Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 133

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, Төрийн албан хаагчийн байр 08 тоотод оршин суух, Боржигон овогт Даваахүүгийн Будгэрэл /МЖ87102409/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, Айраг овогт Доржцэдэнгийн Эрдэнэбаатар /МЖ87061511/-т холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Будгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Будгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 2005 онд Д.Эрдэнэбаатартай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 04-нд охин Б.Энх-Анар төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй учраас охиноо өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан. өөрийн гэсэн орон байргүй учир эцэг эхийндээ амьдарч байсан. 2012 онд охинтойгоо гурвуулаа байр түрээслэн амьдарч байгаад охиноо 1 нас 5 сартайгаас эхлэн тус тусдаа амьдарсаар салсан. Одоо охин маань 8 настай. Одоог хүртэл охиндоо санаа тавьж өсгөж хүмүүжүүлэх тал дээр хариуцлага хүлээж үзээгүй учир Д.Эрдэнэбаатараас хууль тогтоомжийн дагуу эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

... Д.Будгэрэлийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тал дээр маргаан байхгүй. Харин охин Б.Энх-Анартай уулзаж байх хүсэлттэй байна. ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Будгэрэл нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Эрдэнэбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хүүхдийн эцэг биш гэж маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Будгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Зохигчид 2015 онд танилцаж, улмаар хамтдаа амьдарч, хамтын амьдралтай байх хугацаандаа Д.Будгэрэл нь 2011 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр охин Б.Энх-Анарыг төрүүлсэн байх бөгөөд зохигч гэрлэлтийн баталгаагүй ч хүүхдийг эцгээр нь овоглосон үйл баримтууд хэрэгт авагдсан хүүхдийн 0000708016 Г-24 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Энх-Анарын төрсөн эцэг нь Д.Эрдэнэбаатар мөн болохыг тогтоож, эцэг Д.Эрдэнэбаатараас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, охин Б.Энх-Анарын насны байдал болон зохигчдыг тусдаа амьдрах хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан зэргийг харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч шүүх хуралдааныг өөрийг нь байлцуулахгүйгээр явуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Будгэрэл нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Энх-Анарын эцэг нь Айраг овогт Доржцэдэнгийн Эрдэнэбаатар мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 04 дүгээр 04-ний өдөр төрсөн охин Б.Энх-Анарыг эх Д.Будгэрэлийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  охин Б.Энх-Анарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Эрдэнэбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч Д.Эрдэнэбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 31.492 төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ