| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
хохирогч Н.М /цахимаар/
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь "... духны шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархай хамарсан зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би цэрэгт явахынхаа өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр найзтайгаа цуг хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Тогоотын байрны тэр хавиар явж байсан. Овооны ард харанхуй газарт нэг хүн сууж байхаар нь очоод тамхи байхгүй биз гэхэд босож ирээд байхгүй ахын дүү гэхээр нь чи хэзээ миний ах байсан юм гэж хэлээд маргалдсан. Би хохирогчийг эхлээд цохисон, хохирогч намайг зөрүүлээд цохихоор нь унагаад, дээрээс нь өшиглөсөн. Манай найз Б машинаас бууж ирээд чи боль хүн зодоод байна гэж хэлээд болиулаад таксиндаа суугаад хөдлөх гэхэд хохирогч М намайг гэр рүү хүргээд өгчих гэж орилсон. Тэгээд Б хүргээд өгье, суулгачих гэхээр нь Тогоотын шийдээс зүүн тийшээ 2, 3 гудамж өнгөрөөгөөд задгай хашаанд буусан. Тэгээд хөдлөх гэхэд хохирогч хоёр лалар минь буугаад ир одоо үзье гэж хэлсэн. Манай найз Быг түрүүлээд очиход нь цохисон. Би машинаас буугаад гүйж очоод хохирогчийг унагааж, өшиглөсөн. Монгол гэрээс дээгүүрээ нүцгэн, ажлын өмд, гуталтай олон хүн гарч ирсэн. Нэг нь хутга барьсан байсан. Олон хүн байсан болохоор айгаад хашаанаас нь гарч зугтаасан. Гүйцэх гээд байхаар нь газраас чулуу авч шидсэн. Нэг хүнийг чулуу оноод, тэр хүн унасан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Би дэлгүүрээс гараад гэр рүүгээ алхаж байсан. Алхаад явж байхад хар өнгийн Приус машинтай 3 хүн зогсож байсан. Дотор нь нэг охин байсан. Би хажуугаар нь алхсан. Надтай юм ярьсан гэж байна, би юу ярихыг нь сонсоогүй. Би саравчтай малгай өмсөөд, чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан болохоор сонсоогүй. Надаас тамхи асуухад нь би байхгүй гэж хэлсэн гэж яриад байна. Миний халаасанд тамхи байсан, намайг зодож байхдаа миний тамхийг авсан. Намайг согтуу байсан гэж байна, би согтуу байгаагүй, 2 лааз пиво уусан. Хашаанд хүмүүс дайрсан гэж байна. Гэрийн гадаа намайг хүмүүс зодож байхад манай ажлынхан гарч ирэх нь ойлгомжтой. Хутга барьсан хүн байгаагүй. Тэгээд энэ хоёр ар талын уул руу зугтаасан. Манай ажлын хүний машиных нь цонх хагарсан байсан. Худлаа яриад, дутуу яриад байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл гудамжинд нэг үл таних залуу ганцаараа сууж байсан, тэгтэл Б тэр залуугаар тамхи асуух гэж буугаад тухайн залуутай маргалдаж тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгтэл Б гэрээсээ гарч ирээд тэр хоёрыг салгаад бид нар бөөндөө тухайн согтуу залууг гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл тэр залуу гэртээ орохдоо баахан хүн гэрээсээ дуудаж гаргаж ирээд Б, Б нартай маргалдаад байх шиг байсан, зодолдоод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
Гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ орчхоод 20-30 минут болоод гэрээс гараад иртэл манай найз Б буюу Б нь манай хашааны урд талд үл таних эрэгтэй хүнийг зодчихсон байж байсан. Тэгэхээр нь би Б руу очоод машины урд суудал дээр суугаад Бд хандаж “машиндаа суу, чи чинь хэнтэйгээ муудалцаж, зодолдоод байгаа юм бэ?" гэж хэлсэн чинь өөдөөс “Энэ харин өөдөөс томроод” гэж хэлсэн. Тэгтэл Бд зодуулж байсан залуу нь босож ирээд намайг манай гэрт хүргээд өгчих гэхээр нь тэгье гэж хэлээд гэрт нь хүргэж өгсөн. Тэгснээ тэр залуу хашаандаа орчхоод бид нарт хандаж "одоо буугаад ир пязда минь” гэж хашхирсан чинь Б бууж очоод нөгөө залууг ахиад зодчихсон. Тэгэхээр нь би араас нь гуйж очоод салгах гэж байтал тэр хашаан дотор байсан 2 гэрээс олон хүмүүс гараад ирэхээр нь Бг дагуулаад зугтчихсан...Би Бтай 2022 оны зун буюу 08 сарын орчмоос нийлдэг болсон. Хамгийн сүүлд цэрэгт явлаа гэж хэлж байсныг нь л мэднэ. Яг хаана цэргийн алба хааж байгаа талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 35 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай “...1. Н.Мийн биед духны шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархай хамарсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 44 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 59 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь "... духны шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархай хамарсан зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... гудамжны үзүүрт хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд би тэд нарын хажуугаар гараад явж байтал миний хажуу талаас нэг гар орж ирээд намайг цохиж унагасан бөгөөд намайг газарт унатал дээрээс нэмж зодсон, би юу болж байгааг ойлгоогүй зодуулж байгаад босоод иртэл намайг нэг хүнтэй андуурсан гэж хоорондоо ярьж байсан. Би гэртээ хүргүүлэх зорилгоор тэд нарын машинд сууж хүргүүлээд гэрийн гадаа ирээд би буугаад хашаа руу ортол дахин араас ирж зодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэр залуугаар тамхи асуух гэж буугаад тухайн залуутай маргалдаж тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэгтэл Б гэрээсээ гарч ирээд тэр хоёрыг салгаад бид нар бөөндөө тухайн согтуу залууг гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл тэр залуу гэртээ орохдоо баахан хүн гэрээсээ дуудаж гаргаж ирээд Б, Б нартай маргалдаад байх шиг байсан, зодолдоод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь манай хашааны урд талд үл таних эрэгтэй хүнийг зодчихсон байж байсан. Тэгэхээр нь би Б руу очоод машины урд суудал дээр суугаад Бд хандаж “машиндаа суу, чи чинь хэнтэйгээ муудалцаж, зодолдоод байгаа юм бэ?" гэж хэлсэн чинь өөдөөс “Энэ харин өөдөөс томроод” гэж хэлсэн. Тэгтэл Бд зодуулж байсан залуу нь босож ирээд намайг манай гэрт хүргээд өгчих гэхээр нь тэгье гэж хэлээд гэрт нь хүргэж өгсөн. Тэгснээ тэр залуу хашаандаа орчхоод бид нарт хандаж "одоо буугаад ир пязда минь” гэж хашхирсан чинь Б бууж очоод нөгөө залууг ахиад зодчихсон”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Бын хохирогч Н.Мийн биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос Ц.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Н.М нь ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг, гадуур хувцасны үнэ 350,000 төгрөг, чихэвчний үнэ 250,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт баримтаар авагдсан зүйл байхгүй учраас хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Бын урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогч Н.М нь ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг, гадуур хувцасны үнэ 350,000 төгрөг, чихэвчний үнэ 250,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Н.М нь ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг, гадуур хувцасны үнэ 350,000 төгрөг, чихэвчний үнэ 250,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР