Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 197

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;    

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 130 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Боржигин овогт Очиржавын Баярсайхан /МЭ76012710/-д холбогдох захиргааны журмаар архины албадан эмчилгээний газарт явуулах тухай

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хүсэлт бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн байцаагч Цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэ, хариуцагч О.Баярсайхан, нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт 4 дүгээр багийг хариуцсан хэсгийн байцаагчаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нийгмийн ажилтан Ж.Туяагаас тус цагдаагийн газарт Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу ...О.Баярсайхан нь архидан согтуурч өөртөө болон бусдад аюул, эрсдэл учруулах магадлалтай, хүрээлэн буй орчиндоо айдас төрүүлж байгаа тул энэ хүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү!... гэсэн хүсэлтийг ирүүлсэн юм. Уг хүсэлтийн дагуу О.Баярсайханы ар гэрээс хүсэлт гаргуулж, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн шинжилгээнд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хамруулж, мөн оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эмч нарын зөвлөгөөнөөр оруулж энэ хүнийг архины хамааралтай, архины эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан юм. Дээрх зүйлсийг харгалзаж Цагдаагийн байгууллагын бусад баримттай хавсарган шүүхэд хандсан юм. Хүсэлтээ дэмжиж байна! ... гэв.

Хариуцагч О.Баярсайхан нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Архи уудаг нь үнэн. Нэг уухаараа 3-4 хоног уучихдаг. Өөрөө хүсвэл больчихдог. 04 дүгээр сард Орос руу архины эмчилгээнд явах гэж байгаа. Би өөрөө архинаас гарч чадна. Сайн дураараа эмчлүүлмээр байна! ... гэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

О.Баярсайхан нь согтууруулах ундаа байнга хэрэглэж, уг зөрчлийн улмаас удаа дараа эрүүлжүүлэх болон торгуулийн арга хэмжээ авагдаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дугаар багийн нийгмийн ажилтан Цагдаагийн газарт гаргасан О.Баярсайханыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт, 2015-2019 оны захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт нь Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг шарталтын байдал оноштой, албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болохыг тогтоожээ.

Иймд шүүх О.Баярсайханыг албадан эмчилгээний газарт явуулж эмчлэх шаардлагатай гэж дүгнэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигин овогт Очиржавын Баярсайхан /МЭ76012710/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлсүгэй.     

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар О.Баярсайханыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлсүгэй.    

3. Албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ