Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 2023        08           24                                            2023/ШЦТ/151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Дийн Бд холбогдох эрүүгийн 2335000000211 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 20-нд Увс аймгийн .... суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын ...... дүгээр багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Дийн Б /РД:.............../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Т.Тг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Т.Тг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-08 дахь тал),

Шүүгдэгч Д.Бийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

Хохирогч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Т.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Т.Тгийн биед зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн хэнгэргэн хальсны урагдал, зүүн хэнгэргэн хөндийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн хэнгэргэн хальсны урагдал, зүүн хэнгэргэн хөндийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх бооломжтой. Зүүн чамархайн хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн хэнгэргэн хальсны урагдал, зүүн хэнгэргэн хөндийн цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал)-ээр хохирогч Т.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Т.Тгийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд “Малчин сумын иргэн Т.Т миний бие ухаангүй согтуу явж байгаад 1-р бригадын иргэн Д.Бтэй тааралдаж маргалдсаны улмаас гэмтэл авч эмчилгээ хийлгшэж байгаа. Д.Б манай гэрт ирж ярилцаад уучлалт гуйж эмчилгээний төлбөр тооцоогхийж барагдуулсан учраас энэ хүнд бидний талаас гомдол тэмцэл байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 101-102 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бнь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 80, 82-85 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Д.Бийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Бийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бд 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ