Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Мөнгөнсүх,

Хохирогч Т.Батцогт,

Гэрч П.Пүрэвжаргал,

Шүүгдэгч Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД:0056/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дугаар зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончууд овогт Цэднээгийн Дулмаад холбогдох эрүүгийн 201625020567 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 41-2058 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ончууд овогт Цэднээгийн Дулмаа, /РД: УУ66011448/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Дулмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 Телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Баянзүрх дүүргийн засаг даргийн орлогч Т.Батцогт нь “ .... миний хүүхдийг хүн зааж өгч зодуулдаг, шалгасан мөрдөн байцаагчаа шоглодог, .... Батцогтын хийж чадах ажил энэ гэдгийг баттай хэлж чадна...” гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дулмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би “Монгол коммент” нэвтрүүлэгт өөрөө очиж ярилцлага өгөөгүй, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би захидал бичсэн. Дараа нь би сурвалжлага хийж өгөөч гэж гуйсан. Энэ сурвалжлагийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн. Би энэ талаар ярилцлага өгөх орон нутаг дахь засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль хэрэгжихгүй байна гэж ярилцлага өгсөн. Сонгуулийн дүнг барьж ажиллахгүй бол сонгууль хийж яах юм бэ гэж хэлсэн. Хурал дээр болсон бүх хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг ярьсан. Хурлыг иргэд нийтийн хурлын дарга тогтоол өгөөгүй байхад өөрсдөө зохион байгуулж хийсэн, 3 удаа журам зөрчиж хийсэн. Орон нутаг засаг захиргаа, түүний удирдлагын тухай хууль хэрэгжихгүй байна гэж хэлсэн. Би эхлээд бүх зүйлээ ярьчихаад хамгийн сүүлд энэ бүхний ард БЗД-н засаг даргын орлогч Батцогт байгаа гэж хэлсэн. Жишээ нь гэж байгаад хорооны засаг даргатай ярилцлага хийхэд иргэд хууль зөрчсөн талаар иргэд хэлж байна гэв.

Шүүгдэгч Ц.Дулмаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...ТВ-9 телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт оролцож байхдаа Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогтыг санаандгүй байдлаар энэ бүх байдлыг зохион байгуулж манай хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан, байцаагчаа шоглосон гэж хэлсэн гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг   /хх 52, 92 дугаар хуудас/,

Хохирогч Т.Батцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Монгол коммент”-н мөрөөр гэдэг нэвтрүүлгээр, бямба гарагт давталт гэж нэвтрүүлэг гарсан. Би өөрөө энэ нэвтрүүлгийг үзээгүй, гэрээс миний ээж болон найзууд утасдаж хэлсэн. Чи өөрийнхөө албан тушаалыг ашиглаж энэ хүнийг зодоод байдаг юм уу, ямар учраас 27 дугаар хороон дээр хууль бус үйлдэл гаргаад байдаг юм бэ, мөн хүүхэдтэй эмэгтэй хүнийг хүүхэдтэй нь зодоод байдаг юм уу, засаг даргын орлогч учраас ийм үйлдэл гаргаад байдаг юм уу гэж над руу ярьсан. Би энэ асуудлын талаар маш их эмзэглэсэн, олон хүмүүс над руу ярьж байсан. Энэ нэвтрүүлгийг нөхөж үзэхэд 27 дугаар хорооны ИНХ-н дарга Дулмаа гуай дээрх асуудлын талаар ярьсан байдаг. Би энэ талаар гомдол гаргасан. Дулмаа гуай ярьсан асуудал сиди дээр бичигдсэн байгаа, би зарим ярьсан асуудлыг сайн санахгүй байна. Намайг хууль зөрчсөн талаар ярьсан. Би нэг ч удаа хууль зөрчсөн асуудал байхгүй, хорооны хуралтай холбоотой асуудалд хуралд нэг ч удаа оролцоогүй. Би 27 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувьд тухайн хорооны иргэдийн дүүрэгт төлөөлөх ажлыг хийгээд явдаг. Батдэлгэр хорооны засаг даргын дарга нь биш, ИНХ-ын Дулмаа даргын дарга нь би биш учраас хорооны хуралд оролцох эрх надад байхгүй. Би эмэгтэй хүнд гар хүрсэн, хүүхдийг нь зодуулсан зүйл огт байхгүй. Энэ нэвтрүүлгээр хэн ч үзсэн намайг энэ бүгдийг зохион байгуулж, зодуулсан мэтээр ярьсан тийм учраас би гомдолтой гэж өргөдөл гаргасан гэв.

 

Хохирогч Т.Батцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ТВ-9 телевизийн Монгол комментийн мөрөөр гэсэн нэвтрүүлэгт оролцсон иргэн Ц.Дулмаа нь ярилцлагандаа “ миний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан энэ хэрэг нь хэрээс хэтэрч байна шүүх эмнэлэгийн шинжээч томилоод магадлагаа тогтоолгохоор байцаагчаа шоглоод хаячихаад байна. Энэ бол Баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг баттай хэлж чадаж байна, яагаад гэвэл Батцогт би хаанаас ирсэн ямар газраас ирсэн гэдгийг нь мэдэхгүй....” гэж ярилцлага өгч миний нэр хүндэд халдаж ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Тухайн бичлэгийг үзсэн миний танил ойр орчимын хүмүүс “... чи чинь хууль бус бусармаг үйлдэл хийж явдаг хүн юмуу... “ гэж Дулмаагийн хэлсэн үгээр хардаж эхэлсэн. Энэ асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэсэн мэдүүлэг / хх 47-48, 88-89 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Пүрэвжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Ц.Дулмаа гэдэг хүн танай телевизэд 2015 оны 12 сард анх захидлаар хандсан. Ц.Дулмаа гэдэг хүн манай нэвтрүүлэгт захидал бичсэний дараа ирж мэдээ сурвалжлага болгож өгнө үү гэж хүсэлт тавьсан. Захидлын мөрөөр очиж ярилцлага хийсэн. Ярилцлагад Ц.Дулмаа албан тушаалаас маань хууль бусаар холдуулж байна гэж ярьсан. Тухайн ярилцлагад Т.Батцогтыг хүүхэд зодуулдаг, мөрдөн байцаагчаар зодуулдаг талаар хэлснийг санахгүй байна. Нэвтрүүлэгт орсон хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хариуцлагаа өөрөө хүлээдэг. Би Ц.Дулмаагаас ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй гэв.

 

Гэрч П.Пүрэвжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 сард шиг санаж байна. Баянзүрх дүүргийн гэх хүн надтай ирж уулзаад болоод байгаа асуудлынхаа талаар надад ярьсан. Тэгэхээр нь би хэрвээ таны ярьж байгаа зүйл баримт нотолгоотой бол та захидал бичээд манай телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт хандаж болно гэж хэлээд явуулсан. Ингээд Дулмаа гэх хүн захидал бичээд хэд хоногийн дараа манай телевизэд ирж уулзсан. Тэгэхээр нь Дулмаа гэх хүний авч ирсэн захидлыг “Монгол коммент” нэвтрүүлгээр уншсан. Үүнээс хойш Дулмаа гэх хүн над руу хэд хэдэн удаа ярьж “та газар дээр нь очиж сурвалжилж өгнө үү” гэж  хүсэлт тавьж байсан боловч миний ажил амжихгүй их байсан учраас Дулмаа гэх хүний гаргасан хүсэлтийг хойшлуулж байсан юм. Тэгээд 2016 оны 1 дүгээр сард би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн юм. Ингээд хийсэн нэвтрүүлгээ 2016 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн эфирээр гаргасан. Юм. Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч уг хүнийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй байна. Тэгээд иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж өөрийнх нь болон хүүхдийнх нь эрх чөлөөнд халдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 92-93 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Нямцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэний нийтийн хурлын даргаар сонгогдож ажиллаж эхэлсэнээс хойш 2014 онд иргэдийн нийтийн хурал хийсэн. Би уг хурал дээр очоогүй. Манай эхнэр орой гэртээ ирээд 27 дугаар хорооны засаг дарга Батдэлгэр намайг ажил хийлгэхгүй гэж байна гэсэн. Тэгээд засаг даргын тайлангийн хурал зарлахад 27 дугаар хорооны иргэд Дулмаа даргыг огцруул гээд орилолдоод байсан. Би очиж суусан. Манай эхнэр тайлангаа тавьсан. Ингээд тайлангаа тавиад дуусахад засаг дарга Батдэлгэр танихгүй настай хүнд хандан Дулмаагийн тамгыг нь аваарай гэж хэлээд байсан. Тэгээд хүмүүс бөөгнөрөөд манай эхнэрийг гаргахгүй байсан би орж гаргасан. Гадаа гартал хүмүүс манай эхнэрийг тойроод зогсчихсон юм. Энэ үед манай эхнэр хавтастай бичиг баримт өгөхөөр нь би авсан. Т.Батцогт уг хурал дээр байгаагүй гэсэн мэдүүлгээр /хх 90-91 дүгээр хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...хүн зааж өгөөд зодуулчихаж байна эрхийг нь зөрчиж байна хүүхдийг нь зааж өгөөд зодуулчихаж байна энэ бол хэрээс хэтэрсэн шүүх эмнэлгийн магадлагаа тогтоогоод шүүх эмнэлэгт өгөхөөр байцаагчаа шоглоод хаячихаж байна энэ баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг би бол баттай хэлж чадаж байна...” гэжээ. /хх 7-17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: “...2 хуудас гар бичвэрийг эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт хадгалахаар тогтов...” гэжээ. /хх 87 дугаар хуудас/

 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоол /хх 18/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны албан тоотууд /хх 19-22/, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо ИНХ-ын тэмдэглэл /хх 38-43/, Баянзүрх дүүргийн засаг даргын албан тоот /хх 59/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 60/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 61/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /хх 63 дугаар хуудас/,  Ц.Дулмаагийн Монгол коммент нэвтрүүлэгт бичсэн захидал /хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 98 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Дулмаа нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 Телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр “ ... хүн зааж өгөөд зодуулчихаж байна эрхийг нь зөрчиж байна, хүүхдийг хүнд зааж өгч зодуулдаг, энэ бол хэрээс хэтэрсэн шүүх эмнэлгийн магадлагаа тогтоогоод шүүх эмнэлэгт өгөхөөр байцаагчаа шоглоод хаячихаж байна, энэ баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг би бол баттай хэлж чадаж байна... Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж шийдвэр гаргадаг..” гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр Баянзүрх дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Батцогтын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор бодит бус, илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан болох нь:

 шүүгдэгч Ц.Дулмаагийн “...ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт оролцож байхдаа Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогтыг санаандгүй байдлаар энэ бүх байдлыг зохион байгуулж манай хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан, байцаагчаа шоглосон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

хохирогч Т.Батцогтын “...2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ТВ-9 телевизийн Монгол комментийн мөрөөр гэсэн нэвтрүүлэгт оролцсон иргэн Ц.Дулмаа нь ярилцлагандаа “ миний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан энэ хэрэг нь хэрээс хэтэрч байна шүүх эмнэлэгийн шинжээч томилоод магадлагаа тогтоолгохоор байцаагчаа шоглоод хаячихаад байна. Энэ бол Баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг баттай хэлж чадаж байна, яагаад гэвэл Батцогт би хаанаас ирсэн ямар газраас ирсэн гэдгийг нь мэдэхгүй....” гэж ярилцлага өгч миний нэр хүндэд халдаж ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Тухайн бичлэгийг үзсэн миний танил ойр орчимын хүмүүс “... чи чинь хууль бус бусармаг үйлдэл хийж явдаг хүн юмуу... “ гэж Дулмаагийн хэлсэн үгээр хардаж эхэлсэн....” гэсэн мэдүүлэг,

 гэрч П.Пүрэвжаргалын “...2016 оны 1 дүгээр сард би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн юм. Ингээд хийсэн нэвтрүүлгээ 2016 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн эфирээр гаргасан юм. Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч уг хүнийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй байна. Тэгээд иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж өөрийнх нь болон хүүхдийнх нь эрх чөлөөнд халдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын ажил эрхэлж байсан шүүгдэгч Ц.Дулмаа нь хохирогч Т.Батцогтыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч ажил эрхэлж байсантай нь холбогдуулан өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргуулсан гэж хийсвэр дүгнэлт хийж улмаар шүүгдэгч болон түүний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан гэж бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар ярьж хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “TV9” телевизээр олон нийтэд тараажээ.

Шүүгдэгч өөрийг нь тухайн ажлаас чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг Т.Батцогт дур мэдэн шийдвэрлэх боломжгүйгээс гадна тухайн хурлын шийдвэрийг “хууль бус” гэдгийг тогтоосон шийдвэр гараагүй талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Мөн түүнчлэн шүүгдэгчийг бусдад зодуулж энэ тухай цагдаагийн байгууллагаар шалгуулсан байх боловч хохирогч Т.Батцогт нь Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй /холбогдуулан шалгаагүй/ тухай шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Иймд хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ц.Дулмаа нь Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж үгээ хэлэхдээ андуу ташаа дүгнэлт өгсөн. Үүнийг гүтгэх гэмт хэргээр зүйлчлэхгүй. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Дулмаа нь гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхээр идэвхитэй чармайж хохирогч Т.Батцогтын эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан түүнд хамааралгүй, бодитой бус, илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан үйлдлийн улмаас хохирогчийн нэр төр, алдар хүндийн талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхийг мэдэж ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Дулмаагийн “…2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би захидал бичсэн. Дараа нь би сурвалжлага хийж өгөөч гэж гуйсан. Энэ сурвалжлагийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн…” гэж, гэрч П.Пүрэвжаргалын “…Ц.Дулмаа гэдэг хүн танай телевизэд 2015 оны 12 сард анх захидлаар хандсан. Ц.Дулмаа гэдэг хүн манай нэвтрүүлэгт захидал бичсэний дараа ирж мэдээ сурвалжлага болгож өгнө үү гэж хүсэлт тавьсан. Захидлын мөрөөр очиж ярилцлага хийсэн…” гэсэн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзэв.    

Шүүхээс шүүгдэгч Ц.Дулмаад ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Дулмаа нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ончууд овогт Цэндээгийн Дулмааг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Ц.Дулмааг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /192.000*51/ буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Дулмаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дулмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДУЛАМСҮРЭН