Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 199

 

Б.Ж-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1063  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ж-т холбогдох эрүүгийн 1909037351143 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Ж-, 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 581 дугаартай тогтоолоор 5 жилийн хорих ял болгон хөнгөрүүлсэн ба Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 26 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж суллагдсан,    

             Б.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 16 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35/А тоотод иргэн Н.Баярсайханы биед хүч хэрэглэн “Жи Мобайл” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Миний үйлчлүүлэгч Ж- хохирогчийн гар утсыг авахдаа хүч хэрэглээгүй хэмээн анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Яллах дүгнэлтэд гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхой дурдаагүй. Тодруулбал Ж- нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн дүү Отгонцэцэг, түүний найз Бямбасүрэн нарын хамт архидан согтуурч, буудалд хоносон бөгөөд өглөө сэрэхэд бэлэн 1.600.000 төгрөг, гар утас зэрэг нь алдагдсан байдаг. Тэрээр энэ талаараа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингээд тухайн өдөр Отгонцэцэгийн гэрийг хайж олоод хохирогчтой уулзсан. Улмаар түүний гар утсаар Бямбасүрэн гэгчтэй ярьсан байдаг. Гэрийн гадаа утсаар ярьж дуусаагүй байхад нь хохирогч “Утас өгөөч новшоо” гэж хэлээд гартаа чулуу атгаад дайрсан. Энэ үед Ж- өөрийгөө хамгаалах зорилгоор зугтаасан. Улмаар Бямбасүрэнг Дархан-Уул аймагт байгаа болохыг мэдээд тухайн өдрөө явсан. Тэгээд Отгонцэцэгт хохирогчийн утсыг хүлээлгэн өгсөн байдаг. Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг тухайн зүйл, хэсэгт зааснаар өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Баярсайханы гаргасан гомдол, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Мөнхтогоогийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж- нь түүний гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан болох нь тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны үед Ж- нь эд хөрөнгөө алдсан талаар мэдүүлж байгаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Н.Баярсайханы “...16 цаг өнгөрч байхад гаднаас үл таних хүн орж ирээд миний толгой руу 1 удаа, хэвлийн орчим 3-4 удаа гараараа цохиод, орны хажууд сандал дээр байсан “Жи Мобайл” загварын 2 симтэй, товчлууртай гар утсыг аваад зугтаасан. Араас нь гүйсэн боловч барьж авч чадаагүй. Тэр залуу хар өнгийн куртик, өмдтэй, 170-175 см өндөртэй, 25-30 насны хүн байсан. ...” /хх 22-25, 121/ гэх тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдийн гадна төрх байдал, алдагдсан эд зүйлийнхээ шинж онцлогийн талаар өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хохирогч Баярсайхан телевизор үзээд сууж байхаар нь “Гар утсаа өгөөч, нэг яриад өгье” гэж хэлэхэд босч ирээд баруун талын орон дээрээс “Жи Мобайл” загварын гар утас өгөхөөр нь би хүн рүү залгаад ярьж байгаа юм шиг дүр үзүүлж “Байна уу, байна уу” гэж хэлээд гэрээс гараад үүдэнд нь 1-3 минут болоод зугтаасан. Худгийн хажууд зогсож байх үед хохирогч гартаа чулуу барьсан “Одоо чамайг ална” гээд ирэхээр нь би тэр чигтээ гүйсэн. ...” /хх 52-53/ гэх мэдүүлэг,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 41-42/, тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгчийн араас хөөж байгаа байдлыг харуулсан гудамжны хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 98-101/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

 Б.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 16 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35/А тоотод оршин суух иргэн Н.Баярсайханы гэрт нэвтэрч, улмаар түүний толгой руу 1 удаа, хэвлийн орчим 3 удаа гараараа цохиж хүч хэрэглэн “Жи Мобайл” загварын гар утсыг нь авч зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран өөр хоорондоо ялгагддаг.

Тухайлбал, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон буюу хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Иймээс тухайн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр тодорхойлон зүйлчлэхдээ дээрх шинжүүдийг анхаарч үзэхийн зэрэгцээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар тодруулан тогтоож хууль зүйн дүгнэлт хийсэн байвал зохино.

Шүүгдэгч Б.Ж- “...хохирогчийн гар утсыг авахдаа хүч хэрэглээгүй, хохирогч өөрөө надад өгсөн...” хэмээн маргадаг боловч энэ нь хохирогчид хууль сануулж авсан удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, түүнийг нотолсон бусад нотлох баримтуудаар няцаагддаг.

Өөрөөр хэлбэл, хохирогч Н.Баярсайхан “...тухайн өдөр мэс ажилбарт ороод удаагүй, өрөөсөн нүд маань хараагүй болсон байсан, шүүгдэгч Б.Ж-ыг танихгүй бөгөөд гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй цохисон...” талаараа тодорхой мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Ж-т буюу зөвшөөрөлгүй гэрт нь орж ирсэн танихгүй хүнд гар утсаа өгч яриулсан гэх асуудал нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байна.    

Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12395 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед ил харагдах гэмтэл тогтоогдоогүй боловч хохирогч гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 11 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн, энэ хугацаанд түүний биед учирсан аливаа өөрчлөлтүүдийн шинж тэмдэг арилахад хангалттай хугацаа өнгөрсөн байх бөгөөд тэрээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй шалтгаанаа “...шинжилгээ хийлгэх мөнгөгүй байсан...” хэмээн тайлбарласан байна.

Шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдсан гомдолдоо: “...Ж- 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн дүү Отгонцэцэг, түүний найз Бямбасүрэн нарын хамт архидан согтуурч, буудалд хоносон бөгөөд өглөө сэрэхэд бэлэн 1.600.000 төгрөг, гар утас зэрэг нь алдагдсан байсан. Энэ талаараа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингээд тухайн өдөр Отгонцэцэгийн гэрийг хайж олоод хохирогчтой уулзсан. Улмаар түүний гар утсаар Бямбасүрэн гэгчтэй ярьсан байдаг. Гэрийн гадаа утсаар ярьж дуусаагүй байхад нь хохирогч “Утас өгөөч новшоо” гэж хэлээд гартаа чулуу атгаад дайрсан. Энэ үед Ж- өөрийгөө хамгаалах зорилгоор зугтаасан...” хэмээн гэмт хэргийн шалтгаант холбоог буруу тайлбарлаж, хэргийн үйл баримтад хамааралгүй буюу анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримт бичгийг тус шүүх хуралдаанд шинээр гаргаж өгснийг давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй болно.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон нийгэмд аюултай хор уршиг хооронд тогтсон объектив, дотоод, харилцан хамаарлыг гэмт хэргийн шалтгаант холбоо гэж ойлгох бөгөөд үйлдэл, хор уршиг хоорондоо цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байж гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх учиртай.

 Шүүгдэгч Б.Ж- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “...найз охинтойгоо холбогдох гэсэн чинь надад утас байгаагүй. Тэгэхээр нь Отгонцэцэгийн гэрт очиж ахынх нь утсыг авахаар шийдсэн. Тэгээд хашааг нь даваад гэр лүү нь ороход Отгонцэцэгийн ах телевизор үзээд сууж байсан ба “ахаа утсаа өгчих хүнтэй яриад өгье” гэж хэлж аваад хүнтэй ярьж байгаа дүр үзүүлээд гэрээс гараад гэрийнх нь гадаа “Байна уу, байна уу” худлаа ярьж байгаад зугтаасан. ...” /хх 33-34, 52-53/ гэж өөрийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа, зорилгоо тодорхой илэрхийлжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Ж-ын санаа зорилго анхнаасаа бусдын эд хөрөнгө рүү шууд чиглэснээс гадна, тухайн эд хөрөнгийг авахын тулд эхлээд өмчлөгчийн биед халдаж, түүний эд хөрөнгөө хамгаалан тэмцэх, эсэргүүцлийг сулруулсан байна.

Иймээс шүүгдэгч Б.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Иймд “...хэргийн зүйлчлэл болон ял хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболдын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1063 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН