүй, санхүүгийн асуудлаасаа болоод лайв хийж эхэлсэн. Анх лайв хийж бараагаа зардаг байсан. Бараагаа зарж байх үедээ хаяа бэлэн мөнгөний сугалаа явуулдаг байсан. Би 700 гаруй удаагийн гүйлгээ хийснээ санахгүй байна. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” мэдүүлэг,
П.Шын төрсөн охин Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 60-75 дугаар тал),
П.Шын төрсөн охин Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-31 дүгээр тал),
П.Шын өмчлөлийн Самсунг Галакси А-10 маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 32-35 дугаар тал),
Хас үнэлгээ ХХК-ийн ... дугаартай "...110,000..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 80 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хэргийн оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Ш нь ... тоотод оршин суух гэртээ Самсунг Галакси А-10 маркийн гар утсаар мэдээллийн технологи ашиглан фейсбүүкийн Flower Flower гэх хаягаар дамжуулан 10 сантиметрийн өндөртэй 10 сантиметрийн өргөнтэй цагаан өнгийн таглаатай хуванцар савыг ашиглан ашиг олох зорилгоор бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 762 удаагийн гүйлгээгээр 17,629,750 (арван долоон сая зургаан зуун хорин есөн мянга долоон зуун тавь) төгрөгийн орлогыг өөрийн төрсөн охин Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар дамжуулан авч 1,207,000 (нэг сая хоёр зуун долоон мянга) төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Шын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нийгэмд хор уршиг учруулсан гэж бодохгүй байна. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг, Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 60-75 дугаар тал), П.Шын төрсөн охин Ш.Агийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-31 дүгээр тал), П.Шын өмчлөлийн Самсунг Галакси А-10 маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 32-35 дугаар тал), Хас үнэлгээ ХХК-ийн ... дугаартай “...110,000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч П.Ш нь ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу бусад хүмүүстэй өөрийн тогтоосон журмын дагуу эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай лайв хийж хонжворт сугалаа зохион байгуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т Мэдээллийн технологи гэж “...компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг...” гэж тодорхойлсон бөгөөд Самсунг Галакси А-10 маркийн гар утсыг ашиглан “Flower flower” гэсэн фэйсбүүк цахим хаягаар бусдын фэйсбүүк цахим хаягтай холбогдсон байдлыг мэдээллийн технологи ашигласан гэж үзнэ.
Түүнчлэн бусад эд зүйлс буюу бараа, мөнгийг ашиглан хэн хожих нь тодорхой биш, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог шинжээрээ болон уг сугалаанд оролцон тоглож буй оролцогч нар бэлэн мөнгөөр бооцоо тавьж, хожсон хүндээ бооцооны мөнгийг шилжүүлэн өгдөг, улмаар түүнээс ашиг олж тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авч байгаа нь мөрийтэй тоглоомд хамаарна.
Түүнчлэн мөрдөгчийн Ш.А, П.Ш нарын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...2023-01-01-ны өдрөөс 2023-02-27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт Хаан банкны ... тоот дансанд 762 удаагийн гүйлгээгээр 17.629.750 төгрөгийн орлого орж, 17.549.632,43 төгрөгийн зарлага хийгдсэнийг мөн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан, үүнээс шүүгдэгч П.Шын эзэмшлийн Төрийн банкны ... тоот дансанд 45 удаагийн гүйлгээгээр 1.207.000 төгрөгийн орлогыг шилжүүлсэн...” болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчээс мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон хууль бус орлогоо өөрийн эзэмшлийн Төрийн банкны ... тоот дансанд шилжүүлэн авдаг байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх ба энэхүү мэдүүлэг нь мөрдөгчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн болохыг бататгаж байх бөгөөд Ш.Анхбаяр, П.Ш нарын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийхэд хөндлөнгийн хоёр гэрч биечлэн оролцож улмаар тэдний зүгээс үзлэгийн үйл явц, үр дүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй, мөн яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс уг үзлэгийн тэмдэглэлтэй холбогдуулан ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч П.Шын холбогдсон энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тус тус нотолж, тогтоосон байх тул анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч П.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч П.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна..” гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хэсэгт зааснаар 20.17 зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт шүүгдэгч П.Шыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ш нь дээрх мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг 2022 он 07 дугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн гэж мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.207.000 төгрөгийг бүхэлд нь гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Галакси А-10 маркийн гар утас, хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, гар утасны үнэ 100.000 төгрөг, хуванцар савны үнэ 10.000 төгрөг, нийт 110,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.207.000 /нэг сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, бусад эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Ш нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Шаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг Галакси А-10 маркийн гар утасны үнэ 100.000 төгрөг, савны үнэ 10.000 төгрөг, нийт 110,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,207,000 /нэг сая хоёр зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Галакси А-10 маркийн 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР
.