Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2020/00008/И |
Дугаар | 190 |
Огноо | 2020-03-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 190
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 141 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндуламын Нарантуяа /МЮ82021404/-д холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 15,351,346 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагч Ц.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Зээлдэгч Д.Бямбацогт, Ц.Нарантуяа нар нь тус банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-201843829196 тоот зээлийн гэрээ байгуулан 18.200.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,542.437.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.114.140.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.206.79 төгрөг нийт 6.658.78590 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 94 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-201843829196 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж,
2. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13.657.56217 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.682.61572 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.168.11 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 15.351.346 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна! ... гэжээ.
Хариуцагч Ц.Нарантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжлэлд дурдсан үнийн дүн болон зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь: Миний нөхөр Доржпалам овогтой Бямбацогт нь тус банкнаас цалингийн зээл аваад үлдэгдэл нь 16,838,237.55 төгрөг байсан бөгөөд дахин 2018 оны 08 сарын 23-ны өдөр 1,361,762.45 төгрөг нэмж авч нийт 18,200,000 төгрөг болсон юм.
Нөхөр маань 2018 оны 10 сарын 15-ны өдөр авто машины осолд орж нас барсан тул би ажил явдлыг нь дуусгаад 2018 оны 10 сарын 18-ны өдөр үндсэн зээлээс нь хасаад өгөөрэй гэж 4,600,000 төгрөгийг банканд зээлийн данс руу хийсэн. Тэгээд банк миний нөхрийн дансанд орж ирсэн мөнгө болон хүүхдийн тэжээгчээ алдсаны мөнгийг шууд бидний гар дээр өгөхгүй татаж аваад зээлийг чинь төлж байгаа гэдэг ойлголтыг өгсөн. Тэгсэн атлаа ийм их хэмжээний мөнгийг нэхээд намайг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна.
Талийгаач минь цалингийн зээл аваад 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс нас барах хүртэл буюу 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 1,197,681.68 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүн дээр нь би 4,600,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар өгсөн.
2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 11-нийг хүртэл хугацаанд талийгаачийн дансанд орж ирсэн орлогыг тооцож үзэхэд 3,591,184 төгрөг болж байгаа бөгөөд дээрх мөнгөн дүнг нэмж нэгтгэвэл 9,388,865 төгрөг төлсөн ба 9,388,865 төгрөгийг сард үндсэн зээл, хүүгийн хамт 547,000 төлөх ёстой гэж хувааж үзэхэд 17-н сарын мөнгө төлөгдсөн байдаг.
2018 оны 08 сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл 1 жил буюу 12 сар, 2019 оны 9, 10, 11, 12 сар хүртэл нийт 16 сар буюу 1 жил 4 сар, 2020 оны 01 сар дуустал 1 жил 5 сар буюу 17 сар болж байна. Би авсан зээлээ төлөхгүй гээгүй. Миний бие 5-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй түрээсийн байранд амьдардаг. Иймд үндсэн зээл 13,657,562 төгрөгийг төлнө, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй! ... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банкны Сэлэнгэ салбар нь Ц.Нарантуяад холбогдуулж Зээлийн гэрээ цуцалж, 15.351.346 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Зээлдэгч Д.Бямбацогт, Ц.Нарантуяа нар нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ/201843829196 дугаар зээлийн гэрээ байгуулж 18,200.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй зээлж авсан болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмын дагуу хариуцагчид мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шаардах хуудсаар нотлогдож байх ба мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байх тул банк хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалж гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухайд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/201843829196 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон зээлийн гэрээний үүргийг зөрчиж, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй талаар маргаангүй.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 13,657,562 төгрөгийг төлнө, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч энэхүү татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй төдийгүй нэхэмжлэгчийн зээлийн бүртгэлийн карт, тооцоолборыг няцааж чадаагүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэв.
Иймээс Ц.Нарантуяагаас зээлийн гэрээний үүрэгт 15.351.346 төгрөгийг гаргуулан Хаан банкны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,656.73 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/201843829196 тоот зээлийн гэрээг цуцалж, Ц.Нарантуяагаас 15,351,346 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,656.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нарантуяагаас 234,656.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ