| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-08-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
2023 08 25 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дгийн Эд холбогдох эрүүгийн 2335000000202 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 10 дугаар сарын 06-нд Увс аймгийн ....... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг ...... тоотод оршин суух хаягтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдэж уг хэргийг Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт гийн Э /РД: ........../.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Э нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны зах дотроос 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Мын эзэмшлийн самсунг А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Мад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Эг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны зах дотроос 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Мын эзэмшлийн самсунг А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Мд 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хавтаст хэргийн 23 дахь тал),
Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед өөрийн эхнэр Эгийн хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Итгэлт барааны зах буюу хүнсний хэсэгт ахуйн бүтээгдэхүүн худалдан авч байх үедээ өөрийн эзэмшлийн самсунг А14 загварын гар утсыг санамсаргүй байдлаар орхиж гарсан бөгөөд яг намайг гарангуут миний хажууд зогсож байсан хөх өнгийн сарвахтай малгайтай эрэгтэй хүн миний утсыг авч байгаа дүрс бичлэг байсан. Тухайн утсаа үлдээчихээд 5 минутын дараа буцаж ирэхэд минйи утас байхгүй байсан. Тухайн самсунгА14 загварын гар утсаа 2023 оны 6 дугаар сарын дундуур Улаангом сумын Мобиком салбараас 699.000 төгрөгийн гар утсыг лизингээр худалдан авсан. Миний алдсан утсыг цагдаагийн байгууллагаас олж өгсөн. Тухайн үед миний утас унтраагүй боловч сим картыг гаргачихаад буцаагаад хийсэн байдалтай байсан. Миний утсыг авсан хүн сим картыг гаргачхаад буцаагаад хийх байдлаар ашигласан байсан. Бусдаар ашигласан зүйл байхгүй. Би өөрийн утсыг алдсан боловч буцаан бүрэн олж авсан тул хохирол байхгүй. Би утсаа алдсанаас хойш цагдаагийн байгууллагад мэдэгдэж түргэн шуурхай олж авсан учир утас алдсантай холбогдуулан гарсан зардал байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Гэрч А.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр Б.М нь өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрийн бараа цуглуулахаар тус аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Улаангом захын хүнсний бөөний төвөөс бараагаа цуглуулж байгаад Самсунг А14 загварын гар утас алдсан зүйл байгаа ба манай нөхөр тухайн явсан газруудаар эрж сураад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай нөхөр Б.М нь 2023 оны 06 дугаар сарын дундуур авсан ба яг өдрийн сайн мэдэхгүй байна тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Мобикомын төвөөс бэлнээр 700.000 төгрөгөөр худалдаж аваад 20 гаруй хонож байгаад алдсан юм. Манай нөхөр Б.М нь өглөө гэрээс гарахдаа ганцаараа явсан ба гар утас хулгайд алдахдаа хажууд ямар нэг хүн хамт явсан зүйл байхгүй. Манай нөхөр Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хулгайд алдсан гар утас нь цэнхэр өнгийн кэйстэй, хар өнгийн гар утас байсан ба ямар нэг гэмтэж сэвтсэн зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би 09-10 цагийн үед найз Д.Э гэх хүнтэй Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Итгэлт барааны зах буюу хүнсний зах орж хүнсний бүтээгдэхүүн болон мах худалдан авахаар орсон. Зах орж хүнсний бүтээгдэхүүн авч өөрийн дансны карт уншуулж худалдаа хийсэн. Түүний дараа үргэлжлүүлэн махны зах орж хонины мах авчихаад гэртээ ирээд байж байхад цагдаагийн алба хаагч ирсэн тул юу болсон талаар Д.Эгаас асуухад би хүнсний зах дээр юм авч байхдаа лангуун дээр үлдээсэн байсан утсыг авсан гэдгээ хэлж цагдаа орчоод ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Би хүнсний дэлгүүр ороод худалдаа хийж байхад Д.Э нь ардаас орж ирсэн. Гэхдээ миний хажууд зогсож байгаад хамт гарсан бөгөөд би тухайн үед хүний утас авсан гэдгийг нь мэдээгүй. Харин цагдаа ирж Д.Этай уулзсаны дараа Д.Э надад өөрөө хүний утас авсан гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч Аийн хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах хүнсний зах руу мах авахаар явсан. Тухайн үед лангуун дээр гар утас байсан бөгөөд эргэн тойронд нь хүн байхгүй болохоор хулгайлж авсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн шунахай сэтгэлийн улмаас хулгайлж авсан. Би анхнаасаа тэр утсыг хулгайлж авах бодол байгаагүй ч лангуун дээр гэнэт нэг утас байхаар нь л тухайн үед авчихъя гэсэн бодол төрөөд хулгайлж авсан юм. Тухайн гар утсыг эзэмшигчид буцааж өгч тухайн хүмүүсээс уучлалт гуйж хохирол барагдуулсан. Тэр хүн гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан учраас надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа. Би дахин энэ төрлийн гэмт хэрэг гаргахгүй гэдгээ хэлмээр байна. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Э хохирогч Б.Мын 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны зах дотор худалдаа хийж байхдаа лангуун дээр орхиод явсан түүний эзэмшлийн самсунг-А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Я.Нгийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаартай “Увс аймагт 2023 оны 07 дугаар сарын байдлаар “Самсунг-А14” загварын шинэвтэр гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 550.000 /Таван зуун тавин мянган /төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал)-ээр шүүгдэгч Д.Э өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан “Самсунг-А14” загварын гар утас нь 550.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Мын 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны зах дотор худалдаа хийж байхдаа лангуун дээр орхиод явсан түүний эзэмшлийн самсунг-А14 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршиг
Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Б.М 2023 оны 7 дугаар сарын 08-нд Улаангом хүнсний захад алдсан А14 маркийн гар утсыг эвдрэл гэмтэлгүй буцааж авсан тул одоо хохирол, гомдол байхгүй болно.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 78 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдэж уг хэргийг Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 71, 73 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Эг нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Д.Аийн өгсөн: “Д.Этай 2018 онд танилцаж 5 орчим жил болж байна. Д.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө хүний тусла малчин хийгээд л явж байдаг бөгөөд зан аашийн хувьд даруу төлөв зантай, хааяа нэг архи уудаг, архи уусан үедээ бусадтай маргалдаад байдаггүй, агсам согтуу тавиад байдаггүй, манайхаар согтуу ирээд байдаггүй. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл биетэй, ямар нэгэн архаг хууч өвчингүй, өрхийн амжиргааны түвшин муу, өөрт нь эд хөрөнгө гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт гийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ