Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК,

Хариуцагч: НИТХТ ,

Нэхэмжлэгч Б ХХК-иас НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолын С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Мөнхчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч БХХК-иас НИТХТ холбогдуулан НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолын “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хэргийн нөхцөл байдлын талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1. Анх Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг /хх-1, 68-72-р хуудас/ баталжээ.

Үүний дараа мөн Засгийн газраас өмнө баталсан 2013 оны 118 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 263 дугаар тогтоолыг батлан гаргасан ба, хавсралт 1-ийн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалт”-д “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын жишиг үнийг 529 сая төгрөг, 2014 оны санхүүжилтийг 529 сая төгрөг, хариуцах байгууллагыг “Барилга хот байгуулалтын яам”, Хөгжлийн банк” байхаар /хх-1, 73, 76-р хуудас/  тус тус заасан байна.

2. Дээрх тогтоолуудын дагуу Барилга, хот байгуулалтын яам /захиалагч/, Монгол Улсын хөгжлийн банк /санхүүжүүлэгч/, “И*******” ХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2014/03 С-ДБ-Б 2015-23 дугаартай “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 3 талт гэрээг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан байх ба, уг гэрээгээр тухайн ажлыг 529.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар, мөн гэрээний 4.7-д санхүүжүүлэгч буюу Хөгжлийн банк нь “гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд хариуцлага хүлээхгүй” байхаар харилцан тохиролцжээ. /хх-1, 104-124-р хуудас/

3. “И*******” ХХК нь гэрээний дагуу С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 2015/628 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна. /хх-1, 184-186-р хуудас/

4. Барилга хот, байгуулалтын яамны сайдаас “...тус яамны “Дэд бүтэц” төслөөс хэрэгжүүлсэн ажлын хүрээнд бий болсон өмч, хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэн ашиглагч байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх” агуулга бүхий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1067 дугаар албан бичгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаяглан хүргүүлсэн байх ба, уг албан бичигт С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил багтсан байдаг. /хх-1, 48-50 -р хуудас/

5. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан нийт 24.900.062.148 төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/3027 дугаар албан бичгээр /хх-1, 43-47-р хуудас/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барьснаар НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолоор 529,000,000 төгрөгийн өртөг бүхий “Баянгол дүүрэг, 20-р хороо С орон сууцны хороолол, цэвэр усны шугамын өргөтгөл, бохир усны шугам сүлжээ”-г нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшигч байгууллагыг “Ус сувгийн удирдах газар” байхаар заажээ. /хх-1, 40-42-р хуудас/

6. Нэхэмжлэгчээс “Ус сувгийн удирдах газар”-ыг хариуцагчаар тодорхойлон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан тайлбараас маргаан бүхий НИТХТ 2016 оны .... тогтоолын талаар мэдэж, уг тогтоол иргэний шүүхэд нотлох баримтын шаардлага хангагдан ирснээр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр танилцан, улмаар Захиргааны хэргийн шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт болох НИТХТ 2016 оны .... тогтоолын “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

С орон сууцны хорооллын төслийг манай компани хэрэгжүүлж байсан ба, яамны “Дэд бүтэц” төслөөс хэрэгжүүлсэн С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам”-ын ажлыг 529,000,000 төгрөгөөр төсөвлөсөн боловч, уг ажлын төсөв 790.252.560 төгрөг байхаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан, энэ талаар “И*******” ХХК-иас ажлыг гүйцэтгэх явцад бараа материал, ажиллах хүчний үнийн өсөлт зэргээс шалтгаалан тухайн төсөвт өртөг 300,000,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар манай компанид мэдэгдсэн ба, бид Барилга хот, байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл болон “И*******” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, харилцан зөвшилцсөний эцэст тухайн дутагдаж буй 300,000,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн компаниас гаргаж, санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, улмаар тус С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамыг бүрэн сольж өргөтгөсөн.

Гэтэл НИТХТ  дээрх цэвэр, бохир усны шугамын хөрөнгө оруулалтыг 100 хувь “Дэд бүтэц төсөл”-с гаргасан мэтээр тайлбарлан ойлгож, улмаар маргаан бүхий .... дугаар тогтоолоор гарган ...шугамыг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэн авсан нь хуульд нийцэхгүй буюу Хөгжлийн банкны санхүүжүүлсэн 529 сая төгрөгөөр төв шугамын ажил хийгдсэн, тухайн ажил нь нийслэлийн өмчид хамаарна, манай хөрөнгөөр хийгдсэн салаа шугам нь манай хөрөнгөөр хийгдсэн байхад 100 хувь нийслэлийн өмчид бүртгэж авсан нь хуульд нийцэхгүй, БХХК-ийн “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам”-ын тодорхой хэсгийг өмчлөх эрхийг зөрчсөн.

Нийслэлийн өмчийн газраас НИТХТ  тогтоолын төсөл өргөн мэдүүлэхдээ манай компанийн хөрөнгө оруулсан талаарх баримтуудыг дутуу бүрдүүлж өгсөн гэж үзэж байгаа ба, тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцэхдээ холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд судалсны үндсэн дээр тогтоолоо гаргах байсан.

Маргаан бүхий актын С орон сууцны хороололд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор манай компаниас хөрөнгө оруулсан нь тогтоогдож, тухайн цэвэр бохир усны шугам сүлжээний тодорхой хэсгийг өмчлөх манай компанийн эрх сэргээгдэнэ гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б татгалзал, түүний үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

8. С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамд холбох ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолын дагуу "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил.

Тус ажлын захиалагчаар Барилга хот байгуулалтын яам, санхүүжүүлэгчээр Монгол Улсын хөгжлийн банк, И******* ХХК гүйцэтгэгчээр оролцож "С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх" 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 2014/03 с-ДБ-Б 2015-23 дугаартай гэрээний үндсэн дээр хийгдсэн ажил ба, уг гэрээний 3.2-т заасны дагуу ажлыг 529 сая төгрөг байхаар талууд тохиролцсон. Бүрэн хэмжээний угсралтын ажил нь 499 сая төгрөг байна гэж төсөвлөсөн байна. Гэрээг дүгнэсэн акт дээр хүртэл төсвийг заагаад өгсөн байгаа.

Уг ажлуудыг нийслэлийн өмчид бүртгэх тухай тогтоолын төслийг холбогдох баримтын хамт Нийслэлийн Засаг дарга С.Б 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 01/3027 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд холбогдох баримт болон Төрийн болон орон нутгийн эмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1. 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийг тус тус үндэслэн НИТХТ 2016 оны .... дугаар тогтоолоор С  орон сууцны хорооллын цэвэр усны шугамын өргөтгөл, бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэж авсан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БХХК нь НИТХТ холбогдуулан НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолын С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам”-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тодорхойлон заасны дагуу хүчингүй болгуулахаар маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

1. “Барилга хот, байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл болон “И*******” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, харилцан зөвшилцсөний эцэст төсөл хэрэгжүүлэхэд дутсан 300,000,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн компаниас гаргаж, санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон” гэх нэхэмжлэгчийн үндэслэлийн тухайд:

 “С”  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгч “И*******” ХХК нь захиалагч Барилга, хот байгуулалтын яам, түүний “Дэд бүтэц” төсөл, санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банктай 2014/03 С-ДБ-Б 2015-23 дугаартай “С” орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 3 талт гэрээг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ба, уг гэрээгээр ажлын үнийг 529,000,000 төгрөг байхаар, гэрээний 4.7-д санхүүжүүлэгч буюу Хөгжлийн банк нь “гэрээний дүнгээс илүү гарсан аливаа зардалд хариуцлага хүлээхгүй” /хх-1, 104-124-р хуудас/ гэж заасан нь өмнө “тодорхойлох нь” хэсгийн 1, 2-д дүгнэсэн үйл баримтаар тогтоогдсон.

Мөн гэрээний 3.1-д /хх-1, 105-р хуудас/ заасны дагуу “И*******” ХХК нь С хорооллын орон сууцны барилгын “гадна цэвэр ус хангамж, ариутгах татуургын сүлжээ”-ний ажлын зураг төсөл, төсөвт Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөр “Зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг хийлгэсэн байх ба, Барилгын хөгжлийн төвөөс С хорооллын орон сууцны барилгын “гадна цэвэр ус хангамж, ариутгах татуургын сүлжээ”-ний угсралтын ажлын төсөвт өртгийг 790,252,560 төгрөгөөр хянасныг магадалж, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 821/2015 дугаар “Магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг /хх-1, 155-157-р хуудас/ гаргасан байна.

Нэхэмжлэгчээс төслийн ажлын үнэ 529,000,000 төгрөгөөс илүү гарсан 300,000,000 сая төгрөгийг манай компани санхүүжүүлэхээр төсөл хэрэгжүүлэгч Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл, “И*******” ХХК-тай харилцан тохиролцсон гэх боловч, ийнхүү төслийн захиалагч болон гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсоныг нотлох гэрээ, уулзалтын тэмдэглэл зэрэг бичгээр үйлдсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, гэрээ байгуулж харилцан тохиролцсоноо баталгаажуулсан бичгээр үйлдсэн баримтгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...яамтай уулзаж амаар тохиролцсон боловч, гэрээ байгуулаагүй, уулзалтын тэмдэглэл байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байх ба, нэхэмжлэгч нь С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажил”-ын 3 талт гэрээний оролцогч биш бөгөөд, тэрээр төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөлтэй “төслийг хэрэгжүүлэхэд дутагдсан гэх 300,000,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн компаниас санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагч НИТХТ  маргаан бүхий акт болох .... дугаар тогтоолыг гарган С хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам сүлжээ”-г 100 хувь нийслэлийн өмчид бүртгэн авсан нь хуульд нийцэхгүй, уг С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугам”-ын тодорхой хэсгийг өмчлөх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/3027 дугаар албан бичгээр /хх-1, 43-р хуудас/ “Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан нийт 24.900.062.148 төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай” тогтоолын төслийг, “Нийслэлийн өмчид бүртгэх эд хөрөнгийн жагсаалт”, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэж авах тухай” танилцуулга, Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Төслийн хүрээнд бий болсон өмч хөрөнгийн талаар” 01/1067  дугаартай албан бичиг /хавсралттай/ болон холбогдох бусад баримтуудын хамт өргөн барьжээ.

НИТХТ  нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолыг /хх-1, 40-42-р хуудас/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн З-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тэдгээрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн ...6.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө,  6 дугаар зүйлийн 2-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж заасныг үндэслэл болгон батлан гаргасан байх ба, Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан уг тогтоолын төсөлд хавсаргасан баримтуудад С орон сууцны хорооллын гадна цэвэр шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил” “790,252,560 төгрөг”-ийн төсвөөр хийгдсэн болон уг төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг буюу 300,000,000 сая төгрөгийг нэхэмжлэгч БХХК-иас санхүүжүүлсэн болох талаар ямар нэг бичгийн баримт байгаагүй болох нь тогтоолын хавсралт “Нийслэлийн өмчид бүртгэх эд хөрөнгийн жагсаалт”-ын № 9-д “Баянгол дүүрэг, 20-р хороо С орон сууцны хороолол, цэвэр усны шугамын өргөтгөл, бохир усны шугам сүлжээ, нийт үнэ 529,000,000 төгрөг” /хх-1, 44-45-р хуудас/ гэж,

Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэж авах тухай” танилцуулгад “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх С орон сууцны хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ”, гүйцэтгэгч “И*******” ХХК, нийслэлийн өмчид бүртгэх хөрөнгийн дүн 529,000,000 төгрөг” /хх-1, 46-47-р хуудас/ гэж,

Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Төслийн хүрээнд бий болсон өмч хөрөнгийн талаар” 01/1067  дугаартай албан бичгийн хавсралтад С орон сууцны хорооллын гадна цэвэр шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил, улсын комисст хүлээлгэж өгсөн огноо 2015.11.02 2015/623, төсөвт өртөг 529,000,000 төгрөг” /хх-1, 48-50-р хуудас/ гэж тус тус дурдсан байгаагаар тогтоогдож байна.

 Түүнчлэн, С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг хүлээн авсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2015/628 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” /хх-1, 184-186-р хуудас/, “Баянгол дүүргийн 20-р хороо, С орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл”-д /хх-1, 187-189-р/ тус тус БХХК-ийг уг төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан талаар дурдагдаагүй байна.

Дээрхийг нэгтгэвэл хариуцагч нь Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төсөл түүнд хавсаргасан баримтуудад үндэслэн С орон сууцны хорооллын гадна цэвэр шугам өргөтгөх, бохир усны гол шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг нийслэлийн өмчид бүртгэн авсан, тогтоол гаргах үндэслэл болсон баримтуудаар нэхэмжлэгч компанийн хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан асуудал, үйл баримтыг мэдэх ёстой байсан гэж буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “С  орон сууцны хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ”-ний тодорхой хэсгийг өмчлөх эрх сэргэхээргүй байна.

Иймээс НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоол нь хуульд нийцсэн бөгөөд, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч БХХК-ийн “С  орон сууцны хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ”-ний тодорхой хэсгийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Харин нэхэмжлэгчийн “...яамны “Дэд бүтэц” төслийг 529,000,000 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төсөвлөсөн боловч, уг ажлын төсөв 790.252.560 төгрөг байхаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан, энэ талаар “И*******” ХХК-иас ажлыг гүйцэтгэх явцад бараа материал, ажиллах хүчний үнийн өсөлт зэргээс шалтгаалан тухайн төсөвт өртөг 300,000,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар манай компанид мэдэгдсэн” гэх үндэслэлүүдийн талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч БХХК болон “И*******” ХХК нь “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /хх-1, 10-11-р хуудас/ байгуулж, гэрээний зорилгыг 1.1-д “С  орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугамын 1-р ээлжийн зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэхэд дутагдаж буй 300,000,000 төгрөгийг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлон, гэрээний үнийг 300,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгч БХХК нь Б ХХК-тай тус компанийн “Залуус 2” орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийж, орон сууц захиалах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г  2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр /хх-1, 12-14-р хуудас/ байгуулсан байх ба, нэхэмжлэгч нь уг гэрээгээр захиалсан 300,538,250 төгрөгийн үнэ бүхий “Залуус-2” хорооллын 2-р байрны 98, 104, 126 тоот 2 өрөө, 3 ширхэг орон сууц, 11 тоот авто зогсоолыг тус тус өмнөх хэсэгт дурдсан “И*******” ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үнэ болох 300,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн өгсөн болох нь “И*******” ХХК-иасБ ХХК-д хаяглан хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамтран ажиллах тухай” 05 дугаарын албан бичиг /хх-1, 15-р хуудас/, БХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг хх-1, 16-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслөөс “... Инж байгууламж” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг төсөвт өртөг 790,252,000 төгрөгөөр хийгдсэн, ...590,00,000 төгрөгийн санхүүжилтийн дүнд багтах ажлын гүйцэтгэл төслийн хүрээнд, харин үлдэх 200,252,600 төгрөгийн санхүүжилтийг С орон сууцны хорооллын ерөнхий гүйцэтгэгч БХХК хариуцан ажиллах юм” /хх-1, 12-14-р хуудас/ гэж дурдсан “...790,252,600 төгрөгөөр магадлал хийлгэх” агуулга бүхий 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 01/310 дугаар албан бичгийг “Барилгын хөгжлийн төвд” хаяглан хүргүүлж байсан;

“И*******” ХХК-иас С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг нийт 790,252,560 төгрөгөөр хийж гүйцэтгэснээс Хөгжлийн банкны санхүүжилтээр 529,000,000, БХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн талаар тодорхойлолт гаргуулахыг хүссэн” 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай албан бичгийг /хх-1, 206-р хуудас/ Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөлд хүргүүлж байсан зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байх ба, эдгээрийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч БХХК нь С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажил”-д тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан бөгөөд, төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч Барилга, хот байгуулалтын яам, “Дэд бүтэц” төсөл нь нэхэмжлэгч компанийн хөрөнгө оруулсан талаарх асуудлыг мэдэж байсан буюу тэдгээрийн хооронд бичгээр гэрээ байгуулж баталгаажуулаагүй хэдий ч, төсөлд дутагдсан хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах талаар тохиролцоо байсныг үгүйсгэхээргүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь энэ хэсэгт тогтоогдсон үйл баримтуудтай холбоотойгоор С хорооллын гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугам сүлжээ”-ний тодорхой хэсгийг өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар ердийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байх ба, ийнхүү өмчлөгчөөр тогтоолгох, шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гадна цэвэр усны шугам өргөтгөх, бохир усны гол шугам сүлжээний ажлын зураг төсөл, гэрчийн мэдүүлэг зэрэг зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 75 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан НИТХТ холбогдуулан гаргасан “НИТХТ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” .... дугаар тогтоолын С орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугам, бохир усны гол шугамд холбогдох” хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч БХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОТГОНТУЯА