Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00636

 

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/00636

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Ж овогт Б-ийн Ц /РД: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, өөрийн байранд байрлах А.И ХХК /РД: 00000000/-д холбогдох

 

Цалингаасаа сар бүр суутгуулсан 1,153,933 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Ц миний бие нь 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд А.И ХХК-ийн Жаргалан эмнэлэгт гэрээний ня-богоор ажилласан байсан. Тус хугацаанд цалингаасаа сар бүр нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох бусад шимтгэлийг суутгуулж цалингаа авдаг байсан. Гэтэл тус компани нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварын тайлан өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтэр бөглөөгүй байсан тул 2007 оны 5 дугаар сард тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган шалгуулж, уг шалгалтаар 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөрийн 04/335/550 тоот улсын байцаагчийн акт тогтоон А.И ХХК-иар нэр бүхий 11 хүний нийгмийн даатгалын шимтгэл болох нийт 9,771,600 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед асуудлаа төрийн холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлж, хохиролгүй болгоно гэж итгэж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэвтэст тус компани нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийг төлөөгүй гэх шалтгаанаар Б.Ц-ийн шимтгэл төлж ажилласан жилийг хасаж тэтгэвэр тогтоосон. Б.Ц нь холбогдох төрийн бүх байгууллагад хандаж байсан боловч шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэгэнт цалингаас нийгмийн даатгалын болон бусад шимтгэлийг төлсөн учир хариуцагч байгууллагаас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тухайн хугацаанд төлсөн шимтгэлийг төлүүлж өгнө үү. Өөрөөр хэлбэл хариуцагч А.И ХХК-иар улсын байцаагчийн 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04/335/550 тоот актын дагуу миний 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанид ажиллаж байхдаа цалингаасаа сар бүр суутгуулсан 1,153,933 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б,Ц нь хариуцагч А.И ХХК-д холбогдуулан нийгмийн даалтгалын шимтгэлд 1,153,933 төгрөг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.С-д шүүх хуралдааны товыг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч А.И ХХК-ийн Жаргалан эмнэлэгт 2000 оны 1 дүгээр сараас 2007 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээний ня-богоор ажилласан талаар хариуцагч маргаагүй, мөн түүний ажиллаж байх хугацааны буюу 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт /2004 оны 1-ээс 9 дүгээр сард сар бүр ХХОАТ 80,000 төгрөг, НДШ 23,200 төгрөг, 2004 оны 10 дугаар сараас 2006 оны 6 дугаар сард сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг, 2006 оны 7 дугаар сард ХХОАТ 209,800 төгрөг, НДШ 60,633 төгрөг, 2006 оны 8 дугаар сард ХХОАТ 50,000 төгрөг, НДШ 14,500 төгрөг, 2006 оны 9 дүгээр сараас 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг/-ийг, нийт 1,153,933 төгрөгийг төлөөгүй болох нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04/335/550 тоот акт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 111 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/2004 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй., мөн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:, 1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; гэж зааснаар ажил олгогч А.И ХХКнь ажилтан Б.Ц-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч А.И ХХК-д Б.Ц-ийн нийгмийн даатгалын шимтгэлд 1,153,933 төгрөгийг /2004 оны 1-ээс 9 дүгээр сард сар бүр ХХОАТ 80,000 төгрөг, НДШ 23,200 төгрөг, 2004 оны 10 дугаар сараас 2006 оны 6 дугаар сард сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг, 2006 оны 7 дугаар сард ХХОАТ 209,800 төгрөг, НДШ 60,633 төгрөг, 2006 оны 8 дугаар сард ХХОАТ 50,000 төгрөг, НДШ 14,500 төгрөг, 2006 оны 9 дүгээр сараас 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг/ төлөхийг даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан хариуцагч А.И ХХК-д нэхэмжлэгч Б.Ц-ийн нийгмийн даатгалын шимтгэлд 1,153,933 төгрөгийг /2004 оны 1-ээс 9 дүгээр сард сар бүр ХХОАТ 80,000 төгрөг, НДШ 23,200 төгрөг, 2004 оны 10 дугаар сараас 2006 оны 6 дугаар сард сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг, 2006 оны 7 дугаар сард ХХОАТ 209,800 төгрөг, НДШ 60,633 төгрөг, 2006 оны 8 дугаар сард ХХОАТ 50,000 төгрөг, НДШ 14,500 төгрөг, 2006 оны 9 дүгээр сараас 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр ХХОАТ 100,000 төгрөг, НДШ 29,000 төгрөг/ төлөхийг даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР