| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 109/2025/0017/З |
| Дугаар | 221/МА2025/0670 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0670
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 025 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, В.У, хариуцагч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 109/2025/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 025 дугаар шийдвэрээр:
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч А.Б, санхүүгийн байцаагч Б.М нарын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: ““Д” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолын 4 дүгээр хавсралтын 23-д сумын төвөөр хаягжуулалтын ажлыг 20,000,000 сая төгрөгөөр хийнэ гэсний дагуу хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоод байгаа, иргэдийн саналыг аваагүй гэдэг үндэслэлээс гадна тухайн ажлыг төсөвт тусгаагүй, эрэмбэлээгүй байна гэдэг өөр нэг үндэслэл байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх маргааныг дутуу судалж тогтоосон гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол огт хэрэгт авагдаагүй байна. Маргаан бүхий акт гаргахдаа тухайн байгууллага энэ 2 өөр эх үүсвэрийг ялгаж салгаж үзэлгүй, төсөвт тусгагдаагүй, эрэмбэлэгдээгүй ажил байна гэсэн нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байна. Ийм нөхцөлд тухайн акт нь ажлын эх үүсвэр, санхүүжилтийн бодит байдлыг бүрэн дүүрэн шалгаагүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
2023 болон 2024 онд хийгдсэн ажлын хүрээ, агуулга хоёр нь өөр өөр байсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Хариуцагч талаас нэг ажилд давхардуулан хоёр удаа санхүүжилт олгосон, эсхүл хаягийн ажил дутуу хийгдсэн гэсэн хоёр үндэслэлээр тайлбар өгч байгаа нь ойлгомжгүй. 2023 онд хийгдсэн ажил нь тухайн сумын төвийн хаягжилтын ажлын эхний шатны гүйцэтгэл байсан бөгөөд тухайн онд тодорхой хэмжээний ажлын биелэлт хийгдсэн. Харин 2024 онд хийгдсэн ажил нь өмнөх ажлын үргэлжлэл, тодруулбал бүрэн гүйцээж дуусгах ажил байсан юм. Ийм нөхцөлд тухайн хоёр ажлыг давхардуулан санхүүжилт олгосон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь нэг ажлын хоёр өөр үе шат. Мөн хариуцагчийн зүгээс хаягийг дутуу хийсэн гэж тайлбарласан боловч яг хэчнээн тооны хаяг дутуу, ямар хаяг дутуу үлдсэн болохыг баримтаар нотлоогүй, тухайн ажлын бодит гүйцэтгэлийг нарийвчлан шалгаагүй байна. Өмгөөлөгч би одоогоор нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй хараахан уулзаж амжаагүй байгаа ч түүний өгсөн мэдээллээр 2023, 2024 онуудын хоёр өөр гэрээ хэрэгт бий. Тодруулбал, одоог хүртэл 2023 оны ажлын даалгавар яг ямар байсан, 2024 оны ажлын даалгавар юуг хамарч байсан, эдгээрээс аль хэсэг нь хийгдсэн, аль хэсэг нь гүйцэтгээгүй гэдэг нь нотолгооны хувьд тодорхой биш байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэгж талбарууд дээр хаягжилтын мэдээллийг оруулсан, мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн байдалд үндэслэж гүйцэтгэсэн ажлыг хийсэн. Дээрээс нь маргаан бүхий захиргааны акт буюу захиргааны шийдвэрийг гаргахдаа захиргааны байгууллага шалгах ажиллагаагаа дутуу хийсэн байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ажил хүлээж авахдаа хэчнээн тооны, ямар хаяг хүлээж авсан, гудамжны дугаар зэргийг огт бүртгэж аваагүй. Мөн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг эрх бүхий байгууллага хийж өгөөгүй, хийхээс татгалзсан байна гэж харагдаж байгаа.
Архангай аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Авлигатай тэмцэх газарт уг асуудал шалгагдаж байгаа тул давхардуулахгүй буюу манайх энэ шийдэхгүй гэсэн. Тийм юм бол зарчмынхаа хүрээнд өрсдөө давхар шалгалт оруулж болох эсэх талаар ээдрээтэй асуудал үүсээд байна. Актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь анхнаасаа оролцогчоо тодорхойлж чадаагүй. Сонсох ажиллагаанд оролцож, тэмдэглэл үйлдсэн учраас сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн гэж шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг хийх, захиргааны шийдвэр гаргах бүхэл бүтэн процессын ажиллагаа зөвхөн сонсох ажиллагаа хийх гэж байна гэдэг байдлаар хэргийн оролцогчоо тодорхойлохгүй. “Д” ХХК-ийг байлцуулж ажиллагаануудыг нь хийж болоогүй юм. Сонсох ажиллагаа болсны дараа тэмдэглэлтэй танилцсан байдаг. Хариуцагчаас байгууллага, албан тушаалтныг шалгаад байгаа юм, “Д” ХХК-ийг шалгаагүй гэдэг байдлаар тайлбар өгөөд байгаа. Тэгвэл захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, хууль зөрчиж байгаа зөрчлийг шалгаж байгаа юм бол яагаад “Д” ХХК-д захиргааны байгууллагын хариуцах ёстой акт тавьсан юм бэ? Данс руу нь мөнгө орсон учраас “Д” ХХК төлөх ёстой гээд шүүх шийдсэн байсан. Ийм хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яваад гэм буруутай албан тушаалтан ч бай хэн нэгэн тогтоогдвол хохирлыг хэн хариуцах юм? Тэр буруутай этгээд хариуцна, эсхүл иргэний хариуцагчаар эрүүгийн хэрэг дээр “Д” ХХК татагдаад явах юм уу? “Д” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан байхад хохирлоо Засаг даргаас нэхэх юм уу, засаг даргын Тамгын газраас нэхэх юм уу? Энэ нь процессын хувьд улам төвөгтэй болгож байна.
Захиргааны шийдвэр хэн нэгэн этгээдэд хаяглагдсан, гүйцэтгэх боломжтой байх ёстой. Гэтэл албан тушаалтны буруутай үйл ажиллагааг үл харгалзан хохирлоо дараа нэхэмжил гэх байдлаар хандах нь зүйд нийцэхгүй. Хуульд хохирлыг албан тушаалтнаас гаргуулах заалттай. Албан тушаалтанд чиглэсэн зохицуулалт байхад нэхэмжлэгчээс гаргуулахаар зааж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмж шалгах, дутуу хийгдсэн ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарт холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх тухай” 04 дүгээр удирдамжийн дагуу тус газрын улсын ахлах байцаагч нар хяналт, шалгалт явуулж нэхэмжлэгч “Д” ХХК-ийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 60 дугаар зүйлийн 60.3.6, Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 4.3.2, 11.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актаар “Д” ХХК-иар 19,950,000 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын 2024 оны төсөв батлах тухай” 07 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 23-д Сумын төвийн хаягжуулалтад 20,000,000 төгрөг зарцуулахаар төсөвлөж, тус сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар сумын гудамж, хорооллын хаягжуулалтын ажил гүйцэтгэх гэрээг “Д” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, мөн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/123 дугаар захирамжаар 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, Цэнхэр сумын төвийн гудамж, хороололд хаягжуулалт хийсэн ажлыг хүлээн авах комиссоос ажлыг хүлээж авсан байна.
4.2. Дараа нь мөн Архангай аймгийн Цэнхэр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд зориулан сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаар захирамжаар тус сумын төвийн хаягжуулалт хийх ажил гүйцэтгэх гэрээг “Д” ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, 19,950,000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчээс “... 2023 онд нийт ажил гүйцэтгэх 60 гудамж, 630 гаруй нэгж талбар, 30 аж ахуй нэгжийн хийх даалгавартай байсан ч үүнийг 2023 онд амжихгүй байсан тул 15 гудамж, 320 гаруй хашааны хаягжуулалтыг хийж хүлээлгэж өгсөн. Байцаагчийн ойлгохгүй байгаа зүйл нь нэгж талбаруудад бүгдэд нь хаяг хадах ёстой гэж ойлгоод байгаа. Харин бид газар дээрээ баригдсан хашаанд л хаягжуулалт хийдэг. Баригдаагүй хашаанд хаягжуулалт хийх боломжгүй. Бид өөрийн дураар энэ ажлыг хийх боломжгүй” гэж, хариуцагчаас “... өмнөх 2023 онд тухайн ажил хийгдсэн. Гэтэл төсвийг зориулалтын бусаар зарцуулж, дахин санхүүжилт авсан гэж үзэж байна. Ажлын комиссын актаар бүрэн гүйцэтгэлтэй гэж тогтоогоод нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн санхүүжилтээ авсан. 2024 онд мөн дээрх ажлыг 19,950,000 төгрөгөөр гүйцэтгэнэ гээд давхардуулан санхүүжилт авсан” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
5.1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д “Сум, дүүргийн түвшинд дараах үндсэн нөхцөлүүдийг хангасан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ”, 4.3.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх” гэж тус тус заажээ.
5.2. Анхан шатны шүүх “… 2024 онд багийн иргэдээс санал ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн гэх зөрчил илэрсэн болох нь тогтоогдсон, үүний улмаас төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах дээр дурдсан хууль зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул эл зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6. Учир нь, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
6.1. Тодруулбал, маргаан бүхий Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актад “... “Д” ХХК нь Цэнхэр сумын гудамж хороололд хаягжуулалтын ажлыг ... 2023 онд 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол 2024 онд багийн иргэдээс ирүүлээгүй ажлыг сумын 2024 оны төсөвт төлөвлөн, санхүүжүүлсэн, сумын төвийн айл өрхийн гудамж, хашааны тоог үндэслэлгүй нэмэгдүүлж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулснаас 19,950,000 төгрөгийн төлбөр илэрлээ” гэсэн байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд “... ажлыг дутуу хийсэн, мөнгийг анхнаасаа олгох ёсгүй, төсвийг ч батлах ёсгүй мөнгө байсан” гэж актад дурдаагүй, өөр зөрчил гаргасан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
6.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Д” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн хаягжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр байшин барилгын хаяг 30 ширхэг, гудамжны хаягийн тэмдэг 65 ширхэг, хашааны хаяг 637 ширхэг хийх, 2024 оны 14 дугаартай “Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн хаягжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр байшин барилгын хаяг 15 ширхэг, гудамжны хаяг 35 ширхэг, хашааны хаяг 322 ширхэг хийх үүргийг тус тус хүлээсэн байх ба Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.М 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын тэмдэглэлд “... газар дээр нь очиж шалгахад гүйцэтгэлээр байшин барилгын хаяг 11 ширхэг, гудамжны хаяг 95 ширхэг, хашааны хаяг 345 ширхэг хийж гүйцэтгэсэн гэж тоологдсон болно. Дутуу хийгдсэн хаягжуулалтын ажил барилгын хаяг 34 ширхэг, гудамжны хаяг 5 ширхэг, хашааны хаяг 614 ширхэг дутуу хийгдсэн байна” гэж тэмдэглэгджээ.
6.3. Харин, нэхэмжлэгчээс “2023 онд нийт ажил гүйцэтгэх 60 гудамж, 630 гаруй нэгж талбар, 30 аж ахуй нэгжийн хийх даалгавартай байсан ч үүнийг 2023 онд амжихгүй байсан тул 15 гудамж, 320 гаруй хашааны хаягжуулалтыг хийж хүлээлгэж өгсөн. Бид газар дээрээ баригдсан хашаанд л хаягжуулалт хийдэг. Баригдаагүй хашаанд хаягжуулалт хийх боломжгүй” гэж тайлбарлаж байна.
6.4. Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагч нар нь хяналт, шалгалт хийж акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн буюу “Д” ХХК-ийг сумын төвийн айл өрхийн гудамж хашааны тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх нөхцөл байдалд талуудын гаргаж өгсөн тоо зөрүүтэй, 2023 онд болон 2024 онд тус тус ямар ажил хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгч компанийг хууль бусаар орлого олсон гэх зөрчил гаргасан үндэслэл тодорхойгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэмээн ажил гүйцэтгэгч “Д” ХХК-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т улсын байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлогыг акт үйлдэж улсын орлого болгох эрх хэмжээтэй бөгөөд маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төлбөр хариуцагч “Д” ХХК-иар 19,950,000 төгрөгийг төлүүлэн авч эс чадваас Цэнхэр сумын орлогч дарга асан Ж.А-р 9,975,000 төгрөгийг, нягтлан бодогч Э.Ц-р 9,975,000 төгрөгийг ... төлүүлэхийг хариуцуулав” гэсэн байдлаар акт тавьсан нь хоёрдмол утга агуулсан ойлгомжгүйгээс гадна ямар зөрчилд ямар орлогыг хууль бусаар олсон гэж үзэж улсын орлого болгож байгаа нь тодорхой биш, өөрөөр хэлбэл ямар зөрчилд хэнийг буруутгаж, хэнд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
7.1. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарч байх тул хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд:
8. Хариуцагч улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж байгууллагыг хууль бусаар орлого олсон эсэхийг шалгаж тогтоох, түүнчлэн Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлүүд нь хэнд хамааралтай болохыг болон Хянавал хэсгийн 6.4, 7-д дурдсаныг мөн шалгаж тогтоосны үндсэн дээр дахин акт гаргаж, энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 025 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1, 10.12.2-т заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч шинэ акт гаргаагүй бол 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17/02/17/03/05 дугаартай актын “Д” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ